Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/MA2017/0355

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2017/0355

Улаанбаатар хот

 

В.Улаанхүүгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч В.Улаанхүү, гуравдагч этгээд Г.Мөнхзул, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Баяржаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, В.Улаанхүүгийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаар шийдвэрээр:  Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.Улаанхүүгийн гаргасан “В.Улаанхүүгийн 2003 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/296, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжуудын Г.Мөнхзулд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгч В.Улаанхүү би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт:

1. 2003 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуй нэгж, байгууллага газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2.2-т “Эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ ,зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-д “газар эзэмших зориулалт, хугацаа” зэргийг хавсаргахыг тус тус шаардсан, 32.4-д “Энэ хуулийн 32.2, 32.3-д заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаар төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны газар эзэмшүүлэх шийдвэр нь иргэний бичгээр гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан материалд үндэслэн гаргах учиртайг тусгайлан зохицуулсан байна.

Нэхэмжлэгч В.Улаанхүү нь “2003 онд маргаан бүхий газар болох тус дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах газрыг эзэмших хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан, уг өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй” гэж маргаж буй бөгөөд дээрх хуулийн холбогдох заалтуудыг хэрхэн биелүүлсэн тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох нотолгооны ач холбогдол бүхий бичмэл баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Баримт бичиг нягтлан шалгах комиссын 2014 оны 11 дүгээр сарын сарын 18-ны өдрийн хурлаар “...2003-2008 онуудад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол”-ын хадгалах хугацаа дууссан тул устгалд оруулахаар ялгасныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/327 дугаар тушаалаар хэрэгжүүлж дээрх баримтын устгал хийгдсэн байна.  

Шүүхээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтуудыг гаргуулахаар шаардсан боловч шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адъяа “Тухайн үед Газрын албанаас газар эзэмших өргөдөл хүлээн авсан тодорхойлолтыг иргэнд өгдөг байсан В.Улаанхүү тэр баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Дүүргийн газрын даргын архивд 2003 оноос хойш хүсэлтийг шүүж үзэхэд түүний гаргасан гэх өргөдөл байхгүй тул 2003 онд өргөдөл гаргасан гэж үзэх боломжгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр “Дүүргийн Засаг даргад 2003-2008 онд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын устгалд оруулсан. Нэхэмжлэгч өөрөө өргөдөл гаргасан гэдгээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой. В.Улаанхүү 2003 онд газар эзэмшихээр өргөдөл гаргаж байсан гэдгийг өөрөөр нотлох боломжгүй” гэсэн тайлбар гаргаж буй зэргээс үзэхэд 2003 онд дүүргийн Газрын газрын албанд өргөдөл гаргасан байсан гэх үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул В.Улаанхүүг 2003 онд дүүргийн Газрын албанд газар эзэмших өргөдөл гаргаж байсан гэж үзэх боломжгүй болно.

Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газрын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05/778 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанаас үзэхэд В.Улаанхүү нь 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын хилээр гарч Солонгос улс руу явсан байх ба түүнээс хойш хэд хэдэн удаа Монгол Улсдаа байнга амьдарч байна.

Нэхэмжлэгч Солонгос улс руу ажиллахаар явахаас өмнө буюу 2003 оноос 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 2003 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан өргөдлөө хэрхэн шийдвэрлэгдсэн талаар захиргааны байгууллагаас асууж шаардах, шийдвэрлэж өгөөгүй үйл ажиллагаатай холбогдуулан тухайн үед эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй, боломжтой байсан байна.

Гэтэл нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “Өргөдлийн хариугаа авах талаар шаардаж байгаагүй. Ийм маргаан гарна гэж мэдээгүй, миний газар гэж бодож явсан” Өргөдөл өгснөөс хойш газрын зөвшөөрөл гарсан эсэх талаар хөөцөлдөх боломжгүй дүү нараа тэжээх гэж явж байсан гэж тайлбарлах бөгөөд энэ нь өөрийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх ашгаа хамгаалуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтан, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаагүй үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй юм.

Иймээс Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасны дагуу нэхэмжлэгч В.Улаанхүү нь 2003 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд газар эзэмших өргөдөл гаргаж байсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй, тухайн цаг хугацаанд буюу 2003-2006 оны үед өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар эрх бүхий байгууллага, шүүхэд хандаж байгаагүй байх тул “2003 оны Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ

2. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/296, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжуудын Г.Мөнхзулд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Анх маргааны бүхий байршилд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн “Газар эзэмших эрх олгож, баталгаажуулах тухай” 122 дугаар захирамжаар Д.Наранцэцэг Жигжид зусланд байрлах 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших, мөн дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 151 дүгээр захирамжаар Д.Ихбаяр нарыг газар эзэмших хүсэлт гаргах үед уг газар дээр нь хэн нэгэн этгээдэд газар эзэмших, ашиглах, эрх хуулийн дагуу олгогдоогүй байсан тул Газрын тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 31.3-д заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан өргөдөл гаргасны үндсэн дээр дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Д.Наранцэцэг, Д.Ихбаяр нарт газар эзэмших эрхийг олгосон байна.

Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гарсан этгээдэд зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрхтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана”, 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна”, 38.4-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн, газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Д.Наранцэцэг нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, Д.Ихбаяр нь 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Жигжид зусланд зэргэлдээ байрших өөр өөрсдийн 400 м.кв газрын эзэмших эрхийг Д.Мөнхзулд шилжүүлэх тухай хүсэлтийг гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/296 дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах 400 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, мөн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг гуравдагч этгээд Г.Мөнхзулд 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэгж талбарын 18640326918255, 18640326912251 дугаар бүхий газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000521990, 000581991 дүгээр гэрчилгээг тус тус олгож, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “Газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг дагуу эзэмшиж байсан.

Ийнхүү газар эзэмших эрхийг /эрхийн гэрчилгээ/ шилжүүлэх, шилжүүлэн авах, ажиллагаа Д Ихбаяр, Д.Наранцэцэг болон гуравдагч этгээд Г.Мөнхзул нарын хооронд хуулийн дагуу үүссэн, түүний газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгох , 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүд бүрдээгүй байх тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/296, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжуудын Г.Мөнхзулд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахаас гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд түүнийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үндсэн зорилготой болно.

Иймээс нэхэмжлэгч В.Улаанхүүд Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу маргаж буй газрыг эзэмших эрх зохих ёсоор үүсээгүй байхад дур мэдэн бусдын эзэмшил газар дээр зуслангийн байшин барьсан нь нэхэмжлэгчид уг маргаан бүхий газрыг эзэмшүүлэх давуу нөхцөл байдал үүсэхгүй бөгөөд хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гуравдагч этгээд Г.Мөнхзулын газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, маргаан бүхий захиргааны актуудын улмаас В.Улаанхүүгийн газар эзэмших эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд гуравдагч этгээд Г.Мөнхзулын газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул “В.Улаанхүүгийн 2003 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/296, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжуудын Г.Мөнхзулд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв” гэсэн байна.

Хоёр. Гомдол

1. Шүүхээс В.Улаанхүүг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох нотолгооны ач холбогдол бүхий бичмэл нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна гэж үзжээ. Үүнтэй холбоотой дараах үндэслэлийг тавьж байна.

1. Иргэн В.Улаанхүү нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох нотолгооны ач холбогдол бүхий бичмэл нотлох баримт буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт” гэж заасны дагуу ганц гол баримт бол Чингэлтэй дүүргийн Газрын архивын бичиг байсан. Гэтэл уг бичиг нь В.Улаанхүүгээс шалтгаалахгүй буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Баримт бичиг нягтлан шалгах комиссын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар “...2003-2008 онуудад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол”-ын хадгалах хугацаа дууссан тул устгалд оруулахаар ялгасныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/327 дугаар тушаалаар хэрэгжүүлж дээрх баримтын устгал хийгдсэний улмаас тухайн үед В.Улаанхүү нарын өргөдөл цохуулж байсан баримт устсан байна.

2. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн  В.Улаанхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ананд нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн н.Нацагдорж нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох гэрч тул шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт тавьсныг шүүхийн шүүгч М.Цэцэгмаа ханган 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр н.Нацагдоржийг гэрчээр асууж тэмдэглэл хөтөлсөн. Уг тэмдэглэлд:

Хариулт: В.Улаанхүү нь ах В.Эрдэнэцогтыг группд байдаг, эрүүл агаарт байлгах шаардлагатай гэж хэлж газар эзэмших зөвшөөрөл авахаар өргөдөл цохуулж байсан. Тухайн газар нь хаана байршилтай байсныг би мэдэхгүй. Тухайн үед хорооны Засаг даргаар тухайн хорооны иргэд нь газар эзэмших өргөдлөө цохуулаад Газрын албанд өргөдөл бичиг баримтаа өгдөг байсан. гэх тайлбар өгсөн байна.

Дээрх тайлбараас үзэхэд В.Улаанхүү нь өргөдөл бичиж цохолт хийлгэсэн болох нь харагдаж байгаа бөгөөд тухайн үед хорооны даргаар цохолт хийлгэсэн юм ямар ч ухаанаар бодсон уг цохолттой өргөдлөө Газрын албанд өгсөн байх нь ойлгомжтой асуудал юм.

Мөн дээрх гэрчийн тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг нотлох нотолгооны ач холбогдол бүхий бичмэл нотлох баримт гэж үзэж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.

3. Мөн хэрэв өргөдөл өгч цохолт хийлгээгүй бол юу гэж өөрийн дураар хууль зөрчин байж маргаан бүхий газар дээр өөрийн хөрөнгөөр байшин барих билээ.

 

2. Нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, маргаан бүхий захиргааны актуудын улмаас В.Улаанхүүгийн газар эзэмших эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзжээ.

Иргэн В.Улаанхүү нь маргаан бүхий газар болох тус дүүргийн 19 хороо, Жигжид зусланд байрлах газрыг эзэмших хүсэлтийг тухайн үед 2003 онд газрын зөвшөөрөл авахаар 19 дүгээр хорооны дарга н.Нацагдоржоос зөвшөөрөл авч байсан дараагийн хорооны дарга н.Буянбат гэгчээс мөн зөвшөөрөл авч газрын бичиг баримтаа хөөцөлдөж Чингэлтэй дүүргийн Газрын албаны улсын байцаагч н.Болорчулуун гэгч хүнд хандан газар эзэмших хүсэлт гарган өгч байсан боловч зуслангийн айлуудын газар эзэмших эрхийг шалгаж байж нэгдсэн журмаар олгоно гээд хүсэлт, өргөдлийг хүлээн авсан боловч хариу өгөөгүй байсаар байгаад өнөөдрийг хүрсэн бөгөөд дээрх хүсэлт, өргөдөл өгсөнг нотлох Чингэлтэй дүүргийн Газрын архивд хадгалагдаж байсан баримт устгагдсан байна.

Харин гэрч н.Нацагдоржийн тайлбараас В.Улаанхүү нь тус Чингэлтэй дүүргийн Газрын хэлтэст өргөдөл гаргаж байсан болох нь тодорхой харагдаж байна.

Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адъяа “Тухайн үед Газрын албанаас газар эзэмших өргөдөл хүлээн авсан тодорхойлолтыг иргэнд өгдөг байсан. В.Улаанхүү тэр баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй” гэжээ.

Тэгтэл Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д “Энэ хуулийн 32 2, 32 3-д заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, cap, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө” гэжээ. Тэгвэл энэ үед В.Улаанхүү нь уг тодорхойлолтыг гаргаж өгөх хүсэлт тавьж байгаагүй бөгөөд В.Улаанхүү нь уг тодорхойлолтыг аваагүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адъяагийн “Тухайн үед Газрын албанаас газар эзэмших өргөдөл хүлээн авсан тодорхойлолтыг иргэнд өгдөг байсан. В.Улаанхүү тэр баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй” гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10 өдрийн 113 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч В.Улаанхүүгийн “В.Улаанхүүгийн 2003 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/296, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжуудын Г.Мөнхзулд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны дагуу тухайн шаардлагын хүрээнд, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэжээ. 

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-д “газар эзэмших зориулалт, хугацаа” зэргийг хавсаргахыг тус тус заасан.

Нэхэмжлэгч В.Улаанхүү нь “2003 онд маргаан бүхий газар болох тус дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах газрыг эзэмших хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан, уг өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй” гэж маргаж байгаа боловч ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Тодруулбал Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө” гэж заасны дагуу хүсэлт гаргасан тохиолдолд “хүсэлтийг хүлээн авсан тухай тодорхойлолт” нэхэмжлэгчид үлдэх учиртай. Гэтэл түүнд өргөдөл, хүсэлт өгсөн гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй болох нь тогтоогджээ.

Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газрын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05/778 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанаас үзэхэд В.Улаанхүү нь 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын хилээр гарч Солонгос Улс руу явсан байх ба түүнээс хойш хэд хэдэн удаа Монгол Улсын хилээр орж, гарсан байх бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс Монгол Улсдаа байнга амьдарч байгаа болох нь тогтоогджээ. Энэ хугацаандаа нэхэмжлэгч өөрөө өргөдлийн хариугаа шаардаж байгаагүй болохоо тайлбартаа дурдсан байна.

Иймд 2003 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших өргөдлийг шийдвэрлэж өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй байжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/296, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжуудын Г.Мөнхзулд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу иргэн Д.Наранцэцэг нь 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, Д.Ихбаяр нь 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Жигжид зусланд зэргэлдээ байрших өөр өөрсдийн 400 м.кв газрын эзэмших эрхийг Д.Мөнхзулд шилжүүлэх хүсэлтийг гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/296 дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах 400 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, мөн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг гуравдагч этгээд Г.Мөнхзулд нэр шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Ийнхүү Д.Ихбаяр, Д.Наранцэцэг нараас иргэн Г.Мөнхзул газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан нь иргэн В.Улаанхүүгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн анх маргаан бүхий байршилд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх олгож, баталгаажуулах тухай” 122 дугаар захирамжаар Д.Наранцэцэгт Жигжид зусланд байрлах 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших, мөн дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 151 дүгээр захирамжаар Д.Ихбаярт Жигжид зусланд байрлах 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг тус тус олгож байсан байх бөгөөд тухайн үед, тодруулбал Д.Наранцэцэг, Д.Ихбаяр нарыг газар эзэмших хүсэлт гаргах үед уг газар дээр хэн нэгэн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх хуулийн дагуу олгогдоогүй байсан нь нотлох баримтаар тогтоогджээ.

Иймд нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

 ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР