Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/39

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    2025/ШЦТ/39

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж,

           Улсын яллагч: Б.Т

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А

            Шүүгдэгч: П.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Пгийн Гт холбогдох 2412......... дугаар эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Ж сумын Х баг, С гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Пгийн Г

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч П.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд А аймгийн Ж сумын Х багийн Ц гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу самрыг 10 шуудайг цайруулсан байдлаар 46.3 кг самрыг түүж, шуудайлж бэлтгэн, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн газарт нь нууж хадгалсны улмаас Байгаль экологи, ургамлын аймагт 4.579.070 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2412.............. дугаар эрүүгийн хэргээс:

Иргэний нэхэмжлэгч Ж.Бын мэдүүлсэн: “...П.Г нь 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд А аймгийн Ж сумын Хбагийн Цагаан асга гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу самрыг 10 шуудайг цайруулсан байдлаар 46,3 кг түүж бэлтгэсэн. Улмаар тухайн самрыг 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тухайн газраа хадгалж, байгаль экологи, ургамлын аймагт 4.579.070 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Дунд гэж нөөц тогтоогдсон байсан. Тийм байж магадгүй гэхдээ самрын болц эрт байлаа гээд самрыг түүх хугацаанаас эрт түүх захирамж болон хуульд заасан зүйл байхгүй. Самрын хорио 10 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар байгаа. Иргэн ахуйн хэрэгцээндээ 25 кг самар түүдэг. Самар унах боломжтой гэхдээ ихээр биш ганц нэг боргоцой салхи, болон шувуу, хэрэм зэрэг амьтад унагаах боломжтой. Их хэмжээгээр олон шуудай самар унах ямар ч боломж байхгүй. Би болон манай сумын байгаль хамгаалагч нар Хоолт баг, Асайт баг, Зуслан багуудын нутгаар самрын эргүүл хяналт шалгалт хийхэд унасан байсан самар байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 хуу/

Гэрч И.Ан мэдүүлсэн: “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үдээс хойш П.Г, Л нарын хамт бид гурав Хоолт багийн Цагаан асга гэх газар руу самарт явсан юм. Тэгээд нэг хонож байхад манай багийн байгаль хамгаалагч Г залгаад хуулийн хүрээнд самар түүх хугацаа болоогүй бууцгаагаарай гэж хэлэхээр нь бид 3 маргааш нь бууж ирсэн. Байх хугацаандаа бид гурав 30 шуудай самар түүгээд арав арваар нь аваад мотоциклиор гэр гэр рүүгээ зөөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

Гэрч Ж.Лгийн  мэдүүлсэн: “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр П.Г, И.А нарын хамт бид 3 самар түүхээр Хоолт багийн Цагаан асга гэх газар руу гарсан юм. Тэгээд газар унасан байсан самар түүгээд, 7-8 ширхэг хуш руу гарч самар унагаан нэг хонож байхад манай багийн байгаль хамгаалагч Г нь Г руу залгаад хуулийн хүрээнд самар түүх хугацаа болоогүй бууцгаагаарай гэж хэлэхээр нь бид 3 маргааш нь бууж ирсэн. Байх хугацаандаа бид гурав 30 шуудай самар түүгээд арав ар

ваар нь аваад мотоциклоор гэр гэр рүүгээ зөөсөн.  Хүмүүс самарт гарсан гээд байхаар нь болох байх гэж бодоод самарт гарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Гэрч О.Гийн мэдүүлсэн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 26, 27-ны өдрийн үед Хоолт багийн айл өрхүүдээр явж хуш модны самар түүх хуулийн хугацаанаас өмнө түүж бэлтгэж болохгүй талаар ард иргэдэд хууль сурталчилж ажиллаж байх үед Хоолт багийн 2-3 иргэн надад П.Г гэх хүн самар түүгээд яваад байна гэж хэлсэн юм. Тэгээд би Г гэх хүнтэй уулзахаар гэрт нь очиход П.Г гэртээ байгаагүй юм. Сүүлд экологийн мөрдөгч, байцаагч нартай хамтарсан хяналт шалгалт хийж байх үедээ Г гэх хүн хуш модны боргоцой түүж, бэлтгэх хуулийн хугацаа болоогүй байхад бусад хүмүүсээс түрүүлж боргоцой түүж бэлтгээд байна гэсэн мэдээлэл нутгийн иргэдээс надад удаа дараа ирсэн гэж хэлсэн юм.  Иргэн мэдээлэхдээ П.Г гэх хүн өглөө ууланд гарч самар түүгээд оройдоо уулнаас бууж орж ирээд байна гэж хэлсэн болохоор хэр хэмжээтэй самар түүсэн талаар сайн мэдэхгүй байна. Бид нар хяналт шалгалт хийх үедээ П.Гын гэрт нь самар байгаа эсэх талаар үзэж шалгаагүй. Харин экологийн байцаагчтай П.Г би 10 шуудай боргоцой түүсэн, түүсэн самраа ууланд нуусан гэж ярьж байсан. Тухайн үед бид нар хяналт шалгалт хийгээд явж байсан болохоор Гыг маргааш түүж бэлтгэсэн гэх боргоцойгоо авч ирэх талаар хэлсэн юм. Тэгтэл маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бид нарыг Жаргалант сумын цагдаагийн хэсгийн байранд сууцгааж байхад П.Г нь түүж бэлтгэсэн шуудай боргоцойгоо авч ирсэн талаар мөрдөгч, байцаагч нарт хэлж байсан. Тэгээд экологийн алба хаагч нар үзлэг шалгалт хийцгээсэн. Иргэн П.Гын авч ирсэн 10 шуудай боргоцойг жинлэж, үзэхэд би хажууд нь байсан. Түүний авч ирсэн 10 шуудай боргоцой нь 1 шуудай боргоцгой нь 16-18кг болж байх бөгөөд тус 10 шуудай боргоцойг цайруулж жинлэхэд нийт 46.3кг жинтэй цайруулсан самар болж байсан. Жаргалант сумын Хоолт багийн Цагаан асга гэх газар улс, аймаг, сумын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй газар байгаа юм. 2024 онд миний хариуцдаг Эрдэнэ-Уул багт байхгүй харин Хоолт багаас Дунд нуруу, Дөвөн шар, Овгор /Цагаан асга/, Голоодын хавтгай, Сөдөтын эх гэх газрууд нөөц бүрдүүлэх судалгааны ажил хийгдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/

Гэрч Х.Бын мэдүүлсэн: “...Самар боллоо, боллоо гэхэд их хэмжээгээр унахгүй. Их хэмжээгээр унасан тохиолдол огт мэдэхгүй байна. Тийм зүйл өмнө огт болж байгаагүй. Ганц нэг ширхэг шогшгоо л унадаг самар бүгд унахгүй. Самрын хушийг хүн мунадаж өөрөө дээр нь авирч аль эсхүл бусад зүйлээр цохиж байж л шогшгоо унадаг.  Самар ургасан байсан 9 сард самар түүх гээд харсан боловч хорио дуусаагүй байсан учир самар түүгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 хуу/

             Шинжээч Б.Бгийн мэдүүлсэн “...Үзлэг ба шинжилгээ хэсэгтээ шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн торонд хийж ирүүлсэн эд зүйл байна. /Зураг 1/ гэснийг эхний асуултын хариулт мэтээр техникийн алдаа гаргаж бичсэн байна. 2 дахь хариултаас мөрдөгчийн эхний асуултад хариулж зөрүүлсэн байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн а/603 дугаартай тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон хуш модны самрын экологи эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байхаар заасан. Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар Ойн дагалдах баялаг гэж ойн сангийн газарт ургадаг жимс жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл техникийн ургамал модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялагийн нөөцийг хэлнэ гэсэн байгаа учир
самрын экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49
дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт
зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи
эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно.
Самар ойн дагалдах баялаг бөгөөд хуш модны үр юм. Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны а/603 дугаар тушаалаар Сибирь хуш /самар/ ховор ургамлын төрлийн
жагсаалтад орсон байсан.
Энэ жилийн хувьд самрын болц гүйцээгүй байсан. Түүх самар нь
бүрэн гүйцэт боловсорсон идээтэй, боргоцойн хайрс, шилмүүс, модны холтос,
өвчнөөс сайн цэвэрлэгдсэн байна. Болц гүйцээгүй боргоцой нь давирхай ихтэй байх
бөгөөд модноос амар салахгүй тул болц гүйцэхийг заавал хүлээнэ. Болц гүйцэх хуга
цаа нь тухайн жилийн цаг агаар, орчны нөхцөлөөс хамаарах ба бүс нутаг тус харилцан адилгүй өөр байх тул байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тогтоож өгсөн түүх хугацааг чанд баримтална. Хугацаа нь байгалийн олон хүчин зүйлээс хамаардаг. Хуш мод бүрийн боргоцой боловсорч гүйцэх хугацаа нь тэдгээрийн нас ургах орчны нөхцөлөөс хамаарч ялгаатай байдаг. Амьтад ургасан боргоцойг хүнс тэжээлдээ нөөцлөх тул ургацын хэмжээнд нөлөөлнө. Шинжилгээнд ирүүлсэн үр нь дунд үеийн болцтой буюу 26,6% чийгтэй бүрэн гүйцэт болоогүй байсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд түүхийг зөвшөөрсөн байдаг. Энэ хугацааг нь хэрхэн тогтоох вэ гэхээр Сум дундын ойн анги нь хаврын цэцэглэлт ургалтыг тогтооно. Байгаль орчны мэргэжилтэн ойн ангитай хамтарч самрын нөөцийг тогтооно. Нөөцийг тогтоогоод ургац их үед үйлдвэрлэлийн зориулалтаас бага үед ахуйн зориулалтаар түүнэ. Самар болц гүйцээгүй үед түүх нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Самрын мод гэмтэх, хөрсөнд олон салаа зам гарах, хөрсний доройтол үүсгэх, хуурайшилттай үед ой хээрийн түймэр гарах зэрэг сөрөг нөлөө учруулдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-117 хуу/

 

Яллагдагч П.Гын мэдүүлсэн: ...би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Миний үйлдэлтэй тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зарим самрыг түүсэн. Зарим самрыг мод руу авирч доош унагааж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаар шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1. Сибирь нарсны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу хуш модны үр юм. 2. Сибирь нарс нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон байдаг. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарсны үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал газар зүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын аль нь болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 26.6% буюу нойтон байна. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн ургамлын үр, эд эрхнийг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар болц гүйцэж, хорио цээрийн дэглэм тавигдсан тохиолдолд түүвэрлэж болно. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 4.579.070 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 13.737.210 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-59 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаар шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1. Сибирь нарс (Xyш)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. 2. Сибирь нарс (Xyш)-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д орсон байдаг. 3. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Xyш)-Pinus sibirica Du Tour -ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. 4. Сибирь нарс (Xyш)-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын аль нь болохыг тогтоох боломжгүй. 5. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 26.6% буюу нойтон байна. 6. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. 7. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой. 8. Шинжилгээнд ирүүлсэн ургамлын үр, эд эрхтнийг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар болц гүйцэж, хорио цээрийн дэглэм тавигдсан тохиолдолд түүвэрлэж болно. 9. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 4.579.070 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 13.797.210 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 22.895.350 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 85-87 хуу/

 

Хөрөнгийн үнэлгээний “М” ХХК-ийн үнэлгээчин, шинжээч А.Б 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 74 дугаар дүгнэлтэд:

  1. 2015 онд МУ-д орж ирсэн, 8 орчим жил ашиглаж байгаа Мустанг-5 маркийн

мотоциклийн үнэлгээг 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 400.000 төгрөг байна.

  1. 1 кг хуш модны самрын үнэ 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 8000 төгрөг,

46.3 кг самрын зах зээлийн дундаж үнэ ханш 370.400 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 112 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 120-123 хуу/

Гэмт хэргийн талаарх мэдээлэл /хх-ийн 01 хуу/  

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-05 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20 хуу/

П.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 19 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20 хуу/

А аймгийн Ж сумын Хбагийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 29 хуу/

Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 239 дугаар албан бичиг, хавсралт /хх-ийн 37-45 хуу/

Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 238 дугаар албан бичиг, хавсралт /хх-ийн 46-47 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  1. Гэм буруугийн талаар: 

 

1.1. Шүүгдэгч П.Гын зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал, тэдгээрийн үр эрхтнийг түүж бэлтгэн байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх үйл явдлыг мөрдөн шалгах явцад хуульд заасан ажиллагааг гүйцэтгэж, үүнд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан, бэхжүүлсэн бөгөөд эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоход хангалттай, хүрэлцээтэй байна.  

 

1.2. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/-ийг ховор ургамлын жагсаалтад оруулсан тул энэ төрлийн мод, түүний үр, идээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зааж ургамлын санг хуулиар хамгаалжээ.

 

1.3. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/450 дугаар тушаалаар баталсан “ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын 2.4, 3.4-т зааснаар “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тогтооно” гэж, ... “Хушны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түүж бэлтгэнэ” гэж тус тус заасан гэсэн Архангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 239 дугаар албан бичгээр ховор ургамал болох сибирь хушны үр түүж бэлтгэх зөвшөөрөгдсөн хугацаа 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл байна.

 

1.4. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Г нь 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд А аймгийн Ж сумын Хбагийн Цагаан асга гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу самрыг 10 шуудай буюу цайруулсан байдлаар 46.3 кг самрыг түүж, шуудайлж бэлтгэн, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн газарт нь нууж хадгалж Байгаль экологи, ургамлын аймагт 4.579.070 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг” гэмт хэрэг мөн байна.

 

1.5. Иргэний нэхэмжлэгч Ж.Бын мэдүүлсэн “...П.Г нь 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд А аймгийн Ж сумын Х багийн Цагаан асга гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу самрыг 10 шуудай буюу цайруулсан байдлаар 46,3 кг самрыг түүж бэлтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 хуу/, гэрч И.Агийн мэдүүлсэн: “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үдээс хойш П.Г, Л нарын хамт бид гурав Хоолт багийн Цагаан асга гэх газар руу самарт явсан юм. Тэгээд нэг хонож байхад манай багийн байгаль хамгаалагч Г заалгаад хуулийн хүрээнд самар түүх хугацаа болоогүй бууцгаагаарай гэж хэлэхээр бид 3 маргааш нь бууж ирсэн. Байх хугацаандаа бид гурав 30 шуудай самар түүгээд арав арваар нь аваад мотоциклоор гэр гэр рүүгээ зөөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/, гэрч Ж.Лгийн мэдүүлсэн: “...Г Г руу залгаад хуулийн хүрээнд самар түүх хугацаа болоогүй бууцгаагаарай гэж хэлэхээр бид 3 маргааш нь бууж ирсэн. Байх хугацаандаа бид гурав 30 шуудай самар түүгээд арав арваар нь аваад мотоциклоор гэр гэр рүүгээ зөөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/, гэрч О.Гийн мэдүүлсэн: “...иргэн мэдээлэхдээ П.Г гэх хүн өглөө ууланд гарч самар түүгээд оройдоо уулнаас бууж орж ирээд байна гэж хэлсэн болохоор хэр хэмжээтэй самар түүсэн талаар сайн мэдэхгүй байна...харин экологийн байцаагчтай П.Г би 10 шуудай боргоцой түүсэн, түүсэн самраа ууланд нуусан гэж ярьж байсан...иргэн П.Гын авч ирсэн 10 шуудай боргоцой нь 1 шуудай боргоцгой нь 16-18кг болж байх бөгөөд тус 10 шуудай боргоцойг цайруулж жинлэхэд нийт 46.3кг жинтэй цайруулсан самар болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/, өөрийн гэм буруугаа хүлээж яллагдагч П.Гын мэдүүлсэн: ...би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Миний үйлдэлтэй тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зарим самрыг түүсэн. Зарим самрыг мод руу авирч доош унагааж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуу/, “Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу хуш модны үр юм. Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон байдаг гэсэн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаар, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 56-59 хуу, 85-87 хуу/, хөрөнгийн үнэлгээний “Мэргэн гүн аудит” ХХК-ийн үнэлгээчин, шинжээч А.Бямбажавын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 74 дугаар дүгнэлт /хх-ийн 112 хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 120-123 хуу/, гэмт хэргийн талаарх мэдээлэл /хх-ийн 01 хуу/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05 хуу/, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 238, 239 дугаар албан бичиг, хавсралт /хх-ийн 37-45 хуу/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.Г нь зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу 10 шуудай боргоцой, цайруулсан байдлаар 46.3 килограмм самрыг зөвшөөрөл олгоогүй хугацаанд буюу 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд А аймгийн Ж сумын Х багийн Цагаан асга гэх газраас түүж, шуудайлж бэлтгэсэн нь нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч П.Гыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж бэлтгэн, хадгалж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч ургамлын санд 22.895.350 төгрөгийн хохирол учирсантай маргаж мэтгэлцээгүй.

 

2.1. Шинжээчийн 2024 оны 09 сарын 17-ны өдрийн 66 дугаар дүгнэлтэнд “9.самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 4,579,070 төгрөг байна; 10.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 13,737,210 төгрөг байна”, 2024 оны 10 сарын 07-ны өдрийн 74 дугаар дүгнэлтэнд “9.самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 4,579,070 төгрөг байна; 10.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 13,737,210 төгрөг байна, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 22,895,350 төгрөг байна” гэжээ.

 

2.2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж, мөн зүйлийн 2-т “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна. 1/ойн санд учруулсан хохирол, 2/амьтанд учруулсан хохирол, 3/ургамалд учруулсан хохирол, 4/усны нөөцөд учруулсан хохирол, 5/газарт учруулсан хохирол, 6/ газрын хэвлийд учруулсан хохирол, 7/хөрсөнд учруулсан хохирол гэжээ.

 

2.3. Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12-т  нэрлэн заасан самар болон жимс жимсгэнэ, эмийн болон хүнс тэжээл, техникийн ургамал зэргийг  ойн дагалт баялаг гэдэг бөгөөд мөн зүйл хэсгийн 3.1.1-д мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг “ой” гэнэ гэжээ.

 

 

2.4. Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ, мөн зүйлийн 2-т “ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна: 1/нэн ховор, 2/ховор, 3/элбэг.  мөн зүйлийн 3-д “нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж,

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоолд: Ховор ургамлын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай. Жагсаалтын 355-д “Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хашны үр, идээ/ гэжээ.

 

Дээрх хуулиудад зааснаас үзэхэд Байгалийн ургамлын тухай хууль нь Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” буюу байгалийн ургамлын санг эрүүгийн эрхзүйн хэм хэмжээгээр хамгаалсан зохицуулалттай нийцсэн, нарийвчлан зохицуулсан хууль гэж үзлээ.

 

           2.5. Иймд шүүгдэгч П.Г нь зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу 10 шуудай боргоцой, цайруулсан байдлаар 46.3 килограммыг самрыг зөвшөөрөл олгоогүй хугацаанд буюу 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд А аймгийн Ж сумын Х багийн Цагаан асга гэх газраас түүж, шуудайлж бэлтгэсний улмаас учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т заасан “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэснээр тооцож, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаар  самрын экологи-эдийн засгийн үнэлгээг 4.579.070 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч П.Гаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49 дүгээр зүйлийн 49.4.3, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 тус тус заасныг баримтлан ургамлын санд учирсан тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 22,895,350 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

 

  1. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

3.1. Шүүгдэгч П.Г нь зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж бэлтгэн хадгалж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

3.2. Шүүгдэгч П.Г нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А нь шүүгдэгч П.Гыг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа талаар дүгнэж тайлбарласан.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгч П.Гт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр  1/ нэг/  жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.Гт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

  1. Бусад асуудлын талаар:

 

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...” гэж заасан байна.

 

4.2. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 77 дугаар “Эд мөрийн баримт хураан авах” тухай тогтоолыг  хүчингүй болгох зүйтэй байна.

 

4.3. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн дүгнэлтээр хуш модны самрыг стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох талаар дүгнэлт гарсан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, тус шүүхийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 10 шуудай 46,3 кг буюу 42,3 кг /хорогдсон жингээр/ килограмм Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

4.4. Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Пгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж бэлтгэн, хадгалж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гыг хорих ял оногдуулахгүйгээр  1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч П.Гт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч П.Гт хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Ш газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 49.4.3, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч П.Гаас байгаль экологид учруулсан хохирол 22,895,350 /хорин хоёр сая найман зуун ерөн таван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 77 дугаар “Эд мөрийн баримт хураан авах” тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тус шүүхийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 10 шуудай 46,3 кг буюу 42,3 кг /хорогдсон жингээр/ килограмм Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай. 

 

8. Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч,  түүний өмгөөлөгч иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАЙГАЛМАА