Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2019/00854

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Н-д холбогдох,

2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 980044 актаар ногдуулсан хувь хүний орлогын албан татвар 28.197.000 төгрөг, алтны үний өсөлтийн албан татвар 31.814.200 төгрөг, хүү 16.047.600 төгрөг, торгууль 17.595.400 төгрөг, алданги 5.595.300 төгрөг нийт 99.249.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.”““, хариуцагч Г.”““, түүний өмгөөлөгч Б.”““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д татварын албанаас гаргасан акт, дүгнэлт бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хууль нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах гэж заасны дагуу иргэн Г.”““ нь шүүхэд хандаагүй, Татварын ерөнхий хуулийн 11.2-д Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, Татварын албанаас татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэн иргэн Г.”““д 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн DBNP181009003921 дугаар мэдэгдэх хуудсыг RD133187840 бар кодтой баталгаат шуудангаар хүргүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн DBNP181009001284 дугаар мэдэгдэх хуудсыг Хаан банкны Зуунмод тооцооны төв, Төв аймгийн салбарт, Төрийн банкны Төв аймаг салбарт тус тус хүргүүлж харилцах дансны гүйлгээг хаасан. Мөн татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын өрийг гаргуулахаар Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс хөрөнгийн лавлагаа авахад иргэн Г.”““ нь Жаргалант сумын 3 дугаар багт байрлах 8х7 метр хэмжээтэй хувийн сууц бүртгэлтэй байна....... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Татварын хэлтэсээс Д.”““д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 980044 дугаартай актаар тогтоосон төлбөрийн биелэлтийн хангуулах зорилгоор нэхэмжлэл гаргасан. Татварын улсын байцаагчийн 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн актыг эс зөвшөөрч иргэн Д.”““ тухайн үед Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байдаг. Маргаан таслах зөвлөлийн 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор татварын улсын байцаагчийн актын төлбөрөөс тодорхой хэсгийг нь хасаж, үлдсэн хэсгийг нь төлүүлэхээр тогтоосон байдаг. Тогтоосон 103.000.000 төгрөгөөс татварын алба нэхэмжлэлийг шүүхэд гаргахтай холбоотойгоор мэдэгдэх хуудас банканд хүргүүлсэн, банканд хүргүүлэх явцад харилцах банкаас татварын хэлтэс рүү дансны хаалт хийгдэж, тодорхой хэмжээний мөнгө дүн орж ирсэн. Одоо татварын хэлтсээс нэхэмжилж байгаа мөнгөн дүн бол 99.249.500 төгрөг байгаа. Яагаад ийм мөнгөн дүнг нэхэмжилж байгаа вэ гэвэл нэгдүгээрт, Д.”““ гуайн хувьд татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах комиссын тогтоолыг эс хүлээн зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж хянуулаагүй байгаа. Ийм учраас Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоосон дүнгээр, мөн сүүлд дансны хаалтаар орж ирсэн мөнгөн дүнгээр уг мөнгөн дүнг төлөх үндэслэлтэй гэж үзсний үндсэн дээр нэхэмжлэлийг гаргаж байгаа. Татварын ерөнхий хуулийн 63-70 дугаар зүйлд заасан зохих ажиллагааг хийсэн тул татварын өр төлбөрийг барагдуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Тийм учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төв аймгийн Жаргалант суманд амьдардаг. Тухайн үед би нинжа нараас алт аваад өнөөдрийнх нь ханшаар зардаг байсан. Тэрийн үеийнх ханшаар аваад тушааж байгаа болохоор надад 68 хувийн ашиг ороогүй болохоор энэ төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн хүн амын орлогын албан татварыг өөрөө төлье гээд Жаргал байцаагчид хэлсэн. Тухайн үед Жаргал байцаагч дээр анх байцаагдаж байхдаа төлье гэж хэлсэн. Хувиараа алт олборлогч нараас алт аваад Монгол банканд тушаагаад НӨАТ-ын татвар төлөөд явж байсан болохоор хувь хүний орлогын албан татварыг тухай үед төлөөгүй нь үнэн. Тийм болохоор би хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөө тодорхойлоод төлөхөд бэлэн байна гэсэн. Өршөөлийн хууль гарахад нь татварын албанаас ирж миний асуудал өршөөлд хамрагдах нь уу гэж асуусан чинь надад хүү, алданги нь хасагдана, акт тависан болохоор өршөөлд хамрагдахгүй гэсэн. Олон хүндрэл чирэгдэлтэй явж байгаа болохоор залхаад төлвөл төлөхөөр байгаа. Тэгэхдээ үнэхээр төлж дийлэхээргүй их мөнгө байгаа. Олоогүй орлогоос татвар оногдуулж байгаа. Тухайн үед хувь хүнийхээ орлогын албан татварыг өөрөө тодорхойлж төлөхөд бэлэн байна гэсэн гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Татварын хэлтэсээс Д.”““д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Зарим бүтээгдэхүүний өсөлтийн албан татварын тухай хуульд заасны дагуу 68 хувийн орлого нэхэмжлээд байгаа. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод албан татвар ногдуулах түүнийг тусгай санд төвлөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Г.”““ нь өөрөө алт олборлодоггүй болох нь эрүү үүсгэн шалгагдах явцад тогтоогдсон. Их хэмжээний татвар ногдох орлого нуусан буюу татвар төлөхөөс зайлсхийсэн гэдэг үндэслэлээр Татварын байцаагч хариуцагч Г.”““г цагдаад өгч эрүү үүсгүүлэн шалгуулсан. Ийнхүү шалгах явцад олон гэрчүүдийг асуусан байдаг бөгөөд эдгээр гэрчүүд нь Г.”““г гар аргаар алт олборлогч нараас алт худалдан авч Монгол банкинд тушаадаг байсан болохыг гэрчилдэг. Г.”““д холбогдох эрүүгийн хэргээс зарим гэрчүүдийн мэдүүлгийг иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг мэдүүлэгт 2009 оны 06 сарын 22 гэрч Ц.”““ыг байцаасан тэмдэглэл гэх баримтад, Г.”““ Баасандорж /Г.”““гийн эхнэр нарт алт зарж байсан уу гэхэд, гэрч Ц.”““ эдгээр хүмүүст алт зарж байсан. Тухайн үеийн алтны ханшаар зарж байсан. Өөрсдөө алт олборлодоггүй. Манай багийн иргэдийн олборлосон алтыг худалдаж авдаг. Гэнэтийн ашгийн хувийг хасаж алт авдаг байсан юм биш үү гэхэд "үгүй" гэж хариулсан байдаг. Мөн гэрч Х.Бат-Эрдэнэ гэх хүн мэдүүлэг өгсөн бөгөөд алтыг авахдаа бохирыг хасч тооцдог байсан уу, эдгээр хүмүүс алт олборлодог уу гэхэд Бид нар шороон ордоос гаргаж ирсэн алтаа граммлаж эдгээр хүмүүст зардаг байсан. “““ өөрсдөө хайлуулж сорьцонд оруулдаг байсан. Бохир хорогдлыг хасч авдаггүй байсан. Өөрсдөө алт олборлодоггүй, хүмүүсээс алт худалдан авч зардаг байсан гэж хариулсан байдаг. Эрүүгийн хэрэгт хууль сануулж байцаасан гэрчүүдийн мэдүүлэг иргэний хэрэгт нотлох баримтын шаардлага хангана гэж үзэж байна. Г.”““ нь алт олборлодогтүй болох нь “““, Бат-Эрдэнэ нараас гадна олон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. Г.”““ нь гэнэтийн ашиг олоогүй юм. Өөрөөр хэлбэл тухайн үеийн ханшаар буюу үнийн өсөлт шингэсэн үнээр алт худалдаж авдаг байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог тул хуульд заасан зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод албан татвар ногдуулах гэж заасантай нийцэхгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт Хувь хүний орлогын албан татвар шаардсан талаар, Хувь хүний орлогын албан татварыг татвар төлөгч өөрөө тодорхойлж төлөх эрхтэй. Хувь хүний орлогын албан татвараа төл гэдэг шаардлагыг хэзээ ч эсэргүүцэж маргаж байгаагүй. Шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа ч хэлдэг. Харин татвар ногдох орлогыг үндэслэлгүй гээд тогтоогоод байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаагаа тайлбарладаг. Нөөц ашигладаггүй атлаа Монгол банкинд нөөц ашигласны татвар гэх 40 гаруй сая төгрөгийн татварыг төлсөн тул дахин хувь хүний орлогод татвар төлнө гэж мэдэхгүй явсан хэрэг юм. Төр иргэнийхээ нэг төрлийн л орлогод хувь хүний, гэнэтийн ашгийн, нөөц ашигласны гэх зэрэг 5 төрлийн татвар ногдуулж түүнээсээ хүү, торгууль, алданги шаардаж авах нь хуульд нийцэхгүйгээс гадна шударга бус, энэрэнгүй биш байна. 2005 оноос 2008 оны хооронд 51 удаагийн үйлдлээр алт тушаасан бөгөөд дунджаар 20 сая төгрөг алт худалдаж аваад эргэлдүүлж байсан байдаг. Гэтэл 980044 тоот актад 2005 онд 634 619 500 төгрөгийн. 2006 онд 162 809 200 төгрөгийн 2007 онд 36 671 100 төгрөгийн орлогыг олсон гэж үзэж хувь хүний орлогын албан татварт 28,197,000 гэнэтийн ашгийн татварт 28,197,000 хүү 16,047,600 төгрөг, торгууль 17,595,400 төгрөг, алданги 5,595,300 төгрөг нийт 99,249,500 төгрөг Татварын алба нэхэмжилж байгаа бол энэ хугацаанд тушаасан алтанд Монгол банк нөөц ашигласны татварт гэж 42 380 100 төгрөг суутган төлүүсэн байдаг. Татварын газар бид хэзээ ч шаардаж болно татвар төлөхөд хөөн хэлэлцэх хугацаагүй гэж байгаа боловч 2012 оноос хойш гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргахаа санаж, энэ бүх хугацааны хүү алданги, торгууль шаардах нь үндэслэлгүйгээс гадна сэтгэл зүйн асар их дарамт хариуцагчид учруулж байна. яасан дуусдаггүй маргаан, яасан өөрчилж болдоггүй үнэн зөвөөр тогтоож болдоггүй өр төлбөр вэ?. Г.”““гийн эхнэр хүнд өвчний улмаас гадаад улсад байгаа эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг бөгөөд гэр бүлийнхээ хүнд асуудлын зэрэгцээ олон жил татварт дуудагдаж, цагдаад шалгуулж, одоо иргэний хэрэг үүсгүүлэн цаг мөнгөө үрж явна. Татварын алба олон жилийн турш, зөвшөөрөхөд хэцүү тоо үндэслэлгүйгээр бичиж акт тавьчихаад Г.”““д ямар их зардал чирэгдэл үүсгэж сэтгэл санааны дарамт учруулж байгааг бодож үзнэ үү. Мөн түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт хангалтгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болох 980044 тоот Татварын байцаагчийн акт, Монгол банкны Эрдэнэсийн санд алт тушаасан судалгаа гэх татварын байцаагчийн хийсэн судалгаа нэхэмжлэлийн шаардлагаа нотлох гол баримт байгаа. Тухайн үед буюу 2005-2008 оны хооронд Монгол банк ямар үнээр алт худалдаж авч байсан. “““ үнэхээр ийм кг. грамм энэ үнээр зарсан уу гэдэг нь эргэлзээтэй бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй, нэхэмжлэгч талын тайлбар төдий баримт байна. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 6.2-т алтанд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монгол банкнаас зарласан 1 унц алтны үнээс 850 ам долларыг хасч тооцно гэж заасан. 2012 оны 1 сарын 25-ны өдрийн 980044 тоот актад энэ хуулийн дахуу 32 095 300 төгрөгийн нөхөн татвар. 16 047 600 төгрөгийн хүү ногдуулж байна гэж заасан. Тухайн алт борлуулах өдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр 1 унц алт ямар үнэтэй байсан, үүнээс 850 ам доллар хассан эсэх 850 ам доллар хассан бол хасаад хэд гарсан тодорхой биш. 68 хувийг хассан эсэх нь ч тодорхой бус байна. Эцэст нь хэлэхэд шүүх дараах хуульд анхаарлаа хандуулна уу гэж хүсэж байна. 2012 оны 980044 тоот актын хууль зүйн үндэслэл нь Татварын Ерөнхий хуулийн 35.3 байгаа. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3, 10.1-д зааснаар нөхөн татвар хүү торгууль, алдангиас өршөөн хэлтрүүлэхээр заасан. Энэ хуулийн үйлчлэл Г.”““д хамаарах ёстой. Энэ хуулийн 4.3-т "хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан. Энэ нь өршөөн хасах тухай ойлголт биш бөгөөд зөвхөн торгуул алданги хамаарах тухай зохицуулалт бас биш юм. нөхөн татвар ногдуулах үндэслэл болсон үйлдэл нь хуулийн зөрчил гаргасан гэдэг утгад хамаарах бөгөөд алданги торгууль нь шийтгэл хүлээсэн бол гэдэг үндэслэлд хамаарна. Иймээс нөхөн татвар, торгууль алдангийг өршөөн хэлтрүүлэх бүрэн үндэстэй. Гэвч Өршөөлийн хуульд хамрагдсан үйлдлийг 2019 онд сэргээн шаардаж эд хөрөнгө битүүмжилж шүүхэд нэхэмжлэл гаргаж баигаа нь үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн 2008 оны 2 сарын 6-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1-д 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24.00 цагаас өмнө Эрүүгийн хуулийн 166, 167 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хууль үйлчлэнэ гэж. 4.1.4-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө захиргааны зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлнө" гэж, 6.1.1-д 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү. торгуулийг 100 хувь чөлөөлнө гэж зааснаар 2005, 2006, 2007 онд олсон орлогод татвар нөхөн ногдуулсан нь энэ хуулийн 4.1.4-1 зааснаар захиргааны хариуцлагаас чөлөөлсөн, хүү торгууль нь 6.1.1-д зааснаар өршөөгдсөн гэж үзэх бүрэн үндэстэй. Гэтэл 2012 онд акт тавихдаа энэ хуулийг хэрэглээгүй нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан байтал илт хууль бус акт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж нэхэмжлэл хангагдах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс нь Г.”““гээс 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 980044 актаар ногдуулсан 99.249.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Татварын улсын байцаагч, алт, мөнгө, худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн Г.”““гийн 2005, 2006, 2007, 2008 оны татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж, 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 980044 тоот актаар 90.746.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 16.047.6 мянган төгрөгийн хүү, 17.595.4 мянган төгрөгийн торгууль, 5.595.3 мянган төгрөгийн алданги нийт 129.984.9 мянган төгрөгийн төлбөр ногдуулж, үүнээс хувь хүний орлогын албан татварын 8.056.1, хүү торгууль, алдангийн 39.238.3, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын 82.690.5 мянган төгрөгийг 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төлүүлэхээр шаардсаныг хариуцагч Г.”““ зөвшөөрөхгүй гэж маргаж, тайлбарлаж байна.

Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил ..., Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2006 оны 5 дугаар сарын 12 оны өдөр баталсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай, 2 дугаар зүйлд Энэ хуулийг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тус тус заасан байхад 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 980044 тоот акт тавьсан байна.

Татварын улсын байцаагч хариуцагч Г.”““гийн 2005, 2006, 2007, 2008 оны татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж, татвар нөхөн ногдуулах хугацааг хэтрүүлэн тодорхойлж акт тавьсан нь дээрх хуульд заасантай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч тал нь татварын улсын байцаагчийн 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 980044 тоот акт, Татварын маргаан таслах зөвлөлийн 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр, актын агуулгын талаар маргах эрхгүй гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нотлох баримт болгож байгаа ч тухайн үйл баримт нь хэрэгт авагдсан өөр бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Нэгэнт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлож хариуцагчаас төлбөр гаргуулах шаардлагаа нотлох, 980044 акт, 25 дугаар тогтоол-г нотлох баримт болгож байх тул тухайн акт, тогтоолын төлбөр тогтоосон хэсгийг хуульд нийцэж буйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Г.”““гээс 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 980044 актаар ногдуулсан хувь хүний орлогын албан татвар 28.197.000 төгрөг, алтны үний өсөлтийн албан татвар 31.814.200 төгрөг, хүү 16.047.600 төгрөг, торгууль 17.595.400 төгрөг, алданги 5.595.300 төгрөг нийт 99.249.500 төгрөг гаргуулах тухай Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоусгай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ