2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/76

 

 

 

 

 

 

 

 

 

    2025         01          07                                   2025/ШЦТ/76

 

              

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 41 дүгээр байрны гадна хамт архи ууж байхдаа архи авчируулахаар өгсөн хохирогч ***ын эзэмшлийн ХААН банкны картнаас 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд 3.115.710 төгрөгийг авсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би 2024 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 41 дүгээр байрны урд ***тай уулзаагүй. Намайг 9 давхар байрны ойролцоо явж байтал *** нь Чука гэх найзтайгаа явж байснаа дуудаад архи аваад ир гэж хэлсэн. Гэхдээ би ***ын картаас мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нь төлөх болно. Энэ хэргээс хойш би хохирогч ***тай огт уулзаагүй, мөрдөн байцаагч болохоор намайг шүүхийн шийдвэр гартал хүлээж бай гэж хэлсэн гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ***ын *** “... 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 10 дугаар хороололд байх 41 дүгээр байрны гадна Хуягаа, Мөнхөө, Ганмөнх бид дөрөв нэг шил 500 граммын архи хувааж ууж дуусгаад би Ганмөнх гэх залууд өөрийн **** тоот ХААН банкны дансны чиптэй виза картыг өгөөд нэг шил архи, нэг ундаа аваад ир гээд 10 цаг 30 минутад өгч явуултал эргэж ирээгүй. Тэгээд 6 дугаар сарын 03-ны өдрийн өглөө *** тоот дансыг утсаар ороод шалгатал 6 удаагийн гүйлгээгээр 3,000,000 төгрөг гарсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Ганмөнх нь надаас мөнгө зээлээгүй, мөнгө гуйсан, зээлээч гэсэн яриа ч болоогүй. Буцааж надад өгөөгүй, 6 дугаар сарын 05-ны өдөр тухайн картыг хаалгасан. Би тэр хүнтэй ерөөсөө хамт яваагүй. Миний *** тоот данснаас 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 36 минутад 300.000 төгрөгийн гүйлгээнээс эхлээд 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 32 минутын 100.000 төгрөг хүртэлх гүйлгээнүүд бөгөөд нийт 3.115.710 төгрөг миний данснаас гарсан байна” /хх-н 11-12, 15-16/ гэж,

гэрч *** “... 2024 оны зун ЭЕШ-д бэлдээд гэртээ байж байсан чинь аав Ганмөнх утсаар залгаад гэрээсээ гараад ир гэж хэлсэн. Би гэрээсээ гараад очтол аав ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай зогсож байсан. Тэгснээ хоёулаа АТМ оръё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ХААН даатгалтай байрны 1 давхар байрлах, ХААН банкны АТМ орсон. Хэний картыг ашиглаж байгааг би мэдээгүй. Нэг картаар бэлэн мөнгө аваад надад 300.000 төгрөг өгсөн. Шалгалтаа сайн бэлдээрэй гэж хэлээд мөнгө өгсөн. Аав надад мөнгө өгөөд нэг тийшээ явчхаад ирнэ гэж хэлээд явсан. Би буцаж гэр рүүгээ орсон” /хх-н 24-25/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Дамно” ХХК-ийн БГ2-24-1615 дугаартай 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт /хх-н 27-29/, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, /хх-н 46-52/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 35-45/, ХААН банкны 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 29/9835 дугаартай албан бичиг болон Баянгол дүүргийн 4, 5, 6 дугаар хороонд байрлах АТМ-ээс ХААН банкны *** дугаарын дансыг ашиглан бэлэн мөнгө авч байгаа хүний гэрэл зураг, камерын бичлэг /хх-н 33/, дипозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 53-54/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт мөн авагджээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт ***ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч ***өд ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэв.

 

Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н76/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 72/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 78/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 75/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

***ын эзэмшлийн, ХААН банкны *** дугаартай дипозит дансанд хийсэн үзлэгээр 3.115.710 төгрөгийн зарлага гарсан байх тул шүүгдэгч ***өөс 3.115.710 төгрөг гаргуулж хохирогч  ***т олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***өөс 3.115.710 /гурван сая нэг зуун арван таван мянга долоон зуун арав/ төгрөг гаргуулж хохирогч, Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** дүгээр байр, ** тоотод оршин суух, *** дугаарын регистртэй, *** овогт ***ын ***т олгосугай.

 

5. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдсугай.

6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***өд урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         О.ЖАНЧИВНЯМБУУ