| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2025/0025/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/77 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/77
2025 01 07 2025/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч Д.Хонгорзул
шүүгдэгч, хохирогч ***
шүүгдэгч, хохирогч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас:
***ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
***өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: ***
2. Шүүгдэгч: ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч *** нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Модны 2-ын замд үйл ажиллагаа явуулдах CU сүлжээ дэлгүүрийн орчимд замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслээр шахаж явлаа гэсэн шалтгаанаар хохирогч ***тэй маргалдаж улмаар түүнийг хувцасны энгэрээс нь барьж түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт,
шүүгдэгч *** нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Модны 2-ын замд үйл ажиллагаа явуулах CU сүлжээ дэлгүүрийн орчимд замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгсэл шахаж явлаа гэсэн шалтгаанаар хохирогч ***тай маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа түлхэн, нүд рүү нь хуруугаа хийж эрүүл мэндэд нь баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч /хохирогч/ *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Цагдаад үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн тул ярих зүйл байхгүй. Хохирогчийн хувьд мөн гомдол санал байхгүй гэв.
Шүүгдэгч /хохирогч/ *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би бас мэдүүлэхгүй, гэм буруугийн талаар маргахгүй. Хохирогчийн зүгээс өмнө ярьсан зүйл бүгд үнэн. Одоо гомдол саналгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч *** “... 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Модны 2-ын голын зам, 70 дугаар сургуулиас хүүхдээ авах гээд явж байсан. 70 дугаар сургууль руу эргэх гэж байтал цагаан өнгийн, “Харейр” маркийн машин шахаж урдуур зогсоод хэрүүл өдөөд яагаад шахаад байгаа юм бэ гэсэн. Тэгснээ ална, тална, пизда гэж дуудаад намайг буугаад ир гэхээр нь буугаад очиход намайг барьж аваад түлхсэн. Тэгээд би машинаа налаад босоод өөрийг нь барьж аваад машинд нь суулгасан. Тухайн хүн намайг машин руу түлхэхдээ мангасдаад миний нүд рүү хуруугаа хийсэн” /хх-н 33/ гэж,
хохирогч *** “... 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн үед Модны 2-ны голын зам дагуу зүүнээс баруун чиглэлд өөрийн эзэмшлийн, 89-97 улсын дугаартай, “Тоёота Харейр” загварын тээврийн хэрэгсэлтэй явж байхад хажуу талаас “Приус 41” загварын тээврийн хэрэгсэл баруун талаар шахаж орж ирээд миний урд гараад зогсоод шахаад байхаар нь баруун талаар нь ороод “яаж яваад байгаа юм бэ” гэхэд хэрүүл өдөөд машинаас буугаад ирэхээр нь би бас машинаасаа буугаад тэр жолоочтой маргалдаад байж байтал тэр машины жолооч залуу намайг түлхээд дарж унагаасан. Би унахдаа машины хаалганд хамраа цохиж гэмтээгээд цагдаад дуудлага өгсөн юм. Намайг машин руу түлхэж заамдаж аваад гараараа татахад би унасан. Тэгээд унах явцдаа хамраараа хаалга мөргөж гэмтсэн” /хх-н 28/ гэж тус тус мэдүүлжээ.
Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ын биед баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн 14122 дугаартай дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч /хх-н 44-45/,
хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1,1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгтогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн 14112 дугаартай дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч /хх-н 38-39/ тус тус гаргасан байна.
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай “... 1 гэж дугаарласан зурагт О.Төгөлдөр, 2 гэж дугаарласан зурагт Б.Сод-Эрдэнэ, 3 гэж дугаарласан зурагт Н.Надмид, 4 гэж дугаарласан зурагт ***, 5 гэж дугаарласан зурагт А.Батгэрэл гэх хүмүүсийн зургийг А4 хэмжээний цаасанд буулган нэг эгнээд жигд байрлуулан 1-5 гэж дугаарлан таньж олуулах ажиллагааг явуулахад хохирогч *** нь 4 дугаартай ***ийн зургийг царайны төрхөөр нь шууд таньсан" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 13-20/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай “... 1 гэж дугаарласан зурагт Н.Амарбаясгалан, 2 гэж дугаарласан зурагт Б.Отгонбаяр, 3 гэж дугаарласан зурагт Н.Надмид, 4 гэж дугаарласан зурагт ***, 5 гэж дугаарласан зурагт А.Норов гэх хүмүүсийн зургийг А4 хэмжээний цаасанд буулган нэг эгнээд жигд байрлуулан 1-5 гэж дугаарлан таньж олуулах ажиллагааг явуулахад хохирогч *** нь 4 дугаартай ***ын зургийг царайны төрхөөр нь шууд таньсан" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-12/,
түүнчлэн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт гэсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч *** овогт ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч *** овогт ***ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, тус бүрт нь 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл нэр бүхий шүүгдэгч нар харилцан бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан, тэдгээрт эрүүгийн хариуцлага тооцох үндэслэл болно.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлөгдсөн эсэх, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзав.
Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 78/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 89/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-н 90-91/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 93/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 88/ гэсэн баримтууд,
Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 79/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 83/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 82/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 84/ гэсэн баримтууд тус тус хавтаст хэрэгт авагджээ.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч *** баримтаар 175.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч *** /хх-н 119/ дээрх хохирлыг төлж барагдуулсан байна. Хохирогч *** Эрүүл мэндийн даатгалын сангаас 58.800 төгрөгийн тусламж үйлчилгээ авсныг шүүгдэгч *** мөн төлж барагдуулжээ.
Харин хохирогч *** шүүгдэгч ***өөс нэхэмжилсэн зүйлгүй гэсэн тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ***, шүүгдэгч *** нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээв.
Шүүгдэгч нарын хэн аль нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Олхонууд овогт ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Боржигон овогт ***ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ***, шүүгдэгч *** нар шүүхээс оногдуулсан тус бүрийн 500.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *** хохирогч ***ийн эмчилгээний зардалд 175.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 58.800 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ***, шүүгдэгч *** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***, шүүгдэгч *** нарт авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ