| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2016/01011/И |
| Дугаар | 182/ШШ2017/00211 |
| Огноо | 2017-01-25 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2017/00211
2017 оны 01 сарын 25 өдөр Дугаар 182/ШШ2017/00211 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Монголбанк”-д холбогдох,
“Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б553 тоот тушаалыг хүчингүй болгож, Г.Бг ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, Монголбанкны олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн албаны хэвлэлийн төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Монголбанкинд холбогдуулж Г.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Г.Б нь 2013 оноос эхлэн Монголбанкинд гүйцэтгэлийн хяналт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Монголбанкны ерөнхийлөгчийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б467 дугаар тушаалаар Олон нийтийн мэдээллийн төвийн Мэдээллийн албаны төлөөлөгчийн албан тушаалд томилон ажиллуулсан байдаг. Уг тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Г.Б нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байсан. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгож байгаа талаар дуудаж мэдэгдсэн. Үүний дараа 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэг үндэслэлээр 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу ажлаас халсан гэж мэдэгдсэн мөртлөө мэргэжлийн хувьд тэнцэхгүй байна гэж тушаал гаргасан байдаг. Хэрэв ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд 1 сарын өмнө энэ тухай мэдэгдэх үүрэгтэй байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б553 тоот тушаал гаргахдаа 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсан байдаг. Мэдэгдэл өгөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлийг баримталсан мөртлөө тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримталсан нь хууль зөрчсөн байна. Монголбанк нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд заасан. Гэтэл ажил олгогчийн зүгээс ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг тогтоох талаар комисс томилогдож ажиллаагүй мөртлөө ажлаас халсан нь хууль бус шийдвэр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу ээлжийн амралттай байх хугацаанд ажилтныг ажлаас халж болохгүй талаар хуулийн зохицуулалт байдаг. Г.Б нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд амралттай байсан.
Ажил олгогчийн хууль бус тушаалын улмаас Г.Б нь ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, цалин хөлсөө авахгүй байх нөхцөл байдал үүссэн байна. Хэрэв нэхэмжлэгч нь ажил, үүргээ гүйцэтгэж байсан бол өнөөдрийг хүртэлх хугацааны цалин болон Монголбанкны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журмын дагуу үндсэн ажилтан бүрт улирал тутам олгодог нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг авах боломжтой байсан.
Г.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ хугацаанд нь гүйцэтгэл сайтай, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байсан бөгөөд Монголбанкны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журмын 4.1-т заасны дагуу ажлаа дүгнүүлэн, Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар 2016 оны нэгдүгээр улиралд 1.318.300 төгрөгийг, хоёрдугаар улиралд 1.697.390 төгрөгийг урамшуулал болгон Г.Б нь авч байсан байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн Б553 тоот тушаалыг хүчингүй болгож, Г.Бг Мэдээллийн алба, Хэвлэлийн төлөөлөгч албан тушаалд эгүүлэн тогтоож, 4 сарын үндсэн цалин болох 6.601.500 төгрөг, урамшуулал буюу 2 сарын үндсэн цалин болох 3.300.750 төгрөг, нийт 9.902.250 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Ажилгүй байсан хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаагаар тооцсон. Нийт 4 сарын үндсэн цалинг нэхэмжилж байгаа. Нэг сарын цалин нь 1.350.375 төгрөг юм. Урамшуулал нь 2 удаагийн урамшуулал ба 2016 оны 3, 4 дүгээр улирлын урамшуулал авах ёстой” гэв.
Хариуцагч “Монголбанк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилсайхан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б553 дугаар тушаалыг хүчингүй болгож, Мэдээллийн албаны хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна. Монголбанк бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх гэж байгаатай холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бүх ажилтнуудад Хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн.
Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шинэчлэн батлах А235 дугаар тушаал гарсантай холбогдуулан Г.Бг Мэдээллийн алба, хэвлэлийн төлөөлөгчийн ажлаас чөлөөлсөн. Бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажилчдын ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт орсон ба Г.Бгийн ажиллаж байсан Мэдээллийн алба, хэвлэлийн төлөөлөгч гэдэг ажлын байрны тодорхойлолтод мэргэжил, боловсролын хувьд сэтгүүлч байх шаардлага тавьсан. Ажлын мэргэжлийн шаардлагыг хангахгүй байна гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хуульд заасны дагуу тэтгэмж олгож ажлаас чөлөөлсөн. Г.Б ажлын 6 сарын хэмжээтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг хүлээж авсан нь ажлаас халах тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Бүтцийн өөрчлөлт орсны дараа тухайн ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдөж, ажлын байранд тохирохгүй байсан тул ажлаас халах тушаал гаргасан. Энэ нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Монголбанк бүтцийн өөрчлөлт хийгдсэн, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөний дараа тухайн ажлын байрны шаардлагад тохирохгүй, ажлаас халах тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх 4 сарын цалинг өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Монголбанкны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журмын дагуу Монголбанкинд ажиллаж байгаа ажилтанд урамшуулал олгодог бөгөөд Монголбанкны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журамд урамшуулал олгохгүй байх үндэслэлийг заасан. Тус журамд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан тохиолдолд урамшуулал олгохгүй байх үндэслэл хамаарч байгаа. Иймд урамшууллыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариу тайлбарт хавсаргасан баримтуудад тухайн нөхцөл байдлын талаар гаргасан тайлбар байгаа” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Б нь “Монголбанк”-д холбогдуулан “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б553 тоот тушаалыг хүчингүй болгож, Г.Бг ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, Монголбанкны олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн мэдээллийн албаны хэвлэлийн төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацааны цалин 6,601,500 төгрөг, урамшуулал 3,300,750 төгрөг, Нийгмийн даатгалын дэвтэр болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Б нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б467 дугаар тушаалаар Монголбанкны Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Мэдээллийн албаны хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б553 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Мэдээллийн албаны хэвлэлийн төлөөлөгч Гүрүүтавын Баярмааг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болох нь хэрэгт авагдсан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б467 дугаар тушаал, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б553 дугаар тушаал, Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдэх үүрэгтэй. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргахдаа 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсан. Мэдэгдэл өгөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлийг баримталсан тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримталсан нь хууль зөрчсөн байна.
... ажил олгогчийн зүгээс ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг тогтоох талаар комисс томилогдож ажиллаагүй мөртлөө ажлаас халсан нь хууль бус шийдвэр байна.
Г.Бг ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасны тус тус зөрчсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэл болох ажилтан ажил мэргэжил, ур чадвар эрүүл мэндийн хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт ажлын байрны тодорхойлолт дурдсан мэргэжилгүй гэх үндэслэл хамаарахгүй бөгөөд дээрх тушаал хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй хууль зөрчсөн тушаал ...” гэж тайлбарлажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Монголбанк бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх гэж байгаатай холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бүх ажилтнуудад Хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн.
Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шинэчлэн батлах А235 дугаар тушаал гарсантай холбогдуулан Бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажилчдын ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт орсон ба Мэдээллийн алба, хэвлэлийн төлөөлөгч гэдэг ажлын байрны тодорхойлолтод мэргэжил, боловсролын хувьд сэтгүүлч байх шаардлага тавьсан. Ажлын мэргэжлийн шаардлагыг хангахгүй байна гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хуульд заасны дагуу тэтгэмж олгож ажлаас чөлөөлсөн, Г.Б тэтгэмжийг хүлээж авсан нь ажлаас халах тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
...ажлаас халах тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул 4 сарын цалинг өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Монголбанкны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журамд урамшуулал олгохгүй байх үндэслэлийг заасан. Тус журамд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан тохиолдолд урамшуулал олгохгүй байх үндэслэл хамаарч байгаа. Иймд урамшууллыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж маргажээ.
Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалд 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.
Ажил олгогч Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б553 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, “Монголбанкны хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.1.1, 4.2.1, “Монголбанкны ажилтан тусламж, тэтгэмж, нөхөн олговор олгох журам”-ын 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн гаргажээ.
Ажил олгогч Монголбанкны Ерөнхийлөгч нь нэхэмжлэгч Г.Бг Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Мэдээллийн албаны хэвлэлийн төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгосон боловч энэхүү тушаалдаа Г.Бг ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлсөн талаар дурдаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтны мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан бөгөөд мөн зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч Монголбанк нэхэмжлэгч Г.Бд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тасалбар болгон цуцлах болсныг мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч Монголбанк нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу ажлаас чөлөөлөхдөө хуульд заасны дагуу 1 сарын өмнө хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Г.Бд өгөөгүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл ажил олгогч Монголбанк хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх мэдэгдлийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Г.Бг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргаж, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан зохицуулалтад нийцэхгүй хууль зөрчсөн гэж үзлээ.
Түүнчлэн Г.Бг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б553 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөх үед нэхэмжлэгч Г.Б нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан болох нь Депозит дансны хуулга болон шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байх ба ийнхүү ээлжийн амралттай байхад түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “ээлжийн амралттай байгаагийн улмаас ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн, хуулийн үндэслэлгүй байна.
Иймд Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б553 дугаар тушаалаар Г.Бг Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Мэдээллийн албаны хэвлэлийн төлөөлөгчийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул Г.Бг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоов.
Ажил олгогчийн тушаал нь цаашид эрх зүйн дагаврыг үүсгэхгүй тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.
Нэхэмжлэгч Г.Бг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Г.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажлын 88 хоног буюу 6,601,500 төгрөг, 3, 4 дүгээр улирлын урамшуулал 3,300,750 төгрөг, нийт 9,902,250 төгрөгийг нэхэмжилжээ.
Г.Б нь үндсэн цалин сард 1,650,375 төгрөг, ажилтны ажлыг дүгнэх урамшууллын мөнгөн дүнг тухайн ажилтны сарын үндсэн цалингаас тооцож олгодог болох нь Монголбанкны 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-2/1407 дугаар албан бичиг, Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А80 дугаар тушаал, түүний хавсралт болон Нийгмийн даатгалын сангийн лавлагаа зэргээр тогтоогдсон болно.
Хэрэгт авагдсан баримтаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Монголбанкны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох” журмын А80 дугаар тушаалын хавсралтын 1.3-т “Монголбанкны ажилтны урамшууллын мөнгөн дүнг тухайн ажилтны сарын үндсэн цалингаас тооцож, Монголбанкны Ерөнхийлөгч /орон нутаг дахь Монголбанкны хэлтэс, салбарын захирал/-ийн тушаалаар улирал бүр олгоно”, 4.8-д “Тухайн улирлын урамшууллыг дараагийн улирлын эхний сард багтаан олгоно” гэж тус тус заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгодог байна. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрддэг бөгөөд хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.-т зааснаар дундаж цалин хөлс тодорхойлох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталдаг.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т зааснаар ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал ордог тул нэхэмжлэгч Г.Бгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт урамшууллыг багтаасныг буруу гэж үзсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Г.Бгийн нэг сарын үндсэн цалин 1,650,375 төгрөгийг ажлын 21,5 хоногт хувааж нэг өдрийн цалин 76,761 төгрөгийг ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажлын 83 хоногоор тооцож 76,761х 83 хоног = 6,371,163 төгрөгийг, мөн Монголбанкны ажилтны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журмын дагуу 3, 4 дүгээр улирлын урамшуулал болох 3,300,750 төгрөг, нийт 9,671,913 төгрөгийг ажил олгогч “Монголбанк”-аас гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 230,337 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу Монголбанкинд нэхэмжлэгч Г.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Г.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,390 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Бд буцаан олгож, нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч Монголбанкнаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+169,700 төгрөг/ нийт 239,900 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бг Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Мэдээллийн албаны хэвлэлийн төлөөлөгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Монголбанкнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 9,671,913 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 230,337 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Бгийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Монголбанк”-д даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Г.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,390 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар Монголбанкнаас улсын тэмдэгтийн хураамжид 239,901 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС