| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2019/01520/И |
| Дугаар | 181/ШШ2020/00169 |
| Огноо | 2020-01-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2020/00169
| 2020 01 14 | 181/ШШ2020/00169 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:А.Д /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: МО ХХК /РД:/-д холбогдох,
МО ХХК-ийн захирлын 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 303/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Жаргалбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, хариуцагчийн төлөөлөгч Ж.Түвшинзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МО ХХК-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан 303/18 тоот тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлийг зөрчиж ажлаас шууд халсан тушаалыг хүчингүй болгуулан өмнө нь ажиллаж байсан ажилдаа эргүүлэн томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин болох 5,400,000 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэл гаргасан. Ажилгүй байсан хугацааны цалин олговрын хэмжээг буруу тооцоолсон, тушаалын дугаарыг буруу бичсэн байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг МО ХХК-ийн Дэд захирал Ж.Оюунчимэгийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 299/18 тоот дугаартай Ажлаас халах тушаал-ыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан МО ХХК-ийн агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоолгож, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх нэг сарын цалин 1,300,000 төгрөгөөр тооцож, нийт ажилгүй байсан хугацааны 14 сарын цалин болох 18,200,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр шаардаж байна. гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ИргэнА.Дийн МО ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэний хувьдА.Д нь '2018 оны 11 сарын 01-ний орой Агиймаа, Мөнхтуул, Сэлэнгэ, Эркетай бид хэд 1 шил архи уусан нь үнэн болно гэсэн тайлбарыг компанийн Тайлбар өгөх хуудас дээр өөрийн гараар бичиж өгсөн байдаг бөгөөд компани дээрх байдлаар өгсөн өөрийнх нь тайлбар болон холбогдох бусад баримтуудад үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн болно. Иймд МО ХХК нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
НэхэмжлэгчА.Д нь хариуцагч МО ХХК-д холбогдуулан МО ХХК-ийн захирлын 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 303/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр нэхэмжлэлд дурдсан МО ХХК-ийн захирлын 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 303/18 тоот тушаал нь тус компанийн дэд захирал Ж.Оюунчимэгийн гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 299/18 тоот дугаартай Ажлаас халах тухай тушаал болохыг, мөн нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжлэхдээ сарын цалинг 900,000 төгрөгөөр тооцож буруу тооцоолсон байсан тул сарын цалин 1,300,000 төгрөгөөс тооцон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18,200,000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
НэхэмжлэгчА.Д нь МО ХХК-ийн кемпийн няравын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ /хх-25-28 тал/ байгуулан ажиллаж байгаад МО ХХК-ийн дэд захирлын 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 299/18 дугаартайА.Дийг ажлаас халах тухай тушаал /хх-24 тал/-аар 2018 оны 11 сарын 14-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн байна.
Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлыг 2018 оны 12 сарын 11-ны өдөр шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 181/ШЗ2018/14213 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-4 тал/-аар хүлээн авахаас татгалзсан байх ба улмаар 2019 оны 05 сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2019 оны 05 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.
Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлыг 2018 оны 12 сарын 11-ны өдөр шүүхэд гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан байх боловч шүүх нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 181/ШЗ2018/14213 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсанаас хойш 5 сар 3 хоногийн дараа нэхэмжлэлийг дахин шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас хойш 5 сар 3 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэлийг дахин гаргасан шалтгаанаа шүүх нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан захирамжийн хувийг нэхэмжлэгчийн хаягаар буюу Өвөрхангай аймаг дахь хаягаар хүргүүлсэн, улмаар уг хаягт нэхэмжлэгч байхгүй байсны улмаас Өвөрхангай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ажилтан буцаалгүй 4 сар гаруй хугацаанд саатуулсантай холбоотой бөгөөд Монгол шуудан ХК энэ талаар 2019 оны 05 сарын 14-ний өдрийн албан бичиг /хх-6 тал/-тээ тодорхойлж өгсөн гэж тайлбарлаж байна.
Гэсэн хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан болохыг тухайн үед нэхэмжлэгчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Жаргалбаяр мэдсэн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тухайн үед нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, шүүгчийн туслах н.Батжаргал дээр удаа дараа орж асуухад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хүлээн авахаас татгалзсан захирамжийг нэхэмжлэгчийн хаягаар явуулсан, илүү өгөх хувь байхгүй гэсэн гэх тайлбараар тогтоогдож байх бөгөөд төлөөлөгч Ж.Жаргалбаярт нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувиар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн хэрэгт байгаа хувьтай танилцах боломж байсан байна.
Иймд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас хойш 5 сар 3 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дахь заалтад зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд мөн зүйлийн 79.2 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болох хүртэл үргэлжлэх тул нэхэмжлэгчА.Дийн ажлаас буруу халсан тухай гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан хугацааны дотор шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааны тасалдал тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 181/ШЗ2018/14213 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарах хүртэл үргэлжилсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь заалтад зааснаар шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсох бөгөөд энэ тохиолдолд мөн зүйлийн 79.4 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолно.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4, 79.7 дахь заалтад зааснаар өмнө өнгөрсөн хугацааг тооцолгүй, хугацааг дахин шинээр тоолоход ажлаас буруу халсан тухай гомдлыг шүүхэд гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан нэг сарын хугацаа тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 181/ШЗ2018/14213 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарснаас хойш нэг сарын дараа буюу 2019 оны 01 сарын 18-ны өдөр дууссан байна.
Иймд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
МО ХХК-ийн дэд захирлын 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 299/18 дугаартайА.Дийг ажлаас халах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг баримталсан байх баА.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний орой уурхайн кемпийн В-8 тоот гэрт тус компанийн 3 ажилтны хамт согтууруулах ундаа хэрэглэж кемпийн дотоод журам зөрчсөн талаар дурдсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дахь заалтад заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгох бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.
МО ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хх-63-79 тал/-ын 2 дугаар зүйлийн 2.5.9 дахь заалтад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг заасан байх ба уг заалтын 2 дахь хэсэгт ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор, мөн журмын 6 дугаар зүйлд бүх ажилтнууд компанийн ерөнхий дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй байхаар, 7 дугаар зүйлийн 7.5 дахь заалтад хөдөлмөрийн харилцаанд ажилтны хүлээх үүргийг тодорхойлсон эрх зүйн бусад акт, сахилгын дүрэмд заасан зөрчлийг гаргасан тохиолдолд сахилгын зөрчил гаргасан гэж үзэхээр тус тус журамласан байна.
МО ХХК-ийн Кемпийн дотоод журам /хх-55-61 тал/ нь компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлд заасан ажилтнууд дагаж мөрдөх ерөнхий дүрэм, журамд хамаарах бөгөөд уг журмын 4 дүгээр зүйлийн 4.4 дахь заалтад кемпэд ажиллаж, амьдарч буй ажилчид бүх төрлийн согтууруулах ундаа хэрэглэх, хадагалахыг хатуу хориглох тухай, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.4.1 дахь заалтад согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд кемпийн дотоод журмыг зөрчсөнд тооцож сахилгын шийтгэл ногдуулах буюу ажлаас халах үндэслэл болох талаар заажээ.
А.Дэлгэрчимэг нь 2018 оны 11 сарын 01-ний орой кемпийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь гэрч А.Эркетайн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөдА.Дийг кемпийн байранд согтууруулах ундааны зйүл хэрэглэж, хөдөлмөрийн дотоод журам болон кемпийн дотоод журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл ноцтой зөрчил-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болно.
Нэхэмжлэгчийн хариуцагчаас хөдөлмөрийн гэрээг гаргуулах хүсэлтийн дагуу хариуцагчА.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ гэх баримт /хх-25 тал/-ыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байх боловч уг гэрээ нь бүрэн гэрээ гэж үзэх боломжгүй, дугаарлалтын хувьд 5,8,9 дүгээр зүйлүүд нь орхигдсон байдалтай байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч талаас гаргаж өгсөн уг баримттай танилцаад бүрэн бус, дутуу ирсэн гэж үзэж нотлох баримтыг бүрдүүлэх талаар шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.
Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад уг гэрээгээр тухайлан зохицуулаагүй харилцааг компанийн дотоод журам болон ажил олгогчоос баталсан бусад дүрэм журмын хүрээнд зохицуулахаар заасан байх баА.Дийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн дотоод журам болон кемпийн дотоод журмаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох буюу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах зөрчил болох нь тогтоогдож байна.
А.Дэлгэрчимэгийг ажлаас халах тухай тушаалыг гаргасан МО ХХК-ийн дэд захирал Ж.Оюунчимэгт тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр /хх-16 тал/-ээр компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, гүйцэтгэх захирлын нэрийн өмнөөс аливаа шийдвэр гаргах, үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулах эрхийг олгосон байх тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх бүхий этгээд үзнэ.
Иймд хариуцагч МО ХХК нь нэхэмжлэгчА.Дийг ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо МО ХХК-ийн Дэд захирал Ж.Оюунчимэгийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 299/18 тоот дугаартай Ажлаас халах тушаал-ыг хүчингүй болгуулах гэсэн байдлаар тодорхойлсон нь бие даасан шаардлага болохгүй, ажил олгогчийн тушаал нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл байгаа эсэхийг тогтоох хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүх тусдаа бие даасан шаардлага гэж үзээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчА.Дийн хариуцагч МО ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр 44.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 05 сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,350 төгрөг, 2020 оны 01 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 219,800 төгрөг, нийт 321,150 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчА.Дт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР