| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2025/0004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/162 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Халиунаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/162
2025 01 15 2025/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Ганбаатар хөтлөн
улсын яллагч Н.Халиунаа /томилолтоор/
шүүгдэгч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч *** нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны 39 дүгээр гудамжны 15 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний хүзүүнд заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь “хүзүүнд зүсэгдсэн шарх” бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн, одоо нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруутай гэдгээ ойлгож, гэмшиж байна. Хохирогчид хөдөөгөөс ирж очих зардлын мөнгийг нь өгсөн. Мөн архи аваад өгчих гэхээр нь ганц нэг шил архины мөнгө өгсөн гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч *** “... 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны хуучин эцэс дээр байрлах “Тумбааш” төвийн ар талын агуулахын тэнд би төрсөн охины найз болох Содномдовдонгийн хамт 0,75 литрийн “Хараа” нэртэй архи 1 шилийг хувааж уугаад согтсондоо бид хоёр бага зэргийн маргаан үүсээд маргалдаж байхдаа Содномдовдон заазуур авч ирээд миний хоолой хэсэгт нэг удаа зүсчихсэн юм. Би тэндээс гараад явж байхдаа Баянхошууны хуучин эцэс дээр байсан танил дүүгийн утсаар түргэн тусламж дуудаж, цагдаагийн байгууллагад хандсан. Ойр зуурын юм ярьж, үүнээсээ болж бага зэргийн маргаан үүсээд миний хоолойг зүссэн” /хх-н 13-14/ гэж,
гэрч *** “... 2024 оны 10 дугаар сарын 18-нд “Тумбааш” төв дээр ногоо буулгах ажил хийж дуусаад Содномдовдонтой хамт манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны 39-15 тоотод “Хараа” нэртэй 0,75 граммтай архи аваад ууж байхад гаднаас Эрдэнэчулуун ах орж ирээд Содномдовдонтой маргалдсан. Содномдовдон манай гэрийн ширээн дээрээс заазуур авсан. Би хажууд нь очоод заазуурыг нь булааж авсан чинь Содномдовдон гараад явчихсан. Би Эрдэнэчулуун ахаас “та зүгээр үү?” гэж асуухад зүгээр гэж хэлээд гараад явсан. Юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй. Эрдэнэчулуун ах орж ирээд томроод байсан” /хх-н 18/ гэж тус тус мэдүүлжээ.
Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ы хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн 14240 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 26-27/
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар тухайлбал, шүүгдэгч *** гэм буруугийн талаар маргахгүй байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзав.
Шүүгдэгч ***ы хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 48/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 51/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 49/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Хохирогч *** баримтаар хохирол нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-н 78/ гэсэн байна.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж,
эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуурыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тухайн шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ