| | 2018 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 101/ШШ2018/01179 | Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй, Хариуцагч: Э ХХК-д холбогдох, 9,523,207 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: ........шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунтунгалаг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус компанитай дулаан гараж захиалгаар барих тухай гэрээг 2013 оны 09 сарын 03-ны өдөр байгуулан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ... тоотод байрлах 18 м.кв талбайтай гараашийг гэрээний нэгдүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэгт зааснаар 20,000 ам.доллараар захиалан тухайн өдрийн ханшаар нийт 32,339,600 төгрөгөөр буюу 1 м.кв талбайг 1,796,644.44 төгрөгөөр бодож худалдан авсан юм. Тус гэрээний дагуу захиалан бариулсан авгозогсоол дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар “Э” ХХК-иас тодорхойлолт авсан. Гэтэл “Э” ХХК нь Оюуны өмч. Улсын бүртгэлийн газарт манай автозогсоолыг нийт 14.7 м.кв талбайтай болохыг тодорхойлсон тодорхойлолт гаргасан байна. Нэхэмжлэгч би анх гэрээ байгуулахдаа автозогсоолыг 18 м.кв талбайгаар бодож төлбөрөө бүрэн төлсөн. Гэтэл бодит байдап дээр уг автозогсоол нь гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байгааг мэдлээ. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зогсоолын хэмжээг 14.7 м.кв талбайтай гэж үзэж зөрүү 3.3 м.кв талбайн үнийг нэхэмжилсэн. Шинжээчийн дүгнэлтээр уг талбай нь 12.77 болсон тул зөрүү 1,93 м.кв талбай дээр 3,467,531 төгрөгийг тооцож хариуцагчаас нэмж гаргуулахыг шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 3,467,531 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 9,396,457 төгрөг болгож байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дахин 126,750 төгрөгөөр нэмэгдүүлж 9,523,207 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.С, Т.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч компаниас 5,928,926 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тэгээд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа нэмэгдүүлсэн ба эхний удаа 3,467,531 төгрөгөөр, дараагийн удаа 125,765 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 9,523,207 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч тус гараж нь 12.7 м.кв байсан. Эхний удаа шинжээч томилоход 12.77 м.кв гэсэн дүгнэлт гарсан ба үүний дараа хариуцагч компанийн хүсэлтээр дахин шинжээч томилоход 12.7 гэж буурсантай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-д заасан шаардлагыг хангаагүй тул 352 дугаар зүйлийн 352.2.3 зааснаар 5,3 м.кв талбайн зөрүү үнэ болох дээрх мөнгийг нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэгч талын зүгээс гүйцэтгэгчээс гаражаа өмчлөлдөө шилжүүлж авч чадаагүй ба гэрчилгээ гаргуулж чадаагүй байгаа. Бид нарын захиалсан хэмжээнээс бага байгаа ба машин хажууд нь зогсоход хаалга үүдээ нээж чадахгүй байгаа нөхцөл байдлаас болж үнэ нь буурсан байгаа тул тус нэхэмжлэлийг гаргаж байна гэв. Хариуцагчийн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ бол 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дулаан гараж барих гэрээгээр гарашийг зарахдаа м.кв-аар тооцоогүй ба тэр гаражийг гараж гэсэн хэлбэрээр зарсан. Ямар нэг байдлаар мкв-аар тооцож үнэлж худалдаагүй. Тэр нь ч тухайн байрны зогсоолын худалдсан үнийн дүнтэй тэнцүү байгаа. Тиймээс нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Э ХХК-д холбогдуулан орон сууцны м.кв талбайн зөрүү 9,523,207 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан байна. Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Э ХХК 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ...... тоот “Дулаан гараж захиалгаар барих тухай гэрээ” байгуулж, гэрээний 2.3-т зааснаар хариуцагч 18 м.кв талбайтай автозогсоолыг 2013 оны 4 дүгээр улиралд багтаан нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр, мөн гэрээний 3.1-д заасан төлбөрийг нэхэмжлэгч төлөхөөр харилцан тохиролцжээ. Хариуцагч Э ХХК нь Нарлаг өргөө хотхоныг барьж, тус хотхоын ... тоот дугаар бүхий автозогсоолыг нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч худалдан авахаар сонгож зохигч тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахаар гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. Талууд гэрээг гэрээнд заасан агуулгаас өөрөөр нэрлэх нь тухайн гэрээний агуулгыг өөрчлөх, гэрээний шинжийг үгүйсгэхгүй ба хариуцагч орон сууцны барилгыг нэхэмжлэгчийн оролцоо, хамааралгүйгээр барьж ашиглалтад оруулсан нь Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ” гэж заасны дагуу хариуцагч хууль тогтоомжид заасан барилга барих, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авсны үндсэн дээр тус барилгын ажлыг гүйцэтгэх тул нэхэмжлэгчийг мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар барилгын ажлын захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй юм. Нэхэмжлэгч “барилга байгууламжийн баримт бичгийг бүрдүүлэх, техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг авах, барилгын ажлыг эхлүүлэх, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх болон барилгын үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэл, хохирлыг хариуцах” зэрэг барилга захиалагчийн үүргийг хүлээхгүй, харин худалдан авагчийн хувьд гэрээний хяналтыг хэрэгжүүлэх нийтлэг эрх нь нэхэмжлэгчийг захиалагч гэж үзэх үндэслэлийг бий болгохгүй юм. Иймд нэхэмжлэгч талын зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй, хариуцагчийн төлөөлөгчийн худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх тайлбарыг үндэслэл бүхий гэж үзлээ. Нэхэмжлэгч автозогсоолыг 2014 оны 04 дүгээр сараас эзэмшиж, ашиглаж эхэлсэн, автомашин байрлуулахад хаалгаа онгойлгох боломжгүй, том автомашин багтдаггүй тул хариуцагчид энэ талаар бичгээр гомдол гаргаж байсан тухай тайлбарласан ба энэ талаархи нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, шүүхэд үндэслэл бүхий хүсэлтийг гаргаагүй байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ 2016 оны 10 дугаар сард автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар хариуцагчаас тодорхойлолт авахад 14.7 м.кв гэж бичсэн байсан учраас илүү төлсөн төлбөрөө нэхэмжилсэн тухай тайлбар зэрэг нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б автозогсоолыг бодитоор ашиглаж, автомашин байршуулж эхэлсэн үеэс тухайн автозогсоол нь гэрээнд заасан хэмжээндээ хүрэхгүй болохыг мэдсэн, мэдсэн үеэсээ автозогсоолын доголдлын талаар хариуцагчид гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй нь хуульд зааснаар хариуцагчийн эсрэг гомдол гаргах, хохирлоо арилгууулахаар шаардах эрхийг нь үгүйсгэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч автозосгсоолыг 2014 онд эзэмшилдээ авсан үеэс хойш доголдлыг илрүүлсэн хэдий ч хуульд заасан хугацаанд буюу доголдлыг мэдсэн даруй хариуцагчид хандан автомашин байрлуулах боломжит талбайтай автозогсоолоор солиулах, гэрээнээс татгалзах эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг худалдан авагчийн эрхээ бодитой хэрэгжүүлээгүй, автозогсоолоо үргэлжлүүлэн ашигласаар байсан нь тухайн автозогсоолыг байгаа байдлаар эзэмшиж, худалдан авсан гэх үндэслэлийг бий болгожээ. Нэгэнт байгаа байдлаар нь эд хөрөнгийг сонгож, худалдаж авсан бол гэрээний зүйлийг тэр байдлаар тодорхойлж, тохирсон гэж үзэх боломжтой юм. Иймд нэхэмжлэгч Д.Б нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д зааснаар хариуцагчаас хохирлоо арилгуулахаар шаардах эрхээ алдсан үндэслэлээр хариуцагч Э ХХК-иас орон сууцны м.кв талбайн зөрүү 9,523,207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас орон сууцны м.кв талбайн зөрүү 9,523,207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,862 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг танилцуулснаас хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй ба ийнхүү гардан аваагүй нь хугацааг тоолоход саад болохгүй. 4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ |