2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/163

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         01           15                                   2025/ШЦТ/163                        

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Д.Агар

шүүгдэгч ***

хохирогч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цаг 10 минутын орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын төв буудлын хойд талын авто зам болох Нарны замаар “Тоуоtа Аqua” маркийн 74-33 УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчин явган хүний зохицуулагддаг гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч ***г мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад маргах зүйл байхгүй. Хохирлыг төлж барагдуулах болно. Хохирогчийг эм тариа, таягны мөнгө өг гэхэд нь өгсөн байгаа. Миний хувьд бензин түгээгүүрийн газарт түгээгчээр ажиллаж, сарын 700.000 төгрөгийн цалин авдаг. Ажлынхаа хажуугаар машинаараа таксинд явж мөнгө олдог байсан. Миний машин зээлийн барьцаанд ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй байгаа.

Надад оногдуулах ялын хувьд миний зорчих эрхийг хязгаарлахгүй байгаач. Би өндөр настай ээжийгээ байнга эргэж очдог юм гэв.

 

Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тэр өдөр би хичээлээ тараад охиноо хичээлээс нь авах гээд явж байсан. Замаар гарахдаа би явган хүний гарцтай хэсгээр ногоон гэрэл ассан байхад гарсан. Гэтэл гэнэт энэ жолоочийн машин хурдтай орж ирээд намайг мөргөсөн. Эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. Бас сэтгэцийн хохирлоо нэхэмжилнэ. Энэ ослоос хойш би замаар гарахаас айдаг болсон. Шөнө унтаж чадахаа больсон. Гомдолтой байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 15:00 цаг өнгөрөөд хичээлээ тараад охиноо сургуулиас нь авах гээд вокзалын хойд талын авто замаас автобусанд суух гээд явган хүний замын гэрэл дохионы ногоон гэрэл асахаар нь баруунаас зүүн тийш зам хөндлөн гарах үед “Тоуоta Аqua” маркийн автомашин ирээд намайг явган хүний гарц дээр мөргөж унагасан. Тухайн осол болох үед би автомашинд яаж мөргүүлснээ санахгүй байна” /хх-н 22-23/ гэж мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор “***ий биед зүүн шагайн дотор хавчаар ясны далд зөрүүгүй хугарал, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүйгэсэн 14656 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 27-28/

 

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн “Тоуоta Аqua” маркийн 74-33 УЕХ улсын дугаартай автомашины жолооч Бат-Эрдэнийн Амартүвшин нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. Явган зорчигч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна” гэх магадалгаа /хх-н 42-43/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-9/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч ***д холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл хохирогч ***ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байгаа нь тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал үүнд: шүүгдэгч *** анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч ***д учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан эмчилгээ, үйлчилгээний зардлын 316.000 төгрөгийг нөхөн төлсөн зэргийг харгалзав.

 

Шүүгдэгч ***ий хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 12/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 15/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 76/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 14/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-н 13/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол, төлбөрийн хувьд:

Шүүгдэгч *** хохирогч ***ий эмчилгээнд зарцуулагдсан 316.300 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн байна.

Хавтаст хэрэгт эмчилгээний зардалтай холбоотойгоор 194.650 төгрөгийн баримт авагдсаны дотор шатахууны /бензиний/ зардлын гэх 84.000 төгрөгийн баримт авагджээ. Шатахууны зардлын гэх дээрх 84.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, энэ гэмт хэрэг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн байх ба хохирогч ***ийг тухайн цаг хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар эмчилгээ үйлчилгээ авахын тулд такси унаагаар үйлчлүүлсэн эсхүл өөрийн автомашинаараа замын хөдөлгөөнд оролцсон гэдгийг үгүйсгэхгүй.

Харин хохирогч ***ээс өнөөдрийн шүүх хуралдааны явцад шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн таягны мөнгө гэх 159.180 төгрөг, шатахууны /бензиний/ мөнгө гэх 50.000 төгрөгөөс шатахууны зардлын 50.000 төгрөгийг хасаж тооцов. Учир нь, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хэмжээний хугацаа өнгөрсөн, хохирогч зөвхөн эмчилгээ үйлчилгээ авахаас гадна түүнд бусад хувийн хэрэгцээ шаардлага үүссэн, энэ хэрэгцээ шаардлагадаа зарцуулсан шатахууны төлбөр гэж үзэв.

Иймд шүүгдэгч ***ээс 353.830 төгрөг гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэлээ.

 

Мөрдөгчөөс хохирогч ***ий сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “гуравдугаар” зэрэг гэж тогтоосон /хх-н 17/ байх бөгөөд үүнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлж 8.580.000 төгрөгийг шүүгдэгч ***ээс мөн гаргуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч ***ий гэх “Жолоочийн үнэмлэх” шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч ***ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, түүнд 6 сарын хугацаагаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан,

шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцсон шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлагын талаар “...  миний зорчих эрхийг хязгаарлахгүй байгаач. Би өндөр настай ээжийгээ байнга эргэж очдог юм” гэсэн тайлбар, хүсэлт хэлсэн зэргийг шүүх харьцуулан дүгнээд шүүгдэгч ***д 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

           1. *** “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

          3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч ***ий гэх “Жолоочийн үнэмлэх” шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч *** Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 316.300 төгрөг төлсөн болохыг дурдаж,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс 353.830 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.

 

7. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалыг тус тус үндэслэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс хохирогч ***ий сэтгэцэд учирсан хохирлын хор уршигт 8.580.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ