| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2025/0024/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/251 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/251
2025 01 23 2025/ШЦТ/251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч М.Билгүүтэй /томилолтоор/
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч *** нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цагийн орчим Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны хорооллын замд согтуугаар 03-80 УЕН улсын дугаартай, “Тоёота приус 41” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ өгсөн тул дахин мэдүүлэхгүй. Согтуугаар машин жолоодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид хэзээ ч ийм байдал гаргахгүй гэдгээ ойлгож, амлаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тухай “... 2 гэсэн бичиг бүхий цагаан өнгийн дүрс бичлэг агуулсан СД-нд үзлэг хийв. Уг СД-г уншуулахад нэг бичлэг байх ба 02 минут 19 секундийн бичлэг байв. Бичлэгт улаан өнгийн “Тоуоta Рruis-41” маркийн, 03-80 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэл урд их гэрлээ асаасан байдалтай авто угаалга дотор байв. Жолооны ард цагаан фудволктой эрэгтэй хүн сууж байв. Автомашины ард талд 10 метрийн зайд 4 хүн зогсож байв. Улаан өнгийн тээврийн хэрэгсэл хойшоо хүчтэй ухраад ард нь байсан хүн тээврийн хэрэгслийнх нь ар талыг цохиж зогсоов. Цохиж зогсоосон хүн жолооч талын хаалгыг татаж онгойлгож жолоочийг буулгаж ирэв. Жолооч эрэгтэй, эмэгтэй хүнтэй ярилцаж зогсов” гэсэн тэмдэглэл /хх-н 25/,
Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүрэг дэх ЗЦХ-ийн зохицуулагч Ц.Сэргэлэнгийн бичсэн тэмдэглэл /хх-н 3/,
гэрч Цогтгэрэлийн Сэргэлэнгийн “... би 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст Улз-11 чиглэлт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Өдрийн 16 цагийн үед Нарны хорооллын авто угаалга дотор хүн шүргэсэн гэх дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Тэгээд би Нарны хорооллын авто угаалга дээр очиж дуудлага өгсөн хүнтэй уулзаад Тоёота приус-41 маркийн, 03-80 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг дуудлага өгсөн эмэгтэйгээр заалгаад яваад очих үед нөгөө жолооч машиныхаа хажууд зогсож байгаад намайг хараад зугтаагаад, машинаа асаалттай үлдээгээд шууд гүйгээд зугтаагаад яваад өгсөн” /хх-н 45/ гэсэн мэдүүлэг,
Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-н 6/,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 956 дугаартай шийтгэвэр /хх-н 36-42/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч
шүүгдэгч *** “... би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын гадаа автомашины зогсоол дээр “Toyota Pruis-41” маркийн, 03-80 УЕН улсын дугаартай автомашин дотор найз Ханбүргэдтэй “Экс” нэртэй 500 граммын цагаан архи хувааж уусан. Дуусаад машинаа жолоодож Нарны гүүрний зүүн талд байдаг “Car wash” авто угаалгын газар машинаа угаалгах гээд орсон. Авто угаалга дотор ороод зогсож байтал миний урд байсан машин гарна гээд ухрах үйлдэл хийгээд байж байхад тэнд зогсож байсан нэг эмэгтэй энэ залуу согтуу байна гээд цагдаа дуудсан. Би цагдаа ирж байхыг хараад машинаа үлдээгээд зугатаасан” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна. /хх-н 73/
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн … согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч *** 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан /хх-н 36-39/ байхдаа 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эрх бүхий албан тушаалтанд согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн нь хуулийн дээрх заалтад нийцэх бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг харгалзав. Тэрээр урьд өмнө буюу 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байжээ. /хх-н 48-57/
Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.
Түүнчлэн шүүгдэгч *** 2016, 2021 онуудад согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тухай мэдээлэл цагдаагийн “Мэдээллийн сан”-д бүртгэлтэй байгааг дурдъя.
Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 74/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-н 75/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 32/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 77/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 78/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч ***гийн гэх “Жолоочийн үнэмлэх” шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт ***г “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн … согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ***д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хорих ял эдлэх хугацааг 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж, түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хорих” ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч ***гийн гэх “Жолооны үнэмлэх” шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ