Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Б.Батзолбоо (өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяраагийн Батзолбоод холбогдох эрүүгийн 201625032159 дугаартай хэргийг 2016 оны 02 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Байшлуу овгийн Баяраагийн Батзолбоо, 1992 оны 2 дугаар сарын 1-ны өдөр Баянхонгор аймаг, Галуут суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сум, 5 дугаар баг, Цагаанчулуут 8 дугаар гудамжны 5 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВК92020112.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Батзолбоо нь 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цог караокед Д.Нямбаярыг зодож бие махбодид нь тархи доргилт, бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Батзолбоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хохирогчид нийтдээ 2.500.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Нямбаяр хохирогчоор мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 20-21 цагийн үед найз Найдантай уулзаж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цог караокед орж үйлчлүүлсэн. 00 цагийн үед Цог караокегоор үйлчлүүлж байсан хүмүүс гарч цөөхөн хүмүүс үлдсэн юм. Энэ үед Найдан тамхи татчихаад ирье гэж хэлээд гарсан бөгөөд 5-10 минутын дараа Найдан үл таних хоёр залуутай тэкний орчим маргалдаж байгаа харагдсан ба би салгах гэж очоод яасан юу болсон бэ гэж асуухад Найдан энэ хоёр залуугийн нэг нь намайг зүгээр байхад цохьчихлоо гэж хэлэхээр нь би тэр хоёр залууд хандаж зүгээр байсан хүнийг яагаад зодож байгаа юм бэ асуухад өндөр биетэй, хар куртиктэй залуу нь чи хаанаас гарч ирсэн хэн бэ гэж хэлээд намайг заамдсан. Тэгэхээр нь би тэр залууг зөрүүлээд заамдсан бөгөөд бид хоёр зууралдаад караокены нэг өрөөнд орсон. Энэ үед тэр залуу толгойгоороо миний нүүр рүү мөргөж, намайг хавирч унагаасан. Тэгтэл энэ үед гаднаас үл таних 2-3 залуу орж ирээд зодооныг салгаж, надтай зодолдсон залууг аваад гарсан. Тэгээд гадагшаа гарахад манай найз Найдан цагдаа дуудчихсан гэж байсан. Ингээд удалгүй цагдаа ирсэн. Намайг зодсон залууг би урьд өмнө харж байгаагүй, огт танихгүй. Тэр залуу 25 орчим насны 175-180 см өндөртэй, туранхай биетэй, зууван шөвгөр царайтай, хар өнгийн куртик, цагаан саарал өнгийн цамцтай байсан. Намайг гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан...” гэжээ /хх-23-25/.  

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 14901 дүгээр дүгнэлт:

“1. Д.Нямбаярын биед тархи доргилт, бүсэлхийн 2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

З. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 2016.10.28-29-нд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэжээ /хх-36/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-55/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-58/, шүүгдэгч Б.Батзолбоогоос 2.000.000 төгрөгийг хохирогч Д.Нямбаярт хүлээлгэн өгсөн тэмдэглэл хх-62/ зэргийг шинжлэн судлалаа.

Шүүгдэгч Б.Батзолбоо нь 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цог караокед Д.Нямбаярыг зодож бие махбодид нь тархи доргилт, бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь хохирогч Д.Нямбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 14901 дүгээр дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Батзолбоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй зүйтэй байна.

Хохирогч Д.Нямбаяр нь “шүүгдэгч Б.Батзолбоогоос эмчилгээний зардлаа бүрэн авсан, цаашид нэхэмжлэхгүй зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэхдээ ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүнийг анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан үзээд, оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Байшлуу овгийн Баяраагийн Батзолбоог бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батзолбоод 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батзолбоод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Батзолбоод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг оршин суугаа газрын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН