Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2022/0728

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Д***,

Хариуцагч: Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга,

Маргааны төрөл: Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/304 дүгээр захирамж нь хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б***, Д.О***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Д.Д***гаас Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/304 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэл гаргасан.

2.Д.Д***д Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/634 дүгээр захирамжаар Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, *******,******* гэсэн байршилд амины орон сууцны зориулалтаар 242 м.кв хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

3. Улмаар Дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/304 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д  "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч Д.Д***гаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/Д.Д*** миний бие Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/634 дүгээр захирамжаар 2018 оны Газар зохион байгуулалт төлөвлөгөөнд тусгагдсан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, *******,******* гэсэн байршилд амины орон сууцны зориулалтаар 242 м.кв хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр болсон.

2/Миний бие газар эзэмших гэрээний дагуу газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлж гэрээнд заасан үүргээ биелүүлж байсан.Дээрх захирамжаар авсан газартаа зориулалтынх дагуу барилга барихаар холбогдох газар нь хүсэлт гаргасан боловч надад олгосон газрын хоёр талаар авто замын трассын телөвлөгөөт шинэчлэлийн ажлууд хийгдэж байсан тул 2019, 2020 онуудад зохих зөвшөөрөл олгоогүй, мөн сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол улс дах коронавируст (COVID-19) халдварын тархалтын улмаас хатуу хөл хорио, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, барилгын ажил хийх ямар ч боломжгүй болсон.

Гэтэл Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн А/304 дүгээр захирамжаар иргэн Д.Д*** надад амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээ олгосон Баянгол дүүргийн Засаг даргын А/634 дүгээр захирамжийг хүчингүй болгосон.

3/Миний бие 2021 оны 10-р сарын 26-ны өдөр “газар эзэмших эрхийг сэргээх тухай хүсэлт гаргахад “дүүргийн засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна” гэсэн хариу өгсөн. Иймд, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/304 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Д*** нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/634 тоот Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар 242 м.кв газрыг амины орон сууцын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр болсон. Газрын гэрчилгээг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр авсан. Газрын тухай хуульд заасны дагуу газрыг гэрээ, гэрчилгээгээр эзэмшдэг. 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тус газрыг ашиглах эрх нээгдсэн. Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/304 дүгээр захирамжаар тус газрыг эзэмших эрхийг цуцалсан. Цуцлахдаа Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-д зааснаар өөрт нь олгогдсон газар эзэмшүүлэх, ашиглах захирамж эрхийг заасан ба тус эрхийн хүрээнд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй гэж заасны дагуу гэрээний 5.3.Е хэсэгт зааснаар цуцалсан. Цуцлах үедээ ямар нэгэн сонсох ажиллагаа хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д сонсох ажиллагаа хийхгүй байх нөхцөлд хамаарахгүй байна. Энэ үед нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүй гэснийг тайлбарлаж байсан. Хариуцагч тал мэдэгдэл өгч байсан ба мэдэгдэлд хариу тайлбар өгч байсан нь хавтаст хэрэгт авагдсан. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 14/541 дугаар бичгээр тухайн мэдэгдэлд 5 дугаар сарын 19-ны өдрийн 12/1176 дугаар мэдэгдлийг хүлээн авч хариу тайлбар өгснийг хавсралтаар хүргүүлснийг нотлох баримтын шаардлага хангуулан өгсөн. 2 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаан, ковидын нөхцөл байдлыг дэлгэрэнгүй тусгасан. Хууль бус талаар тайлбарлахад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 болон гэрээний 5.3.Е энэ нь зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байхыг ойлгодог. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******ийн хувьд газар дээрээ ажил хийх талаар байнга хөөцөлдөж явж байсан нь тогтоогддог. 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн бус 2019 оны 02 дугаар сараас эхлэн тооцож байгаа вэ гэвэл Газрын тухай хуульд заасны дагуу газрыг зөвхөн гэрээ, гэрчилгээгээр олгоно гэж заасан тул тайлбарлаж байна. 2019 онд тухайн барилга дээр барилгын зураг төслийн үйлчилгээний хөлсөнд 5 сая төгрөг өгөхөөр Д.Д*** нь харилцан тохиролцсон байсан. Тухайн үед барилга дээр юу болсон бэ гэвэл маргаан бүхий барилга дээр өөрөө Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар нь өөр компанитай гэрээ хийж 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 147 дугаар ажил гүйцэтгэх гэрээгээр Авто тээврийн хөгжлийн төвийн газар нь “А*****” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ хийсэн байсан тул нэхэмжлэгч тал үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Тухайн ажил нь хэзээ дууссан бэ гэвэл 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06/13/20 дугаартай ажил гүйцэтгэх актаар тухайн ажил дууссан. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын ажил гүйцэтгэх гэрээ буюу үйл ажиллагаатай холбоотой ажиллагаа 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилсэн байдаг ба тус нотлох баримт хавтаст хэргийн 138 дугаар талд авагдсан. Л.Б** болон нэхэмжлэгч Д.Д*** нар нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэсэн зүйлийг тайлбарладаг. 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хүсэлтийн хариу нь хавтаст хэргийн 118 дугаар хуудаст авагдсан хорооны Засаг даргаас ирсэн байдаг. Үйл ажиллагаа явуулах тул гараашнуудаа чөлөөлж өгнө үү, тухайн газарт юм барих гэсэн хүсэлтүүд уламлагдаж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагддаг. Нэхэмжлэгчид 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн баримтыг ирүүлсэн байдаг. 01 дүгээр сараас эхлэн ямар нэгэн ажиллагаа явуулаагүй. 2 жилийн хугацаа болж байгаа талаар удаа дараа ярьж байсан. Төрийн байгууллагад хандаж байсан эсэх тухайд хорооны Засаг дарга, дүүргийн Засаг даргад хандсан байдаг ба дүүргийн Засаг даргатай 2 удаагийн уулзалт хийсэн байдаг. Газар зохион байгуулалтын албанд байнга очдог байсан. Газар зохион байгуулалтын албанаас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхээ бичиж өгнө үү гэсний дагуу бичиж байсан. Иймд нэхэмжлэгч тал төрийн захиргааны байгууллагад хандаж байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан. Хүндэтгэн үзэх шалтгааны тухайд Корона вирустэй холбоотой асуудал байдаг. Корона вирус дэлхий нийтээр тархаж Онцгой комиссын даргын тушаалууд гарч байсан.  2020 оны 1 дүгээр сараас эхлэн улсын хэмжээнд онц байдал зарласан байдаг. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл онц байдал үргэлжилсэн. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл онц байдал нь хатуу хөл хорио болсон байдаг. Хатуу хөл хорионы тухайд 16 аж ахуй нэгжийн талаар асуудал байдаг ба тайлбарласан. Улсын онцгой комиссын даргын 20 дугаар тушаалаар бүх нийтийн бэлэн байдалд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зарлаж 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хатуу хөл хориотой байсан. Мэдэгдэл нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдэл байдаг. Хатуу хөл хорио үүссэний дараагаар явах эрх нь нээгдсэн. Зарим төрийн байгууллага цахимаар ажиллах зохицуулалтыг хийж байсан. Торгууль болон зөрчлийн арга хэмжээ байсан. 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 12/1176 дугаар албан бичгээр маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх тул цуцлах үндэслэл бий болсон тул тайлбар өгнө үү гэж мэдэгдсэн. Хугацааны хувьд 3 өдрийн зайтай бичигдсэн байдаг ба тус хугацаанд иргэн Д.Д***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б***-ийн хувьд байнга хөөцөлдөж байсан. Нэхэмжлэгч тал үйл ажиллагаагаа хиймээр байна гэхэд Газар зохион байгуулалтын албаны дарга нь өчигдөр нэхэмжлэгчтэй холбоотой мэдэгдэл гарсан тул хариу тайлбараа өг, дээд албан тушаалтнуудаас газар эзэмших эрхийг цуцал гэсэн асуудал ирж байгаа гэсэн байдаг. Нэхэмжлэгч тал хариу тайлбар өгсөн байхад захиргааны байгууллага дахин уулзаж хүндэтгэн үзэх шалтгааныг тодруулалгүйгээр 7 дугаар сард цуцалсан байдаг. Иймд хууль бус захиргааны акт гаргасан байна. Өмнөх шүүх хуралдаануудад газрын төлбөр төлөөгүй гэж маргасан байдаг боловч Татварын ерөнхий газраас ирсэн баримтаас авч үзэхэд жил бүр 8852 төгрөгийг төлсөн гэдэг нь нотлогддог. Захиргааны маргаантай байгаа тул Д.Д***гийн нэр дээрээс хасалтуудаа хийлгээгүй, Татварын мэдээллийн сан болон бусад мэдээллийн сангаас харахад маргаан бүхий газар нь Д.Д***гийн нэр дээр байдаг. Үүнийг хэрхэн мэдсэн бэ гэвэл өмнө нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газар эзэмших эрхийг цуцалсан байдаг боловч цуцалсан захиргааны актаас давж, нэхэмжлэгч газрын төлбөр огт төлөөгүй гэдэг талаар хариуцагч болон Газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөр төлөөгүй гэсэн албан бичгийг ирүүлж байсан. Хэрвээ ирүүлээгүй бол өр авлаг үүсэх ёстой ба тус нотлох баримтыг гаргаж өгнө үү гэхэд гаргаж өгөхгүй захиргааны байгууллага шүүхэд хууль бус нотлох баримтууд гаргаж өгч байсан. Төлсөн эсэхийг нэхэмжлэгч тал лавласан ба шүүхээр дамжуулан нотлох баримт гаргуулахад Баянгол дүүргийн Засаг даргаас газрын төлбөр төлөөгүй гэсэн баримтыг ирүүлсэн. Үүний дараа нэхэмжлэгч тал Татварын байгууллагад хандсан ба Татварын байгууллагаас үнэн зөв нотлох баримтуудыг гаргаж өгч байгаад баяртай байна.  Иргэний 242 м.кв газрыг авахын тулд бүх талаас нь арга хэмжээнүүд хэрэгжүүлж байгаа нь ёс суртахуунгүй, иргэнд үйлчлэх хүмүүс байтал иргэний эсрэг үйлдэл хийж байна. Б.А** нь 2021 оны Монгол Улсын Засгийн газрын 213 дугаар тогтоолыг заасан байдаг. Нийслэлийн Хот төлөвлөлтийн газар хандсан эсэх дүүргийн Засаг даргаар дамжуулан Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандсан эсэх талаарх асуудлыг дурдсан. 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр захиргаанд хандсан байдаг. 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/304 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан байдаг. Энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан 213 дугаар тогтоол нь өөрөө 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар баталсан байдаг. Өмнө нь 2017 оны Монгол Улсын Засгийн газрын тогтоол үйлчилдэг байсан. Онолын хувьд хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зүйл байдаг. Газар эзэмших эрхийг цуцалж байх үед тогтоол нь өөрөө гарсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын тогтоол Хууль зүй, дотоод хэргийн яамд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болдог. Төрийн мэдээллийн хэвлэлд бүртгэгдсэн байдаг. Нэхэмжлэгч тал яагаад Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаагүй вэ гэж тайлбарлаж байгаа нь өөрөө тухайн эх сурвалжийг хууль хэрэглээний хувьд хэрэглэж болохгүй. Нэхэмжлэгч тал төрийн захиргааны   байгууллагад хандаагүй бус хандаж байсан. Дүүргийн Засаг дарга, хорооны Засаг дарга шийдэхгүй байгаа тул Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж байсан ба тухайн үед Нийслэлийн Засаг даргын ажилтнууд цар тахлын үед юу хийж байгаа вэ гэсэн асуудал үүсэж гаргаж байсан тохиолдол байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж байна. Захиргаа өөрөө өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргаагүй, тодруулах шаардлагатай зүйлийг тодруулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй гэдгийг 5 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдэлд тайлбарласан байхад түүнийг яагаад сонсоогүй вэ. Захиргааны байгууллагын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/304 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Газрыг дуудлага худалдаа болон ерөнхий төлөвлөөгөөр эзэмшиж болдог. Төлөвлөгөөнд тусгасан гэдгийг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 9106 дугаар Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол байдаг. Тус тогтоолд дүүргийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах ба түүний хавсралтад нэхэмжлэгч тал тусгагдсан байдаг. Энэ нь хавтаст хэргийн 70 дугаар хуудаст авагдсан байдаг. Газар зохион байгуулалтын албаны дарга нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 14/541 дүгээр бичгээр энэ нь дүүргийн Засаг даргын тухайн оны төлөвлөгөөнд тусгасан тул  дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон байна гэсэн бичгийг өгсөн байдаг. Төлөвлөгөөнд тусгасан уу гэхэд 7 хоногийн дараа өөрийн бичгээ өөрөө үгүйсгэсэн байдаг. Юу гэж үгүйсгэсэн байдаг вэ гэвэл маргаан бүхий газар нь инженерийн шугамд хамаарсан, тухайн оны газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна гэж яг 7 хоногийн дараа буюу 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 14/493 дугаар албан бичгээр тусгасан гэдэг боловч 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн буюу яг 7 хоногийн дараа 14/541 дүгээр албан бичгээр тусгаагүй гэсэн байдаг. Хавтаст хэрэгт 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 9106 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол байдаг. Илэрхий нотлох баримтыг шаардахад нэг хүн өөрөө 7 хоногийн дотор 2 өөр агуулга бүхий мэдээллийг өгсөн байдаг. Энэ тал дээр захиргааны байгууллага анхааралтай байх шаардлагатай. Маргаан бүхий асуудлыг хуулийн хүрээн шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оноос хойш маргаан бүхий газрын талаар төрийн захиргааны байгууллагаар байнга үйлчлүүлсэн. 2019 онд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд барилга барих зөвшөөрлөө авахаар очсон боловч таны газар нь Дүүргийн Засаг даргын захирамжтай тул дүүргийн Засаг даргын хэмжээнд шийднэ гэж буцаасан. Дүүргийн Засаг даргад очиход 2020 онд ковид гарсан. Түүнээс өмнө төрийг хүндэтгэж зам барих ажил явагдаж байхад барилгаа барина гэж хэлээгүй. Жил гаран хугацаанд хүлээсэн. 2020 онд очиход маргаан бүхий газрын урдуур нь зам тавьсан. Хоёр зам тавьж байхад нь хүндэтгэж олон нийтийн асуудал тул өөрийн асуудлаа хойш тавьсан. Засаг даргын Тамгын газрын н.Батцэнгэл гэх хүн дээр сар болгон очсон. 2020 оны 12 дугаар сард хатуу хөл хориотой байх үед 7 хоногт 1 удаа очдог байсан. Эхлээд өргөдлөө өг гэдэг байсан боловч түүний дараагаар хорооны Засаг даргаар дамжуулж өг хороогоор дамждаг болсон гэсэн. Хороонд 1 дүгээр сарын 08-ны өдөр өгөхөд 4 дүгээр сарын 09-ний өдөр хүсэлт өгсөн гэсэн худал мэдээлэл өгсөн. 01 дүгээр сарын 08-ны хорооны Засаг даргын Тамгын газарт бичсэн өргөдөл байдаг. 2017 онд 5 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийг өгч захиалсан. 2017 оноос хойш 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нийслэлийн төлөвлөгөөнд тусгагдсан. 2019 оны 02 дугаар сард гэрчилгээг өгсөн. Үндэслэлгүй зүйлээр тайлбарлаж байна. Би н.Б***тэй уулзаж тайлбар авах шаардлагатай байгаа ба удаа дараа очиж уулзсан байдаг” гэв.           

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С** бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:   “Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн А/634 дүгээр захирамжаар иргэн Д.Д***д 242 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар олгож гэрээ гэрчилгээ олгосон байх бөгөөд Монгол Улсын газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д  "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны А/304 дүгээр захирамжаар хүчингүй болсон байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Д***д Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/634 дүгээр захирамжаар тус дүүргийн 6 дугаар хороо, *******д амины орон сууцны зориулалтаар 242 м.кв газрыг 12 жилийн эзэмшүүлсэн. Тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 12/1176 тоот албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэлд заасан хугацаанд хариу тайлбар болон хүндэтгэн үзэх саналыг ирүүлээгүй тул дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/304 дүгээр захирамжаар Д.Д***гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иргэн Д.Д*** нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар маргаан бүхий газрыг 2 жил дараалан ашиглаагүй. Хүндэтгэн үзэх шалтгааны тухайд хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний гэх мэт хорио цээрийн үед хоригдсон байхыг хэлнэ. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр захирамж гарч эрх үүссэн. Түүнээс 2 жил 5 сарын дараа буюу 2021 оны 5 дугаар сард сонсох ажиллагааны мэдэгдлийг өгсөн. Сонсох ажиллагааны талаар өгсөн мэдэгдлийн дагуу ажил хийгдээгүй, бодитоор ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгдээгүй. Хорио цээрийн дэглэм нь бүтэн 2 жил 5 сар үргэлжлээгүй. Гол нь маргаан бүхий тухайн газарт бодит хөрөнгө оруулалт хийгдээгүй. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул газар эзэмших эрхийг цуцалсан байдаг. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхээс газрын үзлэг хийсэн. Газрын үзлэгт авагдсан зураг, бусад материалаар ажил хийгдээгүй гэдэг нь нотлогддог ба давхар маргаан бүхий газар нь өөрөө инженерийн шугам сүлжээний газар. Энэ нь дүүргийн үндсэн том магистраль инженерийн шугам байдаг. Анх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад 2018 онд нэмэлтээр оруулж газар зохион байгуулалтын албаны төлөвлөгөө нь батлагдсан. Нэмэлтээр оруулсан гэдэг нь үндсэн төлөвлөгөөнд тусгагдаагүй боловч нэмэлтээр оруулж ирсэн ба хууль бус гэж үзээгүй. Тухайн газрыг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон. Газрын тухай хуульд инженерийн шугам сүлжээ бүхий газрыг хот байгуулалтын төлөвлөлттэй уялдуулан Нийслэлийн Засаг дарга олгох эрхтэй. Гэтэл тухайн захирамж нь илт хууль бус захирамжийн шинжийг агуулдаг. Захирамжийн гол үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй. Хүндэтгэн үзэх шалтгаан байсан ба хорио цээрийн нөхцөл байдлыг ойлгож байгаа, мэдэж байгаа. Тухайн үед хийгдэж барилга баригдсан уу гэвэл хийж байсан. Үйл ажиллагаа хийж байсан, хугацаан нь тодорхой хэмжээнд байсан уу гэвэл байсан. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авах ёстой ба авахдаа Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн Хот төлөвлөлттэй уялдуулан зөвшөөрөл авах ёстой боловч тухайн ажиллагаа хийгдээгүй. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан гэрээний үүргээ биелүүлээгүй тул газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийн материалд хавсаргасан баримтын тухайд маргаан бүхий газар нь амины орон сууцын зориулалттай. Хэргийн материалд хавсаргасан зураг нь үйлчилгээний орон сууцын зориулалттай байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй нотлох баримт тул нотлох баримтаас хасуулах саналтай байна” гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчээс анх 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасныг дүүргийн газрын албаны даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр тусгагдаагүй бөгөөд мөн инженерийн шугам сүлжээ бүхий газар байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэжээ.

2. Улмаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор маргаан бүхий газрыг хэлэлцэж, Газрын эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар дэмжиж, дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/634 дүгээр захирамжаар тус дүүргийн 6 дугаар хороо, *******д амны орон сууцны зориулалтаар 242 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

3. Харин дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/304 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэн дээрх захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

4. Нэхэмжлэгчээс “Дэлхий нийтийг хамарсан цар тахал болон газрын урьд, ар хэсгээр авто зам тавьсантай холбоотой газрыг ашиглах боломжгүй байсан” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газар эзэмших эрх хуульд заасан үндэслэл журмын дагуу үүсээгүй, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус маргажээ.

5. Нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх үүссэн буюу дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/634 дүгээр захирамж гарч, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноос хойш маргаан бүхий захиргааны акт /2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/304 дүгээр захирамж/ гарах хүртэл 2 жил 5 сар 8 хоногийн хугацаанд газрыг бодитоор эзэмшсэн гэж үзэхээргүй байна.

6. Учир нь 2019 онд “Х***” ХХК-иар эскиз зураг хийлгэсэн хэдий ч энэхүү зургаа эрх бүхий байгууллага албан тушаалтнаар батлуулаагүй, газрын зориулалт өөрчлүүлэх, газар ашиглах талаар удаа дараа эрх бүхий байгууллагад хандаж байсан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, барилга байгууламж бариагүй, хашаалаагүй, харин 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зөвхөн газар чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байсан болох нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 21 тоот албан бичгээр нотлогдож байна.

7. Хэдийгээр маргаан бүхий газрын орчим авто зам тавигдсан болох нь Зам тээврийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 05/1597  тоот албан бичиг, түүнд хавсаргасан баримтуудаар нотлогдож буй хэдий ч тухайн зам 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байнгийн ашиглалтад орсон, уг үйл баримтыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй байна.

8. Учир нь тухайн авто замын бүтээн байгуулалтын ажил нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаагүй, орц гарцыг хаагаагүй, зөвхөн хойд хэсгээр хийгдсэн байх тул түүний газар эзэмших эрхийг альваа хэлбэрээр хязгаарлсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

9. Нөгөөтэйгүүр тус шүүх нэхэмжлэгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх учиртай бөгөөд маргаан бүхий газарт инженерийн шугам, сүлжээ байршиж буй болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 14/493 тоот албан бичгийн хасралтаар ирүүлсэн схем зураг, шүүхийн үзлэг зэргээр нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, гээд 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэжээ.

10. Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий газарт зөвхөн Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх эрхтэй атал дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/634 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар олгосон нь хуульд нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 21.2.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6 заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д***гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/304 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ