Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/140

 

 

 

      2021           2           4                                                  2021/ДШМ/140

 

Д.Б, С.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Оюунцэцэг

Шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/3847 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ганзоригийн бичсэн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 109 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч С.Э, Д.Б нарт холбогдох 1906030302414 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Даваасүрэнгийн Д.Б, 1976 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэ толгой 40 дүгээр гудамжны ногоон зоорь тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах Наран” хороололын 6-31 тоотод оршин суудаг, /РД:УС76113036/,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

2. Боржигон овгийн Сүхбатын С.Э, 1986 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 111 дүгээр байрны 19 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:РЮ86121610/,

Д.Б нь С.Этой бүлэглэж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46Б байрны 13 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Шинэ мишээл” ХХК-ийн захирал Н.Нарандоржийг “байгууллагын тэмдэгээ өгчих, адилхан тэмдэг хийлгээд өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж улмаар байгууллагын тэмдгийг шилжүүлэн авч залилсан,   

мөн бүлэглэж 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн отог” ХХК-ний инженер Д.Бат-Эрдэнийг “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол, 46Б байрны 13 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Шинэ мишээл” ХХК-ний захирал, менежер” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж барилгын 2 ширхэг люлк шилжүүлэн авч залилсан,

Д.Б нь ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.Эрдэнэбаясгаланд 20.000.000 төгрөгийг 30.000.000 төгрөг болгож өгнө гэж хуурч Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх Хада” төвийн орчимд 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт,

 С.Э нь Д.Бтой бүлэглэж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46Б байрны 13 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Шинэ мишээл” ХХК-ийн захирал Н.Нарандоржийг “байгууллагын тэмдэгээ өгчих, адилхан тэмдэг хийлгээд өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж улмаар байгууллагын тэмдгийг шилжүүлэн авч залилсан,   

мөн бүлэглэж 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн отог” ХХК-ний инженер Д.Бат-Эрдэнийг “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол, 46Б байрны 13 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Шинэ мишээл” ХХК-ний захирал, менежер” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж барилгын 2 ширхэг люлк шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

С.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаагаар эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодруулаагүй, хэргийг шийдвэрлэхэд яллагдагч нарын үйлдэл холбогдлыг нарийвчлан тогтоогоогүй зэрэг хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг дутуу хийсэн, нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг хохирогч гэнэ” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл Шүүгдэгч Д.Б, С.Э нар нь бүлэглэж 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 46Б байрны 13 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Шинэ мишээл” ХХК-ний захирал Н.Нарандоржийг “байгууллагын тэмдгээ өгчих, адилхан тэмдэг хийлгээд өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж улмаар байгууллагын тэмдгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр байсан эсэхийг мөрдөн байцаалтаар бүрэн гүйцэт шалгаж тодруулаагүй байна.

Мөн шүүгдэгч Д.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн байхад уг ял шийтгэлийг хэрхэн эдэлсэн эсэх нь тодорхойгүй, баримтыг хэрэгт хавсаргаагүй зэрэг байдлаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасан заалт биелэгдэхгүй орхигдож хууль зүйн үр дагавар үүсэж болзошгүй байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гээд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорын газраас шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т тус тус заасан гэмт хэрэгт, шүүгдэгч С.Эод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03030 2414 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Д.Б, С.Э нарт урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ганзориг бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн 2020/ШЗ/3847 дугаартай шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна . Үүнд:

Д.Б, С.Э нар нь бүлэглэж хохирогч Н.Нарандоржийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилсан гэх хэрэгт хамааралтай нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотолсон.

Өөрөөр хэлбэл: Дээрх үйл баримт нь хохирогч Н.Нарандорж, Д.Б, С.Э нарын хооронд болсон харилцаа ба дээрх хүмүүс нараас мэдүүлэг авч, “Чингисийн отог” ХХК-ний инженер С.Цэрэнчимэд, Д.Б нарын байгуулсан түрээсийн гэрээг хэрэгт хавсаргаж, “Шинэ мишээл” ХХК-ний тэмдэгт эд зүйлийн үнэлгээ гаргуулах мөрдөн шалгах ажиллагаа хийсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шинжлэн судлах санал гаргаж, судлуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно, мөн зүйлийн 1.3-д “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;” гэж хуульчилсан. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нарыг оролцуулан тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна.

Шүүгчийн захирамжинд “...Д.Б, С.Э нар нь бүлэглэж хохирогч Н.Нарандоржийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилсан гэх гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэл байсан эсэхийг мөрдөн байцаалтаар бүрэн гүйцэт шалгаж тодруулаагүй” гэсэн нь яг ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулах нь ойлгомжгүй, тодорхойгүй болжээ.

Д.Б нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба тус ялыг эдэлсэн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/3847 дугаартай захирамжийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Шүүгдэгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай санал нэг байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 2 дахь талд “Д.Б, С.Э нар нь бүлэглэж Н.Нарандоржийг хуурч мэхлэх замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж улмаар байгууллагын тэмдгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр байсан эсэхийг мөрдөн байцаалтаар бүрэн гүйцэд шалгаж тодруулаагүй байна” гэсэн нь хэргийг прокурорт буцаах хамгийн гол үндэслэл болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцэлд дурдагдсан үндэслэлүүд үндэслэлтэй гэж үзэж байх тул эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл шүүгдэгч Д.Б, С.Э нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр Д.Б, С.Э нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгчийн захирамжинд заасан “...яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодруулаагүй, хэргийг шийдвэрлэхэд яллагдагч нарын үйлдэл холбогдлыг нарийвчлан тогтоогоогүй, ...байгууллагын тэмдгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр байсан эсэхийг мөрдөн байцаалтаар шалгаж тодруулаагүй. ...” гэх үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.

Шүүгдэгч Д.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн байх ба прокуророос давж заалдах шатны шүүхэд “...Д.Бийн 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дууссан. ...” гэсэн албан бичиг ирүүлснээс үзвэл Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн байх тул энэ талаар шалгах шаардлагагүй гэж үзэв.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл, хохирогч Нарандорж нь “...надаас нийт 47.300.000 төгрөгийн санхүүжилт авсан. ...2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр С.Э, Д.Б хоёр манай гэрийн гадаа ирээд С.Э нь миний гар утас руу залгаад “чи компанийнхаа тамгыг аваад гараад ирээч” гэхээр нь би компанийнхаа тамгыг аваад гарч очсон чинь С.Э өөрийнхөө машинд сууж байсан, тэр үед С.Э нь надад хандаж “Д.Б бид хоёр өөрсдийн гэсэн аж ахуйн нэгжтэй болох гэсэн юм, чи компанийнхаа тамгыг өгч бай, загвар дизайныг нь харчихаад хэд хоногоос чамд буцаагаад өгье” гэж хэлэхээр нь би янз бүрийн юм бодолгүй итгээд С.Эод компанийнхаа тамгыг өгсөн. С.Э миний компанийн тамгыг надад эргүүлж өгөлгүй 2018 оны 9 дүгээр сарыг хүртэл явж байгаад надад авч ирж өгсөн. Энэ үед би С.Эыг манай компанийн тамгыг ашиглаад залилан хийсэн талаар нь юу ч мэдээгүй явж байсан. ...С.Э, Д.Б нар нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр манай компаний тамгыг ашиглаад “Чингисийн отог” ХХК-тай түрээслэх гэрээ хийсэн байсан. ...” /1хх 13-15, 16-17, 18-19/ гэж мэдүүлсэн байх тул байгууллагын тэмдэгээ хэзээ залилуулсныг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэзээ үйлдсэнийг, мөн 47.300.000 төгрөг залилуулсан эсэхийг шалгаж тогтоох,

            мөн хохирогч Д.Бат-Эрдэнэ “...би “Шинэ мишээл” ХХК-тай иргэний шүүхээр маргаж, иргэний шүүхийн шийдвэр гарсан байгаа тул хохирогчоор тогтоолгохгүй. Иймд уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. ...” /1хх 235, 2хх 9-11/ гэж мэдүүлсэн байх ба Д.Бат-Эрдэнийг хохирогч гэж үзэх боломжгүй гэж үзнэ.

            Д.Бат-Эрдэнэ нь хохирогчоор тогтоогдох этгээд мөн эсэх, эсвэл “Чингисийн отог” ХХК-ийг төлөөлөх эсэхийг тодруулах, уг компанийг төлөөлөх бол компанийн итгэмжлэл олгогдоогүй байгааг тодруулан шалгах,

түүнчлэн, байгууллагын тэмдгийг залилан хэдий хэмжээний хохирол учруулсан, барилгын 2 ширхэг люлкийг залилан хэдэн төгрөгийн хохирлыг хэнд учруулсан зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгах шаардлагатай.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/3847 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамж болон магадлалд заасан  үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/3847 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Ганзоригийн “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр” бичсэн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 109 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ