| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2019/03284/И |
| Дугаар | 181/ШШ2020/00163 |
| Огноо | 2020-01-13 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2020/00163
| 2020 оны 01сары 13дөр | 181/ШШ2020/00163 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чд /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК /РД:/-д холбогдох
1,260,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа оролцов.
Зохигч талуудад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтэстэй харилцагч М ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 840,000 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн. М ХХК-ийн шимтгэлийн өр нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хуримтлагдсан. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж болзошгүй. 840,000 төгрөгийн шимтгэлийн өрийг төлүүлэхээр М ХХК-д Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 384 тоот нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага гарч, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 36 тоот мэдэгдлээр манай байгууллагад бүртгэлтэй тус ажил олгогчийн Голомт банкны 1102022689 тоот дансны гүйлгээг хааж мэдэгдлийг хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4-т заасан Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг-ийг тус тус зөрчиж байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 840,000 төгрөг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.2-т заасан Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож 420,000 төгрөг, нийт 1,260,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Чд нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 2019 оны 10 сарын 30-ны өдрийн байдлаарх нийгмийн даатгалын шимтгэлийн өр 840,000 төгрөг, алданги 420,000 төгрөг, нийт 1,260,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2019 оны 11 сарын 25-ны өдөр гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Шүүх хуралдааны товыг зохигч талуудад мэдэгдсэн боловч зохигч талууд шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, зохигч талууд шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь заалтад Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь заалтад Зохигч талын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх энэ хуулийн 100.4-т заасны дагуу шийдвэрлэж болно, мөн зүйлийн 100.4 дахь заалтад Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж тус тус заасныг баримтлан шүүх хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зохигч талуудын эзгүйд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хариуцагч М ХХК нь 2019 оны 10 сарын 30-ны байдлаар буюу 2017 оны 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар 840,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан болох нь Нийгмийн даатгалын улсын байцаагчийн гаргасан тооцоолол /хх-7 тал/, Заавал даатгуулах даатгуулагчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл /хх-8 тал/, М ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 12 сарын тайлан /хх-11 тал/, М ХХК-д ажиллаж байгаа даатгуулагчдийн 2017 оны 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /хх-12 тал/, 2017 оны 10 сарын 02-ны өдрийн огноо бүхий 0000384 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага /хх-13 тал/ зэргээр тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дахь заалтад Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж заасан тул хариуцагч М ХХК нь 2019 оны 10 сарын 30-ны өдрийн байдлаарх нийгмийн даатгалын шимтгэлийн өр 840,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтад дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус заасны дагуу хариуцагч М ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алдангийг төлөх үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 420,000 төгрөгийн алдангийн хэмжээ нь тооцооллын хувьд зөв байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийгмийн даатгалын шимтгэл болон алдангийн хэмжээ Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй, хуульд заасан журмын дагуу тооцогдсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч М ХХК-аас 2019 оны 10 сарын 30-ны өдрийн байдлаарх буюу 2017 оны 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 840,000 төгрөг, алданги 420,000 төгрөг, нийт 1,260,000 төгрөгийг гаргуулан Чдт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг баримтлан хариуцагч М ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид 1,260,000 төгрөгийг гаргуулан Чдт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 34,790 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР