2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/289

 

  

 

 

 

 

 

 

 

   2025          01           28                                   2025/ШЦТ/289

 

 

 

                 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Д.Түмэнжаргал

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бумбатын рашаан гэх газар хохирогч ***ыг үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би хүний биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ надаас эхэлж энэ асуудал үүсээгүй. Хохирогч гэх хүмүүс нь нийлээд архи ууж байхдаа манай усны хуванцар сав дээр суугаад хагалчихсан юм. Тэгээд би тэр хүмүүсийг хөөхөд тэд нар булгийн тийшээ явцгаасан. Гэтэл нэг хүнийг нь утсаар дуудаад байхаар нь хэлэх гээд очтол миний урдаас улавчаа шидсэн юм. Тэгээд энэ асуудал болсон. Надаас ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй гэв.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын рашааны хойд талд өөрийн эзэмшлийн газрыг зарах гээд Мөнх-Эрдэнэ гэх ахын найз нар гээд 3 хүнд газраа үзүүлж явж байгаад Бумбатын рашааны доод талын булгийн дэргэд Мөнх-Эрдэнэ ах болон танихгүй найз нартай нь архи уугаад сууж байтал 13 цагийн орчим үл таних эрэгтэй хүн ирээд учир зүггүй, шалтгаангүй миний уруул руу 2-3 удаа цохисон. Баруун талын нүд рүү бас гараараа 2 удаа цохисон. Намайг зодсон эрэгтэй хүнийг Мөнх-Эрдэнэ ах таньдаг гэнэ лээ. Надад одоогоор хохиролтой холбоотой гаргаад өгөх баримт байхгүй. Түр зуурын шүд хийлгэсэн газраасаа баримтаа асуугаад гаргаж өгнө гэвэл аваад ирье. Сэтгэцэд учирсан хор уршгийн өөрт холбоотой эрхийг ойлголоо. Надад энэ гэмт хэргийн улмаас сэтгэцийн шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй” /хх-н 7-8, 9-10, 11-12/ гэж,

гэрч *** “... газраа зарах санаатай зүс таних Мөнх-Эрдэнэ ах болон гурван найзад нь үзүүлж байгаад тэр хүмүүстэй манай нөхөр Энхбаяр 2 шил 05 литрийн архи ууж дуусгаад Мөнх-Эрдэнэ ах нэг айл руу ороод гаръя гээд орсон чинь манай нөхрийг усны сав дээр суугаад эвдэллээ гээд тэр айлын хүн уурлаад гар гээд байхаар нь хэрүүл болох юм байна явъя гээд Бумбатын рашааны доод талын булгийн хажууд суугаад дахиад архи ууж байхад тэр айлын Баяраа гэх залуу ирээд манай нөхрийн нүүр хэсэгт 2-3 удаа цохисон” /хх-н 17/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ын биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн 10164 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 20-21/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *** овогт ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзсан болно.

 

Шүүгдэгч ***ы хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 40/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 29/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 27/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч ***баримтаар хохирол нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгохгүй /хх-н 11/ гэсэн байна.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***д авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ