2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/332

 

  

 

 

 

 

 

 

 

    2025          01           30                                    2025/ШЦТ/332

 

 

 

 

                       

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Х.Анхцэцэг

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Тара” төвийн гадна талбайд хохирогч ***ийг ажпын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх шалтгаанаар түүний нүүр рүү цохиж унагааж тархи доргилт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хохирогчтой зүй бус харьцсан, түүнд гар хүрсэн нь миний буруу байсан байна. Тухайн үед нь түүнийг зүгээр л хөөгөөд явуулчих байж. Эрдэнэбилэг манай компанид хамгаалагчаар ажиллаж байсан бөгөөд бид нарын хэн хэн нь ажил үүргээ гүйцэтгэж байсан. Намайг Биокомбинат орчмоор ажлаа хийгээд явж байхад Эрдэнэбилэг нь дотуур холбооны станцаар машин чирнэ энэ тэр гэж согтуу яриад байсан юм. Энэ үйлдэлдээ дүгнэлт хийж байна. Хохиролд гэж би түүнд мөнгө төгрөг өгөөгүй. Эрдэнэбилэг нь түүнээс хойш ажлаа хийгээгүй, архи уугаад алга болчихсон. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Хохирол төл гэвэл төлнө гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... 2023 оны 12 дугээр сарын 16-ны өдөр “Хар ирвэс” ХХК-ийн хамгаалагчаар Номингийн барилгын гадаа байдаг 29 дүгээр постод 24 цагаар үүрэг гүйцэтгэж дуусаад ээлжээ хүлээгээд буух гэж байсан. Нөгөө ээлжийн хүн ирэхгүй 11-ээс 12 цаг болсон юм. Ээлж хүлээгээд байж байхад Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаа Барсаа гэх энгийн хувцастай залуу манай орж гарах гарцны үүдэн дээр машиных нь бензин дууссан машинаа түрээд явж байсан. Тэгээд орж гардаг гарц хэсэг рүү баруун шахаад, бид хоёр машиныг нь түрээд зогссон. Дотор нь Барсаа гэх залуугийн эхнэр нь нэг нялх хүүхэдтэй байсан. Тухайн өдөр их хүйтэн байсан болохоор эхнэр хүүхдийг нь дотогшоо харуулын пост руу оруулаад жаахан дулаацуулаад байж байтал “Хар ирвэс” ХХК-ийн шуурхай албаны дарга, нэг хүнтэй цуг ирээд постод хүн орууллаа гэж уурлаад хөөгөөд гаргасан. Удалгүй Барсаа гэх залуу эхнэр хүүхдээ таксинд суулгаад явуулсан бөгөөд өөрөө машиндаа суугаад үлдсэн. Шуурхай явсны дараа Барсаа надаас “ахаа таньдаг хүн байгаа бол чирэгч асуугаад өгөөч” гэж надаас гуйгаад хүн амьтан руу залгаад хажуугаар нь ээлжээ хүлээлцээд өгчихсөн байсан ба шуурхайн дарга нь намайг байж байгаарай гэж хэлсэн байсан болохоор би хүлээж байсан. Удалгүй харуулын дарга, харуулын шуурхай албаны дарга, шуурхай албаны туслах гээд 3 хүн хүрч ирсэн. Намайг гадаа байхад шуурхай албаны туслах миний дух хэсэг рүү нэг удаа цохисон. Би хойшоогоо газарт тархиараа савж унасан. Унахдаа баруун хөлөө мушгиж өвдгөөрөө унасан. Цохиулж унаснаас болж нэг хэсэг манарсан. Хэсэг газар хэвтэж байгаад арай гайгүй болж босож ирээд яаж байгаа юм та нар гэж хэлсэн. Дараа нь Барсаа машиндаа суулгаж цагдаа руу дуудлага өгүүлж, эмнэлэг дагуулж авч явсан. Тэр үед архи хэрэглээгүй байсан. Ээлжээ хүлээлцсэний дараа нэг лааз пиво уусан. Тухайн үед ус тасарсан, шөнөжингөө усгүй хоносон байсан. Харуулын дарга намайг архи уулаа гэж уурлаж загнасан. Би 2023 оны 6 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын дунд хүртэл хугацаанд ажилласан. Ажиллахдаа 24/48 цагийн ээлжээр ажилладаг байсан. Тухайн үед амралтгүй 48 цагаар ажиллаж байсан. Энэ гэмтлийг миний биед Шуурхай албаны даргатай цуг явж байсан хамгаалалтын хувцастай, танихгүй, 50 орчим насны, намхан, хар бор царайтай хүн учруулсан. Миний баруун өвдөгний зөөлөн эд гэмтсэн, тархины дотуур хэсэгт хавдартай, тархи хөдөлсөн байсан. Баруун талын 2 хавирга өвчтэй, хотойлттой болсон байсан. Дотуур цус хуралттай болсон байсан. Одоог хүртэл эмнэлэгт үзүүлж байгаа. Одоогоор гаргаж өгөх бол баримтууд байхгүй. Дараа нь авчирч өгнө. Эрүүл мэндээрээ хохирсон хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Мөн тэр “Хар ирвэс” ХХК-аас 7 гарааны цалингаа авч чадаагүй байгаа” /хх-н 27-28/ гэж,

гэрч *** “... би эхнэр хүүхэдтэйгээ шүдний эмнэлэгт хүүхдээ үзүүлэх гээд явж байгаад машин бензингүй болохоор нь “Тара” центрийн хажуу талын замд машинаа шахаж тавиад харуулын байранд байсан харуул ахаас “бензингүй болчихлоо, машинаа түр тавьчхаад байж байя, ажлаасаа хүн дуудсан байгаа” гэж хэлэхэд харуул ах бага зэрэг пиво үнэртүүлсэн “машинаа холдуулаа, наана чинь зогсож болохгүй, зайл” гэх мэтээр хэлж хөөгөөд байсан. Би хариуд нь “та чинь монгол хүн байж яасан хүн муутай юм бэ” гэж үл ялиг маргаан үүссэн. Тэгээд харуулын байранд дулаацах гэж ороод зогсож байсан. Удалгүй гаднаас харуул хамгаалалтын гэж нэг хүн орж ирээд “чи яагаад гадны хүн харуулын байранд оруулаад байгаа юм бэ” гэж хэлтэл харуул ах “машиных нь бензин дууссан, хальт орж ирээд дулаацаж байгаа юм” гэдгийг хэлсэн. Дараа нь тэр ахлах гэж хүн нь намайг “зайл, манай харуулд архи өгсөн байна” гэх мэтээр хэл амаар доромжилж хөөсөн. Би харуулын байрнаас гараад машиндаа сууж байхдаа Хан-Уул дүүргийн цагдаад ажилладаг юм, хүн хүлээгээд байж байна гэдгээ хэлж учир байдлаа хэлсэн. Тэгтэл хамгаалалтын ахлахтай нь юм яриад зогсож байхад харуулын байранд үүрэг гүйцэтгэж байсан ахыг намхан, настай харуул ах цаанаас хүрч ирээд нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиод унагаасан. Тэр харуул ах тархиараа саваад газарт унасан. Би гүйж очоод зүгээр үү, та нар юу болоод байна гэж хэлсэн. Тэр савж унасан ахыг би машиндаа суулгаад, найзыгаа ирэхээр нь машинаа чирүүлээд замаасаа бензин хийж хэлтэс дээр ирсэн. Харуулын цүнх нь миний машины ар талын суудал дээр байсан. Би байгаа гэдгийг мэдээгүй гэр рүүгээ явсан. Маргааш нь эд зүйлсийг нь хэлтэс дээр хүлээлгэж өгсөн. Утас байгаагүй. Өөрөө мэдэж байгаа. Надтай муудалцдаг ахлахаас нь гадна хамгаалалтын албаны хувцастай жижгэвтэр биетэй, 50 орчим настай ах байсан. Шууд ирээд нүүр хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохисон. Цохисноос болж тэр харуул тархиараа газар савж унасан” /хх-н 30-31/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэсэн 854 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 50-51/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзав.

 

Шүүгдэгч ***ы хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 67/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 74/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 69/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 68/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 70-71/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирогч *** нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байна.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй болно.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Энэ хэрэгт ямар хамааралтай болох нь тодорхой бус яллагдагч С.Отгон, Н.Алтантуяа, Г.Алтансувд нарт холбогдох “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хавсаргасан /хх-н 75-78/ байгааг дурдаж, цаашид хамаарал бүхий бичгийн баримтуудыг тухайн эрүүгийн хэрэгт нь хавсаргаж байхыг мөрдөгч, прокурор нарт анхааруулъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Хохирогч *** өөрт учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***д авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

  

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ