| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0949/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/365 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/365
2025 02 04 2025/ШЦТ/365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч Г.Ган-Эрдэнэ
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч *** нь 2022 оны 4 дүгээр сард Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “***” ХХК-ийн хашаанд бетон зүлгүүрийн ажил хийнэ гэж “***” ХХК-ийн эзэмшлийн 4.500.000 төгрөгийн үнэ бүхий 11 киловаттын бетон зүлгүүрийн машиныг ***гаас “3 хоног ашиглаад өгье” гэж хэлж аваад уг зүлгүүрийн машиныг буцааж өгөхгүй байх санаа зорилго агуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар өөрийн мэдэлд авч, бусдад зарж борлуулсан буюу зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэх “залилах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Гэм буруугийн талаар маргахгүй. Өмнө нь мэдүүлгээ өгсөн тул дахин мэдүүлэхгүй. Хохиролд гэж адилхан хүчин чадалтай бетон зүлгүүрийн машиныг хохирогчид шилжүүлэн өгсөн гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шүүгдэгч ***д холбогдох хэргийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцээд:
“... хэргийн үйл баримтыг тодорхой болгох буюу эргэлзээтэй байдлыг тодруулах, ... энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон *** нь шүүх хуралдааны явцад тухайн эд хөрөнгийг өөрийнх биш “***” ХХК-ийн хөрөнгө байсан гэж тайлбарласан тул хохирогчийг зөв тогтоох, ... гэх мэт асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар хийж гүйцэтгэхийг хяналтын прокурорт даалгаж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхийг 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулж ...” шийдвэрлэсэн.
Мөрдөн шалгах ажиллагаа дахин явуулахад хэрэгт хохирогчоор тогтоогдсон
хохирогч *** “... 2022 оны 2 дугаар сарын үед манай компани Зооноз төвийн вакцины агуулахын бетонон шал хийж гүйцэтгэхээр “Магнус центури констракшн” ХХК-тай гэрээ хийж туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэхээр ажил хийсэн. Тухайн ажпыг хийж эхэлсэн үед манай компанийн менежер Мөнхбуян *** гэх хүнийг олж ирээд надтай уулзуулж, уг ажлыг хийж мэддэг хүн болж таараад туслан хийхээр болсон. Уг ажил нь 400-500 орчим м.кв талбай будах ажил байсан. *** ажил хийж байх явцад орж ирээд дундаас нь дуусгаагүй явсан. Ажил эхлэхэд худалдаж авсан байсан манай компани эзэмшлийн хөрөнгө болох 3 ширхэг бетон зуурмагийн машины нэгийг нь аваад явсан байсан. Тухайн багажийг байхгүй байгааг ажил дууссаны дараа компани багаж хэрэгслээ бүртгэж байгаад мэдээд Мөнхбуянгаас асуухад *** аваад явсан байна лээ, алга болчихоор нь асуухад удахгүй өгнө гэж хэлээд одоо өгөхгүй байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаагаар яваад олж ирээрэй гэж би Мөнхбуянд хэлсэн.
*** нь ажил эхэлсний дараа түр зуур туслах байдлаар ирсэн. Ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, өдрөөр ирж ажилладаг хүмүүс шиг л ирдэг байсан. Сар бүр тогтмол цалин хөлс өгөх талаар ямар нэгэн гэрээ болон хэлэлцээр хийгээгүй. Ашиг болон хувь хувааж өгнө гэсэн зүйл яриагүй. Тухайн ажил нь ашиг их олохоор ажил байгаагүй. Бэлэн болон бэлэн бусаар хэд хэдэн удаа Мөнхбуянгаар дамжуулан хөлс мөнгө авч байсан нийт хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй. Одоо цалин хөлс гэж ***д өгөх төлбөр байхгүй” гэж мэдүүлжээ.
Мөн хохирогч байгууллага болох “***” ХХК-иас хохирол төлбөр бүрэн барагдсан тухай албан бичгийг нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна.
Улмаар Прокурорын яллах дүгнэлт дахин үйлдэж шүүхэд ирүүлснээр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч *** хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээг /хохирол төлөгдсөн/ харгалзав.
Тодруулбал, улсын яллагчаас шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, саналын үндэслэлээ “... 2 жил гаруй хугацаа өнгөрөхөд хохирлоо төлөөгүй байсан, одоо л төлж байна ...” гэж тайлбарласныг үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Учир нь, гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, түүнд хяналт тавих нь мөрдөгч, прокурорын ажлын чиг үүрэгт хамаарах тул шүүгдэгч ***д оногдуулах торгох ялын хэмжээг шүүх багасгав.
Шүүгдэгч ***ы хувийн байдалтай холбоотой:
иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 72/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 69/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 77/, гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***д авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ