2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/143

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2025            01           13                                         2025/ШЦТ/143

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Хонгорзул,

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч Л.Б*****************, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б********* овогт Л****************ийн Б***************** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2405000002173 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 20*** оны ***дүгээр сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ***настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Tse уушийн газарт зөөгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ** дүүрэг 3 хороо ** хороолол *** байр **тоотод оршин суух, Б************* овогт Л****************ийн Б*****************. /**************/

 

Шүүгдэгч Л.Б***************** нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Tse үйлчилгээний газарт зөөгчөөр ажиллаж байхдаа тус газраар үйлчлүүлж байсан иргэн Э.Т****************тэй тооцоо дутуу хийлээ гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б***************** мэдүүлэхдээ: “... Мэдүүлэг өгнө. Эхлээд манай пабд хоёр эгч орж ирсэн. Тэгээд тэр хоёр нилээд ууж сууж байгаад өөр ширээнд сууж байсан эгч нартай тамхины өрөөнд татацгааж байх үедээ танилцаад дөрвүүлээ болцгоогоод хамтдаа нэг ширээнд сууцгаасан.

Тэгээд тэд нар хэг хэсэг сууцгааж байтал нэг нь явчихсан. Тэгэхээр нь үлдсэн хэд нь нэлээд согтоцгоосон байсан болохоор бид нар тооцоогоо хийх шаардлагатай болсон. Тэгээд тооцоогоо гэтэл тооцоогоо хийхгүй байсан. Гэтэл Т**************** эгч нэг виноны хундага хагалчихсан. Тийм учраас манай байгууллага шилэн эдлэл хагалсан гээд төлбөр дээр нь 6000 төгрөгийн торгууль нэмж тооцсон.

Тэрийгээ төлсөн. Тэгээд та одоо тооцоо хийнэ үү гэхэд хэл амаар доромжилсон. Тэгсэн Т**************** эгч 6000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхээр нь би “эгчээ уусан виноныхоо тооцоог хийгээрэй” гэж хэлтэл Т**************** эгч “би түрүүнд төлсөн байхад та нар одоо надаас юу нэхээд байгаа юм бэ, та нар муу луйварчид бид нарыг согтуу байгаа болохоор ингэж луйвардах гэж байна уу” гэж хэлээд над руу дайраад байсан.

Тэгээд тэд нар тооцоогоо хийхгүйгээр явах гэж оролдсон. Тэгээд би тухайн гурван эгчийг тооцоогоо хийхгүйгээр явах гэж байна гэж бодоод араас нь очиход гурван эгч нойл орсон байсан. Тухайн үед манай байгууллагын нойл болон гаргах хаалга зэрэгцээ байрладаг болохоор нь би тухайн эгч нарыг явах гэж байна л гэж бодсон. Гэхдээ энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Д*************** эгч мэдүүлэгтээ “би нойл ороогүй, гадаа нь байсан” гэсэн байдаг. Гэвч Д*************** гэх эгч нөгөө хоёр хүнийхээ хамт нойл орсон. Тэгээд би тухайн үед гурван эгчийг дагаад араас нь нойл ороход Т**************** эгч над руу дайраад намайг цохих гэж оролдсон болохоор нь би биеэ хамгаалсан. Тухайн үед Т**************** эгч намайг өшиглөж, маажсан бөгөөд тэр тухай нь би цагдаа нарт хэлсэн боловч цагдаа нар миний үгийг авч хэлэлцээгүй. Түүнээс үнэхээр би тэр хүмүүст гар хүрээгүй. Би спортоор хичээллэдэг спортын хүн болохоор хүнтэй хэрэлдэж муудалцах эсхүл хүнд гар хүрч үзээгүй. Гэтэл цагдаа, прокурорын зүгээс чи буруутай, чамаас болсон, одоо чамд өмгөөлөгч хэрэггүй, чи гэмт хэрэгтэн болно гээд надад тулгаж байсан. Тэгээд би энэ тухай эцэг, эхдээ хэлэхэд өмгөөлөгч аваад өмгөөлөгчөөсөө хууль зүйн зөвлөгөө авсан...” гэв.

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 45-46 дахь тал/

 

Хохирогч Э.Т****************гийн “... 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчим би найз болох Д***************гийн хамт Баянгол дүүрэг 15 хороонд байрлах Tse уушийн газарт үйлчлүүлээд гарах гээд тооцоогоо өгөхдөө андуураад нэг тэг бичээгүй 6000 төгрөг шилжүүлээд бие засах өрөөнд байж байхад зөөгч охин орж ирэнгүүтээ тооцоогоо хийгээч хагалсан хундаганыхаа мөнгийг л хийсэн байна уурласан.

Тэгээд би мөнгөө хийсэн гээд хэлснээ санаж байна, цаашаа яг болсоныг согтуу байсан болохоор санахгүй байна. Ямар ч байсан намайг унатал цохисон. Дараа нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

Миний биед халдсан. Миний нүүрний зүүн тал руу цохисон бусад зүйлийг нь яг сайн санахгүй байна. Найзтайгаа цуг гурван шил вино уусан байсан. ... Цохиулсандаа гомдолтой байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8 дахь тал/

“... Тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Tse уушийн газрын зөөгч болох Л.Б***************** нь миний дух хэсэг рүү баруун гараараа 1 удаа хальт цохисон санагдаж байна. Тэгээд би унахдаа хаалганы булан мөргөөд унасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дахь тал/

 

Гэрч О.Д***************гийн “ ... зөөгч охин хойноос нь бие засах өрөө орсон. Ороод удаагүй байхад Т**************** толгойгоо бариад зөөгч охин миний толгойг хагалчихлаа гээд толгойноос нь цус гараад бие засах өрөөнөөс гараад ирсэн. Тэгээд бид хэд гадаа гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

... Би яг сайн хараагүй. Би үүдэнд хүлээж байсан. Гэхдээ бие засах өрөөн дотор тэр охиноос өөр цохиж түлхэх хүн байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дахь тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14004 дугаартай:

“1. Э.Т****************гийн биед тархи доргилт, зулайн хуйхны шарх, зүүн чихний сувгийн зулгаралт, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Тархи доргилт, зулайн хуйхны шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Зүүн чихний сувгийн зулгаралт, зүүн тохойн зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 23-24 дэх тал/,

 

Л.Б*************ийн яллагдагчаар өгсөн “... 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би манай ажил дээр үйлчлүүлж байсан гурван эмэгтэй хагарсан виноны хундага 6000 төгрөг өгчихөөд уусан зүйлийнхээ мөнгийг өгөөгүй байж өгсөн гээд байхаар нь та эгчээ банкны гүйлгээгээ харуулчихаа гэхэд харуулахгүй хувцсаа өмсөхөөр нь гарах гэж байна гэж бодоод хойноос нь би явахад манай ажлын бие засах өрөө рүү орсон.

Тэгэхээр нь би бие засах өрөө рүү дагаж ороод тооцоогоо төлөөчээ гэхэд нэг эмэгтэй хэл амаар доромжлоод намайг түлхсэн. Намайг түлхэхээр нь би зөрүүлээд түлхсэн. Тэгж байхад нөгөө тооцоогоо хийхгүй байсан эмэгтэй намайг шууд жийгээд дахиад цохих гээд байхаар нь түлхсэн. Тэр эмэгтэй согтуу байсан болохоор шууд хөл алдаад юм мөргөөд унасан. Өөр тэр эмэгтэйн биед халдсан зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33-34 дэх тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Л.Б***************** нь Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Tse үйлчилгээний газарт зөөгчөөр ажилладаг байсан ба 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шилжих шөнө хохирогч Э.Т**************** нь найз О.Д***************гийн хамт үйлчлүүлжээ.

Ингээд хохирогч Э.Т****************г согтууруулах ундаагаар үйлчлүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөөгүй шалтгаанаар харилцан маргалдаж шүүгдэгч Л.Б***************** нь Э.Т****************г түлхэсний улмаас тэрээр унаад хаалга мөргөж тархи доргилт, зулайн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Л.Б***************** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хохирогч Э.Т****************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Л.Б*************ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Э.Т****************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14004 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хавтаст хэрэгт хохирогч Э.Т**************** нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг оношлуулах, эмчлүүлсэн талаарх зардлын талаарх баримт авагдаагүй байна.

Хохирогч Э.Т****************гээс авсан мэдүүлэгт “ ... Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй. Миний сэтгэцэд хохирол учраагүй” /хэргийн 12 дугаар тал/ гэжээ.

 

Иймд шүүгдэгч Л.Б*****************эс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Гэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Т**************** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Б*************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг гарахад хохирогч Э.Т****************гийн үйлчлүүлсэн төлбөрөө бүрэн төлөөгүй, согтуугаар маргаан үүсгэсэн нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Л.Б*****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Б***************** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б********* овогт Л****************ийн Б*************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б*************ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б*************ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Б***************** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Б***************** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Э.Т**************** гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Б*****************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ