2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/367

 

 

 

 

 

 

 

 

 

   2025           02           04                                    2025/ШЦТ/367 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Б.Өлзийжаргал

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *** нь 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Наадам центр” төвийн 1 давхарт зөөврийн компьютерыг 3.600.000 төгрөгт бусдад худалдан борлуулж өгнө, манай найз зөөврийн компьютер худалдаж авах гэж байгаа юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч ***аас “macbook pro” М1 чиптэй, зөөврийн компьютерыг авч, “гэртээ хариад мөнгийг чинь шилжүүлье” гэж хуурч 3.677.372 төгрөгийн хохирол учруулсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Бусдын хохироосон энэ үйлдэл нь залилах гэмт хэрэг болдог юм байна гэдгийг ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд 2.000.000 төгрөг цувуулж өгсөн. Үлдэх мөнгийг нь цалингаа буухаар даруй өгье. Ер нь бол хохирогч надаас хонь энэ тэр үнэгүйгээр, зүгээр авч байсан. Тийм болохоор би үлдэгдэл мөнгийг нь 1.500.000 төгрөг үлдсэн гэж бодож байсан юм гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... миний танил *** гэх залуу нь манай найз Мөнхбат зөөврийн компьютер худалдаж авах гэж байгаа юмаа гэсний дагуу 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “macbook pro” М1 чиптэй, 2022 онд үйлдвэрлэгдсэн зөөврийн компьютерыг 3.600.000 төгрөгт худалдан борлуулахаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Наадам центр” төвийн 1 давхарт хүлээлгэж өгөх үед Мөнхбаяр нь гэртээ хариад мөнгийг чинь шилжүүлье гэж хэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл миний мөнгийг өгөөгүй ба найз Мөнхбаяраас асуутал би зөөврийн компьютерыг чинь аваагүй, *** ломбардад тавьсан гэнэ лээ гэж хэлсэн.

Би ***тэй 2015 онд танилцаж байсан, найз нөхдийн холбоо байхгүй боловч танилууд, нэгнийгээ мэддэг хүмүүс юм. Харин Мөнхбаяр гэх залууг танихгүй, 2022 онд зөөврийн компьютер өгөх үедээ л харсан. ***ийн утасны дугаар нь 99409795, Мөнхбаярын утасны дугаар нь 95058568. ***ийг таньдаг болохоор өөрийн зөөврийн компьютерыг өгч явуулсан ба анх хэлэхдээ "манай найз Мөнхбаяр нь зөөврийн компьютерыг авна, мөнгөө төлөөд авах болно" гэж хэлээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центр дээр уулзаад зөөврийн компьютероо солилцоод өгөх гэтэл *** нь надад хандаад “одоо мөнгө алга, манай найз Мөнхбаярын аав, ээжээс нь мөнгө орж ирэх болно, мөнгө орж ирэхээр нь мөнгийг нь өгье” гэж хэлэхээр нь орой мөнгө орж ирэхээр мөнгөө өгчих байх гэж бодоод өгч явуулсан. “macbook pro” загварын М1 чиптэй, саарал өнгөтэй, дагалдах гэр, цүнхийн хамт 2022 оны хавар, 1 дүгээр сард Дүнжингарав худалдааны төвийн баруун талаас импортоор оруулж ирсэн газраас нь 3.600.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Шилжүүлж байсан дансны хуулга байж магадгүй. Ямар нэгэн сэв зураасгүй, шинэ зөөврийн компьютер байсан. *** нь надтай гар утсаар болон messenger гэх фейсбүүкийн харилцаа холбооны хэрэгслээр тухайн үед харилцаж байсан чатуудыг хавсралт болгож өгсөн байгаа. *** нь “Altangerel Aagii” гэх нэртэй фейсбүүк хаягтай, хаяг дээр нь өөрийнхөө зурагтай бөгөөд надаас зөөврийн компьютер худалдаж авах талаар бичсэн зурвасууд нь байгаа. Миний ойлгосноор бол Мөнхбаяр нь ***тэй хамт явж байсан хүн бөгөөд *** нь анхнаасаа миний зөөврийн компьютерыг мөнгө төлж худалдаж авна гэж хэлээд авсныхаа дараа ломбардад тавиад мөнгөө ашиглах гэж хуурч, залилсан гэж бодож байна. Би өөрийн хохирлыг барагдуулж, хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна. Мөнхбаяртай ярих үед *** нь зөөврийн компьютерыг тухайн өдрөө аваачиж ломбардад тавьсан гэж надад хэлсэн” /хх-н 26-27/ гэж мэдүүлжээ.

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, “Бан Хас” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №Х24-86 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /хх-н 29-38/ гэсэн баримт хэрэгт авагдсан байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ****ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзав.

 

Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 64/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 66/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 69/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч *** хохирогч ***д 2.000.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл хохирол болох 1.677.372 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлт бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                   

 

                            ТОГТООХ нь:

 

1. ***ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** хохирогч ***ын хохиролд 2.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж,

шүүгдэгч ***ээс 1.677.372 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5-32 тоотод оршин суух, хохирогч Ганбатын Идэржаргалд олгосугай.

 

5. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       О.ЖАНЧИВНЯМБУУ