| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2021/0513/З |
| Дугаар | 128/ШШ2022/0740 |
| Огноо | 2022-10-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2022/0740
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.А***
Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайд,
Маргааны төрөл: Б.А***-ын газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц***, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.А***-оос Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
2.Нэхэмжлэгч Б.А*** нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/233 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын *******ийн аманд 0,12 га талбайг зуслангийн зориулалтаар ашиглах эрхийг таван жилийн хугацаатайгаар авсан.
3.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.А-ын газар ашиглах эрхийн гэрчилгээг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.
4.Нэхэмжлэгч Б.А*** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
1/Иргэн Б.А*** миний бие Байгаль орчны сайдын 2011 оны А/233 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын *******ийн аманд 0.12 га газрыг зуслангийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг авч өнөөг хүртэл ашиглаж байна. Энэ хугацаанд газар ашиглах эрхийн хугацааг хуулийн хугацаанд сунгуулж 2017/03 тоот гэрчилгээтэй ашиглаж байна. Миний бие нь уг газрыг зориулалтын дагуу ашиглаж зундаа гэр барин зусланд гарч байгаад 2019 оноос зуслангийн байшин барих ажил эхлүүлсэн болно.
2/Энэ хугацаанд 2013-2015 онд хажуу талын газар ашиглагч гэрийн буурь цутгахдаа гарсан шороогоо манай талбай дээр асгасан төдийгүй барьсан хашааг маань эвдэлж, цэвэр бохирын цооногоо өөрийн ашигладаг талбайгаас гадна гаргаж манай газарт оруулан барьсан. Ингэснээр үйл ажиллгаа явуулах боломжгүй болсон. Улмаар 2016 онд зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшил талбайгаа хэтрүүлэн орц гарц хааж хашаа барьсан, байшингаа ашиглах газар руу оруулж барьсаны улмаас орц гарц гаргах, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгуулахаар Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад удаа дараа хандсан. Гэвч зөрчилтэй аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгахгүйгээр манай газрын кадастрыг өөрчлөх боломж байна гэсэн. Би төрийн байгууллагын ажлыг хүндэтгэн үзэж кадастраа өөрчлөх саналыг хүлээн авч Хамгаалалтын захиргаа болон яамны кадастрын хэлтэст хандсанаар кадастр өөрчлөх ажил хийгдсэн. Кадастр өөрчлөх ажил удааширснаар кадастр өөрчилсөн, сунгалт хийсэн гэрчилгээг 2018 оны 05 сарын 09-ний өдөр хүлээн авсан. Ингэснээр газар ашиглагч миний газар ашиглах эрх шинээр үүссэн болно.
Би газрын төлөв байдлыг өөрчлөхгүй байгалийн ургамал ногоон дунд хүүхдээ өвөл зунд агаарт гаргах зорилгоор ашиглаж байсан бөгөөд ийм нөхцөлд өөр бусад айлууд газар луу орж хашаа барих орц гарц хаах ойр орчимд битүү байшин болж газрыг маань талхлах болсон тул зуслангийн байшин барих ажлаа эхлүүлэхээр 2018 оны 08 сарын 14-ний өдөр “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг шалгасан тухай акт -ыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар хийлгэсэн.
Мөн 2019 онд зураг төслийн “О****” ХХК-иар зуслангийн байшингийн зураг төслийг хийлгэсэн болно. Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/399 гэрээг хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Засаг даргаар зуруулахаар хүлээгдэж байна. Иймээс үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
3/Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас миний цахим ба улмаар хаягаар 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр иргэн намайг Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай бичсэн 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 472 тоот ирсэн ба улмаар би Байгаль Орчин Аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалаар миний газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тухай олж мэдсэн болно.
4/Миний бие 2021 оны 4 дүгээр сарын 9-нд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар хандсан болно. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас газар ашиглах эрхийг сэргээх эрх байхгүй гэсэн хариу ирүүлсэн. Харин Байгаль орчин аялал жуулчлалын яамны зүгээс өнөөдрийг хүртэл миний өргөдөлд ямар нэгэн хариу өгөөгүй байгаа болно.
5/Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн A/79 тоот тушаалаар иргэн миний газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5,40.1.6 дах заалтуудыг үндэслэл болгосон нь хууль бус байна гэж үзэж байна. Миний зүгээс эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлүүдийг гаргаагүй болно.
Дээр бичсэнчлэн би газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа ба газрын төлбөр төлөх үүргээ биелүүлж ирсэн, газрын төлбөрт 10 568 400 төгрөг төлсөн байна. Хариуцагч талаас тус газрын ашиглагч надад ямар нэгэн мэдэгдэл ирээгүй, сонсох үйл ажиллагаа хийж тайлбар авалгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр гаргасан байна.
Иймд Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалаар Хан-уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор *******ийн амны хязгаарлалтын бүсэд зуслангийн зориулалтаар 0,12 га газар ашиглаж байгаа иргэн миний эрх ашгийг зөрчиж, улмаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль бус байх тул уг тушаалын Б.А*** надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү “ гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэгдүгээрт: Газар ашиглах эрхийг цуцлах тухай тушаалд үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40.1.6 дах заалтад заагдсан нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 2008 оны 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 10-т “Хуулийн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно." гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл иргэн Б.А***-ыг газар ашиглах зөвшөөрөл авснаас хойш удаа дараа бусдын хууль зөрчсөн үйлдлээс үйл ажиллагаа явуулах нөхцөл үүсэхгүй байсан байна. Үүнтэй холбоотойгоор 2012 онд өөрийн газрыг хамгаалж торон хашаа барьсан. 2012 оны 7 сард уг хашааг зэрэгцээ орших хашаанд гэрийн суурь ухаж гэр барихдаа иргэн н.С хашааг эвдэж их хэмжээний шороо асгасан. Энэ талаар Богдхан уулын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч болон хамгаалалтын захиргааны ажил хариуцсан мэргэжилтэнд удаа дараа мэдэгдсэн. 2014 он гэхэд шороог аваагүй, харин нэмж шороо асгасан. Зуслангийн байшин барихаар барилгын мэргэжлийн хүмүүст үзүүлж зөвлөгөө авахад шороог зөөлгөхгүй бол барилга барихад хүндрэлтэй гэсэн тул мөн л н.С гэгч хүнд шороогоо холдуулах санал тавьсан. Мөн 2015 оны 6 сард шороо асгуулахгүй байх өөрсдийн газраа хамгаалах, салхинд гарах зорилгоор гэр барьсан. 2015 онд Байгаль орчны яамны шийдвэрээр зэрэгцээ газарт газар олгохдоо орц гарцыг хааж 1 компанид, Б.А***-ын газрын зүүн талын цэгийг давхцуулан 1 компанид газар олгосон. Улмаар 2015, 2016 онд зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшил талбайгаа хэтрүүлэн орц гарц хааж хашаа барьсан, байшингаа ашиглах газар руу оруулж барьсны улмаас орц гарц гаргах, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгуулахаар Богдхан уулын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад удаа дараа хандсан. Тухайн газар дээр давхцал үүссэн тухай Богдхан уулын хамгаалалтын захиргаанд мэдэгдсэнээр мэргэжилтэн н.Банди, яамны кадастрын мэргэжилтэн н.А нар ирж үзсэн. Гэвч зөрчилтэй аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгахгүйгээр манай газрын кадастрыг өөрчлөх боломж байна гэсэн санал тавьсны дагуу Б.А*** төрийн байгууллагын ажлыг хүндэтгэн үзэж кадастраа өөрчлөх саналыг хүлээн авч Богдхан уулын хамгаалалтын захиргаа болон яамны кадастрын хэлтэст хандсанаар кадастр өөрчлөх ажил хийгдсэн. Кадастр өөрчлөх ажил удааширснаар кадастр өөрчилсөн, сунгалт хийсэн гэрчилгээг 2018 оны 05 сарын 09-ний өдөр хүлээн авсан. 2018 оны 08 сарын 14-ний өдөр Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг шалгасан тухай акт үйлдсэн. Мөн 2019 онд өөрийн газарт зуслангийн байшин барихаар зураг төслийн “О****” ХХК-иар зуслангийн байшингийн зураг төслийг хийлгэсэн болно. Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/399 гэрээг хүлээн авсан. Дээрхээс харахад газар ашиглагч үйл ажиллагаа явуулахад бусдын хууль бус үйлдэл удаа дараа нөлөөлсөн, хамгийн сүүлд Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас газар ашиглах гурвалсан гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн нь үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлгүйг нотолж байна.
Хоёрдугаарт: Газар ашиглах эрхийг цуцлах тухай тушаалд үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40.1.5 дах заалтад заагдсан нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд газар ашигласны төлбөр нийт 10 568 400 төгрөгийн газрын төлбөрийг төлсөн байна. Газар ашиглагч нь газрын төлбөр 2 удаа төлсөн байдаг. Газрын кадастрын зөрчил арилсан гэж үзэж газар эзэмших гэрчилгээ сунгагдах үед газрын төлбөрөө төлсөн. Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглахтай холбоотой газрын төлбөрийн хэмжээг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоодог. Гэтэл 2015 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар ашиглалтын төлбөрт өөрчлөлт оруулсан шийдвэр гаргаснаар Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэд халдсан шийдвэр болж, энэ нь захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсэж явсаар 2019 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргасан шийдвэр хууль бус болох нь тогтоогдож, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дахин газрын төлбөр тогтоох тухай шийдвэр гарсан. Дээрх маргааны улмаас иргэн, аж ахуйн нэгжүүд газрын төлбөрөө төлөөгүй явж ирсэн.
Гуравдугаарт: Тухайн захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан "оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах", 26 дугаар зүйлийн 1 дэх заалт "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.", 27 дугаар зүйлийн 25. 2.1 дэх заалт "хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх" зэрэг заалтыг зөрчиж хуульд заасан ямар нэг хэлбэрээр сонсох үйл ажиллагааг явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж газар ашиглагчийн эрхийг хангаагүй гаргасан шийдвэр юм. Иймд Байгаль Орчин Аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А\79 тоот тушаалын Б.А***-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж гарсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтыг үндэслэн Байгаль Орчин Аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалын Б.А***-д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. Мөн хариуцагчийн хариу тайлбарт нэхэмжлэгчийг зуслангийн газар ашиглах эрх үүсээгүй, гэрчилгээгээ сунгуулаагүй гэж дурдсан байна. Нэхэмжлэгч нь 2018 онд сунгагдсан гэрчилгээг хүлээж авсан, гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц** шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/Байгаль орчны сайдын 2011 оны А/233 дугаар тушаалаар Б.А***-д Богдхан уулын дархан цаазат газрын *******ийн аманд зуслангийн зориулалтаар 0.12 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон бөгөөд газар ашиглах эрх нь сунгагдаагүй байна.
2/Нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй
байдаг.
3/Нэхэмжлэлд дурдсанчлан газрын кадастр өөрчлөх, гэрээ байгуулаагүй зэрэг нь газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зуслангийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.
4/Мөн Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагаас тусгай хамгаалалттай газар нутагт нэр бүхий иргэн, хуулийн этгээд нь аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах тусай зөвшөөрөл авч улмаар газрыг зориулалтын бусаар ашигласан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах эрхтэй иргэн, хуулийн этгээд нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл тогтоогдож, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2020 оны 09 дүгээр сарын 214-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичгээр мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн 660 иргэн, хуулийн этгээдийн /нэхэмжлэгч орсон/ газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож, цуцлах талаар мэдэгдсэн.
5/Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат гарын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2731 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11из/5988 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А/233 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.А*** нь Богдхан уулын дархан цаазат газрын *******ийн аманд зуслангийн зориулалтаар 0,12 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон. Үүний дагуу нэхэмжлэгч нь Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох зүйл заалтад заасан үүргийг биелүүлэх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч Б.А*** нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрийг хугацаанд төлөх гэсэн нөхцөлийг хангаагүй учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дээрх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Учир нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар газрын төлбөрийг хугацаанд төлсөн нөхцөл байдал харагддаггүй. Мөн 2019 оноос хойш буюу газар ашиглах эрх дуусгавар болсны дараа 3 жилийн газрын төлбөрийг нөхөж төлсөн асуудал харагддаг. Энэ нь хуульд заасан үүргийг биелүүлээгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсны улмаас газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй гэж тайлбарлаж байна. Тус асуудалд нэхэмжлэгч Б.А*** нэхэмжлэгчийн эрхийг хөндөж байгаа талаар шүүхэд хандаагүй, мөн маргасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Тийм учраас Б.А*** нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан хугацаанд газар ашиглах эрхийн төлбөрийг төлөөгүй байна. Түүнчлэн Б.А*** 2011 онд газар ашиглах эрх авснаас хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Энэ нь газрын үзлэг болон бусад холбогдох баримтуудаар тогтоогддог. Тухайлбал 2012 онд торон хашаа барьсан гэж тайлбарлаж байна. Үүнээс хойш иргэн н.С** шороо буулгасны улмаас ашиглаж чадаагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад иргэн н.С** шороо асгасан талаарх ямар ч нотлох баримт байхгүй. Энэ нь давагдашгүй хүчин зүйл үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд хуульд заасан газар ашиглах эрхийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нөхцөлийг хангаж байна гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч талаас 2015, 2016 онуудад орц гарцыг хаасан тул газрын кадастрын зургийг өөрчлүүлсэн учраас газраа ашиглаж чадаагүй гэж тайлбарлаж байна. Үүний дагуу шүүж үзэхэд тухайн онуудад Б.Ань кадастрын зургаа өөрчлүүлэх хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд огт гаргаагүй байдаг. Нэхэмжлэгч Б.А*** 2011 оноос 2021 он хүртэл тухайн газарт ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, зөвхөн зуслангийн байшин бариулахаар гэрээ байгуулсан гэдэг асуудал л яригддаг. Тийм учраас нэхэмжлэгчээс шалтгаалсан үйлдлээс болж газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгч талаас мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгдээгүй гэж тайлбарлаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 11 дүгээр сард ковид-19 өвчний нөхцөл байдлаас шалтгаалан бүх иргэн, аж ахуйн нэгжүүдийн тус яаманд бүртгэлтэй хаяг руу мэдэгдэх сонсох ажиллагааны тайлбараа ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Үүний дагуу Б.А*** нь ямар нэгэн тайлбарыг ирүүлээгүй учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас маргаан бүхий тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.А***-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгчид анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/233 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн *******ийн аманд 0,12 га газрыг зуслангийн зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 2017/03 дугаар гэрчилгээг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл олгожээ.
3.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.А***-ын Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн *******ийн аманд байрлах 0,12 га газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан байна.
4.Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16/2236 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №820210031 тоот газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзэхэд нэхэмжлэгч нь 2011-2021 оныг хүртэл газар ашиглах газрын төлбөр төлсөн боловч Газрын тухай хуульд заасан үүргээ цохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна.
5.Учир нь Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/1131 дүгээр албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 1,032,120 төгрөг, 3 дугаар сарын 24-ний өдөр 5,498,200 төгрөг, 4 дүгээр сарын 02-ны өдөр 688.080 төгрөгийг тус тус төлсөн боловч маргаан бүхий захиргааны акт гарсны дараа газрын төлбөрийг төлсөн болох нь дээрх баримтаар нотлох баримтаар тогтоогдож байна.
6.Өөрөөр хэлбэл газрын төлбөрийг хууль, гэрээнд заасан хугацааны дотор төлөх нь газар эзэмшигч, ашиглагчийн үүрэг байх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульд тодорхой заасан байх тул хариуцагчаас Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
7.Мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам-ын 3.4 -д “...Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга ... ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчнны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэжээ.
8.Дээрх журмын заалтаас үзэхэд, нэхэмжлэгч нь гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон байх ба 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байх үүргээ биелүүлээгүй байна.
9.Түүнчлэн маргаан бүхий газарт 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч нь тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдсон болно.
10.Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг бусдын хууль бус үйл ажиллагааны улмаас ашиглах боломжгүй байсан, газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, төмөр хашаа барьсан гэх боловч шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй, бусад байдлаар буюу тухайн газарт инежерийн болон дэд бүтцийн талаар бүтээн байгуулалт хийгээгүй, холбогдох байгууллагаас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, энэ талаар хүсэлт гаргаж байгаагүй байх тул мөн Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
11.Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “Хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх” тухай 10/7554 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлж, холбогдох баримтуудаа цахимаар ирүүлэхээр мэдэгдсэн байх тул нэхэмжлэгчээс “... хариуцагч сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд зааснаар хийгээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг сонсох, урьдчилан мэдээлэл авах, саналаа өгөх боломжийг олгоогүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, үүгээр нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн...” гэх тайлбар үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2. 106.3.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А***-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ