Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/141

 

 

 

  2021             2              4                                             2021/ДШМ/141

 

Д.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Түвшинбаяр,

шүүгдэгч Д.А,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/968 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Аийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Ат холбогдох 2009010531124 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.А, 1974 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунднаран 15 дугаар гудамжны 488 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ПП74110705/,

Д.А нь 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 28 дугаар байрны хойд талын зогсоол дээр хохирогч Ё.Мэндбаярын автомашинаас буухдаа унагаасан гээгдэл Айфоне 8 загварын гар утсыг завшиж, бусдад 705.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яргай овгийн Даваажанжингийн Д.Аийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 / гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Аээс 705.000 төгрөг гаргуулан хохирогч Ё.Мэндбаярт олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Д.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2020 оны 3 дугаар сарын 9-ний өглөө гар утас олсон нь үнэн. Гэхдээ өөрийн биеэр эзэмшиж, ашиглаагүй. Гар утас олсон талаар өөрийн хүү болон хамаатны дүү Ганцоожийн Гандуулгад хэлсэн. Уг гар утсыг Г.Гандуулга ломбарданд тавьсны дараа нь найздаа зарсан. Цагдаа шүүхээс эзэнд нь өг гэхээр та аргалж бай би төлбөрийг нь төлнө гэдэг. Энэ талаараа өөрөө хүлээн зөвшөөрдөг. Иймд тухайн гар утсыг эзэмшиж ашигласан Г.Гандуулгаас уг гар утсыг иргэн Ё.Мэндбаярт авч өгөх хүсэлтэй байна. Би энэ гар утсыг эзэмшиж, ашиглаагүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Гандуулга руу маш олон удаа залгаж гар утсыг өг гэхээр та аргалчих би төлбөрийг төлнө гэдэг. Иймд Г.Гандуулгыг давхар шалгуулах хүсэлтэй байна. ....” гэв.

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.А нь бусдын өмчийг олж авах зорилгоор идэвхтэй үйлдэл хийгээгүй ч тохиолдлын шинжтэйгээр уг гар утсыг авсан. Тиймээс гуравдагч этгээдэд гар утсыг шилжүүлсэн үйлдэл нь хамаагүй, гар утсыг олсон даруйдаа иргэний үүргээ биелүүлж хуулийн байгууллагад хүлээлгэж өгөх ёстой байсан. Иймд анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилж, үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт хийж, мөн зүйл ангиар гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн байна.

Ингэхдээ “бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан” гэх талаар огт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял оногдуулж байгаа үндэслэлийнхээ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...техникийн шинжтэй алдаа. ...” гэж үзсэн боловч уг саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно. ...” гэсэн заалтын дагуу шийтгэх тогтоолд залруулга хийх боломжтой байсан боловч залруулаагүй байна.

Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгчийн гэм буруутайд тооцох хэсэгт “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл. ...”, 2.4 дэх заалтад “...шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт. ...” зэргийг тус тус тусгана,

мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “...дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал...”,  39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэх заалтуудыг зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/968 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ат холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хэргийг анхан шатны шүүхэд буцаасантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. ...” гэж заасны дагуу иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд байгаа эсэхийг шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/968 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ат холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ