| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 195/2025/0144/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/388 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 26.1.2., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/388
2025 02 05 2025/ШЦТ/388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч С.Бат-Орших
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч М.Далайжаргал, Н.Жамъян
иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ****
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч *** 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Ж.Туяаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер гарден” хотхоны 702 тоот гэртээ байхад нь кибер орчинд буюу Голомт банкны *** тоот дансыг сошиал пэй аппликейшнтэй холбож, хууль бусаар нэвтрэн шинээр данс үүсгэн өөрчлөн, Голомт банкны *** тоот дансыг сошиал пэй аппликейшнтэй холбон 4 удаагийн гүйлгээгээр 14.017.569 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогч З.Бямбааг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ВSВ цахилгаан барааны дэлгүүрт байхад нь кибер орчинд буюу Голомт банкны *** тоот дансанд хууль бусаар нэвтэрч Голомт банкны *** тоот данснаас ХААН банкны *** дугаарын данс руу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1.505.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Г.Эрдэнэсувдыг Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо “Стадион” хороолол 4-502 тоот гэртээ байхад нь кибер орчинд буюу Голомт банкны *** тоот дансыг сошиал пэй аппликейшнтэй холбож, хууль бусаар нэвтрэн шинээр данс үүсгэн өөрчлөн, Голомт банкны *** тоот дансыг сошиал пэй аппликейшнтэй холбон 5 удаагийн гүйлгээгээр 9.899.651 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу “кибер орчинд хууль бусаар халдах”, хулгайлах” гэмт хэргүүдэд холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Голомт банканд төлөгдөх ёстой 6.505.000 төгрөгийг, мөн валютын ханшийн зөрүү гэж 414.834 төгрөгийг төлж барагдуулсан. Тухайн үед би өөрийгөө гэмт хэрэг үйлдэж байна гэж бодоогүй. Одоо ойлгож мэдсэн. Цаашид ийм асуудал гаргахгүй байж чадна гэв.
Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би Голомт банкны Хуулийн хэлтсийн ахлах хуульч ажилтай. Манай банкны харилцагч 3 иргэний данснаас 2023 оны 12 дугаар сард зөвшөөрөгдөөгүй гүйлгээ гарсан. Алдагдсан мөнгө болох 25.422.221 төгрөгийн зарим хэсэг нь олон улсын картаар дамжиж гадаадын Pay Pal данс руу орсон байснаас Олон улсын картын маргааны дүрмийн дагуу буцаалт хийгдэж манай банкны данс руу орж ирсэн байгаа.
Бусад мөнгө болох 6.505.000 төгрөг, валютын ханшийн зөрүү 414.834 төгрөгийг шүүгдэгч Мөнхболд төлж барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйлгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч *** “... 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Голомт банкны ажилтан Энхнаран над руу залгаад “таны гар утсанд манай банкнаас мессеж ирсэн байна. Энийг олж харсан уу? таны банкнаас одоогийн байдлаар 1.300 орчим ам.доллар зарлага болон гарсан байна. Та энэ гүйлгээг өөрөө хийсэн үү? гэхээр би биш гэртээ байж байна гэсэн. Тэгээд би тухайн ажилтанд “миний дүү гүйлгээ хийх эрхийг нь хаачих” гэж хэлсэн. Удалгүй Голомт банкнаас над руу ахин залгаад “таны картыг хаасан ч сошиал пей үйлчилгээгээр дахин карт шинээр үүсгэж данс дахь мөнгийг чинь гаргаад байна” та маргааш цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн” /1-р хх-н 13-14/ гэж,
гэрч *** “... 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 20:29 цагаас 20:39 цаг хүртэл үүсгэгдэн 4 удаагийн гүйлгээ тус тус гарсан байсан. Тус гүйлгээ нь гадаад улсын Pay pal систем рүү гарсан байсан. Энэ нь гадаад улсын сайт болон Pay pal систем ашигладаг гадаад улсын иргэний данс руу шилжигдэн орсон байх боломжтой. Харилцагч Ж.Туяагийн данстай холбож Social Pay-г 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нээсэн байсан. Тус Social Pay аппликейшн руу Iphone 13 pro загварын гар утаснаас хандсан байсан. Тус сэжиг бүхий Iphone 13 pro загварын гар утсаар 2023 оны 09, 10, 11 сард өмнө Түмэн-Өлзий Мөнхболд /РД УП95092338/ гэх хүний Голомт банкны интернэт банк, гар утасны банк ашигладаг байсан нь илэрсэн. Мөн Мөнхболдын ашигладаг интернэт банк болон хохирогч Туяагийн Голомт банкны Social Pay рүү хандсан IР хаяг ижил байсан” /хх-н 33-35/ гэж,
хохирогч *** “... 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр миний Голомт банкны *** тоот данснаас 1.505.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Би тухайн үед зарлага гарсан байсныг мэдээгүй. 2023 оны 12 дугаар сарны 04-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ВSВ цахилгаан барааны дэлгүүрээс угаалгын машин худалдаж авах гээд Голомт банкны картаараа тооцоогоо хийх гэтэл худалдагч таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж хэлээд би мэдсэн. Би гайхаад Голомт банканд хандсан. Тэгтэл ХААН банкны *** тоот Ганбатын Ууганбат гэх данс руу шилжүүлж авсан байхыг мэдсэн. Би шууд цагдаагийн байгууллагад хандсан” /1-р хх-н 198-199/ гэж,
гэрч *** “... би хувиараа Америкаас бараа авчирч Монголд зардаг юм. Өөрийнхөө нэртэй аккаунтаар бусдаас захиалга авч бараа авчирч зардаг. 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 16 цаг 26 минутад М.Эрдэнэ гэх нэртэй хаягаас сайн байна уу Apple iwatch ser9 хэд бэ гэхэд нь 1.550.000 төгрөг гэж хэлсэн. Тухайн хэрэглэгч хүргэлт хийх үү гэхэд нь хийнэ гэж хэлээд хаана авах юм гэхэд халдварт гэхэд нь тухайн өдрийн 18 цагт манай нөхөр Ууганбат өгөхөөр халдварт руу очсон. Тухайн хэрэглэгч нь холбоо барих утасны дугаар өгөөгүй зөвхөн фейсбүүк чат бичсэн. Манай нөхөр халдвартын ВSВ төвийн гадаа хүлээгээд байж байхад хэрэглэгч дансаар 1.505.000 төгрөгийг Голомт банкны *** дугаарын данснаас манай нөхрийн ХААН банкны *** дугаарын данс руу шилжүүлээд үлдэгдэл 45.000 төгрөгийг бэлнээр өгсөн байсан” /1-р хх-н 205-207/ гэж,
хохирогч *** “... миний Голомт банкны *** дугаарын дансанд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үл таних хүн халдаж 5 удаагийн үйлдлээр 8.900.000 төгрөгийн гүйлгээ гарсныг тухайн өдрийн шөнө Голомт банкны 75751111 гэх утаснаас над руу залгаад таны данснаас 4 удаагийн гүйлгээгээр гадаад улс руу гарчихлаа, та гадаадад байна уу Монголдоо байна уу гэж надаас асуухаар нь би Монголд байна, би унтаж байна би огт гүйлгээ хийгээгүй гэж ярилцаж байх үед 5 сая төгрөг гараад явчихсан. Тэр хүн миний интернэт банкны эрхээр нэвтэрч Голомт банканд данс нээгээд тэр данс руу шилжүүлж аваад байсан. Голомт банкны ажилтантай ярьж байх хооронд маш олон данс нээсэн ажилтан нь тэр дор нь хаагаад нөгөө хакер ахин нээгээд цааш нь Моnрау апплейкишн руу шилжин орсон. Бас Голомт банкны данс байсан. Цэрэннадмид гэдэг данс байсан. Би өргөдөлдөө нотлох баримтаар дансны хуулгыг гаргаж өгсөн” /2-р хх-н 9-10/ гэж тус тус мэдүүлжээ.
Түүнчлэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 192/, CD-д үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 66-69, 2-р хх-н 11-16, 218-221/ зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан байна.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч ***ыг “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг нэмж оруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүхээс шүүгдэгч ***од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэв.
Шүүгдэгч *** “хулгайлах” гэмт хэргийг үйлдэхийн тулд хүндрүүлэх шинжтэйгээр “кибер орчинд хууль бусаар халдсан” нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг илэрхийлнэ.
Гэвч “хулгайлах” болон “кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргүүдийн Эрүүгийн хууль дахь зүйлчлэлийн аль аль хэсэгт нь ялын сонгох санкц байх тул шүүгдэгч ***ын хувийн байдал /үүнд: анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн/ зэргийг харгалзан хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс хамгийн боломжит ялыг нь сонгов.
Тухайлбал, улсын яллагчаас шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал шүүхэд гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч ***ын өмгөөлөгч нараас гаргасан “торгох” ялын хамгийн бага хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хүсэлтийг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч *** цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.
Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 160/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1-р хх-н 161/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-н 162/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-н 164/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Хохирол төлбөрийн хувьд:
Нэр бүхий 3 хохирогчийн Голомт банк дахь данснаас алдагдаж гадаадын Pay Pal данс руу орсон мөнгө Олон улсын картын маргааны дүрмийн дагуу тухайн банк руу буцаалт хийгдсэн гэх ба энэ талаар
иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** “... манай банк олон улсын Master Visa байгууллагатай маргааныг энэ оны 1 дүгээр сард үүсгэсэн. Уг маргаан бүрэн шийдэгдэж, шийдвэр нь 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гарч, манайхаас хууль бусаар гарсан мөнгө бүрэн бүтнээрээ орж ирсэн байгаа. Энэ нь олон улсын маргаантай гүйлгээг шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдсэн. 4 удаагийн гүйлгээгээр нийтдээ 18.453.597 төгрөг орж ирсэн. Ингэснээр манай банк харилцагч нарт нийтдээ 25.422.221 төгрөгийг нөхөн барагдуулсан. Тухайн мөнгөнүүдийн зөрүү болох гэмт этгээдийн ашигласан 6.505.000 төгрөг, мөн ханшийн зөрүүнээс үүссэн 463.624 төгрөгийг гэмт этгээдээс нэхэмжилнэ” /2-р хх-н 36-37/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлжээ.
Дээрх хохирол бүрэн төлөгдсөн талаар шүүх хуралдааны явцад иргэний нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч *** тайлбарлан мэдүүлж байх тул шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй болно.
Мөрдөгчийн тогтоолоор 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр сэжигтэн ***ыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан байх бөгөөд 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс яллагдагчаар цагдан хорьж, тэрээр 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 60 хоног цагдан хоригдсон байна.
Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч Н.Жамъян “... миний үйлчлүүлэгч ***ыг хулгайлах гэмт хэрэгт буруутгаж байгаад маргах зүйлгүй. Харин хүндрүүлэх шинжтэйгээр кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байх тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар, хүсэлт гаргасан нь үндэслэлгүй.
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч *** өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох “хулгайлах” гэмт хэргийг үйлдэхийн тулд кибер орчинд хууль бусаар халдсан, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг үйлдэхийн тулд өөр төрлийн гэмт хэргийг давхар үйлджээ.
Нөгөөтээгүүр прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч ***ыг кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэгт буруутгахдаа “... шинээр данс үүсгэн өөрчлөн” гэснийг “... мэдээллийг нэмж оруулсан” гэсэн Эрүүгийн хууль дахь шинжээр зөвтгөн тодотгох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 16 Б дугаартай захирамжаар ***од Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа /торгох ял/ бүрэн хэрэгжиж биелсний дараа дээрх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх өөрчлөхийг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ыг “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг нэмж оруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
“бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
5. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.
7. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***од урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ