2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/476

 

 

 

 

  

  2025           02           13                                     2025/ШЦТ/476

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Г.Чанцалдулам

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 2 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,

Авлигын эсрэг хуулийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”; 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг;

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дахь хэсэгт заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэснийг,

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.8-д заасан “хууль зөрчсөн...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэн ашигласан аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх бөгөөд албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, аливаа нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх” , 2.3.8-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх ашиглахгүй байх" гэснийг тус тус зөрчиж,

Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг бүртгэлтийн *** дугаартай хэргийн хохирогч ***оор Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Такара” зочид буудлын зоорины давхарт үйл ажиллагаа явуулдаг вьетнам засварын газраар *** УНИ улсын дугаартай, “Тоуоta Harrier” (тоёота харриер) маркийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг засварлуулсан 1.500.000 төгрөгийн төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлүүлж өөртөө эдийн ашигтай байдал буюу давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Прокурорын яллах дүгнэлтэд намайг мөрдөн шалгаж байсан хэргийнхээ оролцогч Бямбацогтоор өөрийн автомашины засвар үйлчилгээний төлбөрийг төлүүлж өөртөө давуу байдал бий болгосон гэж буруутгасан.

Бямбацогт бид хоёрын дунд уг төлбөр тооцоог төлөх талаар ямар нэгэн харилцаа үүсгэсэн асуудал байдаггүй. Харин Бямбацогтын хувьд хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тэрээр идэвхтэй үйл хөдлөлөөр надтай хувийн харилцаа тогтоох санаачилга гаргаж байсан нь тогтоогдож байгаа. Бямбацогтоор төлүүлсэн гэх асуудалд хавтаст хэрэгт авагдсан гэрч Амарбаясгалангийн мэдүүлэгт төлбөр тооцоог хэн төлөх талаар асуухад ахдаа дансаа өгчих, би төлчихье гэж ямар нэгэн байдлаар надад мэдэгдэх боломж байсан боловч мэдэгдэхгүйгээр төлбөрийг төлсөн байдаг. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвхөн Эрдэнэдалай миний бие хэргийн оролцогчоороо засвар үйлчилгээний төлбөрийг төлүүлсэн гэсэн байдлаар яллах талын нотлох баримтад үндэслэн намайг ялласан.

Бямбацогт нь ямар санаа зорилго, сэдэлтээр миний машины засварын төлбөрийг төлсөн, миний бие Эрдэнэдалай нь төлбөрийг төлүүлэх талаар тухайн засварын газрын хүнтэй ярилцаж тохиролцсон, идэвхтэй үйлдэл огт гаргасан зүйл байхгүй. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа огт явуулаагүй. Бусад хүмүүсээс мэдүүлэг авч, дээрх нөхцөл байдлыг шалгасан бол миний эрх зүйн байдал ийм байдалд хүрэхгүй байсан болов уу гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

гэрч *** “... би 2022 оны 3 дугаар сард БНСУ-аас Монгол Улсад импортоор оруулж ирсэн Хьюндай маркийн, 10 тонны ачааны тээврийн хэрэгслийг эхнэрийнхээ үеэл дүү болох Болд-Эрдэнийн надтай танилцуулсан Есөнтөмөр гэх хүнд “худалдах, худалдан авах” гэрээ хийж нотариатчаар баталгаажуулж зээлээр худалдан борлуулсан юм. Тухайн үед Есөнтөмөр нь надаас уг тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа “... манай компани барилгын тендер сонгон шалгаруулалтад орох гэж байгаа учраас техник хэрэгсэл шаардлагатай байна, тийм болохоор наад машинаа манай компанийн нэр дээр шилжүүлээд өгчих, төлбөрийг нь 3 сарын хугацаанд хувааж төлж барагдуулна” гэж хэлж авсан. Уг тээврийн хэрэгслийг 67 сая төгрөгөөр тооцож худалдахаар тохиролцсон. Тэгээд би 3 сарын хугацаанд Есөнтөмөрийг надаас худалдаж авсан машины мөнгийг өгөхийг хүлээсэн боловч машин худалдан авсан мөнгөө өгөхгүй болохоор нь очиж уулзсан.Гэтэл Есөнтөмөр нь манай эхнэрийн үеэл дүү Болд-Эрдэнэд надтай гэрээ хийж нотариатаар батлуулж худалдан авсан тээврийн хэрэгслийг дүүтэйгээ учраа ол гэсэн асуудал ярьсан. Би Есөнтөмөр гэх хүнийг гэрээгээр халхавчилж барилгын тендерт оролцох гэж байгаа гэх зохиомол байдлыг зориуд бий болгож намайг залилсан байна гэж үзээд 2022 оны 9 сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст бичгээр өргөдөл гомдол гаргасан.

Миний гаргасан өргөдөл гомдлыг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *** хүлээн авч намайг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. Мөрдөгч *** нь намайг хохирогчоор тогтоож мэдүүлэг авч байх үедээ намайг хаана юу хийдэг талаар асуухаар нь би БНСУ-аас ачааны автомашин, сэлбэг хэрэгсэл импортоор оруулж ирж худалдан борлуулдаг гэж хэлсэн. Гэтэл “... тэгвэл танд машин гайгүй засдаг кузов засварын газартай таньдаг хүн байгаа юу” гэж асуухаар нь надад таньдаг кузов засварын газар ажиллуулдаг монгол эхнэртэй вьетнам засварчин байгаа талаар хэлсэн. Тэгтэл мөрдөгч *** нь “... дүүд нь нэг LEXUS RX400 маркийн машин байгаа юм, тэрийг засуулаад зарах гэсэн юм, та тэр таньдаг засварын газрынхаа хүнд хэлээд миний машиныг засуулаад өгөөч” гэсэн. Би тухайн үед нь засварын газрын хүнээсээ асууж өгье гэж хэлсэн. Тэгээд би мөрдөгч Эрдэнэдалайд мэдүүлэг өгчхөөд гарч явах замдаа таньдаг вьетнам кузов засварын газрын хүн болох Ану гэх эмэгтэйн гар утас руу залгаад “... танайх ажил ачаалал ихтэй байна уу, ахынх нь таньдаг цагдаагийн LEXUS RX400 маркийн машин байгаа юм, танай янзлах уу” гэж асуусан. Гэтэл “манайх ачаалал гайгүй байна, машин засна, машин янзлуулах хүнээ манай засварын газар руу явуулчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөрдөгч ***н утас руу өөрийнхөө утсаар залгаад “... вьетнам засварын хүнтэй сая ярилаа, машин засуулах хүнээ манайх руу явуулчих гэж байна, Бямбацогтын таньдаг хүн байна гэж хэлээд очоод машины янзлуулчих” гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа засварын газраас над руу утсаар яриад “... машиныг чинь засаад дуусчихлаа” гэж хэлсэн.

Тэгэхлээр нь би мөрдөгч ***н утас руу залгаад “... засварын газраас сая ярилаа, машиныг чинь засаад болсон гэж байна” гэдгийг хэлсэн. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр засварын газраас над руу залгаад “... манайх түрээс төлөх гээд мөнгөний хэрэгцээ байна, та машин засуулсан мөнгөө өгөөч” гэхээр нь би мөрдөгч ***н ***дугаарын утас руу залгаад “... машин засуулсан мөнгөө өгөөч” гэж хэлэхээр залгатал ерөөсөө утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би засварын газрын хүний *** тоот данс руу өөрийнхөө ХААН банкны *** тоот данснаасаа мөрдөгч ***н машин засуулсан үнэ болох 1.500.000 төгрөгийг интернэт банк ашиглан гүйлгээний утга хэсэгт “цагдаагийн машин янзлуулсан” гэж бичээд шилжүүлсэн.

Тэгээд би мөрдөгч ***н утас руу залгахаар ерөөсөө утсаа авахгүй байсан ба 2 хоногийн дараа Эрдэнэдалай нь өөрөө миний 9191607 дугаарын гар утас руу залгахаар нь утсаа аваад ярьтал “сайн уу ах, та надад 3 сая төгрөг өгөөч, яаралтай мөнгөний хэрэгцээ болчихлоо” гэсэн. Тэгэхээр нь би “... надад мөнгө өгөх боломжгүй байна” гэж хэлтэл утсаа тасалсан. Тэрнээс хойш мөрдөгч Эрдэнэдалай надаас зугтаад утсаа авахгүй, утсаа авахаараа “... хуралтай байна” гэж хэлээд утсаа таслаад байсан.

Ажил дээр нь хайж очоод уулзахаар таны хэргийг асуудалгүй шийдэж өгнө, прокурор руу эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шилжүүлсэн гэдэг зүйл ярьдаг. Миний хувьд монгол солонгос хоёрын хооронд явдаг ажилтай учраас сүүлдээ бүр мөрдөгч Эрдэнэдалайтай уулзаж чадахаа больсон. Тэгээд мөрдөгч Эрдэнэдалай миний гаргасан өргөдөл гомдлын дагуу хэргийг шалгаж шийдэж өгөхгүй, мөн дээрээс нь хувийн ашиг сонирхлоор хандаж, хувийн машинаа засуулсан үйлдлийг шалгуулахаар өргөдөл гомдол гаргасан. Миний хувьд өөрийн гаргасан өргөдлийг хурдан шийдвэрлүүлэхийн тулд мөрдөгч Эрдэнэдалайн автомашиныг таньдаг засварын газраараа засуулж өгсөн асуудал байхгүй. Мөрдөгч *** нь надаас “... таньдаг засварын газар байна уу” гэж асуусан учраас би таньдаг засварын газар байгаа гэдгийг хэлсэн. Гэтэл мөрдөгч Эрдэнэдалай нь тэр засварын газраар машинаа засуулж авч явчхаад мөнгийг нь өгөхгүй, засварын газрын хүн нь надаас засварын мөнгийг нь нэхээд байхаар нь мөрдөгч Эрдэнэдалай руу “машин засварын мөнгөө өгөөч” гэж хэлэх гээд утас руу нь залгахаар утсаа авахгүй байсан учраас би машин засварын мөнгийг өөрөөсөө өгсөн юм. Мөрдөгч Эрдэнэдалай нь өөрийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй миний гаргасан өргөдөл гомдлыг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгөхгүй, мөн хувийн автомашинаа засварын газарт надаар дамжуулж өгч засуулчхаад төлбөр мөнгийг нь өгөөгүй улмаас би тухайн машин засварын төлбөрийг нь төлсөн” /2-р хх-н 18-19/ гэж,

гэрч *** “... би Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч *** гэх хүнийг танихгүй. Харин өнгөрсөн 2022 оны 9 сарын сүүлээр *** ах над руу утсаар залгаад “... танай засварын газар ажил их байна уу, ахынх нь таньдаг цагдаа машинаа засуулах хэрэгтэй байна гэнэ, танайх ажил гайгүй байвал машиныг нь гайгүй үнээр сайн засаад өгөөрэй” гэж хэлсэн. Тухайн үед манай засварын газар ажил гайгүй байсан учраас *** ахад хандаж “...та тэгвэл машин засуулах хүндээ миний утасны дугаарын өгөөд манай засварын газрын зааж өгөөд явуулчих” гэж хэлсэн. Тэр өдрийн орой нь Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст ажилладаг Эрдэнэдалай гэх цагдаа байна, *** танай засварын газрыг надад зааж өгсөн юм” гэж утсаар ярихаар би засварын газраа зааж өгсөн. Удалгүй Эрдэнэдалай гэх цагдаа засуулах гэж байгаа машинаа өөрөө жолоодож манай засварын газар дээр ирсэн. Тэгээд манай нөхөр засуулах гэж байгаа машиных нь эвдрэл гэмтлийг үзээд 1.500.000 төгрөгөөр засаж өгөхөөр засварын үнэ хөлсийг тохироод машинаа манайд үлдээгээд явсан. Тэр үед л анх удаа Эрдэнэдалай гэх хүнийг харсан. Эрдэнэдалайн манайд засуулахаар авч ирсэн машин нь нэлээд их засвар хийгдэх шаардлагатай байсан учраас 10 гаруй хоног зассан. Тэгээд машиныг нь засаж дууссаны дараа намайг засварын газар дээрээ байхгүй эзгүй хойгуур Эрдэнэдалай гэх цагдаа гарааш дээр ирээд засварын мөнгөө өгөхгүй машинаа аваад явсан байсан. Тухайн үед манай нөхөр гарааш дээр байсан ба Эрдэнэдалай нь засварын хөлс мөнгөө өгөлгүй машинаа аваад явсан байсан. Тэгээд би гарааш дээр ирээд *** ахын утас руу залгаад машин засуулсан төлбөр мөнгийг нь хэн өгөх талаар асуусан. Гэтэл Бямбацогт ах “... өө, наад цагдаа чинь машин засуулсан мөнгөө өөрөө өгөөгүй юм уу, за ахдаа дансаа өгчих, ах нь мөнгийг нь шилжүүлчихье” гэж хэлээд миний ХААН банкны *** тоот данс руу засварын мөнгө болох 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн” /2-р хх-н 21-22, 148-149/ гэж,

гэрч *** “...би цагдаагийн байгууллагад нийт 22 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, жижүүрийн офицер, чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байгаад 2022 оноос одоог хүртэл тус цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн даргаар томилогдон ажиллаж байна.

*** нь манай ээжийн талын хамаатны залуу байгаа юм. Тийм болохоор бид хоёр хүүхэд байхаасаа бие биеэ таньж мэднэ. Манай хамаатны залуу *** нь өнгөрсөн 2022 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж бусдад машинаа залилуулсан гэх утга агуулгатай өргөдөл гомдол гаргасан гээд надтай манай ажил дээр буюу Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэс дээр тааралдсан. Түүний гаргасан өргөдөл гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн мөрдөгч *** нь удирдлагын цохолтоор хүлээн аваад шалгаж байсан санагдаж байна. Миний хувьд тухайн өргөдөл гомдлыг мөрдөгч *** нь хэрхэн шалгасан гэдгийг тодорхой мэдэхгүй байна. Миний хувьд Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч ***тай нэг цагдаагийн хэлтэст хамт ажилладаг учраас ажил хэргийн шугамаар бие биеэ таньж мэднэ. Өөрөөр бол ***тай ямар нэг харилцаа хамааралтай асуудал байхгүй. Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч *** нь одоо хувийн хэрэгцээндээ “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгсэл унадаг. Өмнө нь ямар тээврийн хэрэгсэлтэй байсан талаар бол сайн санахгүй байна.

Би Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөгч *** нь манай хамаатны залуу ***оор хувийн эзэмшлийнхээ *** дугаартай, lexus тоногтой Тоуоta Harrier маркийн тээврийн хэрэгслийг Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг вьетнам засварын газарт кузов засвар хийлгэсэн гэдгийг би огт мэдээгүй. Миний хувьд хамаатны залуу ***ын Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст хандаж гаргасан өргөдөл гомдлыг шалгасан ахлах мөрдөгч ***г албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцад нь хөндлөнгөөс түүнд нөлөөлөх ямар ч үйлдэл үзүүлээгүй. Тийм ч болохоор ***ын бусдад машинаа залуулсан гэх хэрэг нь одоог хүртэл шийдэгдээгүй байгаа. Хэрэв би хамаатныхаа залуу ***ын бусдад залилуулсан гэх хэрэг асуудлыг шийдүүлэх гэж хувийн ашиг сонирхлын үүднээс мөрдөгч ***н албаны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн бол тухайн хэрэг асуудал нь өдий нэг жил гаруйн хугацаанд шийдэгдэхгүй удаашрахгүй байсан байх.

Миний хувьд манай хамаатны залуу *** нь Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж гаргасан өргөдөл гомдлоо өөртөө ашигтай байдлаар шалгаж шийдүүлэх зорилгоор мөрдөгч ***д мөнгө, эд зүйл өгсөн, төлбөргүй, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, тэдгээрийг амласан, санал болгосон гэдгийг бол мэдэхгүй” /2-р хх-н 32-33/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хавтаст хэрэгт:

2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөгч, комиссар Б.Эрдэнэсайханы эрүүгийн 220503309 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-н 6-39/,

Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч *** /***/-н албан тушаалд томилсон, чөлөөлсөн тушаал, албан тушаалын тодорхойлолт, төрийн алба хаагчийн хувийн хэргийн хуулбар /1-р хх-н 40-89/,

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаа /1-р хх-н 107-108/,

***ын ХААН банкны *** тоот депозит дансны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дансны хуулга /1-р хх-н 111-112/,

***гийн ХААН банкны *** тоот депозит дансны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дансны хуулга /1-р хх-н 119/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-н 120-123/,

2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-н 6-16/,

Иргэн ***оос 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдол /1-р хх 2-3/ гэсэн бичгийн баримтууд авагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол ...” гэмт хэрэгт тооцохоор тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлсон.

 

Шүүгдэгч ***д холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл тэрээр Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан” мөн бөгөөд иргэн ***оос Баянгол дүүргийн Цагдаагийн газарт гаргасан өргөдлийг шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллагаа явуулах явцдаа өөрийн хувийн эзэмшлийн автомашиныг ***оор зуучлуулан “вьетнам” авто засварын газарт засвар хийлгүүлж, улмаар засварын ажлын хөлс болох 1.500.000 төгрөгийг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргагч ***оор төлүүлсэн байгаа нь дээрх гэмт хэргийн шинжтэй бүрэн тохирч байна.

Өөрөөр хэлбэл цагдаагийн мөрдөгч *** өөрийн мөрдөн шалгаж буй хэргийн оролцогчоос өөртөө эдийн засгийн давуу байдлыг бий болгосон нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Харин шүүгдэгч ***н гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгийн “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ... зориуд хэрэгжүүлэхгүй байж ... , бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэргийн шинж тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг шүүх нэг удаа прокурорт буцаахдаа “... гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн санаа зорилгыг шалгах, ... иргэн *** тухайн цаг хугацаанд яагаад холбогдох хууль хяналтын байгууллагад хандалгүй бүтэн нэг жил өнгөрсний дараа АТГ-т гомдол гаргах болсон шалтгаан, ... гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан нөхцөл буюу бусад хүмүүсийн үйлдэл оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоох, ... өөр төрлийн гэмт хэрэг /залилах/ давхар үйлдэгдсэн эсэхийг шалгах ...” гэсэн үндэслэлүүдийг заасан.

 

Гэтэл мөрдөгчөөс “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт *** гэгчийг хохирогч-иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй буюу хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэхээс гадна мөрдөн шалгах бусад ажиллагааг бүрэн гүйцэт хийсэн гэхэд учир дутагдалтай байгааг дурдъя.

Тодруулбал “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь материаллаг хохирол шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул тухайн хэрэгт хохирогч гэсэн ойлголт байхгүй. Иймд ***ын энэ хэрэгт “хохирогч-иргэний нэхэмжлэгч” гэх асуудлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлахын зэрэгцээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч ***н хувийн байдалтай холбоотой:

Төрийн албан хаагчийн анкет /1-р хх-н 86-89/, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал /1-р хх-н 42, 45, 48/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 110/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 92/, Төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-н 95/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1-р хх-н 94/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

            1. ***г “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ... өөртөө, ... давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 15.000.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч ***д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

            5. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдаж,

            хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ