2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/504

 

 

 

 

 

 

 

 

 

    2025         02           17                                   2025/ШЦТ/504

 

              

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Д.Рэгзэдмаа

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Л.Батаа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “***” дэн буудлаар хохирогч ***тэй хамт үйлчлүүлж байхдаа хохирогч ***г согтууруулах ундааны зүйл хэрэглэн унтсан хойгуур нь түүний эзэмшлийн Самсунг 21 ультра загварын гар утас, мөнгөн гинж, банкны карт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нуүцаар, хүуль бусаар авч 1.454.300 төгрөгийн хохирол учруулсан гэх “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Болсон үйл явдлын талаар би мөрдөн байцаагчид бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Тиймээс надад нэмж ярих зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... 2024 оны 8 дугаар сарын 15-наас 16-ны шилжих шөнө 02:00 цагийн орчим би Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Өглөө нь эрт буюу 08:00 цагт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин *** төвөөс автобусаар өөрийн гэр болох Баянхонгор аймаг руу явах байсан. Гэтэл би Улаанбаатар хотод ирээд хамт ирсэн ажлынхаа залуучуудтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад унтчихсан байсан. Улмаар 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 09 цагийн орчим би хувийн унаагаар Баянхонгор аймаг руу явахаар шийдээд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто зогсоолуудаар унаа байгаа эсэх талаар шалгаад бас асууж сураглаад явж байтал нэг 40 насны орчим эмэгтэй надад хандаж юу хийж байгаа юм гэж надаас асуусан. Тэгэхээр нь би Баянхонгор аймаг руу явах унаа хайж байна гэж хэлсэн. Гэтэл тухайн 40 орчим насны эмэгтэй надад хэлэхдээ 14 цагийн орчим Баянхонгор аймаг руу хувийн унаа хөдөлдөг юм гэж хэлсэн. Тэр 40 орчим насны эмэгтэй надад хэлэхдээ “хямдхан буудал байна шүү дээ, 14 цаг хүртэл орж байж байгаад яваач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хаана байдаг юм гэж хэлсэн чинь алив хамт явъя гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо шилэн *** төвийн ард байрлах “*** дэн буудал” гэх нэртэй улаан өнгийн тоосгон буудал руу дагуулж орсон бөгөөд “20,000 төгрөг өгчих 14 цаг хүртэл хангалттай унтаж амарна” гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр буудлын тооцоогоо хийчихээд 3 давхарт 306 тоот өрөөнд орсон бөгөөд 40 орчим насны эмэгтэй надаас пиво хамт уух уу? гэж асуухаар нь би “за тэгье” гэж хэлээд хамт дэлгүүр ороод Сэнгүр нэртэй 2 литрийн пиво аваад буцаад буудал руу орсон. Хэсэг хугацааны дараа нэг нэг аяга пиво уучихаад сууж байтал нөгөө 40 орчим насны эмэпгэй надад хандаж “пиво уумааргүй байна, архи ууя хоёулаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би том архи бол уухгүй чи жижиг архи аваад уучих гэж хэлсэн. Тэгээд би картаа нөгөө 40 орчим насны эмэгтэйд өгөөд дэлгүүрээс архи ундаа аваад ир гэж хэлээд явуулсан. Гаднаас 0.33 литрийн Хараа гэх нэртэй архи аваад ороод ирсэн. Тэгээд бид хоёр жоохон хоорондоо ойр зуурын зүйлс ярьж байгаад би өмнөх 2 шөнө нойргүй байсан болохоор гэнэт дуг хийсэн буюу унтчихсан байна лээ. Нэг сэрсэн чинь яг хаалгаар гараад явж байсан. Тэгэхээр нь би нээх их юм бодоогүй бөгөөд гэнэт гар утас, гинж хаана байгаа талаар бодоод ширээ рүү харсан чинь байхгүй байсан. Тэгэхээр нь би нөгөө хүүхнийхээ араас нь гарсан чинь байхгүй буудлаас гараад явчихсан байсан. Самсунг эс 21 ультра маркийн гар утсыг 1.600.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Саарал өнгийн кейстэй, дэлгэц нь гялгар наалттай, өөр ямар нэгэн төрлийн сэв зураасгүй. Гинжний хувьд гол хэсэгтээ хоёр гарын алгыг нийлүүлэн зүмбэрлэх гэж ярьдаг тийм хэлбэртэй хэдэн граммыг нь мэдэхгүй байна ямар ч байсан мөнгөн гинж байсан. Би анх 2016 онд 380.000 төгрөгөөр хийлгүүлж байсан/хх-н 12-15/ гэж мэдүүлжээ.

 

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” дэн буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-н 36-37/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-н 39-42/, “Тэнцвэр эйстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Ц-0718 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 19-21/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэв.

 

Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н76/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 72/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 78/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 75/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1044 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 80-89/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч ***гийн хулгайд алдагдсан эд зүйлс 1.454.300 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй болно. /хх-н 72/

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ***ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ