2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/273

 

 

 

 

 

 

 

 

   2025           01            27                                         2025/ШЦТ/273                             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал,

Улсын яллагч Э.Ууганзаяа,

Шүүгдэгч Б.*****-*****, түүний өмгөөлөгч А.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ******** овгийн *****ийн *****-*****д холбогдох эрүүгийн ***** дугаартай хэрийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн ***суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** дүүргийн ** дугаар хороо, *** тоот хаягт оршин суух,

урьд Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаартай  шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, **** овогт *****ийн *****-***** (РД:****).

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.*****-***** нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэр, **** *****т захын урд зам дээр “зогсоол руу оруулахгүй байна” гэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу хохирогч ***** зогсоол руу орох боломжгүй, дүүрсэн та чигээрээ явна уу гэсэн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй мөн алба хаагчаас “машинаа бичиг баримтаа шалгуулна уу” гэхэд чадахгүй писда минь....хувцасны гол минь гэх зэргээр хэл амаар доромжилж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хоолойг нь боож газар унагаан улмаар хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.*****-***** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн ***** дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Э.******** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** *****т зах Чиглэл *** дүгээр постонд албан үүрэг гүйцэтгэж байхад орой 17 цагийн үед улаан өнгийн хонда инсайт **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч зах руу орно гээд дайраад байсан. Би тухайн тээврийн хэрэгслийн жолооч эрэгтэй хүнд дотор зогсоол дүүрэн байна оруулах ямар нэгэн боломжгүй байна та чигээрээ явна уу гэж хууль ёсны шаардлага тавих үед машин дотроосоо хэл амаар доромжилж писда минь гэж хараасан урагшлаад зогсохоор нь би очиж амрыг ирье та бичиг баримтаа шалгуулна уу гэхэд чадахгүй писда минь гэж миний хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн. Би тээврийн хэрэгслийн улсын дугаарыг харах зорилгоор машиных нь урдуур орох гэхэд машинаараа ойрын зайнаас 4 удаа ирж хөлийн өвдөг хэсэг рүү мөргөсөн. Тэгээд машинаасаа бууж ирээд хувцасны гол минь гэж хэлээд намайг заамдаж хоолойг боож унаган газар унагааж нүүр хэсэг рүү цохих үйлдэл хийж цохилгүй цаашаа явсан. Би газраас босох үед дахин заамдаж хоолой боож газар унагааж машиндаа суугаад гарах хаалгаар зах руу явж орсон. Би шууд чиглэлийн ахлах, цагдаагийн ахмад Д.********ыг дуудаж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-16-17/,

 

2. Гэрч Д.********-******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би нөхөр *****-***** болон 2 хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** *****т зах руу машинтайгаа орох гээд байж байсан. Тэгтэл зах руу ордог зам дээр замын цагдаагийн албан хаагч чигээрээ шууд яваарай түгжрэл үүсгээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр яаралтай орох хэрэгтэй байна хүн хүлээгээд байгаа юм хүүхэд мөн уйлаад байна гэхэд ерөөсөө оруулаагүй. Тэгээд манай нөхөр 3 удаа орох гэж үзсэн боловч оруулахгүй байхаар нь манай нөхөр “ямар сүртэй п вэ” гэхэд уг цагдаагийн албан хаагч машины урд хүрж ирээд “бичиг баримтаа шалгуул явуулахгүй” гээд зогсоосон. Тэгэхээр нь *****-***** машины урдаас холдооч ээ гэхэд холдохгүй байгаад байсан ба уг цагдаагийн албан хаагч болон манай нөхөр хоорондоо маргалдсан ба улмаар манай нөхөр уг цагдаагийн албан хаагчийг заамдаж байгаад татаад унгаасан. Тэгтэл уг цагдаагийн албан хаагч станцаараа нэмэлт цагдаа нар дуудсан бөгөөд нөхөр бид хоёр *** *****т зах уу орсон. Тэгээд нөхөр бид хоёр зах дотор байж байтал цагдаагийн алба хаагч нар хүрж ирээд бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-29/,

 

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-34-40/

 

4. Яллагдагчаар Б.*****-***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр эхнэр, хоёр хүүхдийн  хамт Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо *** *****т зах руу орох гээд байж байсан. Би уг захаас машины сэлбэг авах гээд орох гэтэл замын цагдаагийн алба хаагч оруулахгүй чигээрээ яв гээд байсан. Тэгээд би чигээрээ явж байгаад буцаж эргэх гээд орох гэтэл оруулахгүй байсан ба нийт 3 удаа зах руу орох үйлдэл хийхэд оруулахгүй байсан. Тэгээд би цагдаагийн алба хаагчийн хажуугаар өнгөрөхдөө “өө ямар ядаргаатай писдаа вэ” гэхэд уг цагдаагийн албан хаагч намайг зогсоогоод бичиг баримтаа шалгуул гээд шаардлага тавьсан. Тэгээд уг цагдаагийн албан хаагч намайг зогсоогоод бид хоёр маргалдсан ба машины урд зогсоод байхаар нь би холдуудах гээд гээд цагдаагийн алба хаагчийг татал боржууранд тээглээд уначихсан. Тэгээд би машиндаа суугаад явах гэтэл уг цагдаагийн алба хаагч дахин миний машины урд гараад зогссон ба хөлөөрөө тулаад байсан ба би машины тоормосоо авахад уг цагдаагийн алба хаагчийн өвдөг хэсэг рүү нь зөөлхөн мөргөсөн. Түүний дараа би машинаасаа буусан ба тухайн цагдаагийн алба хаагчтай  маргалдаж байгаад дахин уг алба хаагчийг татахад цагдаагийн алба хаагч дахин унасан. Тэгээд би ***зах руу ороод сэлбэгээ аваад байж байтал цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-76),

5.Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны даргын тушаал /хх-87/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/, жолоочийн лавлагаа /хх-45/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-46/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.*****-*****д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Нэг: Б.*****-***** нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, *** *****т захын урд зам дээр “зогсоол руу оруулахгүй байна” гэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу хохирогч Э.********н зогсоол руу орох боломжгүй, дүүрсэн та чигээрээ явна уу гэсэн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй мөн алба хаагчаас “машинаа бичиг баримтаа шалгуулна уу” гэхэд чадахгүй писда минь....хувцасны гол минь гэх зэргээр хэл амаар доромжилж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хоолойг нь боож газар унагаан улмаар хүч хэрэглэж эсэргүүцсэн үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан

- хохирогч Э.******** мэдүүлэг /хх-16-17/,

- гэрч Д.********-Эрдэнийн мэдүүлэг /хх-29/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /34-40/зэрэг шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Э.******** нь Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч ажилтай, хэрэг гарах тухайн цаг хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ний өдөр тус чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон бөгөөд тэрээр Цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хууль сахиулах, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих, сэрэмжлүүлэг өгөх, биелэлтийг нь хангуулах зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэг бүхий Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан төрийн тусгай алба хаагч юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хууль сахиулагчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж, эсэргүүцэх нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр шүүгдэгч Б.*****-***** нь цагдаагийн албан хаагчиийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжилж хоолойг нь боож биед нь халдаж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан нь байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*****-*****н дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.*****-***** болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “... Шүүгдэгч Б.*****-*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөө торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогчийн зүгээс шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйл байхгүй тул гаргуулах хохиролгүй гэж үзэж байна. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна...”гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нь гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй байгаа. Мөн миний үйлчлүүлэгч нь бага насны хоёр хүүхэдтэй, ар гэрээ авч явдаг тул тус зүйл заалтад заасан торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Цаашид дахин ийм алдаа зөрчил гаргахгүй, өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж байгаа...” гэсэн  саналыг шүүхэд тус тус гаргасан.

 

Иймд шүүгдэгч Б.*****-*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй гэж, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учирсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Э.******** нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт эмчилгээ үйлчилгээ авсан талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Мөн хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ “...гомдол саналгүй” хэмээн мэдүүлсэн баримттай /хх-83/ тул шүүгдэгч Б.*****-*****г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.*****-*****д оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж,  шүүгдэгч Б.*****-*****гөөс  гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  

1. Шүүгдэгч ******** овгийн *****ийн *****-*****г “хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*****-*****г 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.*****-*****д оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*****-*****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    И.ГАНБАТ