Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2020/00158

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01сары 13дөр

181/ШШ2020/00158

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Н ББСБ ХХК /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.О /РД/-д холбогдох

 

6,098,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ББСБ нь иргэн Лхагвасүрэнгийн Оюун-Эрдэнэтэй Тоёота камри /Toyota camry 0/ маркын аааааУНӨ улсын дугаартай автомашиныг барьцаалж, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр №1360003462 дугаартай зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 12 сарын хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй, зээлийг хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 20 хувь байхаар тохирч 3,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Зээлдэгч Л.О нь зээл авснаас хойш зээлийн үүргийн биелэлтийг зөрчиж өнөөг хүртэл нэг ч төгрөгийг төлөөгүй. Бидний зүгээс авсан зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тухай бүр янз бүрийн шалтгаан хэлж боломж олгохыг хүсэж зээл төлөх хугацааг хойшлуулсаар өнөөг хүрсэн. Л.Оюун-Эрдэнийн зээл авсан цаг хугацааг тооцож үзвэл 2018 оны 09 сарын 21-ний өдрөөс 2019 оны 11 сарын 18-ны өдөр хүртэл нийт 410 хоног болж байгаа ба зээл эргэн төлөлтөөс тооцоог хийж үзвэл үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 5 хувь, нэмэгдүүлсэн хүү 20 хувир тооцоход 2019 оны 11 сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү нийлээд 2,546,300 төгрөг, нийт 5,546,300 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн дагуу төлөхөөр болсон байна. Мөн зээлийн гэрээгээр автомашинтай холбоотой зардлыг хариуцах, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас зээлдүүлэгчид учирсан хохирлыг зээлдэгч хариуцахаар тохирсон байх тул зам тээврийн зөрчил гаргасны 30,000 төгрөгийн торгууль, 2019 оны тээврийн хэрэгслийн оношлогооны 22,000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хууль зүйн туслалцаа үйлчилгээ авсны 500,000 төгрөг, нийт 552,000 төгрөгийн хохирол манай байгууллагад тус тус учирсан байна. Иймд Хариуцагч Л.Оэс 6,098,300 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н ББСБ нь хариуцагч Л.Од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,546,300 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан зардал, хохиролд 552,000 төгрөг, нийт 6,098,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хариуцагч Л.Од нэхэмжлэлийн хувийг 2019 оны 12 сарын 06-ны өдөр гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н ББСБ ХХК болон Л.О нарын хооронд 2018 оны 09 сарын 21-ний өдөр 1360003462 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээ /хх-8,9 тал/ байгуулагдаж, уг зээлийн гэрээгээр Н ББСБ ХХК нь Л.Од 3,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, Л.О нь зээл болон хүүгийн төлбөрийг тохирсон хугацаанд Н ББСБ ХХК-д төлөх, төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтад заасны дагуу 20 хувиар бодож нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч Н ББСБ ХХК нь зээлийн гэрээнд заасан 3,000,000 төгрөгийг 2018 оны 09 сарын 21-ний өдөр Л.Од шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 09 сарын 21-ний өдрийн огноо бүхий мемеориалын баримт /хх-7 тал/-аар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч Л.О зээл авснаас хойш огт төлөлт хийгээгүй гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагч нь зээлийн төлбөр төлсөн эсэх талаараа шүүхэд тайлбар гаргаагүй, нотлох баримт гаргаж өгөөгүй тул Л.Оюун-Эрдэнийг зээлийн гэрээгээр хүлээсэн зээл болон хүүгийн төлбөрийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Зээлийн гэрээнд заасан сарын хувийн хүүгээр тооцож үзэхэд 3,000,000 төгрөгт ногдох сарын зээлийн хүү нь 150,000 төгрөг, нэг хоногийн хүү нь 5,000 төгрөг болж байх ба үүнийг зээл олгосон 2018 оны 09 сарын 21-ний өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2019 оны 11 сарын 18-ны өдрийг хүртэлх 13 сар 28 хоногоор тооцоход нийт зээлийн хүү нь 2,090,000 төгрөг болж байна.

Зээлийн гэрээ 12 сарын хугацаатай байгуулагдсан, зээлийн гэрээний хугацаа 2019 оны 09 сарын 21-ний өдөр дууссан хэдий ч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтад зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны буюу 2019 оны 11 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тул гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээх ба нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтад зааснаар үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй байх шаардлагатай бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтад заасан хэмжээгээр буюу үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор талууд харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Зээлдэгч нь зээл авсан 2018 оны 09 сарын 21-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй гэх тул зээлийг буцаан төлөх эргэн төлөлтийн хуваарь /хх-6 тал/ зөрчигдсөн гэж үзэх ба нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагатай тул 2018 оны 09 сарын 21-ний өдрөөс 2019 оны 11 сарын 18-ны өдрийг хүртэлх 13 сар 28 хоногийн зээлийн хүү болох 2,090,000 төгрөгийн 20 хувиар тооцоход нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь 418,000 төгрөг болж байна.

Дээр дурдсан тооцооллоор үндсэн зээлийн төлбөрийн хэмжээ 3,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрийн хэмжээ 2,090,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хэмжээ 418,000 төгрөг, нийт төлөх төлбөрийн хэмжээ нь 5,508,000 төгрөг болж байх боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулахдаа үндсэн зээлийн төлбөрт 3,000,000 төгрөгийг, зээлийн хүүгийн төлбөрт 1,955,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 1,955,000 төгрөгийн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тогтоох нь зүйтэй байх ба 1,955,000 төгрөгийн 20 хувиар тооцоход нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь 391,000 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Л.Оэс үндсэн зээлийн төлбөрт 3,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,955,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 391,000 төгрөг, нийт 5,346,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бусдаас хууль зүйн туслалцаа авч 500,000 төгрөгийн зардал гаргасан гэх үндэслэлээр хууль зүйн туслалцаа үйлчилгээ авсны хөлс 500,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Г.Цогт-Эрдэнэд 500,000 төгрөг төлсөн гэх кассын зарлагын ордер нэртэй баримт /хх-20 тал/-д мөнгө хүлээн авагчийн гарын үсэггүй, Г.Цогт-Эрдэнэтэй байгуулсан гэх Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-21-23 тал/-ний Хууль зүйн туслалцаа үзүүлэгч тал гэсэн хэсэгт гарын үсэг зурагдаагүй байх тул нэхэмжлэгчээс хууль зүйн туслалцаа авахтай холбоотой 500,000 төгрөгийн зардал гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас фидуцийн гэрээний дагуу өмчлөлд шилжүүлэн авсан автомашинтай холбогдох зардал буюу зам тээврийн зөрчил гаргасны торгуулийн төлбөр 30,000 төгрөг, 2019 оны тээврийн хэрэгслийн оношлогооны зардалд 22,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байх боловч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар уг зардлуудыг нэхэмжлэгч төлөөгүй болох нь тогтоогдсон бөгөөд мөн уг зардалтай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ нэхэмжлэгч фидуцийн гэрээний дагуу эд хөрөнгийг бодитоор гаргуулан авах шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлд дурдсан уг зардлуудыг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Л.Оэс 5,346,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 752,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2018 оны 09 сарын 21-ний өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй гэрээ /хх-10,11 тал/ байгуулагдаж, 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 1360003462 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота камри /Toyota camry 0/ маркын ааааа УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, хадгалалт, хамгаалалт нь хариуцагчид байхаар тохиролцсон байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар уг тээврийн хэрэгсэл хариуцагчийн эзэмшилд байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь нэхэмжлэгчийн нэр дээр байгаа болох нь тогтоогдсон.

Фидуци нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, энэ зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хэрэв үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийн харилцаа болохыг Иргэний хуульд тодорхойлжээ.

Харин үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дахь заалтад заажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг эдэлж, үүргийг хангуулах эрхтэй атлаа фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах эрхээсээ татгалзаж, зээлийн гэрээний үүргийг шаардсан нь фидуцийн гэрээний дагуу шаардах эрхээсээ татгалзсан агуулгатай байх тул фидуцийн зүйлийн өмчлөх эрхийг хариуцагчид буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Л.Оэс 5,346,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 752,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Тоёота камри /Toyota camry 0/ маркын ааааа УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг хариуцагчид буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 11 сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Оэс 100,486 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР