2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Цагаатгах тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/116

 

 

 

 

 

 

 

 

 

   2025          01          10                                     2025/ШЦТ/116

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Э.Билгүүн

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Г.Оюунболд

гэрч ***

гэрч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 27 дугаар хороонд байрлах “***” нэртэй караокед хохирогч ***тай “... цамцаа миний нүүр рүү шидсэн” гэх шалтгаанаар түүнтэй маргаан үүсгэж, улмаар түүнийг уг караокены газарт тэнцвэр алдан унасан байхад нь түүний баруун талын дал орчимд хөлөөрөө өшиглөж, дэвссэний улмаас эрүүл мэндэд нь хүзүү, цээж хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний хувьд тухай өдөр ***тай маргалдсан зүйл байхгүй. Харин *** эхнэртэйгээ муудалцаад, эхнэртээ зодуулсан, ингээд их бухимдалтай байсан. Дараа нь бид нар “Оскар” гэх баарнаас гарч “***” зочид буудлын В1 давхарт байх караокед орсон. Тухайн караоке пилта шалтай байсан. *** эхнэртэйгээ “Оскар” бааранд зодолдоод зүүн гарынх нь булчин хэсэг зүсэгдсэн байсан. Караокед байхад *** цустай цамцаараа намайг нэг удаа шавхуурдахаар нь би буйдан дээрээс босож, буйдангийн ар талаар түүнийг хөлөөрөө жийсэн. Ингээд *** архины шил авч шидэх гэж байгаад халтирч архины шилэн дээрээ унасан. Хүмүүс архины шил шидлээ гэхээр нь би архины шилийг авах гэж буйдан дээрээс үсэрсэн ба газарт буух зай нь жижигхэн байсантай холбоотой ***ын нуруу хэсэгт нэг удаа гишгэсэн. Түүнээс биш би ***ын толгойн хэсэгт өшиглөсөн, дэвссэн зүйл байхгүй. ***аас өмнө нь яагаад бухимдалтай байгаа талаар асууж маргалдсан байсан болохоор хүмүүс бид хоёрыг зодолдож байна гэж ойлгон *** намайг салгаж холдуулсан. ***ын доороос цус гарч байсан боловч их хэмжээний цус байгаагүй. 1 литрийн хэмжээтэй ууж шалиагүй архи байсан ба тухайн асгарсан архи нь цустай нийлээд их хэмжээний цус гарсан мэт харагдсан юм шиг байгаа юм. Тэгээд би ***т анхан шатны тусламж үзүүлсэн.

Би хохирогч ***тай 2-3 удаа уулзаж байсан, танилууд. Гэхдээ бид хоёрын дунд ямар нэг таагүй харьцаа байгаагүй. *** намайг эхнэртэйгээ хардах хэмжээний тийм юм байгаагүй. *** над руу цамц шидсэн гээд маргалдсан боловч сүртэй зүйл болоогүй. *** нэлээд согтуу байсан. Буйдан дээрээс үсэрч ***ын дал орчим жийсэн үйлдлээ би аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж ойлгож байгаа. Би цагдаагийн албан хаагчийн хувьд бусадтай маргалдсан, хүний биед халдсан нь миний буруу. Үүнийгээ бол хүлээн зөвшөөрч байна.

Цугтаа явж байгаад нэг маань гэмтсэн болохоор би тусалж мөнгө өгсөн. Манай бусад найзууд ч гэсэн мөнгө өгсөн.

Энэ хэргээс болж намайг цагдаагийн байгууллагад 1 жилийн хугацаанд ажиллахгүй байх сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халсан байгаа.

*** бол Минжбадгарын нөхөр нь, ***, *** нартай найзууд. Тухайн үед бид нар уулзаад цэргийн баяр тэмдэглэхээр болсон юм гэв.

 

Гэрч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Энд байгаа хүмүүсээс ***ийг танина. Бид нар найзууд, садан төрлийн холбоо байхгүй. Тухайн өдөр бид нар цэргийн баяр тэмдэглэх гэж уулзсан. Караокед байхад *** ***ын биед халдсан зүйл болоогүй. *** ширээн дээрээс архины шил авч шидэх гэж байгаад унах үед нь *** архины шилийг авах гэж үсэрч гишгэж байхыг харсан. Болсон бүх зүйлийг би санаж байна. *** *** хоёр хоорондоо маргалдсан эсэхийг мэдэхгүй байна. Би хохирогч ***ыг тэр өдөр анх удаагаа харсан. Эхнэртэйгээ хамт ирсэн байсан. Эхнэр нь манай найз юм.

“Оскар” бааранд байхдаа *** эхнэртэйгээ муудалцсан байсан. Минжбадгар нөхөр рүүгээ архины хундага шидээд ***ын гараас цус гарсан гэсэн. ***ын нүүрэнд хөхрөлт, няцралт, гэмтэл шарх байсан эсэхийг мэдэхгүй байна.

Миний цагдаад мэдүүлсэн, одоо мэдүүлж байгаа мэдүүлгийн аль аль нь зөв. Би ***ийг ***ын биед халдсан гэж үзэхгүй байна. *** бид нар руу архины шил шидэх гэж байсан болохоор *** ээ гэж орилсон. *** архины шилийг авахаар үсэрч ***ын нуруу хэсэгт гишгэсэн. *** агсам тавиад байсан.

“Оскар” бааранд байхад ***ын зүүн гар зүсэгдсэн байсан.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирогчийн хүзүүнд учирсан гэмтлийг хэн учруулсан гэдгийг би хэлж мэдэхгүй байна. *** халтирч архины шилэн дээр унахдаа гэмтсэн байх. Барьж байсан архины шилээ хагалан баруун талаараа газарт унасан гэв.

 

Гэрч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний нэр Номинцэцэг биш ***. Мэдүүлэг дээр яагаад тэгж бичсэнийг мэдэхгүй байна. Би ***, *** нартай найзууд, 2022 оноос таньдаг болсон. Тухайн өдөр найзуудаараа цэргийн баяр тэмдэглэх гэж уулзсан.

“Оскар” бааранд байхад *** нь эхнэрийгээ өөр хүмүүстэй бүжиглэлээ гэж эхнэртэйгээ муудалцсан, хоорондоо зодолдоод ***ын гараас цус гарсан байсан. Тэгээд эхнэр Минжбадгар нь явчихсан байсан. Би ***ыг гэртээ харь гэтэл Минжээ гэртээ хариагүй байгаа, би явахгүй гээд байсан. Дараа нь караокед байхад ***, *** нар хоорондоо үйл ойлголцсон асуудал ажиглагдаагүй. Харин *** нь согтуурхаад Туул эгчийг тасарчихсан байхад цамцаа өмсүүлэх гээд байхаар нь би чиний цамц ш дээ гээд ***т цамцыг нь өмсгөх гэтэл цамцаа *** рүү шидсэн. Тэгсэн чинь *** буйдан дээрээс босож ирээд өшиглөх гэхээр нь би ***ыг татсан. ***ын шидэх гэж байсан архины шил нь архитай байсан. *** буйдангаас босож архины шил авахад нь бид нар “архины шил” гэж орилоход *** унасан, *** ч үсэрч таарсан. *** ***ыг унасан байхад цохиж зодоогүй. Архины шил гэхэд *** үсэрч ***ын нуруу руу нь гишгэх шиг болсон. Надаас мэдүүлэг авч байсан цагдаа ингэж өшиглөсөн юм уу, ингэж дэвссэн юм уу гээд өөрөө босож ирээд хана руу өшиглөж үйл хөдлөлөөр үзүүлж асуугаад байсан ш дээ. Нуруун дээр нь гишгэх шиг болсон гэдгээ би хэлсэн. Надаас дахиж мэдүүлэг аваагүй. *** үсэрч ирээд хохирогчийн нуруун дээр гишгэж харагдсан болохоор гишгэсэн гэж л мэдүүлсэн. Би дэвссэн гэж мэдүүлээгүй. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь *** *** рүү цамц шидсэнтэй холбоотой байх. Бид нар согтууруулах ундааны зүйл тодорхой хэмжээнд хэрэглэсэн байсан. *** бид нар адилхан согтолттой байсан. Би бүх зүйлийг санаж байна. *** нэлээн согтолттой, ширээн дээрээс өөрөө архи хундагалж уугаад байсан. ***ын барьж байсан шил нь дотроо архитай байсан. Архи нь цустай холилдоод их хэмжээний цус шиг харагдсан байх. *** Минжбадгар нарын хүүхэд нь манай хүүхэдтэй нэг цэцэрлэгт явдаг болохоор таньдаг юм. Караокед байхад манай нөхөр *** нь ***ыг явуулах гэж такси дуудсан байсан гэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ***ын *** “... *** намайг зодсон нь үнэн. Гэхдээ надад гомдол, санал байхгүй. Би цагдаагаар шалгуулахгүй” /хх-н 16/ гэж,

гэрч *** “... би “***” нэртэй караокед ажлаа хийгээд байж байтал 2024 оны 3 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 02:00 цагийн үед манай караокед 3 эрэгтэй, 3 эмэгтэй хүн орж ирсэн. Тухайн хүмүүс нь 280.000 төгрөгийн сет аваад 5 номерын өрөө рүү орсон. Тэгээд би өөр өрөөнд сууж байтал гадаа чанга дуу чимээ гаргаад байхаар нь гараад хартал 5 номерын өрөөнд шалаар битүү цус болсон байдалтай, нэг эрэгтэй нь газарт хэвтэж байсан бөгөөд хамт явж байсан хүмүүсийн нэг нь хүзүүний хэсгээс нь барьсан байдалтай байж байсан. Бид нар эмнэлэг болон цагдаад дуудлага өгөөд нэлээд удаж байгаад эмнэлгийн хүмүүс хүрч ирээд цус гараад байсан хүнийг нь аваад явсан. Би эдгээр хүмүүсийг орж ирэхийг нь огт хараагүй” /хх-н 28-29/ гэж,

гэрч *** “... манай караокед 2024 оны 3 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 02:00 цагийн үед 3 эрэгтэй, 3 эмэгтэй хүн орж ирээд караокены 280.000 төгрөгийн сет аваад 05 номерын өрөө рүү орсон. Тухайн хүмүүс нь өрөөндөө байж байгаад удалгүй нүдний шилтэй, өндөр залуу нь гарч ирээд манай найз нэлээд муудсан байна, танайд найдвартай такси үйлчилгээ байгаа юу гээд надаас асуухад нь би байгаа гэж хэлэхэд эргээд орсон. Би таксины хүнийг дуудчихаад байж байхад удалгүй таксинд явдаг хүн манай караоке дээр хүрч ирсэн бөгөөд манайд ажилладаг Түвшинжаргал гэх залууг би ороод тухайн өрөөний хүмүүст такси ирчихсэн байна гээд хэлчих гээд оруулсан. Тэгээд Түвшинжаргал нь тухайн үл таних хүмүүс дээр ороод хэлэхэд нь удахгүй гарлаа гэж хэлээд Түвшинжаргалыг гаргасан байсан. Бид нар хүлээгээд байж байхдаа би хяналтын камераар тухайн хүмүүсийг харж байхад буйдан дээр хүмүүс хоорондоо зууралцаад эхэлсэн. Тэгээд өрөөнд зодоон болоод байх шиг байна гэж бодоод текний араас гараад тухайн 5 номер өрөө рүү орох гээд явж байгаад тухайн өрөөний хаалгыг онгойлгоход нэг эрэгтэй нь газарт баруун талын мөрөөрөө газарт тулсан байдалтай хэвтэж байсан. Тухайн залуугийн доороос нь маш их хэмжээний цус гарсан байсан. Харин тухайн залууг өшиглөсөн гэмээр залууг хамт явж байсан эмэгтэйчүүд нь араас нь татаад холдуулж байсан бөгөөд тухайн үед би нэлээд балмагдаад 102 болон 103-т дуудлага өгөөд хүлээгээд байж байхад тухайн дээрээс нь өшиглөсөн гэх залуу нь эмч нарыг иртэл цус нь гараад байсан залуугийн гүрээнээс нь барьж байгаад эмч нар хүрч ирсэн” /хх-н 35-36/ гэж,

гэрч *** “... би “***” зочид буудлын В1 давхарт байх караокед зөөгч ажилтай. 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шөнийн 03:00 цаг өнгөрч байхад уг хүмүүс орж ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа нэг хүн нь такси дуудуулсан юм билээ. Бармен намайг 5 номерын өрөө ороод такси ирчихсэн шүү гээд өндөр том биетэй ахад хэлчих гэсэн. Би 5 номерын өрөө рүү ороод өндөр биетэй залууд хандаж “ах аа такси чинь ирчихсэн шүү” гэж хэлчхээд өрөөнөөс гарсан. Тэгээд би хүнгүй өрөөнд ороод өөрийнхөө гар утсаараа юм үзээд сууж байтал гэнэт хүмүүс хашгарсан. Өрөөнөөс гараад хартал захирал 5 номерын үүд хэсэгт зогсож байсан бөгөөд түргэн дуудаарай гэж хэлсэн. Баармен түргэн дуудсан” /хх-н 42-43/ гэж,

гэрч *** “... би “***” зочид буудлын В1 давхарт байх караокед барменаар ажилладаг. Шөнийн 03:00 цагийн үед үл таних 6 хүн манай караокегоор үйлчлүүлж, 280.000 төгрөгийн сэт захиалсан. Хэсэг хугацааны дараа нүдний шилтэй, өндөр биетэй, эрэгтэй хүн над дээр хүрч ирээд жолооч дуудаад өгөөч, нэг найзыгаа явуулах гэсэн юм гэж хэлсэн. Мөр нь гэмтсэн байна, явуулах гэсэн юм гэж хэлээд буцаад өрөө рүүгээ орсон. Би такси дуудсан. Такси ирэнгүүт нь Номио гэх зөөгчөө такси ирчихлээ гэж хэлүүлэхээр 5 номерын өрөө рүү оруулсан. Номио 5 номерын өрөө рүү орж хэлчхээд буцаж гарч ирсэн. Захирал бид хоёр 5 номерын өрөөнд байрлах хяналтын камерыг хараад зогсож байсан чинь 5 номерын өрөөнд юм хагараад, унах чимээ сонсогдсон. Би хамгийн түрүүнд 5 номерын өрөөг онгойлгоод харахад дээгүүрээ цамцгүй залуу шалан дээр хажуу талаараа хэвтсэн байдалтай уначихсан байсан. Намайг харах үед хүзүү хэсгээс нь цус гараад эхэлсэн. Захирал руу очоод хүн унаад цус гараад байна гэж хэлчхээд дахин 5 номерын өрөөнд яваад ороход цус нь бүр их гоожиж байсан. Бусад хүмүүс нь сандарсан байдалтай байсан. Нэг залуу харин хүзүү хэсгээс нь гүрээний судсыг нь гараараа барьчихсан, эмнэлгийн ажилтан ирэх хүртэл тавиагүй. Би уг асуудал болсны дараа юу болчхов гэж бодоод хяналтын камерын бичлэг үзэхэд шалан дээр унасан залуу, гүрээний судсыг нь барьж байсан залуу хоёр хоорондоо маргалдсан байсан. Шалан дээр цээж нүцгэн хэвтэж байсан гэх залуу, гүрээний судсыг нь барьж байсан гэх залуу хоёр буйдан дээр сууж байсан бөгөөд цээж нүцгэн цамцгүй залуу нь нөгөө гүрээний судсыг нь барьж байсан залуу руу эхлээд цамц шидсэн. Дараа нь судсыг нь барьж байсан гэх залуу цээж нүцгэн залуугийн нуруу хэсэгт нэг удаа өшиглөсөн. Энэ хоёр залуугийн голд нэг эмэгтэй сууж байсан бөгөөд уг эмэгтэй тэр хоёр залууг салгасан. Дараа нь цээж нүцгэн залуу нь ширээн дээрээс архины шил нэг гараараа бариад авсан. Тэгсэн чинь эмэгтэй нь цээж нүцгэн залууг түлхсэн чинь цээж нүцгэн залуу шалан дээр халтираад унасан. Унахдаа гартаа барьж байсан шилэндээ дарагдаад унасан. Унасных нь дараа шалан дээр хэвтэж байх үед нь нөгөө залуу нь цээж нүцгэн залуугийн ар нуруу хэсгийн зүүн талд нь өшиглөж харагдсан. Маргалдаж байсан хоёр залууг салгаж байсан гэх эмэгтэй нь махлаг биетэй байсан” /хх-н 45-46/ гэж,

гэрч *** “... 2024 оны 3 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө би өөрийн найзууд болох Батсүх, Минжинсор, ***, ***, ***, Баясаа нарын хамт Баянгол дүүргийн Модны 2-ын “Оскар” гэх нэртэй баар руу орсон. Тэгээд бид нар тухайн “Оскар” гэх нэртэй баарнаас гараад төмөр замд байдаг “***” гэх нэртэй караокед орохоор болсон. Караоке руу ***, ***, ***, Баясаа нарын хамт явсан бөгөөд *** нь бид нартай хамт явна гэсээр тухайн “***” гэх нэртэй караокед дагаад хүрээд ирсэн. Бид нар уг караокены текний эсрэг талын өрөө руу ороод 280.000 төгрөгийн сет авсан. Бид нар авсан зүйлсээ уугаад, дуулаад байж байхад *** нь өөрийнхөө цус болсон байсан фудволк болон хар цамцаа тайлж шидээд байсан бөгөөд цустай хувцсаа ***д өмсүүлэх гээд байсан. *** нь тухайн караокены өрөөнд орж ирсэн цагаасаа хойш бид нарыг өдөөд зүгээр байлгахгүй байсан. Тэгээд *** нь *** руу гэнэт уурлаад нэг удаа өшиглөх шиг болсон бөгөөд тухайн үед *** нь ширээн дээр байсан тал архитай шилийг аваад шидэх гэж байгаад тухайн архины шилээ барьсан чигтээ тэнцвэр алдаад газарт унасан. Унахад нь тухайн архины шил нь хагарсан. Тэгээд *** нь тухайн хагарсан шилний дээр нь газарт хэвтэж байсан бөгөөд тухайн үед *** нь сууж байсан буйдан дээрээсээ босож ирээд ***ын дээрээс нь нэг удаа өшиглөхөд ***аас маш их цус гараад байсан. Тэгээд бид нар цагдаа болон эмнэлэгт дуудлага өгөөд эмнэлгийн хүмүүс ирэх хүртэл *** нь ***ын цусыг нь тогтоож байгаад эмнэлгийн хүмүүс хүрч ирсэн.

*** нь ***ыг нэг удаа буйдан дээр сууж байхад нь өшиглөсөн бөгөөд *** нь тухайн үед ширээн дээрээс архины шил аваад шидэх гэж байгаад тэнцвэрээ алдаж газарт унасан бөгөөд унахад нь тухайн гартаа барьсан байсан архины шилтэй хамт газарт унасан ба тухайн гартаа барьсан байсан шил нь газарт унаад хагараад дээр нь *** хэвтэж байхад *** нь буйдан дээрээс босож ирээд ***ын дээрээс нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд ***аас маш их цус гараад эхэлсэн” /хх-н 31-32/ гэж,

гэрч *** “... баарнаас гараад бөөндөө хаачих юм гэж байгаад караоке руу орохоор болоод “***” зочид буудлын В1 давхарт байрлах караоке руу явсан. “***” зочид буудлын караокены нэг өрөөнд орсон /номерыг нь санахгүй байна/. Өрөөнд ороод Абсолют нэртэй 1 литрийн архинаас 1 шил архи, хүний тоогоор ундаа захиалж уусан. Караокены өрөөнд байж байх үед Хүрлээ уурлаад байсан. Хүрлээ надад хандаж наад ***, Минжээ хоёр чинь гэр бүлээс гадуурх харилцаатай байдаг юм билээ, чи мэдэхгүй байна гэж хэлээд байсан. *** Хүрэлээг хардаад байхаар нь уурласан тул би өрөөнөөсөө гараад баармен дээр нь очоод такси дуудаад өгөөч, манай нэг найз гэмтсэн байгаа тул явуулъя гэж хэлчхээд буцаж өрөө руу ороод дуулаад байж байсан.

Хүрлээ, Хүрэлээгийн хажуу талд ***, ***ын хажуу талд нь *** гурав буйдан дээр сууж байтал Хүрлээ *** рүү цамц шидсэн. Тэгсэн чинь *** ***ын ар талаар нь буйдан дээр гарч гишгэж байгаад Хүрэлээг нэг удаа өшиглөсөн. Дараа нь Хүрлээ буйдангаас босож ширээн дээр байсан архины шилийг гартаа барьж байгаад *** рүү далайсан. Тэгээд Хүрлээ яагаад шалан дээр унасныг би мэдэхгүй. *** Хүрэлээг архины шилээр далайх үед нь өшиглөж шалан дээр унагасан уу, эсхүл Хүрлээ өөрөө шалан дээр халтираад унасан уу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Хүрлээ шалан дээр хажуу талаар уначихсан байсан. *** Хүрэлээг шалан дээр хэвтэж байх үед нь Хүрэлээгийн толгой дээр нь дэвсчих шиг болсон. Би шууд микрофоноо шидээд Хүрлээ дээр очиход Хүрэлээгээс шууд цус гараад эхэлсэн. Би Хүрэлээгийн хаанаас нь цус гараад байгааг харах гээд Хүрэлээгийн хүзүүнээс бага зэрэг өргөхөд хүзүү хэсэгт нь шил мэдрэгдсэн. Би гараараа Хүрэлээгийн хүзүүнээс 2 ширхэг шил аваад ширээнд тавьчхаад дахин хүзүүнээс нь гараараа барьж үзэхэд миний хуруу хүзүүний зүсэгдсэн хэсэг руу нь нэвт орсон. Би ***эд хандаж энэ чинь миний хуруу хүзүү рүү нь ороод байна шүү дээ гэж хэлсэн. *** миний гарыг аваад Хүрэлээгийн хүзүүний цус гарч байгаа хэсгийг нь гараараа дарсан” /хх-н 38-40/ гэж,

гэрч *** “... 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 18:00 цагийн үед “Болор” зочид буудал буюу ажил дээрээ очсон. Миний араас ажил дээр ***, Ариунаа, Минжбадгар нар ирсэн. Бид нар ойр зуурын юм яриад сууж байхад ***, Туул эгч, *** нар ирсэн. Дараа нь бид нар бөөндөө 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01:00 цагийн үед “Оскар” нэртэй баар руу орж үйлчлүүлсэн. Бааранд ороод “Едэн” нэртэй архи авч хувааж уусан. Би баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байтал Ариунаа намайг дуудаад, би Ариунаа дээр очтол Хүрлээ, Минжээ хоёр хоорондоо муудалцаад байсан. Хүрлээ, Минжээ хоёр бол нэг гэр бүлийн хүмүүс. Хүрэлээгийн фудволкны зүүн талын мөр хэсэгт нь цус болчихсон байсан. Би Хүрэлээгээс яасан талаар асуухад Минжээ хазчихсан гэсэн. Тэгснээ Хүрлээ надад мөрнийхөө зүүн талын хэсгийг харуулахгүй, бэлхүүснийхээ баруун талыг харуулсан. Бэлхүүснийх нь баруун талд хазсан ором байсан. Энэ үед Минжээ баарнаас гараад явчихсан байсан. Хүрлээ бид хоёр бааран дотор болон баарны гадна гарч Минжээг хайсан. Минжээгийн гар утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан бөгөөд дараа сүүлд нь Хүрлээ Минжээгийн гар утсыг авчихсан байсныг мэдсэн. Буцаж баар руу ороод сууж байсан гэх ширээн дээрээ очиж хагалчихсан байсан 3 аяганы төлбөр тооцоог төлөөд ***, Хүрлээ, ***, Ариунаа, Туул бид хэд 03:00 цагийн үед гарсан. Гараад вокзалын ойролцоо байрлах “***” зочид буудлын В1 давхарт байрлах караокед орж үйлчлүүлсэн. Караокед ороод “Абсолют” гэх архины сэт захиалж уусан. Хүрлээ эхнэртээ уурлаад согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд байсан. Манай нөхөр *** караокены өрөөнөөс гараад зөөгч дээр очоод такси дуудаад өгөөч гэж хэлсэн юм билээ. Удалгүй өрөөнд караокены зөөгч орж ирээд гадаа такси ирчихлээ гэж хэлсэн. Туул эгч караокены буйдан дээр тасарчихсан байсан чинь Хүрлээ Туул эгчид ноосон цамц өмсүүлэх гээд байхаар нь би Хүрлээ дээр очоод наад цамц чинь Туул эгчийн цамц биш шүү дээ гэж хэлээд цамцыг автал *** цаад талаас нь гараараа далайсан. Тэгсэн чинь Хүрлээ ***эд уурлаж үзэлцье, барья гэж хэлээд ширээнээс архины шил бариад *** рүү далайх гэж байгаад халтираад шалан дээр уначихсан. Унахдаа шалан дээр архины шил нь хагарчихсан. Хүрэлээг шалан дээр унах үед нь *** очоод Хүрэлээгийн дээрээс нь яг ар нуруу хэсэгт нь нэг удаа хөлөөрөө дэвссэн. Би ***ийг болиулаад буйдан дээр суулгасан. Дараа нь би өөрийнхөө гар утсаар 103, 102 руу залгаж дуудлага өгсөн.

Хүрлээ шалан дээр унаад хөдөлгөөнгүй хэвтэж байсан чинь *** Хүрэлээгийн ар нуруу хэсэгт нь нэг удаа хөлөөрөө дэвссэн. Баатараа Хүрэлээг нэг удаа хөлөөрөө дэвссэний дараа ч гэсэн Хүрлээ хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Манай нөхөр *** ***ийг чи юу хийж байгаа юм бэ хүн аллаа ш дээ гээд орилсон.

Би ***ийг таньдаг болоод 2 жил гаруй болж байна. Хүрлээ, Минжээ хоёрын бага хүүхэд нь манай хүүхэдтэй цэцэрлэгт нэг ангид явдаг. Харин Туул, Минжээ, ***, Ариунаа нар 2023 оны сүүлчээр бие биеэ таньдаг болсон. Ерөнхийдөө бол Хүрлээ Минжээг ***тэй хардаж уурласан. Тэгэхэд нь би Хүрэлээг загнасан. *** бааранд байхдаа Хүрлээ Минжээг хардаж уурлахад нэг ч үг дуугараагүй. Хүрэлээгийн хувьд Минжээг баарнаас гараад хаашаа явсныг мэдэхгүй болохоор уурласан” /хх-н 48-50/ гэж,

гэрч *** “... 2024 оны 3 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 00:00 цагийн үед би нөхөр ***, ***, ***, ***, ***, *** нарын хамт Модны 2-ын “Оскар” нэртэй бааранд орсон. Тухайн бааранд бид нар бүжиглээд байж байтал манай нөхөр *** над дээр хүрч ирээд, намайг дагуулаад сууж байсан ширээ рүүгээ явсан. Намайг ширээн дээр аваачаад бусад бүжиглэж байсан хүмүүстэй хардаад байсан бөгөөд ширээн дээр байсан аяга, тавгийг хагалаад байхаар нь би гэртээ харилаа гээд явсан” /хх-н 52/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор “... ***ын биед дух, хоёр бугалга, хүзүү, цээж, баруун даланд зүсэгдсэн шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дух, хоёр бугалга, хүзүү, цээж, баруун даланд зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн 3871 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 58-60/

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар “***” зочид буудлын В1 давхарт байрлах караокены өрөөнөөс архины шилний хагарсан 4 хэсгийг, тухайн караокены өрөөний камерын бичлэгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авсан байна. /хх-н 68, 80/

 

Мөрдөгчөөс камерын бичлэгт үзлэг хийж:

“... бичлэгт 3 эмэгтэй, 3 эрэгтэй хүн харагдаж байх бөгөөд буйдангийн зүүн захад дээгүүрээ ямар нэгэн хувцас өмсөөгүй эрэгтэй хүнийг харуулсан байв.

Бичлэгийн 04:30:30 минутад хар өнгийн фудволктой эрэгтэй хүн буйдан дээрээс босож ирэн зүүн захад сууж байгаа эрэгтэй хүний нуруу болон толгой хэсэг рүү өшиглөж байх бөгөөд

уг хар өнгийн цамцтай иргэнийг буйдан дээр сууж байсан дээгүүрээ ямар нэгэн хувцасгүй эрэгтэй хүнээс хажууд нь хамт явж байсан 2 эмэгтэй хүн салгах үед тус дээгүүрээ хувцасгүй эрэгтэй хүн нь ширээн дээрээс архины шил аваад босож ирж байгаа хэсэг,

уг дээгүүрээ хувцасгүй байсан иргэн нь гартаа архины шил барьсан байдалтай газарт унасан байгаа хэсэг,

уг хар өнгийн фудволктой иргэн нь буйдан дээрээс босож ирээд газарт хэвтэж байгаа хүний толгой хэсэг рүү нь өшиглөж байгаа хэсэг,

уг хамт явж байсан хүмүүс нь шалан дээр хэвтэж байгаа эрэгтэй хүнээс хар өнгийн фудволктой иргэнийг салгаж байгаа хэсэг,

уг газарт хэвтэж байгаа иргэнийг буйдан дээр сууж байсан шилтэй эрэгтэй хүн босож ирээд өргөж үзэхэд уг газарт байгаа иргэний доор нь шингэн зүйлс болсон байгаа хэсэг

гэсэн үзлэгийн тэмдэглэл үйлджээ. /хх-н 81-85/

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж талуудын мэтгэлцээн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд /гэрчүүдийн мэдүүлгүүд, камерын бичлэг/-ыг шинжлэн судлаад шүүгдэгч ***эд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан шүүх дүгнэвэл:

2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ***, ***, ***, ***, н.***, ***, *** гэх хүмүүс уулзацгааж согтууруулах ундаа хэрэглэн, “цэргийн баяр”-ыг урьдчилан тэмдэглэх нэрийдлээр 3 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Баянгол дүүрэгт байрлах “Оскар” нэртэй шөнийн цэнгээний газар /бааранд/ орсон байна.

 

Эдгээр хүмүүсээс ***, *** нар нэг гэр бүлийн хүмүүс буюу эхнэр нөхөр, ***, *** нар нэг гэр бүлийн хүмүүс буюу эхнэр нөхөр байх ба “Оскар” нэртэй бааранд байхдаа *** нь согтуурхаж эхнэр ***тайгаа муудалцсан, муудалцах явцдаа тэрээр тухайн баарны шилэн аягыг хагалж өөрийн биед тодорхой хэмжээний гэмтэл учруулсан, түүний биеэс цус гарч байсан талаар гэрчүүдийн мэдүүлэгт тусгагджээ.

 

Тухайн “Оскар” нэртэй баарнаас ***ын эхнэр *** гарч явсан байх бөгөөд харин бусад хүмүүс болох ***, н.***, ***, ***, *** нар цааш үргэлжлүүлэн караоке орохоор болоход *** дагаж явсан, тэдгээр нь хамтдаа Баянгол дүүрэгт байрлах “***” зочид буудлын В1 давхрын караокегоор үйлчлүүлсэн, үйлчлүүлж байх явцад *** нь согтуурхсан тул түүнийг явуулахаар *** нь тус караокены ажилтан Б.Түвшинжаргалаар такси дуудлага дуудуулсан байна.

 

Такси дуудлага дуудсан гэх цаг хугацаанд *** нь *** рүү хувцас мэт зүйл шидэхэд *** нь сууж байсан буйдан дээрээ гарч, хажуудаа сууж байсан эмэгтэйн ар талаар ***ыг 2-3 удаа хөлөөрөө нуруу хэсэг рүү нь жийх, гараараа цохих мэт үйлдлүүд хийсэн, үүний дараа *** нь босож, ширээн дээр байсан архины шилийг авсан, улмаар өөрөө тэнцвэр алдан унасан, унах явцад архины шил нь хагарч байгаа, ***ыг хагарсан архины шилэн дээрээ унаж байгаа энэ үйл хөдөлгөөнтэй давхцан /зэрэгцэн/ *** нь сууж байсан буйдангаасаа босож ширээн дээгүүр дамжин үсэрч, түүний ар нуруу хэсэг рүү нь хөлөөрөө жийхэд тэрээр /*** нь/ хагарсан архины шилэн дээрээ нидрэгдэж байгаа үйл явдал камерын бичлэгт бичигджээ.

 

Улмаар цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага өгснөөр *** Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна.

 

Гэмт хэргийн шинжтэй дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, ***ыг хохирогчоор тогтоон, бусад хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, ***ийг яллагдагчаар татсан байна.

 

Гэмт хэргийн шинжтэй үйл баримтын талаарх гэрчүүдийн мэдүүлсэн мэдүүлгүүдийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Гэвч гэрчүүдийн мэдүүлгийг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад бичихдээ хөлөөрөө “жийх”, “өшиглөх”, “дэвсэх” үйлдлийн хоорондын ялгааг тодруулж гаргалгүйгээр адил утгатай үг мэт бичсэн, эсхүл хохирогч ***ын биеийн аль хэсэгт нь шүүгдэгч *** гэмтэл учруулснаар энэ үйлдэл нь гэмтлийн зэрэгт хамаарах “хөнгөн хохирол” болж байгаа гэдгийг зааглан ялгаж чадаагүй (үүнд: шүүгдэгч ***ийн хохирогч ***ын ар нуруу руу жийсэн үйлдэлд “хохирол” учирсан гэдэг нь эргэлзээтэй буюу шинжээчийн дүгнэлтэд энэ талаар тусгагдаагүй), эсхүл хохирогч ***ыг тэнцвэр алдан өөрийн биеийн инерцээрээ шалан дээр унаснаас хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа шүүгдэгч *** ирж түүний дээрээс “өшиглөсөн”, “дэвссэн” мэтээр үйл баримтыг тусган бичжээ.

 

Тодруулбал, мөрдөгч нь гэрчүүдийн мэдүүлгийг камерын бичлэг дэх үйл баримтаас өөр байдлаар бичсэн байна.

 

Нөгөөтээгүүр Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 3871 дугаартай дүгнэлтэд “... ***ын биед дух, хоёр бугалга, хүзүү, цээж, баруун даланд зүсэгдсэн шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дух, хоёр бугалга, хүзүү, цээж, баруун даланд зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ /хх-н 58-60/ гэсэн байдаг боловч хохирогч ***ын баруун зовхинд үүссэн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг хэн учруулсныг шалгаж тогтоогоогүй буюу энэ гэмтэл нь шүүгдэгч ***ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх талаар мөрдөгч болон улсын яллагчийн зүгээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан, өөрөөр хэлбэл хохирогчид учирсан дээрх гэмтлээр /баруун зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал/ шүүгдэгчийг буруутгаж яллаагүй болно.

 

Хуулийн эргэлзээтэй байдал гэсэн ойлголт байхгүй бөгөөд харин “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ..., шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ..., шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж гэм буруугүйд тооцох зарчмыг хуульд тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, хохирогчийн биед халдсан үйлдэл нь учирсан хохиролтой шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

 

Гэм буруугийн санаатай хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай, хууль бус болохыг ухамсарлаж, тухайн үйлдлийг хүсэж, эсхүл хохирол, хор уршигт зориудаар хүргэсэн байхыг ойлгоно.

 

Түүнчлэн аливаа гэмт хэргийн үндсэн шинж болох гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй гэсэн хэлбэртэй бөгөөд санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ гэж хуульчилсан.

 

Хохирогч ***ыг тэнцвэр алдан унах явцтай зэрэгцэн түүний дээрээс хөлөөрөө жийж байгаа шүүгдэгч ***ийн үйлдлийг “санаатай үйлдэл мөн” гэж үзэх хуулийн үндэслэлтэй.

Харин тэрээр /шүүгдэгч *** нь/ хохирогч ***ыг тэнцвэр алдан өөрөө унахад түүний гарт байсан архины шил нь хагарна, хагарсан шилэндээ зүсэгдэнэ гэдгийг тооцоолоогүй, өөрөөр хэлбэл үйлдэлдээ санаатай боловч хор уршигт болгоомжгүй хандсан гэж үзэх гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

 

Гэм буруугийн холимог хэлбэрээр хүний эрүүл мэндэд “хөнгөн хохирол” учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцоогүй тул ***эд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй, болгож түүнийг цагаатгав.

 

Үүнээс гадна хяналтын прокуророос шүүгдэгч ***ийг яллаж байгаа хохирогч ***ын гэмтлийн талаар шинжээчийн 3871 дугаартай дүгнэлт 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр[1], шинжээчийн 564 дугаартай дүгнэлт 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус тус гарсан[2], энэ 2 дүгнэлтийг нэг шинжээч /шинжээч эмч Б.Сэргэлэн/ гаргасан байдаг ба сүүлчийн 564 дугаартай дүгнэлтэд “... дээд 12-16-р шүдний үүдэвч хэсэгт шилжих нугалаасаар цахилгаан хутгаар зүслэг хийж, шанаа түүшийн ясны хальсыг яснаас салгаж, тэлж, хугарлыг ил гаргаж, хугарлын шугамыг цэвэрлэж, хугарлыг эвлүүлж, титан ялтас шургуудаар бэхэлж хадав”, “... Гэмтэл согог судлалын үндэсний төвд хийгдсэн толгойн компьютер томографын шинжилгээний хариу шаардлагатай байх тул дүгнэлт гаргах боломжгүй байна” гэсэн нь энэ хэрэгт хамааралтай эсэх, хэрэв хамааралтай бол дүгнэлтийг бүрэн гүйцэт гаргаагүй шалтгаан болон мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй нь ойлгомжгүй байгааг дурдъя.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад н.*** гэгчээс гэрчийн мэдүүлэг аваагүй, гэрч ***ийн нэрийг “Номинцэцэг” гэж бичсэн зэргийг мөн дурдах нь зүйтэй.

 

***ээс ***т 7.000.000 төгрөг шилжүүлж өгсөн тухай “Голомт” банкны төлбөрийн баримтыг,

“... *** миний бие 2024 оны 3 сарын 16-ны өдөр өөрийн гэр бүлийн хүн болон бусад танил, найз нөхдийн хамт ... караокед дуулж, цэргийн баяр тэмдэглэж байх үедээ би хоосон архины шил гартаа барьж унасан. Архины шил шалан дээр унаж хагарч, хагарсан шилэн дээр би баруун талаараа унаснаас болж миний биед гэмтэл учирсан юм. Энэхүү гэмтэл учирсан үйл явдалд тухайн караокены өрөөнд хамт байсан *** болон бусад хүмүүс хамааралгүй. Тухайн үед хамт байсан *** нь миний эмчилгээний зардалд тусалж 3.500.000 төгрөг өгсөн. *** миний бие тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөртөө гэмтэл учруулсан тул иргэн *** болон бусад хамт байсан хүмүүст ямар нэгэн гомдол, саналгүй. Цаашид ямар нэгэн хохирол, зардал нэхэмжлэхгүй ...” гэсэн тайлбарыг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр бичиж, нотариатчаар батлуулсныг шүүх хуралдааны явцад өмгөөлөгч Г.Оюунболд шүүхэд өгсөн байна.

 

Шүүхээс шүүгдэгч ***ийг гэм буруугүйд тооцож цагаатгасан тул хохирол, хор уршигтай холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхив.

 

Цагаатгагдсан этгээд *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

 

эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхэг, флаш 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээж,

 

цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан “Абсолют” нэртэй архины шилний 4 хэсэг хагархайг устгахаар шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Баянол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, ***ийг цагаатгасугай.

 

2. ***эд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

 

3. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон ***ын хохирол, хор уршиг, нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

4. Цагаатгагдсан этгээд *** Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Цагаатгагдсан этгээд *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхэг, флаш 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан “Абсолют” нэртэй архины шилний 4 хэсэг хагархайг устгахыг тухайн шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд цагаатгагдсан этгээд, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***эд урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 86-89 дүгээр хуудас