| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2025/0005/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/13 |
| Огноо | 2024-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000000311 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ***** оны ********** дүгээр сарын ********-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын ***** дугаар баг “*******”-ийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:*******,
******* овогт ******* *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа эрхэлдэг “Оч хур” хүнсний дэлгүүрийн ард талаас тус сумын 3 дугаар баг “”-ын 4 замын уулзвар хүртэл 0.96 хувийн согтолттойгоор улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай найз нэг шил архи гаргаад 0.5 граммтай архийг хоёулаа нийлж уусан. Тэгээд би таксинд явсан. Миний буруу. Би өмнө нь жолооны эрхээ хасуулсан байсан...гэв.
Эрүүгийн 2430000000311 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн үед нь гэртээ эхнэрийнхээ хамт согтуу байсан. Надад ууж байсан архинаасаа хийж өгөхөөр нь 3 татаад тухайн айлд байж байгаад орой харанхуй болсон хойно гэр рүүгээ явахдаа өөрийн эзэмшлийн тус мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцож ******* сумын 3 дугаар баг ын 4 замын уулзвар дээр ирэхэд нэг цагдаагийн алба хаагч намайг дохиур модоороо замаа чөлөөлж зогс гэхээр нь замаа чөлөөлөөд зогссон. Тэгэхэд 2 цагдаагийн алба хаагч нар ирээд өөрсдийгөө танилцуулж, намайг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаа юу гэхээр нь эрхээ хасуулсан гэдгээ хэлэхэд тухайн цагдаа нар танаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байна, та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гээд асуухаар нь тиймээ найзындаа очоод 3 татсан тухай хэлэхэд миний согтолтын хэмжээг үзнэ гээд намайг тус цагдаагийн газарт авчраад миний согтолтын хэмжээг үзэхэд 0.96 хувийн согтолттой гарсан. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/ хэргийн 32-34 дүгээр хуудас/,
- Гэрч : Хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн олон нийтийн цагдаа хамт 2024 оны 10 дугаар сарын 27-ны оройны 20 цагаас шөнийн 02 цаг хүртэл баруун чиглэл буюу ******* сумын 1, 2, 3, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхдээ тус албаны Тоёота приус-30 маркийн 01-05 СҮҮ тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдрийн оройны 21 цагийн үед ******* сумын 4 дүгээр тойргийн авто зам буюу ******* сумын 3 дугаар баг ын 4 замын уулзвар дээр зогсож байхад ертөнцийн зүгээр зүүн талаас баруун чиглэлд мотоцикл явж байхаар нь тус тээврийн хэрэгслийн жолоочийг дохиур модоор замаа чөлөөлж зогсохыг шаардаж зогсоогоод олон нийтийн цагдаагийн хамт тус тээврийн хэрэгслийн жолоочид өөрс өөрсдийгөө танилцуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэх байгаа эсэхийг асуухад жолооны үнэмлэх тээврийн хэрэгслийн гэрчилгээ хоёулаа байхгүй гэж хэлэхэд тухайн жолоочоос согтууруулах ундааны зүйл амнаас нь үнэртсэн тул согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь асуухад нэг найзтайгаа бага зэргийн уусан талаар хэлэхээр нь тус иргэний согтолтын хэмжээг драгер багажаар үзэх зорилгоор тус цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн өрөөнд авчирсан бөгөөд согтолтын хэмжээг үзэхдээ өөрийн гар утсаар бичлэг хийж дамжуулж байгаад үлээлгэхэд 0.96 хувийн согтолттой гарсан. Тус иргэний регистрийн дугаарыг жолооч эсэхийг нь шалгаж үзэхэд энэ жилийн 07 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож шүүхээр орж 1 жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан...******* нь 49-76 СҮЗ улсын дугаартай Даюун маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тухайн улсын дугаарыг нь торгуулийн багажаар хайж үзэхэд гарч ирэхгүй байсан. Тус иргэн ганцаараа явж байсан...Тус иргэний хэлснээр ******* сумын 4 дүгээр баг “Оч хур” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн арын эгнээнээс ******* сумын 3 дугаар баг ын 4 замын уулзвар хүртэл ойролцоогоор 2 орчим км газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явсан гэж байсан...Тус иргэн “В” ангиллын эрхийн үнэмлэхтэй байж байгаад эрхээ хасуулсан байсан...гэх мэдүүлэг/ хэргийн 18-19 дүгээр хуудас/,
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/520 дугаартай шийтгэвэр / хэргийн 48-50 дугаар хуудас/,
- 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл”/ хэргийн 3 дугаар хуудас/
-2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 4-р хуудас/
- 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ******* *******ын согтолтын хэмжээг драгер багажаар шалгуулахад дуу дүрсний бичлэгээр баримтжуулсан 01 минут 47 секундийн дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
- 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол/хэргийн 16 дугаар хуудас/,
- 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хэргийн 5-9 дүгээр хуудас/,
- *******аас торгох шийтгэл 200.000 төгрөг төлсөн баримт /хэргийн 52 дүгээр хуудас/,
- *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 35 дугаар хуудас/
- *******ын Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хэргийн 38 дугаар хуудас /
- 2024 оны 10 сарын 30-ны өдрийн Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хэргийн 39 дугаар хуудас/
- *******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа эрхэлдэг “Оч хур” хүнсний дэлгүүрийн ард талаас тус сумын 3 дугаар баг “”-ын 4 замын уулзвар хүртэл 0.96 хувийн согтолттойгоор улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “... архинаасаа хийж өгөхөөр нь 3 татаад, орой харанхуй болсон хойно өөрийн эзэмшлийн мотоциклыг жолоодон гэр рүүгээ явсан. ******* сумын 3 дугаар баг ын 4 замын уулзвар дээр ирэхэд цагдаа зогсоож “танаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байна, согтолтын хэмжээг үзнэ” гээд цагдаагийн газарт авчраад миний согтолтын хэмжээг үзэхэд 0.96 хувийн согтолттой гарсан” гэх,
гэрч “2024 оны 10 дугаар сарын 27-ны оройны 21 цагийн үед ******* сумын 3 дугаар баг ын 4 замын уулзвар дээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад зүүн талаас баруун чиглэлд мотоцикл явж байхаар зогсоож шалгахад “тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэх байхгүй” гэсэн. Тухайн жолоочоос согтууруулах ундааны зүйл амнаас нь үнэртсэн тул согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь асуухад “нэг найзтайгаа бага зэргийн уусан” талаар хэлэхээр нь Замын цагдаагийн тасгийн өрөөнд авчирч өөрийн гар утсаар бичлэг хийж согтолтын хэмжээг үзэхэд 0.96 хувийн согтолттой гарсан. ******* нь 49-76 СҮЗ улсын дугаартай Даюун маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тухайн улсын дугаарыг нь торгуулийн багажаар хайж үзэхэд гарч ирэхгүй байсан. Тус иргэн “В” ангиллын эрхийн үнэмлэхтэй байж байгаад эрхээ хасуулсан байсан” гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/520 дугаартай шийтгэвэр,
2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл”,
2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
-2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “******* *******ын согтолтын хэмжээг драгер багажаар шалгуулахад дуу дүрсний бичлэгээр баримтжуулсан 01 минут 47 секундийн дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”,
2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол,
2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
*******аас торгох шийтгэл 200.000 төгрөг төлсөн баримт зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Прокуророос шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн мотоцикл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хасуулсан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн гэдгээ мэдсээр байж согтуурсан үедээ мотоцикл жолоодон гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн нь шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай” гэх,
өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй, үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргаж,
шүүгдэгч *******аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
5. Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 сарын 30-ны өдрийн Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/520 дугаар шийтгэврийн хуулбар зэргээр, тухайн гэмт хэрэг үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 0,96 промиль байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулсан амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болох 001797 дугаарын гэрчилгээтэй Alcotest-6820 загварын зориулалтын Драгер багажаар шалган тогтоож, гэрэл зургаар хэрэгт баталгаажуулсан буюу Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг зэргээр нотлогдоно.
6. Эрүүгийн хэрэг үүсгэх прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасан зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, уг хугацаа дуусаагүй байхад дахин 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн 0.97 хувийн согтолттойгоор мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
7. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
8. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “Шүүгдэгч *******ыг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх,
түүний өмгөөлөгчөөс “ *******ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. ******* нь эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Мал маллах, мөн барилга дээр ажилладаг байгаа, иймд түүнийг 2.700.000 төгрөгөөр торгож өгнө үү. Мөн түүнд оногдуулах торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлөх саналтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, анх удаа гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, 1-16 насны 4 хүүхэдтэй, эхнэр болон өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт 12 тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлжээ.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс гаргасан “ ******* нь эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Мал маллах, мөн барилга дээр ажилладаг байгаа. Түүнд оногдуулах торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх хүсэлтийг хангах боломжтой гэж шүүх үзлээ.
******* ам бүл тавуул, 1-9 насны бага насны 3, 16 насны 1 хүүхэдтэй, өөрөө болон эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьд ногдох үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй зэрэг хувийн байдал, түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах 2,700,000 төгрөгийн торгох ялыг нэг сард 500,000 төгрөгөөр тооцож 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн “Guandiе DVD-R 4.7GB 120 min, High-quality-F 16x” загварын “ *******” гэсэн бичвэртэй гэсэн бичвэртэй, мөнгөлөг цагаан өнгийн Сиди бичлэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн “Guandiе DVD-R 4.7GB 120 min, High-quality-F 16x” загварын “ *******” гэсэн бичвэртэй гэсэн бичвэртэй, мөнгөлөг цагаан өнгийн Сиди бичлэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН