Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0791

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “М м п***” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга,

Маргааны төрөл:  “М м п***” ХХК-ийн ХV-19909 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь жилээс нөхөн тооцохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 8/210 тоот хариу нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М**, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э**, Г.Э** шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“М м п***” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “...М м п***” ХХК-ийн XV-19909 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь жилээс нь нөхөн тооцохгүй байгаа Ашигт матмал, газрын тосны газрын  Геологи, уул уурхайн кадастрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь жилээс нь нөхөн тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэл гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...“М м п***” ХХК-ийн ХV-19909 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь жилээс нөхөн тооцохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 8/210 тоот хариу хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь жилээс нь нөхөн тооцохыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

3.Нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2021/9 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцуулах хүсэлт гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 8/210 тоот албан бичгээр хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс хүчин төгөлдөр хугацаа нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болсон гэсэн хариуг өгсөн.

4.Нэхэмжлэгч XV-19909 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь жилээс нь нөхөн тооцохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус гэж маргажээ.

 

5.нэхэмжлэгч “М м п***” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ:

1/Манай компани нь Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №468 дугаар шийдвэрээр Төв аймгийн Алтанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших XV-019909 дугаартай Аранжин нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг эзэмших болсон бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж ирсэн.

2/Манай компани нь дээрх тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлснээс хойш дараах маргаануудад хэргийн оролцогчоор оролцсоны улмаас өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй байсан. Үүнд:

 Төв аймгийн Алтанбулаг сумын нэр бүхий 3 иргэн /А.Д Ө.Б, Б.Н/-ий зүгээс “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №468 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №33 дугаар шийдвэрээр “М****” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолго” шаардлагыг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан ба Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №419 дүгээр тогтоолоор дээрх нэр бүхий 3 гаргасан нэхэмжлэлийн шаардлагагүй хэрэгсэхгүй болгон иргэнээс шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Алтанбулаг сумын Засаг дарга Д.Б** нь нэр бүхий гурван иргэний нэрээр хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргуулсан байсан /нэр бүхий 3 иргэн нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэхээ огт мэдээгүй байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож байгаагүй/ ба тус нэхэмжлэлийн шаардлагыг нь шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Манай компани нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №468 дугаар шийдвэрээр Төв аймгийн Алтанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших XV-019909 дугаартай Аранжин нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших болсон хэдий ч дээрх з нэр бүхий иргэнээс гаргасан хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн оныг дуустал /2 жил/ хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмшиж, хайгуулын үйл ажиллагаа явуулж огт чадаагүй. Өөрөөр хэлбэл нэр бүхий 3 иргэний гаргасан нэхэмжлэлтэй хэргийг шүүх шийдвэрлэх дуусах хүртэл хугацаа /2016-2018/-нд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хайгуулын ажлыг гүйцэтгэж боломжгүй байсан.

3/“М м п***” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэл,  журмын дагуу эзэмшиж, ашиглаж, хайгуулын ажлыг гүйцэтгэж чадаагүй тул XV-019909 дугаартай Аранжин нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг

тооцуулах тухай хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмал,

газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан.                        

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №127 дугаар тушаалаар XV-019909 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр тооцож, 2 дахь жилийн төлбөрийг шилжүүлэн тооцсон.

4/Шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн тул Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад хүсэлт гаргасан боловч тус сумын Засаг даргын зүгээс тус төлөвлөгөөг батлахаас удаа дараа татгалзсан тул манай компани нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Улмаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар  сарын  06-ны  өдрийн  №0393  дугаар

 

 

 

магадлалаар манай компаниас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын "М м п***” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.

Гэтэл Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нь хуулийн хүчин төгөлдөр болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн № 0393 дугаар магадлалыг биелүүлэхээс татгалзаж, “М м п***” ХХК-ийн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй тул манай компани нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хайгуулын ажлыг мөн л хийж гүйцэтгэж чадаагүй.

Учир нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдсаны үндсэн дээр хайгуулын ажлыг гүйцэтгэх эрх зүйн зохицуулалттай бөгөөд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил гүйцэтгэх ямар ч боломжгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах талаар удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан боловч Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №0393 дугаар магадлал болон Ашигт малтмалын тухай хуулийг тус тус зорчиж, манай компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж өгөөгүй.

5/Ийнхүү XV-019909 дугаартай Аранжин нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг шүүхэд маргаан хянан шийдвэрлэгдсэн хугацаанд тасалдсанд тооцсон тул манай компани нь 3 дахь жилийн төлбөрийг төлж, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтийг Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №09/2019, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №45/2019 тоот албан бичгүүдээр өгсөн боловч тус сумын Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй.

Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нь Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №0393 дугаар магадлалыг үл биелүүлж “М м п***” ХХК-ийн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүйн зэрэгцээ 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг дахин батлаагүй тул манай компани нь өөрийн эзэмшлийн XV-019909 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажлыг хайгуулын ажлын төлөвлөгөөний дагуу мөн л гүйцэтгэж чадаагүй.

Улмаар “М м п***” ХХК-ийн зүгээс 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахаас татгалзсан Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан ба 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №0068 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Манай компанийн зүгээс Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдуулан 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахаас татгалзсан Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан, тус нэхэмжлэлд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №0068 дугаар захиргааны хэрэг үүсгэсэн, захиргааны хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааг  явагдаж  байгаа

 

 

талаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №2020/8 тоот албан бичгээр Ашигт малтал, газрын тосны газар /Геологийн хэлтэс/-т мэдэгдэж байсан.

“М м п***” ХХК-ийн нэхэмжлэлтэй дээрх захиргааны хэрэг нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №11 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд тус тогтоолд "Тусгай хамгаалалттай орчны бүсийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх” шаардлагатай хэмээн дүгнэсэн.

Ийнхүү шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан маргаанууд эцэслэн шийдвэрлэгдсэн тул манай компанийн зүгээс эрх бүхий компанитай гэрээ байгуулж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийлгэж байгаа ба 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад хандаж захиргааны хэргийн шүүхэд маргаантай байсан хугацааг хасч XV-19909 хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцуулах хүсэлтийг гаргасан боловч 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №8/210 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцоогүй.

Улмаар дээрх хариуг эс зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан гомдол гаргасан ба 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №1/846 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй талаарх хариуг гаргасан байна. /Энэхүү хариуг 2022.03.24-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газраас хуулбарлан авсан ба уг албан тоотыг манай компанид ирүүлээгүй байна/

Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь хууль бус эс үйлдэхүй гаргаж, “М м п***” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцохоос татгалзсан юм.

Манай компани нь XV-10 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухай бүрт нь төлж байсан боловч нэр бүхий иргэдээс гаргасан нэхэмжлэл болон Алтанбулаг сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас тусгай зөвшөөрлийн бүхий л хугацаанд шүүхийн маргаанд хэргийн оролцогчоор оролцсон бөгөөд дээрх үйл баримтыг хариуцагчийн зүгээс сайтар мэдсэн атлаа өөрийн эс үйлдэхүйгээр тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцоогүй юм.

6/“М м п***” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь жилээс нь нөхөн тооцуулах тухай хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст гаргасан боловч 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 8/210 тоот албан бичгээр татгалзсан бөгөөд энэхүү татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон.

Иймд М м п***” ХХК-ийн ХV-19909 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь жилээс нөхөн тооцохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 8/210 тоот хариу хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь жилээс нь нөхөн тооцохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““М м п***” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь жилээс нөхөн тооцохгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 8/210 тоот хариу хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь жилээс нөхөн тооцохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

 

 Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд нэхэмжлэгч нь 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаартай шийдвэрээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт орших “Аранжин” хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших болсон. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаандаа төлж ирсэн. Гэтэл тус компанийн тусгай зөвшөөрөл анх авсан шийдвэртэй холбоотойгоор 3 иргэний зүгээс нэхэмжлэл гаргаснаас шүүхийн маргаан эхэлсэн. Энэ маргаан нь 2016 оноос 2018 оны хооронд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Уг шүүхийн маргаантай байх 2 жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Дээрх нөхцөл шалтгааны улмаас нэхэмжлэгч талын зүгээс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тухайн шүүхийн маргаантай байх хугацаанд ашигт малтмал эрэх хайх үйл ажиллагаагаа явуулж чадаагүй учраас хугацаагаа нөхөн тооцуулъя гэдэг байдлаар хариуцагчид хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хариуцагч байгууллагаас хүлээн авч 2 жилийн хугацааг нөхөн тооцсон. Ингээд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд нөхөн тооцсон ба нөхөж тооцохдоо Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасныг баримталсан. Хариуцагч талаас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 127 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч компанийн 2 жилийн хугацааг нөхөн тооцсон байдаг. Үүний дараа Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2017, 2019 онуудад баталж өгөөгүй, 2017 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Улсын дээд шүүхээс тогтоол гарч, тухайн сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй  явсаар 2019 он хүрсэн. Түүнчлэн 2019 оны Байгал орчин менежментийн төлөвлөгөөг дахин баталж өгөхгүй эс үйлдэхүй гаргасан ба 2019 онд дахин үүнтэй холбоотойгоор шүүхийн маргаан үүссэн. Нэхэмжлэгч “М м п***” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 3 жилийн хугацаатай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан боловч шүүхэд маргаантай байсан учраас ашигт малтмал эрэх, хайх эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Үүний дараа нэхэмжлэгч компанийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тусгай зөвшөөрлийн 3 дахь жилээ нөхөн тооцуулах хүсэлтээ гаргасан боловч хариуцагч байгууллагаас нөхөн тооцож өгөөгүй эс үйлдэхгүй гаргасан. Мөн гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн аваагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ашигт малтмалын тухай тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх” гэж заасан. Харин тус хуулийн 22 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах тухай зохицуулсан байдаг. Ашигт малтмалын тухай тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15-д дурдсан “...хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин олгох...” гэх агуулгын хүрээнд мөн өмнөх 2 жилийн хугацааг нөхөн тооцож байсан. Мөн Захиргааны ерөнхий хуульд итгэл хамгаалах зарчмын хүрээнд тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийг нөхөн тооцуулах нь үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудалтай холбоотойгоор нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0791 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж, “...тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудал нь тусдаа юм, харин нөхөн тооцуулах асуудал нь тусдаа учраас үүнтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргах боломжтой байна...” гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Дээрх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн хугацааг нөхөн тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

 

 

6.Хариуцагч нь нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл болон өөрчилсөн шаардлагад шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзал, түүний үндэслэлдээ:

1/Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Аранжин нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-19909 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс / хуучин нэрээр/-ийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн 33 дугаар шийдвэрээр “Мөнгөн нахиа” ХХК-д олгож, мөн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр “М м п” ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

2/Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана”гэж заасан ба “М м п***” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-019909 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.

3/Хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдөлд “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хавсаргахаар заасан ба хуулийн хугацаанд өргөдөл гаргаж Төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй байна.

4/Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 419 дүгээр тогтоолыг биелүүлж Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 127 дугаар шийдвэрээр “М м п***" ХХК-ийн хV-019909 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр тооцож 2017 онд төлсөн 2 дахь жилийн төлбөрийг шилжүүлэн тооцож бүртгэсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн маргаантай байсан хугацааг хасаж тооцож тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийг 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, мөн өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тусгай зөвшөөрлийн 3 дахь жил нь тооцогдсон.

 Ашигт малтмалын тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.2-т ... Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1 асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8 — 11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 - 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ... гэж тухайлан хуульчилсан. Мөн хуулийн 22 дугаар зүйлд ашигт малтмалын хайгуулын

тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан. Шүүх эрх бүхий этгээдийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэгдэх харилцаанаас үүдэлтэй маргааныг шууд даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломж байхгүй юм.

Өмнө нь тус компани энэхүү асуудлаар Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хянан үзээд 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 128/ШШ2021/0791 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114

дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу Давж заалдах журмаар гомдол гаргаагүй байх тул шүүхийн 0791 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

5/Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 8/210 тоот хариуг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

 

 

Ашигт малтмал тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 8/210 тоот албан бичиг нь нэхэмжлэгч “М м п” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2021/9 тоот албан бичгийн хариу бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.4, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хянаж хариуг хүргүүлсэн албан бичиг юм.

Тус албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно... заасан захиргааны акт (шийдвэр) биш бөгөөд ирүүлсэн албан бичгийн хариуг хүргүүлсэн албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д ...нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа... гэж заасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 127 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий бөгөөд нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байсан. Харин маргаан бүхий албан бичиг нь энэ эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт болон үйл баримтуудын талаар л хариу хүргүүлсэн албан бичиг юм. Энэ бол шийдвэр гаргахаас татгалзсан эс үйлдэхүй биш юм. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Ашигт малтмалын хайгуулын XV-19909 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь жилээс нөхөн тооцохыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй. Учир нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 127 дугаар акттай шийдвэрийг хүчингүйд тооцож байж дахин хугацаа тооцох асуудал яригдах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар асуухад тухайн 127 дугаар шийдвэр хууль үндэслэлтэй акт гэж тайлбарлаж байна. Тусгай зөвшөөрлийн хугацааг буруу тооцсон гэж үзсэн бол тухайн үед энэ захиргааны акттай холбогдуулан маргах боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс өөрийн мэдэж байгаа үйл баримтыг төрийн захиргааны байгууллага мэдэж байх ёстой мэтээр  өөрсдийн мэдэж байгаа үйл баримтыг мэдэх ёстой мэтээр төрийн захиргааны байгууллагыг буруутгаж байна. Төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийн хязгаарлалтын бүртгэл гэж хийгддэг. Эдгээрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, орон нутагт өөр бусад асуудлаар шүүхийн маргаан хянагдаж байгаа бол тусгай зөвшөөрлийн хугацааг түдгэлзүүлэхээр шүүхээс захирамж ирсний дагуу шүүхийн маргааны хугацаагаар тусгай зөвшөөрлийн хугацааг  нөхөн тооцдог. Гэтэл энэ талаарх нотлох баримт, хүсэлтийг ирүүлээгүй байж тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцох ёстой гэж тайлбарлаж байна. Ашигт малтмал, газрын тосны газраас шүүхийн маргаантай байгаа эсэхийг мэдэх боломжгүй байсан.

 

 Мөн байгаль хамгаалах төлөвлөгөөгөө орон нутагт батлуулж, дүгнэх ёстой асуудлаа Ашигт малтмал, газрын тосны газартай холбоотой маргаан мэтээр тайлбарлаж хууль зүйн үндэслэлгүй юм.  Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн системд нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн бүртгэл нь хугацаа сунгах төлөвтэй байж байгаад энэ агуулгаар хугацаа нь дуусгавар болсон. Яагаад дуусгавар болсон бэ гэвэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан материалыг ирүүлээгүй учраас хуульд заасны дагуу дуусгавар болсон. Нэгэнт тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан байхад шийдвэртэй маргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.Нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2021/9 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцуулах хүсэлт гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 8/210 тоот албан бичгээр хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс хүчин төгөлдөр хугацаа нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болсон гэсэн хариуг өгчээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд хавсаргах баримт бичгийн жагсаалтыг, мөн хуулийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэжээ.

2.Нэхэмжлэгчээс “шүүхийн удаа дараагийн маргаанаас улмаас тусгай зөвшөөрлийг бодитоор эзэмших боломжгүй байсан, өмнө нь мөн үндэслэлээр нөхөн тооцсон” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаагүй” гэж тус тус маргажээ.

3.Төв аймгийн Алтанбулаг сумын нэр бүхий 3 иргэнээс Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад холбогдуулж 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээр оролцжээ.

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 340 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 423 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 419 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

5.Уг тогтоолыг үндэслэж Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 127 дугаар шийдвэрээр 2 дахь жилийн төлбөрийг шилжүүлэн тооцож байжээ.

6.Мөн нэхэмжлэгчээс Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдуулан 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгох, уг менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 523 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж тус тус шийдвэрлэжээ.   

7.Улмаар нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2021/9 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцуулах хүсэлт гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 8/210 тоот албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

8.Учир нь тусгай зөвшөөрлийн төгөлдөр хугацаа нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болохоор байхад хуульд заасан хугацааны дотор хүсэлтээ ирүүлээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан баримт бичигтэй холбогдуулж шүүхээр маргаж буй талаархи мэдэгдээгүй, байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй бөгөөд тухайн үйл баримтад тулгуурлаж тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь жилээс нөхөн тооцох ч хууль зүйн үндэслэлгүй.

9.Өөрөөр хэлбэл хуульд заасан хугацааны дотор нөхөн тооцуулах хүсэлтээ огт хүргүүлээгүй атлаа тусгай зөвшөөрлийн төгөлдөр хугацаа дуусгавар болсноос 10 сар 19 хоногийн дараа / 2021.02.03-2021.12.22 өдөр хүртэл/ нөхөн тооцуулах хүсэлт гаргасан, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй эс үйлдэхгүй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн татгалзал хуульд нийцжээ.

10.Нөгөөтэйгүүр нэхэмжлэлд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/08 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст мэдэгдэж байсан гэж дурьдсан боловч уг баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин хугацаа сунгуулах хүсэлтүүдийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2021/01, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2021/04 тоот албан бичгээр гаргасныг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 791 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг тус тус баримтлан “М м п***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын  хэлтсийн  даргад  холбогдох

 

 

 “М м п” ХХК-ийн ХV-19909 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь жилээс нөхөн тооцохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 8/210 тоот хариу хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь жилээс нь нөхөн тооцохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ