Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2018/01199

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2018/01199

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А-т холбогдох

15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн Засаг дарга *******, ******* ГҮТББ-ын Орхон аймаг дахь салбарын тэргүүн ******* нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ-ний дагуу гарын авлага хэвлүүлэх, жолоочийн анхааруулах наалт хэвлүүлэх, жолооч нарын дунд сургалт зохион байгуулах зардалд Засаг даргын нөөц сангаас 15 000 000 /Арван таван сая/ төгрөгийг олгосон. Гэтэл *******,******* нар нь дээрх мөнгийг гэрээнд зааснаас өөрөөр буюу 29 хүний аялалын зардалд зарцуулж, зориулалт бусаар үрэгдүүлсэн болох нь эрүүгийн ******* дугаартай хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон.

Түүнчлэн *******,******* нар нь "өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна... хохирогчийн зүгээс гаргах нэхэмжлэлийг бүрэн барагдуулахад татгалзах зүйлгүй... гэсэн мэдүүлэг, хүсэлтийг Цагдаагийн газарт гаргасан, гэм буруу болоод хохирлын талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 15 000 000 / арван таван сая/ төгрөгийг бүрэн нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 5/98 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр*******, ******* нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй бөгөөд төрийн байгууллагад учруулсан хохирлыг өнөөдрийг хүртэл нөхөн төлөөгүй байна.

Тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 691 дугаартай шийдвэрээр ******* ГҮТББ-аас 15 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болж, гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн байна. ******* ГҮТББ-ын тэргүүн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хянаад 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 73 тоот шүүхийн тогтоолоор 691 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг хэргийн хариуцагч ******* ГҮТББ-ын Орхон аймаг дахь салбар татан буугдсан тул хариуцагч *******аас дээрхи 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг дарга асан *******,******* хоёр нь Төрийн бус байгууллагын данс байвал туслаач гэж гуйсан. Тэгээд би энэ хоёр нөхөрт хэлж байсан, арыг хэн даах вэ гэж асууж байсан үнэн. Засаг дарга асан өөрөө нэг төсөв бичээд дансаараа энэ 15 сая төгрөгийг гаргаад өгөөч дээ гэсэн юм. Би*******т 15 сая төгрөгийн 3 сая төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн. 12 сая төгрөгийг******* өөрөө Монгол аялал компанид шилжүүлж өгөөрэй гэсний дагуу төрийн бус байгууллагын дансаар шилжүүлсэн юм. Энэ талаар АТГ-аас шалгасан, Орхон аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт авч, эрүү үүсгэсэн. Тэгээд шалгалтаар би ямар ч мөнгө аваагүй, дансаа ашиглуулсан гэж буруутгагдсан нь үнэн болно. Энэ мөнгийг******* авч 30 хүн аялалд явуулсан юм. Энэ бүхэн батлагдаад******* 15 сая төгрөгийг төсөвт буцаан хийхээр болсон юм. Өөрөө надад ам өчиг өгсөн шүү дээ. Дангаасүрэн, Цэдэв хоёр төлнө гэж амласан болно. 2016 оны 05 дугаар сард Улаанбаатар хотын тэргүүн, өмгөөлөгч хоёр ирж энэ төрийн бус байгууллагын гэрчилгээ, тамгыг надаас хураан авсан болно. Энэ 15 сая төгрөгийн 12 сая нь бэлэн байна.*******ээс 3 сая төгрөгийг гаргуулж авах ёстой гэв.

Шүүх зохигчдын тайлбар хавтаст хэрэгт ирүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХнь:

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ГҮТББ-ын Орхон аймаг дахь салбар, тэргүүн *******т холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ-ний дагуу Засаг даргын нөөц сангаас олгосон 15 000 000 төгрөгийг зориулалт бусаар ашигласан, завшиж үрэгдүүлсэн тул нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 691 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагч ******* ГҮТББ-аас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болж биелэгдсэн байна.

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо ГҮТББ-ын тэргүүн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 691 дугаартай шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан тул 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 73 дугаартай шүүхийн тогтоол гарч тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 691 дугаартай шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр болсон байна.

Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч ******* ГҮТББ-ын Орхон аймаг дахь салбар, тэргүүн *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчийг иргэн *******аар солих тухай хүсэлт гаргасан ба үндэслэлээ салбар нь татан буугдсан, иргэн*******ийг хамтран хариуцагчаар оролцуулах шаардлагагүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй,******* хамтран хариуцагч байх ёстой гэж мэтгэлцэж байна.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, төрийг төлөөлөн оролцож байгаа прокурорын тайлбарыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

******* ******* ******* ГҮТББ-ын Орхон аймаг дахь салбарын тэргүүн ******* нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ-г бичгээр байгуулжээ. /хх 10-11/

Уг гэрээний дагуу Төрийн бус байгууллага нь гарын авлага, жолоочийн анхааруулах наалт хэвлүүлэх, жолооч нарын дунд сургалт зохион байгуулах ажлыг эрхлэн гүйцэтгэх, Засаг дарга нөөц сангаас 15 000 000 төгрөгийг олгох үүрэг хүлээсэн байх бөгөөд Засаг дарга 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 12 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 3 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн байна.

******* ГҮТББ-ын Орхон аймаг дахь салбарын тэргүүн ******* дээрх мөнгийг гэрээнд зааснаас өөрөөр буюу зориулалтын бусаар 29 хүний аялалын зардалд зарцуулж үрэгдүүлсэн болох нь тогтоогдсон байна. /хх 49-50/  

Тодруулбал:*******, ******* нарын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 5/98 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх 3-5/

******* ГҮТББ-ын 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 02/31 дугаартай албан бичигт ...Тус байгууллагын Орхон аймаг дахь салбарын тэргүүнээр ажиллаж байсан *******ийг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, салбарын гэрчилгээ, тамгыг хураан авсан гэжээ.

Нэхэмжлэгч нь салбар татан буугдсан учир иргэн *******аар хохиролыг нөхөн төлүүлэхээр хариуцагчийг солих тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******т гардуулсан байна.

Хариуцагч ******* 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан ******* өөрийг нь дуудаад дансаа ашиглуулаач, 15 000 000 төгрөг шилжүүлж гаргаж аваад ардчилсан хувьсгалын партизан 29 хүнийг Бээжинд аялуулах гэж байгаа юм гэсний дагуу дансаа өгч, шилжүүлсэн 12 000 000 төгрөгийг Монгол аялал компанид дансаар, 3 000 000 төгрөгийг*******т бэлнээр гаргаж өгсөн надад хамаагүй би мөнгө аваагүй, гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж байгаа боловч дээрх үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадахгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэргийн материалаас хуулбарлан авсан нотлох баримтын шаардлага хангасан гэрээ гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс төрийн сан гүйлгээ хийхдээ гэрээ болон захирамжийг үндэслэдэг тул гэрээ байгуулаагүй гэсэн хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд уг үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******аас 15 000 000 төгрөг гаргуулан Орхон аймгийн Засаг даргын нөөц санд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч *******аас 232 950 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А-с 15 000 000 /арван таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О-д оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Б.А-с 232 950 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ