| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 188 |
| Дугаар | 2025/ШЦТ/248 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/248
2025 01 22 2025/ШЦТ/248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Б** Тойн овогт Б**********ын Хт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403000001007 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 19** оны 6 дугаар сарын 21-ний өдөр *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй, ам бүл **, **, * хүүхдийн хамт **** дүүрэг 11 дүгээр хороо *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б** Тойн овогт Б**********ын Хатанбаата.р /ТЗ89062174/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “ ..10 дугаар сарын 17-ны өдөр автобус гарахгаад зам тавьж өгөх гэж байхад ухарах үйлдэл хийх гэж байхад гэнэт нэг хүн зам дээр гараад ирсэн.. ” гэв.
Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-11 дэхь тал/
Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 65,70 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д******гийн “ ... Тэр өдөр би 15 цагийн үед түгээлтийн жолооч Өлзийнсайханы хамт Драгон төв руу очиж хөдөө орон нутаг руу түгээдэг эм тариагаа өгхөөр очоод Драгон төвийн баруун талын автотээврийн автобус зогсдог зогсоолын баруун талд буюу Шунхлайн ШТС-ийн урд зам байгууллагынхаа машиныг тавиад арын хаалгаа онгойлгоод түгээлтийн жолооч Өлзийнсайхан бараагаа буулгаад автобус руу зөөж дуусаад сүүлийн нэг нэг хайрцагтай юм үлдхээр нь бид хоёр нэг нэг нь өргөөд автобусанд тавихаар явж байсан намайг юмаа өргөөд явж байхад нэг автобус авто вокзалаас гарах гээд зогсож байсан тэр автобусны хаалтнаас нэлээн урагшаа төв замруугаа хараад нэг суудлын жижиг машин зогсож байсан бид хоёр тэр машины араар нь гархаар явсан Өлзийнсайхан түрүүлж тэр машины араар гараад би араас нь гарах гэж байхад нөгөө зогсож байсан машин гэнэт ухраад намайг шахаад автомат хаалтаар гарах гэж байсан автобустай нийлүүж шахсан тухайн үед миний барьж явсан юмны хайрцаг задраад миний баруун, зүүн талын хоёр гар, ташаа автобус машины дунд шахагдсан.
Тэр үед тэнд явж байсан нэг эгч нөгөө ухарч байсан машины жолоочийг хөөе хүн мөргөчихлөө гэсэн би бас ёолох үед нөгөө машин ухархаа болиод урагшилхаар нь би тэр машин автобус хоёрын завсраас гараад тэр үед манай жолооч ирээд бид хоёр хайрцагтай юмаа автобусанд тавьж явуулсан тэгээд буцаж ирээд нөгөө мөргөсөн машины жолоочтой уулзаад цагдаа болон 103-д дуудлага өгсөн 103 ирж намайг үзээд чи гэмтэлд үзүүлэхгүй бол болохгүй.
Би энэ ослоос өмнө биедээ гэмтэл бэртэл авч байгаагүй. Би өөрийн эмчилгээний зардалд нийт яг хэдэн төгрөг зарцуулагдсаныг мэдэхгүй байна. Мөргөсөн жолоочоос тэр осол болдог өдөр гэмтлийн эмнэлэг дээр очоод томографийн төлбөр, өвчин намдаах эм, кальц, барагшуун, нурууны бүс авч өгсөн тэрнээс хойш тусламж дэмжлэг үзүүлээгүй....” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дахь тал/,
Гэрч Ж.Ө*****ы “... 2024 оны 10 дугаар сарын 17-ны би ажилын газрын Дэлэгэрмаагийн хамт хөдөө орон нутаг руу явуулах эм тариа Драгон дээрээс орон нутгийн автобусанд тавьхаар өдөр 15 цагийн үед Драгон дээр очоод бид хоёр машинаа Шунхай ШТС-ийн урд талын зам дээр машинаа тавиад хоёр хайрцагтай юмыг нэг нэгээр нь Д****** бид хоёр өргөөд автобусанд тавьхаар явхад Драгоны авто вокзалаас 16 цагийн Эрдэнэтийн автобус гарах гээд зогсож байсан тэр автобусны зүүн талд нэг цагаан өнгийн Toyota prius маркийн 19-86 УНЕ улсын дугаартай машин хөндөлдөөд зогсож байсан гарц хаагаад тэр автобус машин хоёрын хооронд зайтай байсан хүн гархаар би түрүүлээд автобус машин хоёрын дундуур гараад миний араас Д****** гарч байхад нөгөө зогсож байсан машин ухрааад Д******г автобустай хачуулсан хүн мөргөчихлөө урагшлаарай гэхэд тэр машины жолооч урагшлахдаа миний унаж явсан хүргэлтийн машиныг бас мөргөсөн.
Д****** бид хоёр нөгөө машиныг урагшлахад нь харцагтай юмаа автобусанд тавьчихаад буцаж ирээд нөгөө мөргөсөн машины жолоочтой уулзаад цагдаа болон 103-д дуудлага өгсөн. Тэр үед зам ачаалалгүй, ямар нэгэн халтиргаа гулгаагүй, үзэгдэх орчин чөлөөтэй, замын ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч С.С*****ийн “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Д****** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 497.082 төгрөг гарсныг яллагдагч Б.Хаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020*** дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1**7 дугаартай:
“1. Э.Д******гийн биед бүсэлхийн 3 дугаар нугалмын зүүн хөндөн сэртэнгийн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт. /хэргийн 22-23 дахь тал/
Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 100** дугаартай дүгнэлтийн хуудас /хэргийн 29-35 дахь тал/,
Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1366 дугаартай “ ... 2.1. Жолооч Б.Х нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.14. Бусдад саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2.2. Явган зорчигч Э.Д****** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэсэн магадалгаа /хэргийн 39-42 дахь тал/
Б.Х*** яллагдагчаар өгсөн “... Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж ярих зүйлгүй, би тухайн үед ухрах үйлдэл хийж байсан юм. Явган зорчигчийг хараагүй, Нэг талын толиндоо харчихаад ухарч байсан юм. Нөгөө талын толь болон ухрах камертйй хараагүй...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 53 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Драгон төвийн баруун талын Шунхлай ШТС-ын урд замд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд Toyota Prius маркийн 19-86 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Д******г мөргөж эрүүл мэндэд нь бүсэлхийн 3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, гуянд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Х нь Toyota Prius маркийн 19-86 УНЕ улсын дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийгээгүйн улмаас Э.Д******г мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.
Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Хохирогч Э.Д******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13767 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Д****** 542,496 төгрөгийн баримт гаргаж өгсөн.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад “Сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар хүснэгтээр зэрэглэлийг тогтоож” хохирогч Э.Д****** хүлээн зөвшөөрсөн байх ба шүүгдэгчийн зүгээс хохирогчид нийт 6,985,000 төгрөг өгсөн, хохирогч Э.Д****** нь “... цаашид өөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй ...” гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Э.Д****** нь 497,082 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн Эрүүл мэндийн яамны тодорхойлолтоор тогтоогдож байгаа ба уг хохирлыг шүүгдэгч Б.Х нь төлсөн байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн саналыг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б** Т-*** овогт Б**********ын Хыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Х баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ