2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/297

 

 

 

 

 

 

 

 

 2025          01          29                                              2025/ШЦТ/297

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Ганбаатар, Ц.Дашдолгор,

улсын яллагч С.Алтай,

шүүгдэгч Н.С***********,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Т********* овогт Н*********ын С***********г холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2410029751*** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19** оны 02 дугаар сарын **ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, програмист мэргэжилтэй, борлуулалтын ажил хийдэг гэх, ам бүл *, эхнэр * хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн * дугаар хороо, *** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Т********* овогт Н*********ын С***********. /******/

 

Шүүгдэгч Н.С*********** нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хорс моторс" үйлчилгээний төв дотор байрлах "Тотал маркетинг эйжэнси" ХХК-ийн "Ти-моторс" автомашин худалдан борлуулах худалдааны төвийн борлуулалтын ахлах зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа өөрийн ажил, албанд ашигладаг буюу итгэмжлэн хариуцуулж өгсөн "Dell inspiron" маркын нотебоок, "Lenovo" маркын Thinkpad, "I phone-14 pro max" маркын гар утас, "I phone" гар утасны цэнэглэгч, "І phone" гар утасны цэнэглэгч зэргийг хувьдаа завшиж 7,495,200 төгрөгийн хохирол учируулж "Эд хөрөнгө завших" гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэцүүлэгт Н.С*********** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б*********** мэдүүлэхдээ: “ ... С*********** 2024 оны 6 сарын 25 өдөр Т-моторсын оффисе дээр байрлан ажиллаж байхдаа Dell брендийн нотебүүк, Lenovo брендийн нотебүүк, айфоне промакс 14 маркийн гар утас зэргийг зөвшөөрөлгүй авч явсан.

Залгаад хэлэхээр удахгүй авчирч өгнө гэж хэлсээр өдийг хүрсэн. Гар утас тогтворжуулагчийг авчирч өгсөн үүнийг нэхэмжлэхгүй. Гар утас болон 2 нотебүүкийг барьцаалан зээлдүүлэх газар тавиад хураалгасан. Эдгээрийн мөнгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б***********ын мөрдөн байцаалтад өгсөн “... Манай компани ажилчиддаа эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулж өгдөг. Ти моторсын ажилчдын хувьд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг нэг нэгэндээ дамжуулж өгөх, хувааж хэрэглэхийг хориглосон зохицуулалт байхгүй, гэхдээ ажилчид өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөрөө хэрэглэх л үүрэгтэй байдаг.

Ажилчид ажлын шаардлагаар итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хоорондоо солилцож хэрэглэхийг, хувааж ашигладаг байхыг үгүйсгэхгүй. Манай компанийн хувьд ажилчид итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг ажлын байрнаас авч явахыг, хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглодог.

Манай компанийн эд хөрөнгө болох Н.С***********гийн авч явсан хоёр нөүтбүүкэнд компанийн бизнесийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, ноу хау зэрэг мэдээлэл агуулагдаж байгаа, энэ мэдээлэл олон нийтэд тарсан тохиолдолд компанийн бизнесийн үйл ажиллагаанд эдийн засгийн хор хохирол учрах эрсдэлтэй. Хэрэв уг мэдээлэл тарсан тохиолдолд эдийн засгийн хор хохирол учирна. Уг хор хохирлыг Н. С***********гаас нэхэмжилж төлүүлэх болно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 156-159 дэх тал/,

 

Гэрч Ж.Т**************ын "Би "Тотал маркетинг эйжэнси" ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд ерөнхий захирлаар ажилладаг юм. Манай компани 2023 оны 10 сараас "Ти-моторс" автомашин худалдан борлуулах худалдааны төвийг байгуулахаар бэлтгэл ажил хийж эхэлсэн юм.

Тэгээд 2024 оны 02 дугаар сард "Ти моторс"-ийн үзэсгэлэнгийн өрөөг Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг "horse motors" худалдааны оффисын 2 давхарт байгуулж, автомашин худалдан борлуулах үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.

Тэгээд 2024 оны 03 дугаар сард манай компанид борлуулалтын ахлах зөвлөхөөр Н.С***********г ажилд авсан бөгөөд туршилтын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. "Ти моторс" 1 борлуулалтын ахлах ажилтан, 2 борлуулалтын зөвлөх гээд нийт 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Тэгээд борлуулалтын ахлах зөвлөхөөр ажилд орсон учраас компаниас Н.С***********д 1 нөүтбүүк, ай фоне 14 промакс, гар утас тэнцвэржүүлэгч /гар/, микрофон зэргийг хүлээлгэж өгсөн юм. Тэгээд Н.С*********** нь ажилд ороод удаагүй байхдаа байгууллагын хүлээлгэж эд хөрөнгийг байгууллага дээр үлдээхгүй авч яваад, авчирч өгөхгүй байсныг мэдсэн юм. Тэгээд Н.С***********тай утсаар ярихад "би өөрийнхөө борлуулалтын зөвлөхийн нөүтбүүкийг аваад явчихсан надад байгаа, маргааш авчираад өгье" гэж хэлсэн юм.

Тэгээд Н.С*********** нь авч явсан байгууллагын эд хөрөнгийг хэлсэн хугацаандаа авчирч өгөөгүй нэлээн удааж байгаад авчирч өгч байсан юм. Тэгээд авчирч өгчихөөд хэсэг хугацааны дараа өөрт нь өгсөн нөүтбүүк 1 ширхэг, борлуулалтын зөвлөх Улсболдод хүлээлгэж өгсөн нөүтбүүк, бичлэг хийх зориулалттай "ай фоне 14 промакс", гар утасны гар, цэнэглэгч, шилжүүлэгч зэргийг аваад явсан байсан бөгөөд Н.С***********г байгууллагын эд хөрөнгө хэзээ авч явсныг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд Н.С***********г байгууллагын эд хөрөнгө авчирч өгөх талаар удаа дараа хэлэхэд надад байгаа өгнө л гэж хэлэхээс өнөөдрийг хүртэл авч явсан нөүтбүүк, ай фоне 14 промакс зэрэг гар утсыг эргүүлж өгөөгүй байна.

Ти-моторсын үзүүлэнгийн өрөөнд очихоор нөүтбүүк байхгүй, бичлэг хийх гар утас байхгүй байдаг байсан бөгөөд бичлэг лайваа хийхгүй, ажлаа хийхгүй байна гээд борлуулалтын зөвлөхүүдэд шаардлага тавихаар Н.С*********** нөүтбүүк, гар утас зэргийг аваад явчихсан, тэгээд нэхээд байж байна, тоног төхөөрөмж байхгүй учраас лайв бичлэг хийж, автомашиныхаа бичлэгийг дэлгэцэн дээр явуулах боломжгүй байна гэж хэлж байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24 дэх тал/,

 

Гэрч Т.У**************ын “Н.С*********** нь 2024 оны 03 дугаар сарын эхээр борлуулалтын ахлах зөвлөх гэх албан тушаалаар анх ажилд орсон. Худалдааны ахлах зөвлөх нь 2 борлуулалтын зөвлөх ажилтныг хариуцаж ажилладаг. 2024 оны 03 дугаар сарын дундуур Т Моторсыг хариуцаж ажиллаж байсан төслийн менежер Жаргалмаа төслөө хамгаалаад төсөл нь батлагдсан учраас ажлаа хүлээлгэж өгөөд ажлаасаа гарсан.

Тэгээд R********** ажлаасаа гарсанаас хойш С*********** төсөл хариуцаж Т. Моторсыг хариуцаж ажилж эхэлсэн юм. Бид нар борлуулалтын үйл ажиллагаа явуулахдаа компаны тоног төхөөрөмжийг ашигладаг. Компани дээр хувийн тоног төхөөрөмж ашигладгүй. Миний хувьд орчуулгийн ажил хийдэг байсан учир Lenovo маркийн зөөврийн компьютерийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр миний нэр дээр хүлээлгэж өгсөн юм. Худалдааны зөвлөх ажилтанууд компани дээр суурин компьютер ашигладаг юм. Худалдааны ахлах зөвлөх ажилаа явуулахдаа компаниас ямар тоног төхөөрөмж хүлээлгэж өгдөгийн нарийн сайн мэдэхгүй байна.

Тухайн үед компаниас С***********д төслийн менежерийн ашиглдаг байсан тоног төхөөрөмжийг 2024 оны 03 дугаар сарын дундуун хүлээлгэж өгч байсан. Хүлээлгэж өгсөн тоног төхөөрөмжинд утас тэнцвэржүүлэгч, Iphone 14 pго тах, микрофон, зөөврийн компьютер зэргийг хүлээлгэж өгч байсан юм. Би компаниас хүлээлгэж өгс зүйлсийг хувийн хэрэгцээндээ ашиглаж байгаагүй. Миний хувьд гэрээн дээр компаний эд зүйлийг компаниас авч гарч болохгүй гэсэн заалт байдаг санагдаж байна. Миний хувьд ажилаас хүлээлгэж өгсөн Lenovo маркийн зөөврийн компьютерийг ажил дээрээ үлдээгээд явдаг байсан юм. Миний ашигладаг байсан зөөврийн Lenovo маркийн зөөврийн компьютерийг Н.С*********** 2024 оны 06 дугаар сарын эхээр авч явсан байсан юм.

Тухайн үед би Н.С*********** руу залгаад асуухад чиний зөөврийн компьютерийн 32-ын салбар дээр бичлэг янзална гэж хэлээд аваад явсан байсан. Одоо болтол миний ашигладаг байсан зөөврийн компьютер Н.С***********д байгаа бөгөөд ажлаас гарах тойрох хуудас зуруулахад надад хүлээлгэж өгсен Lenovo маркийн зөөврийн компьютер байхгүй байгаа учир миний тойрох хуудас одоо болтол дуусаагүй байгаа юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28-29 дэх тал/

 

Гэрч Т.Б************ын "... Лоло ломбарданд ажлаа хийгээд байж байсан юм. Тэгээд тухайн өдрийн 17 цагийн үед 90300270 дугаараас дуудлага ирээд Хан-Уул дүүрэгт байдаг Шинэ яармаг хорооллоос эд зүйл барьцаанд тавьж зээл авах гэсэн юм, өөрөө очих боломжгүй байгаа болохоор танай ломбард ирээд үзээд зээл олгоочээ гэж ярьсан юм.

Тэгээд би яармаг учраас хаачихаад орой очно гэж тухайн утсаар ярьсан хүнд хэлсэн юм. Тэгээд би ломбардаа 22 цагт хаачихаад яармагт байдаг шинэ яармаг хороолол руу очсон юм. Тэгээд шөнийн 00 цагийн орчимд очоод 90300270 дугаар луу залгасан бөгөөд нэлээн удаж байж гарч ирсэн юм.

Тэгээд тухайн барьцаанд тавих гэж байгаа эд зүйлийг үзэхэд Dell маркын 15 загварын хар өнгийн нөүтбүүк байсан юм. Тэгээд би Н*********ын С*********** гэх хүний бичиг баримтыг хараад тухайн нөүтбүүк нь цүнхгүй, зөвхөн цэнэглэгчтэй байсан учраас 900,000 төгрөгийн зээл олгох боломжтой гэж хэлсэн юм. Тэгээд би Н.С***********тай 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шөнийн 00-01 цагийн орчимд 900,000 төгрөгийг dell маркын 15 загварын нөүтбүүкийг цэнэглэгчийн хамт 7 хоногийн хугацаагаар зээл олгохоор болж, барьцаат зээлийн гэрээ байгуулсан юм. Тэгээд барьцаат зээлийн гэрээний хугацаа 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дууссан бөгөөд би Н.С***********гийн 90300270 дугаарын утасруу залгаж, мессеж бичиж, компьютерийг нь заралгүй, хураалгүй хүлээсэн бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хүлээсэн юм. Тэгээл Н.С*********** нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 7 хоногоор зээлээ сунгасан юм. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд би Н.С***********гийн утасруу олон удаа залгаж, мессеж бичсэн бөгөөд сүүлдээ утсаа авахгүй больчихсон юм. Тэгээд би барьцааны эд зүйлийг худалдан борлуулах талаар өөрт нь олон удаа сануулж хэлсэн бөгөөд гэртээ асуудалтай, хувийн асуудалтай байна гэхээр нь хүлээдэг байсан. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 06- ны өдөр маргааш сүүлийн хүлээлт шүү гэж мессеж явуулахад за баярлалаа гэж хариу ирсэн бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр эд зүйлээ эргүүлж авах юм уу, Зээлийн гэрээний хугацаа сунгаагүй учраас байгууллагынхаа дотоод журмын дагуу 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хураан авч, худалдан борлуулах шийдвэрийн дагуу худалдан борлуулсан юм...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-33 дахь тал/

 

Гэрч Э.Б**************ын "... Би Хан-Уул дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Real good time" барьцаалан зээлдүүлэх газар 2024 оны 03 дугаар сараас хойш ажиллаж байгаа юм. 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Н********* овогтой С*********** нь ай фоне 14 промакс гар утсыг 1,800,000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй барьцаалан зээл авсан юм. Зээлийн гэрээний хугацаа 7 хоног байсан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дууссан. 18 хоногийн хүлээлгийн хугацаанд байлгаж байгаад 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгууллагын дотоод журмын дагуу хураан авсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-36 дахь тал/,

 

"Виннэрвэй Үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Х-8/2 дугаартай шинжээчийн дүгнэлт / хэргийн 41-49 дэх тал/,

 

Н.С***********н яллагдагчаар өгсөн “... Би тухайн үнэлгээгээр тогтоогдсон үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 166 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Н.С*********** нь "Тотал маркетинг эйжэнси" ХХК-ийн "Ти-моторс" автомашин худалдан борлуулах худалдааны төвийн борлуулалтын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан ба байгууллагаас өөрт нь албан хэрэгцээд ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн "Dell inspiron" маркын нотебоок, "Lenovo" маркын Thinkpad, "I phone-14 pro max" маркын гар утас, "I phone" гар утасны цэнэглэгч, "І phone" гар утасны цэнэглэгч зэргийг хувьдаа завшиж 7,495,200 төгрөгийн хохирол учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Н.С*********** нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хариуцаж буй байдлаа урвуулан ашиглаж, захиран зарцуулсан идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч байгууллага болох Тотал маркетинг эйжэнси ХХК-д бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд түүний завшсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.С*********** нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7,495,200 төгрөгийн хохирол учирсан болох нь үнэлгээгээр тогтоогдсон тул шүүгдэгчээс уг төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч Н.С*********** нь шүүхээс хохирол төлбөрөө төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан хугацаанд 400,000 төгрөг төлсөн байна.

Иймд шүүгдэгчээс 7,095,200 төгрөгийг гаргуулж хохирогч Тотал маркетинг эйжэнси ХХК-д олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ

Шүүгдэгч Н.С***********н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэгдэл хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, орлогийн байдлыг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал   

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т********* овогт Н*********ын С***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С***********г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.С*********** нь торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.С***********г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.С*********** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Н.С*********** нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б***********д 400,000 төгрөг өгсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.С***********гаас 7,095,200 төгрөг гаргуулж хохирогч Тотал маркетинг Эйжэнси ХХК-нд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан Н.С***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ