| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2025/0023/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/30 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Жамъяндорж,
хохирогч *******,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430002660315 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны ****** дугаар сарын*********ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн “*******”-ийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *******,
******* овогт ******* *******
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” зоогийн газарт иргэн *******г “ чи миний эхнэрийг зарж мөнгө олж байгаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хоолойг нь боох, түлхэж унагаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “ хүзүүний 3, 4 дүгээр нугалмайн хажуу сэртэнгийн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би эхнэртэйгээ уулзахаар очсон байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.
- Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2024 оны 08 сарын 14-ний өдөр энэ залуу буудлаар яваад байсан, би буудалд байгаа хүн байна гэж бодож байсан. Тэр залуу орой нэлээн согтуу орж ирэхээр нь би буудлын ажилтнаас асуусан чинь “энэ хүн буудалд ороогүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи буудалд ороогүй байж яагаад сэлгүүцээд яваад байгаа юм бэ” гэсэн. Тэгэхэд энэ хүн бүх өрөөний хаалгыг татаад явсан. Тэгэхээр нь хүмүүс амарсан байна гэхэд “манай эхнэр байгаа, чи яагаад манай эхнэрийг зарж мөнгө олдог юм бэ” гэсэн. 206 тоот өрөөнд байсан нэг хүүхэдтэй хүүхэн “эгчээ на хүнээ холдуулаач” гэж хэлсэн. Тэгээд хүүхэд нь дуугарсан чинь “манай хүүхэд энд байна би ийшээ орно” гээд хаалга мөргүүлээд түлхэж унагаасан. Намайг буйдан руу хэд хэдэн удаа түлхэж унагаасан. Би дийлэхгүй юм байна гэж бодоод цагдаа дуудаад цагдаа яваад явсан. Намайг хэл амаар доромжилж байсан, тухайн үед маш их гомдсон, ээж шигээ хүнийг ингэж хэлж, доромжилсон. ******* намайг гэмтээсэн хүн мөн. *******ын эхнэр манайд ажилладаггүй. Би хот руу хэд хэд очиж үзүүлсэн. Онлайнаар эм тариа захиалсан тул шуудангийн баримт байхгүй. Би саяхан хот руу явж дүгнэлт хийлгэсэн. Энэ хүнийг шоронд явуулах бодолгүй, залуу хүнийг хайрлаж байна. Харин надад тогтоогдсон хохирлыг гаргаж өгвөл гомдолгүй. Одоо миний хүзүү хөдлөхгүй байгаа, миний толгой өвдөж байгаагүй, энэ хэргээс хойш өвддөг болсон...гэв.
Эрүүгийн 2430002660315 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ын: Тэр үедээ л зоогийн газрын эзэн болох гэх эгчтэй муудаад буудлын 2 давхарт зууралдаад тухайн гэх эгчийг зоогийн газрын коридорт байдаг буйдан дээр түлхэж унагаасан байсан. Би маргааш өглөө нь “” зоогийн газар руу очиж гэх эгчтэй уулзаад өмнөх оройныхоо хяналтын камерын бичлэгийг үзсэн ” гэх мэдүүлэг/ хэргийн 63-65 дугаар хуудас/,
-Хохирогч *******гийн: Тухайн өдөр намайг 00 цагийн үед “” буудалдаа үүдний ресефшин суудаг хэсэгт сууж байхад нэг майктай согтуу залуу орж ирээд дээшээ 2 давхар руу буудал руу гараад явсан. Би тухайн хүнээс “юун хүн бэ” гэхэд “би буудалд байрлаж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ресефшин охин Урансайханыг дуудаад “энэ хүн буудалд байрлаж байгаа хүн юм уу?” гэж асуутал ресефшин охин “энэ хүн оройноос хойш буудлын хаалгаар шагайгаад яваад байгаа юм” гэж хэлсэн. Би ресторанаа хаачхаад дээгүүр согтуу хүн яваад байсан болохоор ажиглаад үүдэнд суугаад байсан. Уг залуу дээшээ гарахдаа” бүх өрөөгөөр орж үзнэ. Манай эхнэр энд байгаа” гээд явсан. Манай Урансайхан араас нь дээш гарсан. Тэгээд би араас нь гарахад тэр залуу бүх өрөөгөөр орж үзнэ гээд өрөөнүүдийн хаалга татаад байсан. Урансайхан бид хоёр болиулах гээд чадаагүй. Тухайн үед би боль гээд хувцаснаас нь чангаахад намайг түлхээд, мөн Урансайханыг бас түлхээд унагаагаад байсан. Миний хоолойг боогоод коридорт байдаг буйдан руу олон удаа унагаасан. Тэр үед л би эвгүй унаад хүзүүгээ гэмтээсэн байх. Мөн манай буудлын 206 тоот өрөө рүү орох гээд байхаар нь би болиулах гэтэл намайг толгойгоор хаалга 1-2 удаа мөргүүлсэн. Тухайн үед ******* гэх залуу “чи миний эхнэрийг зарж мөнгө олж байгаа” гэх зэргээр над руу орилж хэлэх хэлэхгүй хараал хэлээд байсан. Тэр залуу нэлээн согтуу байсан. 2 цагдаа ирээд авч явах гээд байхад дийлдэхгүй байсан. Миний толгойн хуйх хавдсан, тухайн толгойны хаван 20 гаран хоног байсан. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэгт рентгенд харуулахад хүзүүний 3, 4 дүгээр үений сэртэн яс хугаралтай гэж гарсан. Би гомдолтой байна. Миний сэтгэл санаад энэ хэргийн улмаас хохирол учирсан. Иймд дүгнэлт гаргуулна...гэх мэдүүлэг/ хэргийн 18-19 дүгээр хуудас/,
- Гэрч : Тухайн өдөр намайг “” зоогийн газар ажилд дээрээ байхад нэг согтуу залуу /******* гэх залуу/ 20 цагийн үед орж ирээд надад "манай эхнэр энд байгаа" гээд 2 давхрын буудал руу яваад орчихсон. Би араас нь дагаж 2 давхар руу гарахад тэр хүн өрөөнүүдийн хаалгыг татаж үзчихээд гараад яваад өгсөн. Шөнө нь 00 цагийн үед ******* гэх залуу ахиж манай ажил руу орж ирээд шууд 2 давхрын буудал руу дээшээ гарсан. Би араас нь дагаж гарахад цоожтой байсан өрөөнүүдийн хаалгыг татаж өрөөнүүдээр орж гараад, “манай эхнэр энд байгаа. Би эхнэр, хүүхэдтэйгээ уулзмаар байна” гээд яваад байсан. Тэр үед захирал 1 давхраас 2 давхар руу гарч ирээд бид хоёр тухайн согтуу залууг буудлаас гаргах гээд чадаагүй. Эхлээд над руу дайраад намайг түлхэж унагаагаад зууралдаж байхад захирал хажуунаас орж ирэхэд хүзүүнээс нь гараараа боогоод арагшаа түлхсэн. Тэр үед захирал арагш унахдаа буйдан руу унаад унахдаа хүзүүгээ эвгүй дарчихсан. Тэгээд дараа нь захирал цагдаа дуудаад, согтуу залууг авч явсан...гэх мэдүүлэг/ хэргийн 25-26 дугаар хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 298 дугаартай “1.*******гийн биед хүзүүний 3,4-р нугалмайн хажуу сэртэнгийн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 37-38 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1233 дугаартай “1. /РД:/-ийн сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд илэрсэн нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 44-46 дугаар хуудас/,
- Гэмтлийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн эмчийн дүгнэлт /хэргийн 35-36 дугаар хуудас/
- 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны “Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хэргийн 9-13 дугаар хуудас/,
- 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол / хэргийн 14 дүгээр хуудас/,
- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хэргийн 67 дугаар хуудас/,
- Хохирогчийн Сэтгэцэд учирсан хор уршгийн “Гуравдугаар зэрэглэл”-ийг тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хэргийн 77 дугаар хуудас/
- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа / хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас/
- Хохирогч *******гаас гаргаж өгсөн 1,432,8000 төгрөгийн хохирлын баримтууд,
- *******оос Эрүүл мэндийн даатгалын сангийн тоот дансанд 60,000 төгрөг шилжүүлсэн баримт зэрэг баримтууд болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* 2024 оны 08 дугаар сарын 14-ний шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “” зоогийн газарт иргэн *******г хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хоолойг нь боох, түлхэж унагаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “ хүзүүний 3, 4 дүгээр нугалмайн хажуу сэртэнгийн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
прокурорын яллах дүгнэлтэнд яллах талын нотлох баримтаар авагдсан болон шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “..Тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би эхнэртэйгээ уулзахаар очсон байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.”
хохирогч *******гийн “ 2024 оны 08 сарын 14-ний өдөр энэ залуу манай буудалд нэлээн согтуу орж ирэхээр нь би буудлын ажилтнаас асуухад “энэ хүн буудалд ороогүй” гэсэн. Би “чи буудалд ороогүй байж яагаад сэлгүүцээд яваад байгаа юм бэ, хүмүүс амарсан байна” гэхэд “манай эхнэр байгаа, чи яагаад манай эхнэрийг зарж мөнгө олдог юм бэ” гэсэн. 206 тоот өрөөнд нэг хүүхэдтэй хүүхэн “эгчээ та хүнээ холдуулаач” гэж хэлсэн. Тэгээд хүүхэд нь дугарсан чинь “манай хүүхэд энд байна би ийшээ орно” гээд намайг хаалга мөргүүлээд түлхэж унагаасан. Намайг буйдан руу хэд хэдэн удаа түлхэж унагаасан, би дийлэхгүй юм байна гэж бодоод цагдаа дуудаад цагдаа яваад явсан. Одоо миний хүзүү хөдлөхгүй байгаа, миний толгой өвдөж байгаагүй, энэ хэргээс хойш өвддөг болсон ” гэх,
гэрч “...Тухайн өдөр намайг “” зоогийн газар ажилд дээрээ байхад шөнө 00 цагийн үед ******* гэх залуу ахиж манай ажил руу орж ирээд шууд 2 давхрын буудал руу дээшээ гарсан. Би араас нь дагаж гарахад цоожтой өрөөнүүдийн хаалгыг татаж өрөөнүүдээр орж гараад, “манай эхнэр энд байгаа. Би эхнэр, хүүхэдтэйгээ уулзмаар байна” гээд яваад байсан. Тэр үед захирал 2 давхар руу гарч ирээд бид хоёр тухайн согтуу залууг буудлаас гаргах гээд чадаагүй. Эхлээд над руу дайраад намайг түлхэж унагаагаад зууралдаж байхад захирал хажуунаас орж ирэхэд хүзүүнээс нь гараараа боогоод арагшаа түлхсэн. Тэр үед захирал арагш буйдан руу унаад унахдаа хүзүүгээ эвгүй дарчихсан. Тэгээд захирал цагдаа дуудаад согтуу залууг авч явсан.” гэх,
шинжээчийн 298 дугаартай “...1. *******гийн биед хүзүүний 3,4-р нугалмайн хажуу сэртэнгийн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй.” гэх,
шинжээчийн 1233 дугаартай “1. /РД:/ -ийн сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд илэрсэн нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт,
Гэмтлийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн эмчийн дүгнэлт,
2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны “Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч *******гийн хүзүүнээс боож түлхэж унаган эрүүл мэндэд нь “хүзүүний 3,4-р нугалмайн хажуу сэртэнгийн хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
3. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “ Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" зоогийн газарт 2024 оны 08 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө 00 цагийн орчимд *******г "чи миний эхнэрийг зарж мөнгө олж байгаа" гэж үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар хоолойг нь боох, түлхэж унагаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүзүүний 3, 4 дүгээр нугалмайн хажуу сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хэргийн баримтаар нотлогдсон, тогтоогдсон дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах тул тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай” гэх дүгнэлт гаргасныг,
шүүгдэгч *******оос “Маргаан байхгүй. Хүлээн зөвшөөрч байна” гэж маргаагүй байна.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.
5. Энэ хэрэгт мөрдөгчөөс хохирогч *******д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн байна.
*******гийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар гарсан шинжээчийн 298 дугаартай “1. *******гийн биед хүзүүний 3,4-р нугалмайн хажуу сэртэнгийн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******д биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан шинжээрээ хүндэвтэр гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
6. Хэргийн баримтаас дүгнэхэд, шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч *******гийн эзэмшлийн зочид буудалд орж, буудлын бүх өрөөний хаалгыг татаж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зүй бус үйлдэл гаргаж, улмаар уг үйлдлийг болиулах оролдлого хийсэн хохирогч *******гийн хоолойг боож, түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
7. Шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь түүний хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тэрээр настай хүнийг түлхэснээр эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж хохирогч *******гийн хоолойг боож түлхэж унаган биед нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлдсэн хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.
8. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд энэ хэргийн хувьд хохирогч *******гийн эрүүл мэндэд “ хүзүүний 3,4-р нугалмайн хажуу сэртэнгийн хугарал бүхий” хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүнийг түлхэж унаган гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болно.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
2. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ. Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
3.Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчоос эмчилгээ хийлгэсэн болон замын зардлын нийт 1,432,800 төгрөгийн И- баримтыг шүүхийн шатанд гаргаж нэхэмжилснийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Тухайлбал, тэрээр Улаанбаатар хот эмчилгээ оношлогоонд автомашинаар явсан шатахууны зардалд 2024.08.13-нд 50,000 төгрөг, 2024.08.19-нд 50,000 төгрөг, 2024.08.19-нд 50,000 төгрөг, 2024.08.23-нд 70,000 төгрөг, ,2024.11.03-д Улаанбаатар хот явсан автобусны тасалбар 55,000 төгрөг, Интернэйшнл Медикал Сентер эмнэлгийн тусламж үйлчилгээд 2024.11.04-нд 214,000 төгрөг, 2024.08.20-нд 13,200 төгрөг, 2024.08.20-нд 65,000 төгрөг, 2024.08.20-нд 660,000 төгрөг, 2024.08.23-нд 40,000 төгрөг, 2024.11.06-нд Интермед эмнэлэгт тархины судасны дуплекс, эмчийн үзлэг нийт 164,000 төгрөг, нийт 1,432,800 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлсэн хийгээд эдгээр нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эдийн хохиролд хамаарах тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******оос гаргуулж, хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ.
4. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг,
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар Сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг тус тус баталсан бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 1233 дугаартай дүгнэлтээр хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлснээс 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх юм.
Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.
Шинжээчийн 1233 дугаартай дүгнэлтээр хохирогч ******* /РД:/ -гийн сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрсэн, энэ шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарахыг тодорхойлжээ.
Иймд дээрх дүгнэлт болон хохирогчийн бүрэн эдгэрээгүй гэх одоогийн эрүүл мэндийн байдлыг үндэслэн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж зааснаар шүүгдэгч *******оос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4,620,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ.
Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг” гэж шинэчлэн тогтоосон бөгөөд энэ нь 2025 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл мөрдөгдөх юм.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .
Хохирогч ******* дээрх гэмтлийн улмаас тус аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн болон эмнэлгийн үйлчилгээ авсан, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 60,000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан тухай 2024.1021-ний өдрийн 23/197 дугаартай албан бичиг, хавсралт /хэргийн 79-80-р хуудас/-аар, уг зардлыг шүүгдэгч ******* нь нөхөн төлсөн болох нь Эрүүл мэндийн даатгалын сангийн тоот дансанд 60,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны 2025.01.15-ны өдрийн баримтаар тогтоогдож байна.
6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Иймд хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, гэм хортой холбоотой болон цаашид гарах зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” ялтай байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийн нотлоход дэмжлэг үзүүлсэн, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчийн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэхэд зарцуулсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 60,000 төгрөгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй, анх удаа гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 800 (найман зуун ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга )төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг 13 мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 1,432,800 төгрөг гаргуулж хохирогч *******д олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч *******гийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******оос 4,620,000 төгрөгийг гаргуулан хохирогч *******д олгосугай.
8.Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгчээс эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрт 60000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хэрэгт ирүүлсэн “2430002660315” *******, камерын бичлэг” гэсэн бичвэртэй, 4 минут 35 секундсекундын бичлэгтэй, цагаан өнгийн Сиди бичлэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, гэм хортой холбоотой болон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН