2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/305

 

 

 

 

 

 

 

 

 2025          01          29                                            2025/ШЦТ/305

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,

улсын яллагч Э.Ууганзаяа,

шүүгдэгч С.А*************, түүний өмгөөлөгч Н.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц************* овогт С*************ын А*************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408002221064 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 19*** оны 11 дүгээр сарын **-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, бага боловсролтой, ам бүл *** **, ** *** хамт ** дүүргийн ** дугаар хороо, ** 25-** тоотод оршин суух хаягтай, одоо ** ** ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц************* ургийн овогт С*************ын А*************. /*************/

Шүүгдэгч С.А************* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн эгшиглэн” нэртэй караокед хохирогч Г.Мөнхбаярын хувцасны халаасанд байсан бэлэн 450,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А************* мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Гэмт хэргийн тадаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /хэргийн 8 дахь тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 8 дахь тал/,

 

Хохирогч Г.Мөнхбаярын “ ... 2023 оны 11 сарын 07-ны өдөр манай найз Балжинням руу нэг эмэгтэй залгаад Есөн эгшиглэн караокед байна хүрээд ир гэж ярьсан. Тэгсэн чинь Балжинням намайг хамт явья гээд байхаар нь би хэсэг бодож байгаад хамт явсан.

Тэгээд бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Есөн эгшиглэн" нэртэй караокед шөнийн 00 цаг болж байхад очоод тэр караоке рүү ороход 5 дугаар ширээн дээр Балжиннямын ажлын газрынх нь хоёр эмэгтэй сууж байсан ба бид хоёр тэр хоёр эмэгтэйтэй нэг ширээнд хамт сууж үйлчлүүлсэн ба бид дөрөв нийлээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн.

Тэгээд А************* гэх эмэгтэй нь архи ууж байгаад зүүн талын ширээний буйдан дээр хэвтээд унтаад өгсөн ба хэсэг хугацааны дараа босож ирээд гадуур хувцсаа өмсөөд хамт явж байсан эмэгтэйгээ явья гээд байсан ба нөгөө эмэгтэй нь А************* гэх найздаа хандаад би явахгүй ээ, жоохон байж байгаад хамт явья гээд куртикнээс нь татаад байсан чинь А************* гэх эмэгтэй уурлаад тэр хоёр хоорондоо маргалдсан.

Тэгээд манай найз бид хоёр тэр хоёр эмэгтэйгийн голд нь хаагаад суусан ба би урагшаа хараад сууж байсан. Тэр үед А*************тай хамт явж байсан эмэгтэй нь "хөөе чиний мөнгийг чинь А************* авчихлаа" гээд чангаар хэлэхээр нь би тэр эмэгтэйг согтуудаа л дэмий үглэж, хэрүүл хийгээд байгаа юм болов уу гэж бодоод нэг их тоогоогүй бөгөөд А************* гэх эмэгтэй миний куртикний дотор талын энгэрийн халаасанд байсан мөнгийг авч байсныг би тухайн үедээ анзаараагүй.

Тэгээд А************* гэх эмэгтэй гараад явсан ба бид нар ч бас гадуур хувцасаа өмсөөд гарах гэж байхдаа куртикнийхээ халаасыг шалгатал миний мөнгө байхгүй байсан. Тэгээд би баарны үйлчлэгч эмэгтэйд "мөнгө алга болчихлоо, камер шүүгээд өгөөч” гэсэн чинь одоогоор камер шүүх хүн маань байхгүй байна гэхээр нь би гараад явсан бөгөөд хоёр хоногийн дараа ирээд тухайн караокены хяналтын камерыг шүүлгэхэд А************* гэх эмэгтэй миний куртикний халаасыг ухаад дотор нь байсан 450.000 төгрөгийг авсан байсан нь хяналтын камерт бичигдсэн байсан.

Тэгээд миний мөнгийг авсан А************* гэх эмэгтэйг би хайж олоод, камерын бичлэг үзүүлтэл миний мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан бөгөөд цагдаагийн байгууллагад хандах гэхэд А************* надад хандаад "Би маргааш мөнгийг чинь найдвартай олоод өгье, намайг цагдаад битгий өгөөч, чиний мөнгийг би авсан нь үнэн" гээд гуйгаад байхаар нь би боломж олгоод цагдаад хандаагүй.

Түүнээс хойш А************* гэх эмэгтэй миний мөнгийг өгөөгүй, миний гар утасны дуудлагыг авахгүй байгаа бөгөөд тэр эмэгтэй одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, ажлаасаа гарсан байна. Би тухайн караокед байхдаа өөрийн куртикнээсээ бэлэн 450.000 төгрөг алдсан ба надад байсан мөнгө ихэвчлэн 20.000 төгрөгийн дэвсгэрт, 10.000 төгрөгийн дэвсгэртүүдээс тус тус бүрдсэн байсан. Миний мөнгийг А************* гэх эмэгтэй хулгайлж авсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-15 дахь тал/,

 

Гэрч Б.Балжиннямын “ ... Би 2023 оны 11 сард одоо ажиллаж байгаа газрынхаа нэг салбар буюу Грийн Фактори гэх салбарт нь ажиллаж байсан. Тэгээд 2023 оны 11 сарын 07-08-нийг шилжих шөнө надтай хамт ажилладаг байсан Мөнхжил гэдэг эмэгтэй над руу залгаад уулзья гээд дуудсан. Тэгээд би өөрийн найз Мөнхбаярын хамт Мөнхжилийн байгаа газар буюу Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Есөн Эгшиг нэртэй караокед үйлчлүүлэхээр очсон. Тэр караокед очиход манай салбарт цуг ажилладаг байсан А************* гэдэг эмэгтэй Мөнхжилтэй хамт байсан ба бид дөрөв нийлээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн.

Тэгээд намайг нэлээн согтсон байхад Мөнхжил, А************* хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан, тэгээд цааш нь юу болсоныг санахгүй байгаа бөгөөд тухайн караокенээс яаж гарч явсанаа санахгүй байна. Тэгээд өглөө нь Мөнхбаяр куртикнийхээ халаасанд байсан мөнгөө алдчихсан байна гээд тухайн караокений хяналтын камерыг шүүхэд А************* гэдэг эмэгтэй Мөнхбаярын халаасанд байсан мөнгийг авчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28 дахь тал/,

 

Гэрч О.Мөнхжилийн “... Би 2023 оны 11 сарын 07-ний орой өөрийн найз А*************тай хамт ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Есөн эгшиг караокед орж үйлчлүүлж байсан. Тэгээд бид хоёр хэсэг хугацаанд сууж байгаад Грийн Групп ХХК-д хамт ажилладаг Балжинням руу залгаж тухайн үйлчлүүлж байсан караокед дуудсан. Тэгсэн чинь Балжинням орой 23 цаг өнгөрч байхад өөрийн найз Мөнхбаяр гэх залуутай хамт ирсэн ба тэр хоёр зэрэгцэж суугаад, А************* бид хоёр мөн зэрэгцэж суугаад бид дөрөв хамт нэг ширээнд архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад бид дөрөв нэлээн согтуу болцгоосон.

Тэгээд А************* нэлээн согтоод ширээгээ дэрлээд унтчихсан ба хэсэг хугацааны дараа А************* намайг явъя гээд байхаар нь би явахгүй гээд бид хоёр бага зэрэг маргалдсан гэж санаж байна. Тэгээд хэсэг хугацааны дараа А************* түрүүлээд гараад явсан ба бид гурав араас нь гарах гэтэл Мөнхбаяр гэх залуу "миний куртикний халаасанд байсан мөнгө байхгүй байна" гээд Балжинням бид хоёрын куртикний халаасыг нэгжиж үзсэн боловч мөнгө нь гарч ирээгүй. Тэгээд би тухайн караокеноос гараад А*************тай уулзахад "Надад мөнгө байхгүй, хамаг мөнгөөрөө уучихлаа, таксины мөнгө байхгүй, танайд очоод хоноё" гэхээр нь би А*************ыг дагуулаад гэр рүүгээ хамт явсан.

Тэгээд такси бариад гэрт очоод буух гэтэл А************* "Би ингээд цаашаа гэр рүүгээ явчихъя, чи буу буу" гээд тухайн таксигаар цаашаа явчихсан, харин би гэртээ орсон. Тэгээд маргааш нь Мөнхбаяр над руу залгаад "Чи миний мөнгийг авчихсан байна, ирээд камер шүүгээд үз" гэхээр нь шөнө үйлчлүүлсэн Есөн эгшиг нэртэй караокед очоод Мөнхбаяртай хамт камер шүүхэд би тухайн үед өөрийнхөө куртикнээс нойлын цаас аваад А*************, Балжинням хоёр руу шидсэн байсан ба түүний дараа би тухайн нойлын цаасаа аваад нойл орохоор явсан байсныг Мөнхбаяр хяналтын камераас харахдаа намайг өөрийнх нь мөнгийг куртикнийх нь халааснаас аваад өөр рүү нь шидээд, буцаж тухайн мөнгийг нь аваад явсан байна гэж харсан байсан, тэгээд Мөнхбаяр камераа үргэлжлүүлж шүүгээд тухайн болсон үйл явдлыг дахиж нягталж, ойртуулж үзээд "нойлын цаас байсан юм байна уучлаарай" гээд цааш камераа үргэлжлүүлж шүүсэн.

Тэгсэн чинь А************* тухайн караокеноос гарахаасаа өмнө Балжинням, Мөнхбаяр бид гурвын куртикүүдийн халаасыг ухаад Мөнхбаярын куртикний халааснаас нь мөнгө аваад өөрийнхөө куртикний зүүн талын халаас руугаа хийж байсан хяналтын камерт бичигдсэн байсан.

Тухайн шөнө миний санаж байгаагаар А*************ын куртикний зүүн талын халаас нь урагдсан байсан ба түүнийгээ баруун гараараа бариад явж байсныг би санаж байна. Тэгээд дараа нь би А*************тай яриад "чи Мөнхбаярын мөнгийг нь авчихсан байна, надад итгэхгүй бол өөрөө ирээд үз" гэж хэлээд А*************ыг дуудаж авч ирээд камерийн бичлэг шүүлгэж үзүүлсэн. Тэгээд А************* Мөнхбаярын мөнгийг өгөхөөр болоод ярилцаж тохиролцсон. Тэгээд би 2024 оны цагаан сарын баярын үеээр А************* руу залгаад яриад Мөнхбаярын мөнгийг өгсөн эсэх талаар асуухад А************* "Би мөнгийг нь өгчихсөн өгчихсөн" гэж надад хэлсэн.

А************* тухайн үед цагаан сааралдуу өнгийн малгайтай, юүдэндээ цагаан саарал өнгийн үстэй, хар бараан өнгөтэй, урт куртик өмссөн байсан ба куртикнийх нь зүүн тал нь урагдсан байсныг санаж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-33 дахь тал/,

 

С.А*************ын яллагдагчаар өгсөн “Би 2023 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Есөн Эгшиглэн караокед ажлын газрын эгч Алтантуяа, Мөнхжил нартаа орж дуулж суусан. Хэсэг хугацааны дараа хоёр эгчийн найз Балжинням, Мөнхбаяр ирсэн.

Тэгээд бид нар архи уусан. Би сүүлдээ их согтсон маргааш өглөө нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө гэртээ сэртэл ээж чи хаагуур дэмий тэнээд ирж байгааа архичин бэ? гээд загнаад байсан би яаж караокеноос гарч гэртээ ирснээ санахгүй байгаа юм. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа ажлын хоёр эгчийн найз гэх Мөнхбаяр гэх эрэгтэй над руу залгаад миний мөнгийг чи авсан байна гэсэн би юу яриад байгаа юм гэхэд би хяналтын камер шүүсэн чи авсан байна гэж хэлсэн. Би хяналтын камерийн бичлэг үзэхэд би Мөнхбаяр гэх хүний өмсөж явсан куртикний халааснаас мөнгө авч байгаа бичлэг байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Би архи их уусан согтуу байсан учир яг ямар зорилгоор уг мөнгийг аваад юунд зарцуулснаа санахгүй би гэртээ замдаа уг мөнгийг гээсэн байж магадгүй иргэн Мөнхбаярын мөнгийг удахгүй өгөх болно” гэсэн мэдүүлэг /хэргийн 78-79 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч С.А************* нь нь “Есөн эгшиглэн” караокед Б.Балжинням, О.Мөнхжил, хохирогч Г.мөнхбаяр нарын хамт орсон ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

Улмаар хохирогч, гэрч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг далимдуулан хохирогч Г.Мөнхбаярын халаасанд байсан 450,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч С.А************* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.А*************ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан ба гэмт хэргийн улмаас Г.Мөнхбаярт 450,000 төгрөгийн хохирол учирсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.А************* нь хохирогч Г.Мөнхбаярт 450,000 төгрөгийг түүний төрсөн дүү Г.Гунгаажавын дансаар дамжуулан шилжүүлэн өгсөн нь дансны шилжүүлгийн баримтаар /хэргийн 83 дахь тал/ тогтоогдсон.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нэхэмжлэл бүрэн хангагдсан байх тул шүүгдэгч С.А*************ыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч С.А*************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “300 цаг  нийтэд  тустай ажил хийлгэх” санал гаргасан байна.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.А*************д анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

Шүүгдэгч С.А************* нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн цагдан 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл нийт 22 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг цагдан хоригдсон нэг хоногоор тооцож, 176 цагийг хасч, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 124 цагаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц************* овогт С*************ын А*************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.А*************ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.А*************ын нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар хийхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.А************* нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар С.А*************ын цагдан хоригдсон 22 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 176 цагийг хасч, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 124 цагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар С.А*************д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.А*************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ