Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/157

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн ,

Шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б*******нгийн Б*******ид холбогдох эрүүгийн 201722000279 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б*******нгийн Б*******,

Шүүгдэгч Б.Б******* нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт өөрийн гэртээ эхнэр Д.Э-ийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б******* нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт өөрийн гэртээ эхнэр Д.Э-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Б*******ийн хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Д.Э- жижиг сандал надруу шидээд миний шанаа руу цохьсон. Тэгэхээр нь миний уур хүрээд шанаа болон нүд рүү нь цохьсон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Э-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...Би Б*******ийн мөр рүү нь нарийн гишүүгээр цохьчихсон чинь Б******* миний толгой руу цохьчихсон. Одоо бид хоёр эвлэрсэн надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 4-7 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Ням-Осорын  2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 327 тоот дүгнэлтэд:

1. Д.Э-ийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. Д.Э-ийн биед баруун нүдний ухархайн дээд ирмэгийн цууралт, зүүн нүдний салстад цус хуралт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл учирсан байна. 

3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 09 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Э- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 28 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Б.Б*******ид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Д.Э- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

    Эрүүгийн 201722000279 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б*******нгийн Б*******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Б.Б*******ид холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Б.Б*******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

      3. Эрүүгийн 201722000279 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******ид урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР