Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/04

 

 

 

 

 

 

2021         01            28                                         2021/ДШМ/04

 

   А.Мд холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: М.Б,

Нарийн бичгийн дарга: С.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 378 дугаар шийтгэх тогтоолтой А.Мд холбогдох 2038000000425 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэлийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Паг овогт Алтангэрэлийн М, 1975 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ........................./.

Шүүгдэгч А.М нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас Мөрөн сумын чиглэлд “Мазда Бонго” маркийн 08-68 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 3.45 метр куб модыг тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 378 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Паг овогт Алтангэрэлийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Алтангэрэлийн Мыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч А.Мд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Мын гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн 3.45 м.куб хэмжээтэй, 277,076 төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний хуурай шинэс модыг, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мазда Бонго” маркийн 08-68 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 378 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. А.М нь уг гэмт хэргийг үйлдэхдээ түлшний мод бэлтгэх эрхийн бичгийг зохих журмын дагуу авч, эрхийн бичигт дурдсан хугацаанд модыг бэлтгэж Мөрөн суманд тээвэрлэж ирсэн ба бэлтгэсэн модоо тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. А.М нь эхнэртэй боловч эхнэр нь салаад явсан, одоо 08 сартай хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг. Хураагдсан авто машин нь өөрийн эзэмшлийн боловч отор нүүдэл хийх, өвс тэжээл татах гээд амьжиргааг нь залгуулдаг гол хөрөнгө нь байлаа. А.М нь экологи эдийн засагт 277,076 төгрөгийн хохирол учруулсан боловч хохирол төлбөр нэхэмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй байна. Гэвч анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүнээс ... албадан гаргуулна гэсэн байхад өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан эрхэнд нь ноцтой халдаж мод тээвэрлэсэн авто машиныг хураасан нь хуульд нийцээгүй байна гэж үзэж байна.

Иймд А.Мын хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан уг автомашин үнэлэгдсэн 5,335,770 төгрөгөөс экологид учруулсан хохирол болох 277,076 төгрөгийг хасч 5,058,694 төгрөгийг А.Мд буцаан олгуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Прокуророос А.Мыг 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас Мөрөн сумын чиглэлд Мазда Бонго маркийн 08-68 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 3.45 м3  модыг тээвэрлэсэн гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн хэргийг буруу шийдвэрлэсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд модыг “...арчилгаа, ...цэвэрлэгээ, ...үйлдвэрлэлийн ашиглалтын” гэсэн гурван төрлийн огтлолтоор бэлтгэж болохоор зааж,  хууль бусаар мод бэлтгэсэн гэж гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн, зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн”-ийг ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч А.М нь мод бэлтгэх эрхийн бичгээр унианги /газарт унасан мод/ бэлтгэсэн, босоо мод огтлоогүй болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5-р хуудас/, гэрчийн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 49-р хуудас/ болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Ойгоос хожуул, унианги цэвэрлэх байдлаар түлээ бэлтгэх нь мод бэлтгэлд хамаарахгүй тул түүнийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэж үзэх үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйл /Хууль бусаар мод бэлтгэх/-д заасан “гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн” гэх үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх нь  модыг  зохих зөвшөөрлийн дагуу ойд бэлтгэсэн эсэхээс шалтгаалах бөгөөд зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн нь тогтоогдвол тухайн  мод, модон материал тээвэрлэсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.

Шүүгдэгч А.М нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас Мөрөн сумын чиглэлд Мазда Бонго маркийн 08-68 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 3.45 ммод тээвэрлэн явсан нь тогтоогдсон боловч уг мод нь зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэгдсэн унианги мод болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн Хөвсгөл аймгийн хяналтын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 62 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Мыг яллагдагчаар татаагүй атал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, мэдүүлэг авсан, хэрэгт авагдсан баримтууд нь огнооны дараалалгүй, эмх цэгцгүй байгааг цаашид анхаарвал зохино.

Давж заалдах шатны шүүх “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “автомашин үнэлэгдсэн 5,335,770 төгрөгөөс экологид учруулсан хохирол болох 277,076 төгрөгийг хасч 5,058,694 төгрөгийг буцаан олгуулах”-ыг хүссэн гомдолд дүгнэлт хийхгүй орхив.

Шүүгдэгч А.Мд холбогдох хэрэгт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын нярав Д.Мөнхзулыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр давхар тогтоосон нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь бие, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өөр өөр оролцогч юм.

Цаашид гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг зөвхөн иргэний нэхэмжлэгчээр тогтоож байх нь зүйтэйг дурдав.

А.М нь “Ойн тухай хууль тогтоомж зөрчих” зөрчил гаргасан эсэхийг шалгах ажиллагаа явуулахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын  14-ний  өдрийн  378  дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Мд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

2.Хөвсгөл аймгийн хяналтын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 62 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                             Л.ЭРДЭНЭБАТ

                                                                         Б.СОСОРБАРАМ