Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0759

 

    Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын

   эвлэрснийг  баталж, холбогдох хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Л.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч***, гуравдагч этгээд “Х***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т***, гуравдагч этгээд Д.Б***-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, гуравдагч этгээд Д.Б-ын өмгөөлөгч Б.Ц, иргэдийн төлөөлөгч Б.Л*** нарыг оролцуулан Н.У***-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талууд эвлэрэх хүсэлттэй байна, талууд эвлэрлийн гэрээг байгуулсан. Эвлэрлийн агуулгыг танилцуулъя. Тус маргаан бүхий хэрэгт нэхэмжлэгч Н.У***, гуравдагч этгээд Ч.О***, гуравдагч этгээд Б.Б*** нарын нэр дээр нэг хөрөнгийн бүртгэл давхацсан. Үүнтэй холбоотой асуудал 2012 оноос хойш эхэлсэн. Хэргийн оролцогчид буюу талууд хэн өмчлөх эрхээсээ татгалзах эсэхийг харилцан тохирч, нэхэмжлэгч Н.У*** өөрийн бүртгэлийг хүчингүй болгохыг зөвшөөрч, гуравдагч этгээд Ч.О***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус маргаан хамааралгүй буюу тус маргаанд оролцохгүй гэдэг тайлбарыг шүүхэд өгсөн учраас Ч.О***гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй тул гуравдагч этгээд Ч.О***гийн бүртгэлийг хүчингүй болгоход талууд байж болно гэж үзэж байна. Гуравдагч этгээд Б.Б***-д буюу хамгийн сүүлд шилжсэн бүртгэлийг үнэн зөв болохыг тодорхойлох байдлаар талууд тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хувьд тус хэрэгт эвлэрэх эрхтэй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газрын даргатай уулзаж энэ талаарх асуудлыг танилцуулж шийдэлд хүрсэн. Шүүхээс тус эвлэрлийн гэрээг батлахад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүх этгээдүүд шүүх хуралдаанд оролцож, тайлбараа өгсөн учраас эвлэрлийн гэрээг баталж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөвшөөрч байна” гэв.

Гуравдагч этгээд 3Х***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөвшөөрч байна” гэв.

Гуравдагч этгээд Д.Б***-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөвшөөрч байна” гэв.

2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөрийн 01 дүэгээр Эвлэрлийн гэрээ

Эвлэрлийн гэрээнд: “Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 83-38 тоот хаягт оршин суух иргэн Д*** овогтой Б*** , /цаашид А тал гэх/,

Нөгөө талаас: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 6-34 тоот хаягт оршин суух Н*** овогтой У***  /цаашид Б тал гэх/,

Нөгөө талаас: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 57 хаягт байрлах Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийг төлөөлж Т.Ч*** /цаашид В тал гэх/, /цаашид хамтад нь талууд гэх/ нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь хэсэгт заасны дагуу дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Талууд харилцан тохиролцсоны үр дүнд байгуулагдаж байгаа энэхүү гэрээгээр талуудын эвлэрлийн нөхцөл буюу тохиролцооны агуулгыг баталгаажуулж маргааныг дуусгавар болгохтой холбоотой үүсэх харилцааг зохицуулах бөгөөд Д.Б***, Н.У*** нарын хооронд байгуулсан “Хэлцэл” энэхүү гэрээг байгуулах үндэслэл болсон болно.

Хоёр. Маргааны агуулга, түүний талаарх талуудын байр суурь

2.1. Маргааны агуулга:

2.1.1. Б тал нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “...Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн албаны 2017 оны 05 сарын 08-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр иргэн Д.Б***-д шилжсэн шийдвэрийг хүчингүй болгуулах...” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан.

2.1.2. А тал нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Гэрээний 2.1.1-т заасан нэхэмжлэлийн шаардлага бүхий Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд тус шүүхэд “...Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 14 дүгээр гудамж, 445а тоот хаягт байрлах 260 мкв граж, хувийн сууц 72 мкв талбайтай дэлгүүрийн зориулалттай барилгыг 2004 оны 1 сарын 6-ны өдөр Ү-2204013182 дугаар Ч.О***н нэр дээр бүртгэсэн бүртгэл, мөн уг хууль бус бүртгэлийн үндсэн дээр хийгдсэн Н.У***-ийг өмгөөлөгчөөр бүртгэсэн 2008 оны 09 сарын 15-ны өдрийн Ү-2204015525 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийн тус тус хүчингүй болгуулах...” шаардлага бүхий бие даасан шаардлагыг Баянзүрх дүүрэг дэх Бүртгэлийн хэлтэст гаргасан.

2.2. Талуудын байр буурь:

2.2.1. А тал нь Б талд тодорхой эд хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд А талын өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2204012094 дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн улсын бүртгэлийг хэвээр үлдээхээр болсон.

2.2.2. Б тал нь А талын санал болгосон эд хөрөнгийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзахаар болсон бөгөөд бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

2.2.3. В тал нь А талын гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч Ч.О***н нэр дээр бүртгэсэн Ү-2204013182 дугаар бүхий бүртгэл, Н.У***-гийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-2204015525 дугаартай бүртгэлийг тус бүр хүчингүй болгож, Д.Б***-ын нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-2204012094 дугаартай өмчлөх эрхийн бүртгэлийг хэвээр үлдээх,

2.2.4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд нь шүүхэд гаргасан тайлбартаа өөрсдийн хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөөгүй болох талаар илэрхийлж Гэрээний 2.2-т заасан бусад этгээдүүдийн байр суурийг бүрэн хүлээн зөвшөөрсөн.

Гурав. Тохиролцооны агуулга

3.1. Гэрээний 2.1-т заасан маргааны хүрээнд талууд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд нь бүгд А талын бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Б тал нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, В тал нь А талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр нэр бүхий бүртгэлийг хүчингүй болгохоо илэрхийлэн дараах нөхцөлийг тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсан болно. Үүнд:

3.1.1. Б тал нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, А талын бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрнө.

3.1.2. В тал нь А талын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Баянзүрх  дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 14 дүгээр гудамж, 445а тоот хаягт байрлах 260мкв граж, хувийн сууц 72 мкв талбайтай дэлгүүрийн зориулалттай барилгыг 2004 оны 01 сарын 06-ны өдөр Ү-2204013182 дугаар Ч.О***н нэр дээр бүртгэгдсэн бүртгэл, мөн уг бүртгэлийн үндсэн дээр хийгдсэн Н.У***-ийг өмчлөгчөөр бүртгэсэн 2008 оны 09 сарын 15-ны өдрийн Ү-2204015525 дугаарт бүртгэсэн бүртгэлийн тус тус хүчингүй болгож Д овогтой Б***-ын нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн  Ү-2204012094 дугаар бүхий өмчлөх эрхийн бүртгэлийг хэвээр үлдээнэ.

3.1.3. Дээрх бүртгэлтэй холбоотой Улсын бүртгэлийн мэдүүлэг гаргах эрхүүдийг А тал эдлэхийг талууд хүлээн зөвшөөрөв.

Дөрөв. Талуудын эрх, үүрэг хариуцлага

4.1. Талууд энэхүү гэрээнд заасан нөхцөлийн дагуу эвлэрч байгаа бөгөөд цаашид энэхүү гэрээгээр зохицуулсан асуудлаар ямарваа нэгэн маргаан гарахгүй болно.

4.2. Талууд энэхүү гэрээг байгуулснаар үүсэх үр дагаврын талаар мэдээлэл авсан тул хүлээсэн үүргээ сайн дураар, шударгаар биелүүлнэ.

Тав. Бусад

5.1. Энэхүү гэрээг монгол хэл дээр 4 хувь үйлдэж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болох бөгөөд талууд тус бүр 1 хувийг хадгалж, маргааныг хянан шийдвэрлэж буй шүүхэд нэг хувийг өгнө. Гэрээний хувь тус бүр хууль зүйн хувьд адил хүчинтэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Н.У***-ээс Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 419 дугаартай шийдвэр гарч түдгэлзүүлсэн маргаантай хөрөнгийг хууль зөрчин бусдын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн албаны 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр иргэн Д.Б***-д шилжсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” мөн Гуравдагч этгээд Д.Б-н бие даасан шаардлагадаа Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 14 дүгээр гудамж, 445а тоот хаягт байрлах 260 м.кв гарааш, хувийн сууц 72 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай барилгыг 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ү-2204013182 дугаар Ч.О***н нэр дээр бүртгэсэн бүртгэл, мөн уг хууль бус бүртгэлийн үндсэн дээр хийгдсэн Н.У***-ийг өмчлөгчөөр бүртгэсэн 2008 оны 9 дугаар сарын 15-ны өдрийн Ү-2204015525 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 22.4-д “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байнагэж тус тус заажээ.

Үүний дагуу талууд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр №01 дүгээр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Эвлэрлийн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “...Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.4-д “... шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож буй Ч.О***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*** нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ...тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ч.О***гийн эрх ашиг хөндөгдөхгүй, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хурал хийхэд татгалзах зүйлгүй, талуудын эвлэрэх асуудал манайд хамаагүй ...” гэж мэдэгдсэн, гуравдагч этгээд “Х***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралданд оролцож эвлэрлийг дэмжсэн байх тул энэхүү гэрээг бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, Н.У***-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                  ШҮҮГЧ                           У.БАДАМСҮРЭН

                                                            ШҮҮГЧ                           Л.БАТБААТАР