2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/87

 

 

    

 

 

 

 

 

 

 

 

  2025       01         06                                     2025/ШЦТ/87

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч Д.Аззаяа,

шүүгдэгч О.П , О.Б   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.П, О.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 00000 3387 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.П  нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо ... инд О.Б  той маргалдаж улмаар нүүрэн хэсэгт нь олон удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславч мурийлт, хамар, зүүн хацарт цус хуралт, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн 2 шүдний ганхалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Б   нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо ... инд О.П тэй маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараар цохих, мөргөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хамарт цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.П  нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр хүргэлтээ өгчхөөд явж байтал замын голд зам хаагаад машин зогссон байсан. Замын нөгөө талын эгнээд машин байгаагүй. Тэгээд би машиныхаа чагнаалыг дарахад О.Б   гэх энэ ах машинаасаа бууж ирээд над руу өндөр дуугаар өргөлттэй ярьсан. Тэгэхээр нь би цамцаа тайлчхаад очиход О.Б   гэх энэ хүн намайг шууд өшиглөсөн. Намайг өшиглөснөөс болж бид хоёрын дунд маргаан үүссэн тэгэхдээ тийм сүртэй зодоон болоогүй. Энэ ахыг өшиглөхөөр нь би зөрүүлээд нэг удаа цохисон. Бид хоёр хашааны урд тал барьцалдаж байгаад би О.Б   гэх энэ ахыг ахиж нэг удаа цохисон энэ ах зөрүүлээд намайг мөргөсөн ийм л зүйл болсон. Манай ажлын газрын машин уг нь камертай тэгэхдээ тэр өдөр ажиллаагүй байсан. О.Б   ахын эхнэр тухайн өдөр намайг хэл амаар доромжилсон. Би энэ ахыг айлган сүрдүүлээгүй.” гэв.

 

Шүүгдэгч О.Б   нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр гэр лүүгээ явж байтал энд зогсож байгаа О.П  гэх залуу машинтайгаа хажуугаар хүчтэй орж ирээд урд зогссоноо цонхоо онгойлгоод үглээд байсан. Манай машины ард машин ирчхээд явах гээд байсан учраас би машинаасаа буусан. Тэгсэн энэ залуу урдаас алхаад ирж байсан. Тэгээд бид хоёр өмнө өмнөөсөө алхсан тэгсэн О.П  нь дээгүүр өмсөж байсан хувцсаа тайлаад хажуу талын хашаа руу шидсэн. О.П гийн хувцсаа тайлж шидсэн үйлдлээс түүнийг намайг цохих гэж байна гэж ойлгоод би О.П г цохих гэхэд О.П  нь бултсан. Энэ залуу миний цохих гэсэн үйлдлээс бултсаныхаа дараа миний хамар луу цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд өшиглөсөн. Намайг өшиглөхөд зөрүүлээд мөн дахин цохисон намайг цохих үед миний хамраас их хэмжээний цус гоожсон. Би О.П г хашаанд шахаж цохиогүй харин О.П  намайг хашаанд шахаж байгаад зодсон. Манай эхнэр цагдаа дуудсан. Эхнэрийг маань цагдаа дуудах хүртэл О.П  нь “намайг ална, чи хүмээсээ дууд, би ч хүмүүсээ дуудна. Чамайг цохисон бол чи үхнэ” гэж заналхийлсэн гэв. Тухайн өдөр энд зогсож байгаа залуутай зодолдсон болох нь үнэн. Тэгэхдээ би өөрийгөө хамгаалж л цохисон.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 53 минутад ... дугаараас “манай нөхрийг зодчихлоо” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 55 минутад ...... дугаараас “би хүнд зодуулчихлаа” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 54 минутад ..... дугаараас “бусдад зодуулсан” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/, хохирогч О.Б  ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 17:00 цагийн үед ...  тоотод байрлах гэрлүүгээ явж байгаад би ядраад байна гээд миний эхнэр болох А  машин бариад явж байсан юм. Манай хашаа төв зам дагуу нүүрэн эгнээнд байдаг тул тасархай зураас даваад хашааруугаа орох гэж байхад пицца хатын хүргэлтийн акуа автомашин маш хурдтай ирээд эсрэг урсгалд явж байсан машин, манай машин хоёрын голоор гарсан яг шүргэх гэж байхад нь манай эхнэр бид хоёр сигналдаад нөгөө акуа нь урд гараад зогссон. Тэгээд нэг залуу цонхоороо толгойгоо гаргаад үглээд байсан юм. Би тэгээд хашааныхаа хаалгыг онгойлгох гээд буусан чинь тэр үед нөгөө залуу машинаасаа буугаад надруу алхаад ирсэн. Тэгэхээр нь би урдаас нь алхахад тэр залуу хувцсаа тайлаад айлын хашааруу шидчихсэн. Тэгэхээр нь за угаасаа зодолдох юм байна гэж бодоод өрөлт аваад бэлдээд байж байсан. Яг намайг цохих гэж байх үед нь би түрүүлээд цохиход нөгөө залуу бултчихсан, бултчихаад дахиж зай авч байгаад миний зүүн нүд хэсэгт цохисон. Дараа нь би зүүн талын гуя хэсэгт өшиглөсөн зөрүүлээд нөгөө залуу миний хамар хэсэгт цохисон. Хамарнаас маш их хэмжээний цус гарсан. Тэрнээс болоод тонгойгоод л би зодуулчихсан, тэр залуу зогсоо зайгүй зодсон. Би ноцолдсоор байгаад хоёр гарыг нь бариад авахад нөгөө залуу “тавьчих, тэгээд би чамайг ална” гэж хэлсэн. Тухайн үед би маш их ядарчихсан толгойгоо ч даах тэнхэлгүй байсан. Толгойгоо шахаад ирэхээр нь би хамар хэсэгт нь толгойгоороо нэг мөргөсөн. Тэр үед манай эхнэр ирж салгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа ирэх хооронд тэр залуу “дахиад үзье” гэж байсан. Манай эхнэр “чи яаж байгаа юм” гэхэд “угаасаа танай нөхрийг зодох гэж бууж ирсэн юм, дуудах хүмүүс байвал дууд чадахгүй бол би хүмүүсээ дуудаад чамайг алж чадна” гэж сүрдүүлсэн. Цагдаа ирэхээс өмнө тэдний найз бололтой нэг залуу ирсэн. Тэр залуу “ийм жижиг юман дээр цагдаа дуудчихлаа, би шүдээ хуглуулчихаад цагдаа дуудаагүй” гэж хэл амаар доромжилсон. Би зөрүүлээд “цагдаа ирээд чамайг шийднэ” гэхэд “би тэнсэн ч байхгүй би яасан ч ял авахгүй” гэсэн. Цагдаагийн алба хаагчид ирээд хэлтэс рүү яваарай гэхэд бид нар өөр, өөрсдийнхөө машинтай цагдаагийн хэлтэс рүү явсан. Цагдаагийн газар 210 тоот өрөөнд нөгөө залуутай дахиж таараад “хоёулаа дахиж үзье, зодолдьё” гэж хэл амаар намайг ёжилсон, аргаа бараад би тэр өрөөнөөс гараад явсан. Шүүх эмнэлэг дээр бас таараад угаасаа ажлаа алдана гэж мэдэж байгаа юм чинь “за ахыгаа зүгээр хохиролгүй болгоод өгчих” гэж хэлсэн. Тэгэхэд “май 50,000 төгрөг өгье, эмчилгээндээ зарцуул” гэсэн “дор хаяж 200,000 төгрөг өгчих эм тариа авья, эмнэлэгт үзүүлье” гэж хэлэхэд “за чадахгүй, даварчихсан юм” гэж байсан.  Тэгэхээр нь за тэгвэл өөрсдөө шүүхээр ороод намайг бүр мөсөн хохиролгүй болго доо гээд салсан. Хамар хугарсан, үүдэн шүднүүд хөдөлсөн, нэг араа хугарсан, нүд хөхөрсөн, толгой энд тэндгүй баахан хөндүүр байна. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. MGG гэх эмнэлэгт бас үзүүлсэн, томографф зураг авхуулаад мэс заслын эмч дээр хагалгаагаа ярилц гэсэн. Таславч нь далийчихсан, хагалгаанд орох шаардлагатай гэсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/, хохирогч О.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түгээлтийн ажлаа хийгээд ...  гудамж орчимд явж байхад замын голд машин байсан. Сигналдаад хажуугаар нь тойроод гарсан. Тэр хүн цонхоо онгойлгоод надруу орилж байгаад буугаад ирсэн, буугаад ирэхэд нь би бас буусан. “Яасан бэ писда минь” гэхэд “яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь нөгөө хүн миний өөдөөс шууд өрөлт аваад хөлөөрөө зүүн талын гуя хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд нь би гадуур хувцсаа тайлаад шидчихсэн нөгөө хүн намайг цохих гэж оролдлого хийхэд нь би зөрүүлээд нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Тэр хүн намайг хашаа руу түлхээд шахахад би дахиад нүд хэсэгт нь нэг удаа цохисон. Дараа нь тэр хүн миний хамар хэсэгт нэг удаа мөргөсөн. Тэгээд хоёулаа больцгоогоод тэр хүний эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, би ч бас дуудлага өгсөн. Цагдаагийн алба хаагчид ирэх хүртэл тэр хүний эхнэр намайг харааж, ерөөсөн. Тэр ах бол анх хашааны хаалга онгойлгох гэж бууж ирсэн юм байна лээ. Би тэр ахад “таныг хаалгаа онгойлгох гэж бууж ирсэнг тань мэдсэнгүй, мэдсэн бол хэл амаараа ололцох байсан” гэж хэлэхэд “явдаг газраар чинь явуулна” гээд байсан. Хамар үе үе янгинаад битүүрдэг болчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Чулуунсүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13321 дугаартай “О.П гийн биед хамарт цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мөргөлдөх, цохигдох үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Чулуунсүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13327 дугаартай “О.Б  ийн биед тархи доргилт, хамрын таславч мурийлт, хамар, зүүн хацарт цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн 2 шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн алгадах, цохигдох үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/, гэрч Г.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “10 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчим нөхөр болох О.Б  бид хоёр гэртээ ирж байсан юм. Манай гэр яг замын хажууд байдаг. Би нөхрийг хаалга онгойлгочих гээд замын голын зураас жоохон даваад зогсож байтал хойноос пизза хатын акуа маркын машин маш хурдтай ирж байсан. Би айсандаа сигналдсан чинь хажуугаар орж ирээд урд талд огцом тоормозлож зогсоод манай нөхөрлүү дайраад байсан. Би машинаа тавьчихаад нөгөө хоёрыг салгая гэж бодож байсан чинь машинууд их байхаар нь би хашааруугаа оруулж машинаа тавичихаад гараад ирсэн чинь замын эсрэг талд манай нөхрийг зодож байсан. Би тэр үед тэр хоёрыг болиулаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед би угаасаа зодох гэж бууж ирсэн юм гэж байсан. Би түгээлт хийх гээд яараад явж байхад гай болоод байна гэх мэтчилэн үгээр хэлээд байсан. Тэр орой нь шүүх шинжилгээний газар тэр залуу ч байсан манай нөхөр ч байсан. Тэр хоёр хоёулаа үзүүлсэн, манай нөхөр очоод хохирлыг минь барагдуулж өгөх талаар ярилцаад ирье гээд явсан чинь хэл амаа ололцохгүй хүн байна гэж байсан. Нөхөр бид хоёр ЭМЖЖ гэх нэртэй чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд одоог хүртэл бид хоёртой холбогдоогүй байгаа. Нүүр хэсгээс нь цус гарчихсан байсан. Хөлөөрөө цээж хэсэгт нь 3, 4 өшиглөж байсан. Нүүр хэсэгт нь 5, 6 удаа гараараа цохисон, эвхрээд доошилчихсон байхад нь хөлөөрөө толгойд нь өшиглөсөн. Угаасаа би зодох гэж бууж ирсэн юм гээд 2, 3 удаа хэлсэн. Хэл амаар их доромжилсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, яллагдагч О.Б  ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэр рүүгээ хашаа руугаа орох гээд эргэж байсан чинь пизза хатын акуа маркийн машин маш хурдтайгаар шүргэнгээ алдаад хажуугаар өнгөрөөд гарсан. Эхнэр айсандаа сигналдах үед нөгөө машин урд гарч зогсоод цонхоороо үглээд байсан. Би хашааныхаа хаалгыг онгойлгох гээд буусан чинь нөгөө хүн бууж ирээд хувцсаа тайлж шидээд над руу алхаад ирсэн. Би урдаас нь алхсан, цохих гээд байхаар нь би цохисон бөгөд оноогүй. Нөгөө хүн зөрүүлээд намайг нүд хэсэгт нэг удаа гараараа цохисон би зөрүүлээд гуя хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд дахиад миний хамар хэсэгт нэг удаа цохисон. Маш их цус гараад байхаар нь тонгойсон чинь хашаанд шахуулаад зодуулсан. Тэгэж байх үед нь би хоёр гарыг нь барьж аваад зай гаргаад би нэг мөргөсөн. Төд удалгүй эхнэр ирээд салгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би мөргөснөөс болж гарсан байх гэж бодож байна. Би хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113/, яллагдагч О.П ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр замын голд машин байхаар даваад сигналдаад гарсан цонхоо онгойлгоод харсан чинь нэг хүн яасан писда минь гэсэн. Би машинаасаа буусан чинь нөгөө хүн бас машинаасаа бууж ирээд өрөлт аваад гуя хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би гараараа нүд болон хамар хэсэгт нь цохисон. Тэгэхэд нөгөө хүн намайг мөргөсөн. Эхнэр нь бид хоёрыг салгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би цохисноос болж үүссэн гэж бодож байна. Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

О.П гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/,

Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа /хх-ийн 71/,

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 72/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 77/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 78/,

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 79/,

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 80/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81/,

О.Б  ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46/,

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/,

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 49/,

Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа /хх-ийн 52/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч нар шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч О.П  нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо ... инд О.Б  той маргалдаж улмаар нүүрэн хэсэгт нь олон удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь биед тархи доргилт, хамрын таславч мурийлт, хамар, зүүн хацарт цус хуралт, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн 2 шүдний ганхалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Б   нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо ... инд О.П тэй маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараар цохих, мөргөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хамарт цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч О.П , О.Б   нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.П , О.Б   нарын бид хөнгөн хохирол учирсан. Хохирогч О.П гийн тухайд баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөргүй байх тул шүүгдэгч О.Б  ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Харин хохирогч О.Б   нь баримтаар 381.000 төгрөг нэхэмжилсэн байгаа тул уг хохирлыг шүүгдэгч О.П гээс гаргуулах, хохирогч О.Б  ид олгуулах саналтай байна. О.Б  , О.П  нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.П  “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.Б   “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч О.П  нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо ... инд О.Б  той маргалдаж улмаар нүүрэн хэсэгт нь олон удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь биед тархи доргилт, хамрын таславч мурийлт, хамар, зүүн хацарт цус хуралт, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн 2 шүдний ганхалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 53 минутад ... дугаараас “манай нөхрийг зодчихлоо” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 54 минутад ..... дугаараас “бусдад зодуулсан” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/, хохирогч О.Б  ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Яг намайг цохих гэж байх үед нь би түрүүлээд цохиход нөгөө залуу бултчихсан, бултчихаад дахиж зай авч байхад миний зүүн нүд хэсэгт цохисон. Дараа нь би зүүн талын гуя хэсэгт өшиглөсөн зөрүүлээд нөгөө залуу миний хамар хэсэгт цохисон. Хамарнаас маш их хэмжээний цус гарсан. Тэрнээс болоод тонгойгоод л би зодуулчихсан, тэр залуу зогсоо зайгүй зодсон. Би ноцолдсоор байгаад хоёр гарыг нь бариад авахад нөгөө залуу “тавьчих, тэгээд би чамайг ална” гэж хэлсэн. Тухайн үед би маш их ядарчихсан толгойгоо ч даах тэнхэлгүй байсан. Толгойгоо шахаад ирэхээр нь би хамар хэсэгт нь толгойгоороо нэг мөргөсөн. Тэр үед манай эхнэр ирж салгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа ирэх хооронд тэр залуу “дахиад үзье” гэж байсан... Тэгэхээр нь за тэгвэл өөрсдөө шүүхээр ороод намайг бүр мөсөн хохиролгүй болго доо гээд салсан. Хамар хугарсан, үүдэн шүднүүд хөдөлсөн, нэг араа хугарсан, нүд хөхөрсөн, толгой энд тэндгүй баахан хөндүүр байна. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. MGG гэх эмнэлэгт бас үзүүлсэн, томографф зураг авхуулаад мэс заслын эмч дээр хагалгаагаа ярилц гэсэн. Таславч нь далийчихсан, хагалгаанд орох шаардлагатай гэсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Чулуунсүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13327 дугаартай “О.Б  ийн биед тархи доргилт, хамрын таславч мурийлт, хамар, зүүн хацарт цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн 2 шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн алгадах, цохигдох үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/, гэрч Г.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би айсандаа сигналдсан чинь хажуугаар орж ирээд урд талд огцом тоормозлож зогсоод манай нөхөрлүү дайраад байсан. Би машинаа тавьчихаад нөгөө хоёрыг салгая гэж бодож байсан чинь машинууд их байхаар нь би хашааруугаа оруулж машинаа тавичихаад гараад ирсэн чинь замын эсрэг талд манай нөхрийг зодож байсан. Би тэр үед тэр хоёрыг болиулаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед би угаасаа зодох гэж бууж ирсэн юм гэж байсан. Би түгээлт хийх гээд яараад явж байхад гай болоод байна гэх мэтчилэн үгээр хэлээд байсан... Нүүр хэсгээс нь цус гарчихсан байсан. Хөлөөрөө цээж хэсэгт нь 3, 4 өшиглөж байсан. Нүүр хэсэгт нь 5, 6 удаа гараараа цохисон, эвхрээд доошилчихсон байхад нь хөлөөрөө толгойд нь өшиглөсөн. Угаасаа би зодох гэж бууж ирсэн юм гээд 2, 3 удаа хэлсэн. Хэл амаар их доромжилсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, яллагдагч О.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр замын голд машин байхаар даваад сигналдаад гарсан цонхоо онгойлгоод харсан чинь нэг хүн яасан писда минь гэсэн. Би машинаасаа буусан чинь нөгөө хүн бас машинаасаа бууж ирээд өрөлт аваад гуя хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би гараараа нүд болон хамар хэсэгт нь цохисон. Тэгэхэд нөгөө хүн намайг мөргөсөн. Эхнэр нь бид хоёрыг салгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би цохисноос болж үүссэн гэж бодож байна. Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117/,

 

Шүүгдэгч О.Б   нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо ... инд О.П тэй маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараар цохих, мөргөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хамарт цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 55 минутад .... дугаараас “би хүнд зодуулчихлаа” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/, хохирогч О.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түгээлтийн ажлаа хийгээд ...  гудамж орчимд явж байхад замын голд машин байсан. Сигналдаад хажуугаар нь тойроод гарсан. Тэр хүн цонхоо онгойлгоод надруу орилж байгаад буугаад ирсэн, буугаад ирэхэд нь би бас буусан. “Яасан бэ писда минь” гэхэд “яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь нөгөө хүн миний өөдөөс шууд өрөлт аваад хөлөөрөө зүүн талын гуя хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд нь би гадуур хувцсаа тайлаад шидчихсэн нөгөө хүн намайг цохих гэж оролдлого хийхэд нь би зөрүүлээд нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Тэр хүн намайг хашаа руу түлхээд шахахад би дахиад нүд хэсэгт нь нэг удаа цохисон. Дараа нь тэр хүн миний хамар хэсэгт нэг удаа мөргөсөн. Тэгээд хоёулаа больцгоогоод тэр хүний эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, би ч бас дуудлага өгсөн. Цагдаагийн алба хаагчид ирэх хүртэл тэр хүний эхнэр намайг харааж, ерөөсөн. Тэр ах бол анх хашааны хаалга онгойлгох гэж бууж ирсэн юм байна лээ. Би тэр ахад “таныг хаалгаа онгойлгох гэж бууж ирсэнг тань мэдсэнгүй, мэдсэн бол хэл амаараа ололцох байсан” гэж хэлэхэд “явдаг газраар чинь явуулна” гээд байсан. Хамар үе үе янгинаад битүүрдэг болчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Чулуунсүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13321 дугаартай “О.П гийн биед хамарт цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мөргөлдөх, цохигдох үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/, яллагдагч О.Б  ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хашааныхаа хаалгыг онгойлгох гээд буусан чинь нөгөө хүн бууж ирээд хувцсаа тайлж шидээд над руу алхаад ирсэн. Би урдаас нь алхсан, цохих гээд байхаар нь би цохисон бөгөд оноогүй. Нөгөө хүн зөрүүлээд намайг нүд хэсэгт нэг удаа гараараа цохисон би зөрүүлээд гуя хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд дахиад миний хамар хэсэгт нэг удаа цохисон. Маш их цус гараад байхаар нь тонгойсон чинь хашаанд шахуулаад зодуулсан. Тэгэж байх үед нь би хоёр гарыг нь барьж аваад зай гаргаад би нэг мөргөсөн. Төд удалгүй эхнэр ирээд салгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би мөргөснөөс болж гарсан байх гэж бодож байна. Би хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч О.П гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч О.Б  ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн, мөн шүүгдэгч О.Б  ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч О.П гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Шүүгдэгч О.П  нь хохирогч О.Б  ийн нүүрэн тус газар гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “биед тархи доргилт, хамрын таславч мурийлт, хамар, зүүн хацарт цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн 2 шүдний ганхалт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл,

шүүгдэгч О.Б   нь хохирогч О.П гийн нүүрэн тус газар гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “хамарт цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б   нь “би өөрийгөө хамгаалах зорилгоор О.П гийн нүүрэн тус газар гарааараа цохисон. Миний үйлдэл аргагүй хамгаалалт байсан” гэж мэтгэлцэж оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.” гэж хуульчилжээ.

 

Аргагүй хамгаалалт гэж хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд нийгэмд аюултай халдлага үйлдсэн этгээдийн тэрхүү халдлагыг таслан зогсоохын тулд түүнд хүч хэрэглэж хийсэн үйлдлийг ойлгоно.

 

О.Б  ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...Яг намайг цохих гэж байх үед нь би түрүүлээд цохиход нөгөө залуу бултчихсан, бултчихаад дахиж зай авч байхад миний зүүн нүд хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/, О.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...нөгөө хүн миний өөдөөс шууд өрөлт аваад хөлөөрөө зүүн талын гуя хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/-үүд болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжлүүлэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б  ийн нь довтолгоо эхлээгүй байхад түрүүлж О.П гийн эрүүл мэндэд халдах үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэх боломжгүй юм.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.П , О.Б    нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч О.П , О.Б   нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч О.П  нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй . Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Б   баримтаар 381,000 төгрөг нэхэмжилсэн. Иймд шүүгдэгч О.П гээс 381,000 төгрөг гаргуулан хохирогч О.Б  ид олгуулах нь зүйтэй.

 

Хохирогч О.Б   нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч О.П гээс, хохирогч О.П  нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч О.Б  оос тус тус жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.П , О.Б   нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.” гэх дүгнэлтийг, шүүгдэгч О.Б  , О.П  нар улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналтай мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч О.П , О.Б   нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч О.П , О.Б   нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч О.П , О.Б   нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан О.П д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, О.Б  ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.П , О.Б   нарт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, О.П  нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ялыг, О.Б   нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялыг тус тус биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч О.П , О.Б   нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.П, О.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.П д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б  ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.Б  ид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.П гээс 381,000 төгрөг гаргуулан хохирогч О.Б  ид олгосугай.

 

5. Хохирогч О.Б   нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч О.П гээс жич нэхэмжлэх эрхийг, хохирогч О.П  нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч О.Б  оос жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.П , О.Б   нар цагдан хоригдсон хоноггүй, О.Б   бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.П , О.Б   нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.СОЛОНГОО