2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/372

 

 

 

 

 

 

 

 

 

   2025          02          04                                            2025/ШЦТ/372

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч О.Т********** түүний өмгөөлөгч Н.Жамъян,

хохирогч Ч.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Б.Нарангарав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Загастай овогт Очирбатын Т**********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403007160936 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19*** оны 12 дугаар сарын ***-ны өдөр *** аймаг ****** суманд төрсөн, халх, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ****** ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг *** хороо **** хороолол *** байр **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, З*********** овогт О*********ын Т**********. /*************/

 

Шүүгдэгч О.Т********** нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө Баруун 4 замд 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 07 цаг 25 минутын үед Skywill маркийн 16 21 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Toyota Prius маркийн 42 99 УБЧ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж жолооч Ч.Отгонжаргалын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т********** мэдүүлэхдээ: “..Хэрэг болсон гэх 2024 оны 09 сарын 01-ны өглөө автобусны эх авалт хожигдох гээд яарч явсан. Тухайн үед  07 цаг 25 минутын орчимд баруун 4 зам дээр гэрлэн дохио нь дээр зогсож байгаад 2 талын хөдөлгөөн бүрэн зогссон ногоон гэрэл асах боломжтой болсон болохоор нь хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн. Тэгээд л ийм осол авар гаргачихлаа. Миний буруу...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Отгонжаргал мэдүүлэхдээ: “...Шөнө 03 цагийн үед гэрээсээ гарсан. Нарны гүүр дөнгөж даваад ногоон гэрэл ассан байхад нь би урдаас хойш чиглэлд гарсан тэгсэн гэнэт баруун талаас автобус гараад ирсэн. Гадаа харанхуй байсан болохоор харагдаагүй бусдаар бол зогсож болох байсан. Тэгээд тухайн залуу “Ах аа зүгээр үү гэж байсан. Суудлын бүс гацсан байсан учир хүчтэй татаж түргэн дуудаж өгсөн гэв. Нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. Би өөрөө тэтгэвэрт гараагүй, группт байдаг тэр тээврийн хэрэгсэл бол миний амьдралын эх үүсвэр...” гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 4-5 дахь тал/

 

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч. /хэргийн 6-10 дахь тал/

 

Хохирогч Ч.Отгонжаргалын “ ... 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө 03 цагийн орчим гэрээсээ гараад гадуур хувиараа такси үйлчилгээнд явж байсан. Өглөө 07 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн орчмоос нэг хүн гар өргөхөөр нь суулгахад Чингэлтэй дүүргийн нутагт байх Нисдэг машин төв орно гээд хэлэхээр нь суулгаад Нарны гүүрийн урдаас хойд чигтээ даваад Баруун 4 зам руу урд талаас нь дөхөөд очих үед миний талын буюу урдаас хойд зүгт явах чиглэлийн зөвшөөрөгдсөн ногоон гэрэл дохио ассан байхаар нь би уулзварын урдаас ирээд хойд тал руу нь чигээрээ гарч явтал миний зүүн гар тал буюу уулзварын баруун талаас том оврын автобус гэнэт ороод ирсэн.

Тэр автобусыг хараад зогсоох арга хэмжээ авах гээд тоормос гишгэх үед нөгөө автобустай мөргөлдсөн. Тэгээд нэг хэсэг юу болсныг мэдээгүй гэнэт миний хаалгыг хүмүүс онгойлгоод намайг машинаас буулгах үед ухаан ороод буух гэтэл миний хамгаалах бүс гацсан байсан учир суудлаа хойшлуулж байгаад бууж ирсэн.

... Хавирга хугарсан учир амьсгал авахад хүндрэлтэй байгаа. Хэвтэж бас чадахгүй байгаа.

... Осол гарснаас хойш жолооч талаас 2,500,000 төгрөгийг гаргаж өгсөн байгаа. Тэр нь эмчилгээнд зарцуулагдсан байгаа. Цаашид эмчилгээнд гарах зардал болон өөрийн автомашинд учирсан хохирлыг нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дэх тал/

 

Т.Баянсангийн иргэний хариуцагч, нэхэмжлэгчээр өгсөн “ ... Skywill маркийн 16 21 УАН улсын дугаартай автобусанд эвдрэл гэмтэл учирсан. Гэхдээ бид нар авто үнэлгээнд оруулаад хохирлоо бүрэн барагдуулж авсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дэх тал/

“ ... Манай компанид ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24 дэх тал/

 

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Сувд-Эрдэнийн “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Отгонжаргал нийт 6,317,921 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 6,317,921 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч О.Т**********гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29 дэх тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №11625 дугаартай:

“1. Ч.Отгонжаргалын биед дэлүүний язарсан урагдал, дэлүүг мэс заслаар авах мэс заслын дараах байдал, баруун 5,6,7,8,9,10-р хавирга, зүүн 5,6-р хавирганы хугарал, сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 37-39 дэх тал/

 

Ашид билгүүн ХХК-ны Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан. /хэргийн 53-56 дахь тал/

 

Ашид билгүүн ХХК-ны Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан. /хэргийн 69-70 дахь тал/

 

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/775 дугаартай албан бичиг, түүний хавсралт. /хэргийн 76-78 дахь тал/

 

Мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 80 дахь тал/

 

Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №1684 дугаартай:

“ ... 6.1 Skywill маркийн 16 21 УАН улсын дугаартай автобусны жолооч О.Т********** нь Монгол улсын Замын хөдөлгөөний 8.9 “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.

6.2 Toyota Prius маркийн 42 99 УБЧ улсын дугаартай автомашины жолооч Ч.Отгонжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 87-88 дахь тал/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Өвчний №15951 дугаартай түүх. /хэргийн 114-129 дэх тал/

 

О.Т**********гийн яллагдагчаар өгсөн “ ... Тэгээд 21 дүгээр хорооллоос гараад Өргөө амаржих газар орох гээд Энхтайваны өргөн чөлөө буюу төв замаар баруунаас зүүн чиглэлд явж байсан.

... Тэгээд баруунаас зүүн зүгт явсаар Баруун 4 замын уулзварын баруун талаас нь 07 цаг 24 минутын орчим ирээд уулзварт дөхөөд ирэх үед миний талаас улаан гэрэл буюу хориглосон гэрэл дохио ассан байхаар нь уулзварт дөхөж ирээд зогссон.

Тэгээд зогсож байгаад уулзварт хойноос болон урдаас ирсэн автомашинуудын хөдөлгөөн зогсохоор нь уулзвар нэвтрэх гээд хөдөлгөөн эхэлсэн.

Ингэж хөдөлгөөн эхлэх үедээ уулзварт ямар гэрэл дохио асч байгааг нь анзаарч хараагүй. Хоёр талаас ирсэн автомашинуудын хөдөлгөөн зогсохоор нь би гэрэл дохио харалгүй яарч явсан учир хөдөлгөөн эхлээд уулзвар нэвтрэх үедээ уулзварын урд талаас ирсэн суудлын автомашинтай мөргөлдөж осол гаргасан.

Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 111 дэх тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч О.Т********** нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө Баруун 4 замд 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 07 цаг 25 минутын үед Skywill маркийн 16 21 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Toyota Prius маркийн 42 99 УБЧ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж жолооч Ч.Отгонжаргалын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.Т********** нь тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хөдөлгөөн хориглосон улаан гэрлээр хөдөлгөөнд оролцож, жолооч Ч.Отгонжаргалын унаж явсан тээврийн хэрэгсэлтэ мөргөлдөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч Ч.Отгонжаргалын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №11625 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Т********** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд 8,955,500 төгрөгийг хохирогч Ч.Отгонжаргалд, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 6,317,921 төгрөгийг тус тус төлжээ.

 

Харин шүүх хуралдаанд “хохирогч Ч.Отгонжаргал, шүүгдэгч О.Т********** нар нь “автомашинд учирсан хохирлын талаар харилцан тохиролцож” бичгээр баримт үйлдэж шүүхэд гаргаж өгсөн болохыг дурдаж байна.  

 

Хохирогч Ч.Отгонжаргал сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, эмчилгээний зардлыг 2,500,000 төгрөг төлсөн гэсэн тул эрүүл мэндэд учирсан хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн энэ саналд шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар дүгнэлт байхгүй гэжээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Т**********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигт төлбөр төлсөн, автомашины эвдрэлийн үнэлгээгээр тогтоогдсон төлбөрийг төлж барагдуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Т********** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З****** овогт О*****ын Т**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан зааснаар О.Т**********гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар О.Т**********г тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Т**********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, О.Т********** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Т**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ