| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/01746/И |
| Дугаар | 101/ШШ2018/01475 |
| Огноо | 2018-04-30 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2018/01475
| 2018 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2018/01475 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ф ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А а м ХХК,
Хариуцагч: Я.Ц нарт холбогдох,
Түрээсийн төлбөр 264.000.000 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, өмгөөлөгч Т.О, хариуцагч А а м ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч Я.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч А а м ХХК-ийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ф ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай компани нь 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр А а м ХХК-тай зээлээр худалдах, худалдан авах гэрээг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцон байгуулж, тоот арлын дугаартай 2 ширхэг хүнд даацын машин механизмаа ямар ч урьдчилгаа төлбөргүй хүлээлгэн өгсөн. Тус гэрээгээр А а м ХХК нь хуваарийн дагуу техникийн үнийг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу техникээ эрж хайсаар Ховд аймгийн Алтай сумаас 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр олж хурааж авсан. А а м ХХК нь ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрч биднийг хохироож байна. Гэрээний дагуу хоёр техник тус бүрийн түрээсийг сар тутам 15.000.000 төгрөгөөр тооцоход А а м ХХК нь 7 сар 4 хоног түрээслэсэн байна. Түрээслэсэн сар бүр техник бүрийг 15.000.000 төгрөгөөр тооцоход түрээслэсэн нэг техникийн түрээсийн төлбөр 107.000.000 төгрөг, хоёр техникийн түрээсийн төлбөр нийт 214.000.000 төгрөг болж байна. Үүнээс А а м ХХК-ийн түрээсийн төлбөрт төлсөн 45.000.000 төгрөгийг хасаад 169.000.000 төгрөгийг манай компанид төлөх үлдэгдэлтэй байна. Мөн хоёр авто ачигчийг анх хүлээлгэж өгснөөс хурааж авах хүртэл нийт 10 сар 9 хоногийн хугацаанд хариуцагч авто ачигчуудыг эзэмшил, ашиглалтандаа байлгаж байсан тул эзэмшиж, ашиглаж байсан нийт хугацаагаар нь тооцоход хоёр авто ачигчийн нийт түрээсийн төлбөр 309.000.000 төгрөг болж байна. Үүнээс хариуцагчийн төлсөн 45.000.000 төгрөгийг хасаад 264.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарын 2015 ны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.3-т болон Я.Ц-н М ф ХХК-д гаргаж өгсөн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн баталгаанд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Я.Ц өөрийн өмчлөлийн УНЗ улсын дугаартай хаммер маркийн суудлын автомашин болон УНТ улсын дугаартай ланд круйзер маркийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч А а м ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай компани нь М ф ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 1118 тус бүр арлын дугаартай шар өнгийн авто ачигч 2 ширхэгийг нэг ширхэгийг 100.000.000 төгрөг нөгөө тээврийн хэрэгслийг 80.000.000 төгрөгөөр нийт үнийн дүн нь 180.000.000 төгрөгөөр тооцож гэрээ хийсэн. Уг төлбөр тооцооноос 45.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд уг хоёр тээврийн хэрэгслийг гэрээнд зааснаар төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацаанд ашиглах эрхтэй байсан. Ингээд тус тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд ашиглахын тулд тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэж шаардсан боловч өгөхгүй арга саам хийгээд байсан. Манай компани Ховд явахдаа орон нутгийн постууд өнгөрөх гээд байгаа учраас тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өгөхийг шаардаж харин төлбөр тооцоо дууссаны дараа манай компанийн нэр дээр шилжүүлж авна гэдгээ хэлсэн. Гэтэл тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэх тоолонд удахгүй өгнө гэсээр байгаад арга буюу Ховд явуулсан ба Ховдод замын хөдөлгөөнд оролцуулах боломжгүй байлгаад байсан. Улмаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ өгөхгүй байсан явдал нь нэхэмжлэгч компани нь энэхүү хоёр тээврийн хэрэгслийг өмчлөх захиран зарцуулах эрхтэйд эргэлзээ төрж эхэлсэн ба энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэж бид өөр тээврийн хэрэгсэл ашиглах хэмжээнд хүрч байсан. Улмаар М ф ХХК нь 2016 оны 07 дугаар 12-ны өдөр дээрх хоёр тээврийн хэрэгслээ хураан аваад одоо түрээсийн төлбөр гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Я.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Гэрээний 3.3-д ланд круйзер 200 болон хаммер маркийн автомашин барьцаалав гэж заасан боловч эдгээр нь одоо өөр этгээдийн нэр дээр бүртгэлтэй байгаа болно. Мөн Я.Ц-тай барьцааны гэрээ хийгээгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ф ХХК нь хариуцагч А а м ХХК, Я.Ц нарт холбогдуулан түрээсийн төлбөр 264.000.000 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч А а м ХХК, Я.Цнар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.
Зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дугаар зээлээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч М ф ХХК нь 2011 онд үйлдвэрлэсэн автоачигчийг 100.000.000 төгрөгөөр, 2013 онд үйлдвэрлэсэн маркийн автоачигчийг 80.000.000 төгрөгөөр тус тус сарын 2 хувийн хүүтэй нөхцөлөөр зээлээр худалдах, хариуцагч А а м ХХК нь эдгээр тээврийн хэрэгслийн үнийг 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд сард 32.134.646,22 төгрөгийн тэнцүү төлөлтөөр төлөх үүрэг тус тус хүлээжээ /хх1-8-10/.
Талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, мөн уг харилцаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээнд хамаарч байна.
Хариуцагч А а м ХХК нь нэхэмжлэгч М ф ХХК-ийг гэрээний зүйлийг захиран зарцуулж, гэрээ байгуулах эрхтэй эсэхэд маргаж байна.
Гэрээний зүйл болох маркийн арлын дугаартай автоачигч тээврийн хэрэгслийг 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, маркийн арлын дугаартай автоачигч тээврийн хэрэгслийг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус М г ХХК импортолсон болох нь 1144357, 1109139 тоот гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр нотлогдож байна /хх1-242, 248/.
Мөн хэрэгт авагдсан М г ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 15/284 тоот албан бичигт дээрх тээврийн хэрэгслүүдийг М ф ХХК-ийн нэр дээр бүртгэж тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгохыг Автотээврийн бүртгэлийн газарт хүссэн, мөн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 017/140-22 тоот албан бичигт уг тээврийн хэрэгслүүдийг М ф ХХК-ийн өмч мөн болохыг тодорхойлжээ /хх1-47, 61/.
Дээрх баримтуудаар нэхэмжлэгч М ф ХХК-ийг нэр бүхий тээврийн хэрэгслүүдийг захиран зарцуулах эрхтэй буюу хариуцагч А а м ХХК-д гэрээ байгуулан худалдах эрхтэй гэж үзэх үндэстэй.
Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 15/312 дугаар зээлээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасан 2 тээврийн хэрэгслийг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч А а м ХХК-д хүлээлгэн өгсөн, мөн хариуцагч нь тээврийн хэрэгслийн үнэд 45.000.000 төгрөг төлж, бусад төлбөрийг төлөөгүй болох нь автомашин механизм хүлээлцүүлэх акт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй /хх1-219, 222/.
Харин хариуцагч А а м ХХК тээврийн хэрэгслийн үнийг нэхэмжлэгчид бүрэн төлөөгүйгээс зохигчдын хооронд маргаан үүссэн байна.
Хариуцагч төлбөр төлөөгүй шалтгаанаа нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн бичиг баримт өгөөгүйгээс замын хөдөлгөөнд оролцох боломжгүй байсан, мөн тээврийн хэрэгсэл эвдэрсэн, 2015 оны 11 дүгээр сараас хойш ашиглаагүй гэх зэргээр тайлбарлаж байх боловч уг тайлбараа XG951 Н маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийг 2015 оны 9-10 дугаар сард засварласан талаар мэдүүлсэн гэрч Г.Э-н мэдүүлгээс өөр баримтаар шүүхэд нотлоогүй.
Нэхэмжлэгч 2 тээврийн хэрэгслийг 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчаас буцаан авсан болох нь хэрэгт авагдсан техникийг буцааж хүлээн авсан актаар нотлогджээ /хх1-59, 60/.
Нэхэмжлэгч нь гэрээний 3.11-д Худалдан авагч гэрээний 3.10-д заасан хуваариас 14 хоног хэтрүүлсэн тохиолдолд худалдагч гэрээг цуцалж түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүснэ. Түрээсийн сарын төлбөр техник нэг бүрийг гэрээ хийх үеийн зах зээлийн ханшаар сарын 15.000.000 /арван таван сая/ төгрөг болно гэж заасныг үндэслэл болгож, хариуцагч А а м ХХК-аас тээврийн хэрэгслийг ашигласан үеэс эхлэн 10 сар 9 хоногийн хугацаагаар тооцон түрээсийн төлбөрт 264.000.000 төгрөг нэхэмжилсэн.
Мөн нэхэмжлэгч шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг түрээсийн гэрээний үүргээр сольсон, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардаж байгаа гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зориг болон гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд дээрх гэрээний 3.11 дэх заалт нь худалдан авагч төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд худалдагч гэрээг цуцлах, мөн гэрээг цуцалснаас үүсэх үр дагаврыг зохицуулсан агуулгатай байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 236 дугаар зүйл нь үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болох зохицуулалт бөгөөд 236.1.3 дахь хэсэг дэх талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэсэн нөхцөлд гэрээний 3.11 дэх заалт хамаарахгүй.
Учир нь, дээрх зохицуулалтаас үзэхэд өмнөх үүрэг буюу худалдах, худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгон солигдох үүрэг нь хүчин төгөлдөр түрээсийн гэрээний үндсэн дээр үүссэн байх шаардлагатай бөгөөд зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Гэрээний 3.11 дэх заалтад түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүснэ гэснийг түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үнэлэх боломжгүй.
Иймээс нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдаагүй түрээсийн гэрээний үүргийг хариуцагч А а м ХХК-аас шаардсан нь үндэслэлгүй байна.
Хариуцагч зээлээр худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлөөгүйгээс нэхэмжлэгч тээврийн хэрэгслүүдээ буцаан авсныг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзэх бөгөөд гэрээний 3.11 дэх заалт тус зохицуулалтад нийцэж байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар хохирол арилгахыг хариуцагчаас шаардах эрхтэй.
Гэвч нэхэмжлэгч дээрх хуулийн зохицуулалтын дагуу хохирол арилгахыг хариуцагчаас шаардаагүй тул шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч Я.Ц-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.3 дахь заалт барьцаа: ланд круйзер 200 машин, хаммер эйч 2 машин барьцаалав болон хариуцагчийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн баталгаа бичгийг үндэслэж, УНЗ улсын дугаартай хаммер маркийн суудлын автомашин, УНТ улсын дугаартай ланд круйзер маркийн суудлын автомашинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан /хх1-55-57/.
Барьцаа нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд уг хуулийн 153-160 дугаар зүйлүүдэд барьцааны нийтлэг зохицуулалт, 161-163 дугаар зүйлүүдэд хөдлөх эд хөрөнгийн тусгай зохицуулалт тус тус хуульчлагдсан. Хуулийн зохицуулалтын дагуу барьцааны гэрээг бичгээр байгуулах бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Зохигчдын байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээнд ланд круйзер 200 машин, хаммер эйч 2 машин барьцаалав гэж заасныг барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байхыг шаардах бөгөөд уг гэрээнд барьцаалуулагч - иргэн Я.Ц гарын үсэг зураагүй. Түүнчлэн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн баталгаа бичигт хариуцагч Я.Ц 2 ширхэг жийп машиныг барьцаа болгох, 15 хоногийн хугацаанд барьцааны гэрээг нотариатаар баталгаажуулах хүсэл зоригоо илэрхийлсэн байх боловч үүгээр барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй болно.
Хариуцагч Я.Ц УНЗ улсын дугаартай хаммер маркийн автомашины өмчлөгч мөн боловч УНТ улсын дугаартай ланд круйзер маркийн суудлын автомашины өмчлөгч биш болохыг дурдах нь зүйтэй /хх1-192-193/.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд хариуцагч А а м ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 264.000.000 төгрөг гаргуулах болон хариуцагч Я.Ц-д холбогдуулан гаргасан УНЗ улсын дугаартай хаммер маркийн автомашин, УНТ улсын дугаартай ланд круйзер маркийн суудлын автомашины барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч М ф ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 156 дугаар зүйлийн 156.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч А а м ХХК-аас 264.000.000 төгрөг гаргуулах болон хариуцагч Я.Ц-д холбогдуулан гаргасан УНЗ улсын дугаартай хаммер маркийн автомашин, УНТ улсын дугаартай ланд круйзер маркийн суудлын автомашины барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч М ф ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ф ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.706.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь 2602045640 тоот данснаас буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА