2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 

 

  2025       01          06                                    2025/ШЦТ/86

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Т.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.З-д холбогдох эрүүгийн 2406 03611 3316 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.З нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  захын савхин эдлэл зарж борлуулах хэсэгт хохирогч Ч.Э гийн гарыг чанга атгаж эрүүл мэндэд нь зүүн сарвуу, шууны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, хохирогч Ч.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2024 оны 05 дугаар сарын 27-ны 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  захын савхины хэсэгт .... тоот лангуунд байх үед савхины эсрэг талын лангууны худалдагч Т.З гэх эрэгтэй хүрч ирээд та нар авдар түлхээд байна, би авдраа тавина шүү гэж хэлээд яваад өгөхөөр нь би Т.З д хандаад “чи юу яриад байгаа юм, та нар авдраа тавина л биз” хэлэх үед хэсэг хугацааны дараа Т.З дахин хүрч ирээд миний хоёр гарыг хүчтэй барьж над руу дайрах үед нөхөр Г  тухайн маргааныг салгасан. Тэгээд би өөрийн гарыг харахад зүүн гарын чигчий хуруу болон гарын ар хэсэг хавдаж өвдөөд байсан тул өвчин намдаах эм авч уусан. Миний зүүн гарын ар хэсэг болон чигчий хуруу зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж эмч хэлсэн. Зүүн гарандаа шохойтой боолт хийлгэсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/, гэрч Г.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  захын савхины хэсэгт худалдаа наймаа хийгээд ажил дээрээ байсан. Тухайн өдрийн 16 цагийн орчим ...  захын савхины ... тоот лангуун дээрээ эхнэр Ч.Э гийн хамт наймаа хийгээд сууж байхад эсрэг лангууны худалдагч Т.З маш хурдан хүрч ирээд эхнэр Ч.Э  руу зодох гээд дайраад байхаар нь би яах гээд байгаа юм гэж хэлээд Т.З г хааж зогсох үед Т.З намайг тойрч гараад эхнэр Ч.Э  дээр очиж хоёр гарыг нь маш хүчтэй базаж мушгиж хүч хэрэглэж байгаад ална шүү гэх мэтээр хэл амаар доромжилж маргаан үүсгэсэн. Тухайн үед Т.З нь уур, уцаартай маш түргэн хөдөлгөөнтэй байсан тул эхнэр Ч.Э г хамгаалж чадаагүй, намайг тойрч очиж байгаад Ч.Э гийн хоёр гарнаас нь барьж базаж, мушгиж түлхэж хөдөлгөөд байсан. Тэгээд би тухайн маргааны үед Т.З г түлхэж байгаад салгасан зүйл болсон. Тухайн маргаан гарч Т.З нь манай эхнэр Ч.Э гийн хоёр гарыг барьж мушгиснаас болж зүүн гар нь хөдлөхгүй гэмтэл авсан. Ч.Э гийн хоёр гарыг барьж мушгиснаас болж зүүн гар нь хөдлөхгүй гэмтэл авсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэлийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 7623 дугаартай “Ч.Э гийн биед зүүн сарвуу, шууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/, яллагдагч Т.Т.З гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Надад өмнө нь өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Би 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  захын савхин эдлэл зарж борлуулах хэсэгт байхдаа нөгөө лангууны худалдагч Ч.Э тай маргалдаж улмаар хоёр гарыг барьж түлхэж биед нь халдсан зүйл болсон. Хохирлыг бүрэн барагдуулна. Миний бие өөрийн гаргасан гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 24/,

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 25/,

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 26/,

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Т.З нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  захын савхин эдлэл зарж борлуулах хэсэгт хохирогч Ч.Э гийн гарыг чанга атгаж эрүүл мэндэд нь зүүн сарвуу, шууны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Т.З г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Ч.Э  нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй. Харин Т.Т.З гоос 98,026 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Т.З нь хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Т.З нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  захын савхин эдлэл зарж борлуулах хэсэгт хохирогч Ч.Э гийн гарыг чанга атгаж эрүүл мэндэд нь зүүн сарвуу, шууны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, хохирогч Ч.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2024 оны 05 дугаар сарын 27-ны 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  захын савхины хэсэгт .... тоот лангуунд байх үед савхины эсрэг талын лангууны худалдагч Т.З гэх эрэгтэй хүрч ирээд та нар авдар түлхээд байна, би авдраа тавина шүү гэж хэлээд яваад өгөхөөр нь би Т.З д хандаад “чи юу яриад байгаа юм, та нар авдраа тавина л биз” хэлэх үед хэсэг хугацааны дараа Т.З дахин хүрч ирээд миний хоёр гарыг хүчтэй барьж над руу дайрах үед нөхөр Г  тухайн маргааныг салгасан... Миний зүүн гарын ар хэсэг болон чигчий хуруу зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж эмч хэлсэн. Зүүн гарандаа шохойтой боолт хийлгэсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/, гэрч Г.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдрийн 16 цагийн орчим ...  захын савхины ... тоот лангуун дээрээ эхнэр Ч.Э гийн хамт наймаа хийгээд сууж байхад эсрэг лангууны худалдагч Т.З маш хурдан хүрч ирээд эхнэр Ч.Э  руу зодох гээд дайраад байхаар нь би яах гээд байгаа юм гэж хэлээд Т.З г хааж зогсох үед Т.З намайг тойрч гараад эхнэр Ч.Э  дээр очиж хоёр гарыг нь маш хүчтэй базаж мушгиж хүч хэрэглэж байгаад ална шүү гэх мэтээр хэл амаар доромжилж маргаан үүсгэсэн. Тухайн үед Т.З нь уур, уцаартай маш түргэн хөдөлгөөнтэй байсан тул эхнэр Ч.Э г хамгаалж чадаагүй, намайг тойрч очиж байгаад Ч.Э гийн хоёр гарнаас нь барьж базаж, мушгиж түлхэж хөдөлгөөд байсан. Тэгээд би тухайн маргааны үед Т.З г түлхэж байгаад салгасан зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэлийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 7623 дугаартай “Ч.Э гийн биед зүүн сарвуу, шууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/, яллагдагч Т.Т.З гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  захын савхин эдлэл зарж борлуулах хэсэгт байхдаа нөгөө лангууны худалдагч Ч.Э тай маргалдаж улмаар хоёр гарыг барьж түлхэж биед нь халдсан зүйл болсон. Хохирлыг бүрэн барагдуулна. Миний бие өөрийн гаргасан гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч Т.З гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч Ч.Э гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Мөн шүүгдэгч Т.З нь хохирогч Ч.Э гийн зүүн гарыг мушгиж, базсан үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “зүүн сарвуу, шууны зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Т.З гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Т.З г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Э гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “баримтаар нэхэмжлэх зүйлгүй, уучлалт гуйчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн болно. Иймд шүүгдэгч Т.З г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүдэгч Т.З гоос 98,026 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус зааснаар Т.З д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүл мэндийн даатгалын санг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, хохирогчийн тусламж үйлчилгээ авсан гэх 98,026 төгрөгийг хэн, хэрхэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 29/ гэх баримтаар шүүгдэгч Т.З гоос 98,026 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх боломжгүй юм.

 

Харин хохирогч Ч.Э  нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа, Эрүүл мэндийн даатгалын сан нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Т.З гоос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч Т.Т.З г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Т.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Т.З нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Т.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Т.З д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Т.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.З д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Т.З нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

                                        

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Шүүгдэгч Т.З д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.З г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Ч.Э  нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа, Эрүүл мэндийн даатгалын сан нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.З гоос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.СОЛОНГОО

 

 

 

 

й