Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 405

 

 

 

 

 

 

 

 

 

“Э А И С м к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.О даргалж, шүүгч А.О, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02865 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э А И С м к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М И Э Ж” ХХК, Г.М нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 76 303 406 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Э А И С м к ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа“...Иргэн Г.Мөнхбаатар болон “М И Э Ж” ХХК нар нь “Э А И С м к ББСБ” ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ЗГ2017/05/03 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 3,3%-ийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийг олгохдоо талуудын хооронд БГ2017/05/03 барьцааны гэрээ байгуулан Г.М-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 54Д байр, 16 тоотод орон сууцыг барьцаалсан. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд зээлдэгч талын хүсэлтээр ЗГ2017/05/03 А дугаар зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулан гэрээний хугацааг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч зээлийн хүүгийн төлбөр 4 950 000 төгрөгийг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бид 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан. Энэ хугацаанд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа бид зээлдэгч ЗГ2017/05/03 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь хэсэг болон 4.2.4 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан зээлдэгч Г.М болон “М И Э Ж” ХХК нараас ЗГ2017/05/03 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 50 000 000 төгрөг, үндсэн хүү 15 055 238 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 201 377 төгрөгийг буюу нийт 66 253 614 төгрөгийг нотариатын зардал 16 000 төгрөг болон нэхэмжлэл гаргахтай холбогдуулан тушаасан улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 66 272 614 төгрөгийг нэхэмжилж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нэхэмжилж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хоёр удаа нэмэгдүүлж, хамгийн сүүлийн байдлаар үндсэн зээлд 50 000 000 төгрөг, үндсэн хүүнд 23 588 789 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 714 617 төгрөг, нийт 76 303 406 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Хариуцагч Г.М өчигдөр Улаанбаатар хотод байхгүй байна гэсэн атлаа төлөөлөгчдөө өчигдөр олгосон итгэмжлэлээсээ татгалзаж өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг өнөөдөр ирүүлсэн байна. Хавтаст хэргийн 88 дугаар талд Г.М миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй тул хэргийг миний өмгөөлөгчийн оролцоотойгоор шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ гэж зааснаар Г.М төлөөллөөс татгалзсан. Дээрээс нь өөрийг нь байлцуулахгүй хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

 

Хариуцагч буюу хариуцагч “М И Э Ж” ХХК-ийн төлөөлөгч Г.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “....Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан “Э А И С м к ББСБ” ХХК болон “М И Э Ж” ХХК, Г.М нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “М И Э Ж”ХХК болон Г.М нараас 76 303 406 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э А И С м к ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж, 54 дүгээр байр 16 тоот хаягт байршилтай, 51.61 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 765 133.07 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 609 667 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянуулах тухай Манай компани нь нэхэмжлэгч компанид 76 303 406 төгрөгийг төлөхөөр болоод байна. Энэ нь хуулийн этгээд болох “М И Э Ж” ХХК болон иргэн Г.М нараас төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хуулийн этгээд болох “М И Э Ж” ХХК нь ямар нэгэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөгүй юм. Гэтэл компанийг зээл авч байгаа мэтээр болгож иргэн Г.М-ын гэр бүлийн гишүүдийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж эдийн засгийн тооцоогүй зээл олгож одоогоор авсан 50 000 000 төгрөгийг 76 303 406 төгрөг болгож 26 303 406 төгрөгийн хохиролд ороод байна. Манай компани нь Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Т.М-г хүсэлтээр сонгож авсан. Т.М-д шүүх хуралдааныг мэдэгдээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компани нь төлбөрийн чадваргүй байхад хүү хэтэрхий өндрөөр тооцсон тул 50 хувиар хүүг хөнгөлүүлэх, гэр бүлийн гишүүдийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсныг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч талуудын хоорондох маргаантай үйл баримтыг зохицуулсан Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Э А И С м к ББСБ” ХХК нь анх шүүхэд хариуцагч “М И Э Ж” ХХК болон хариуцагч Г.М нарт холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тус гэрээний үүрэгт нийт 66 272 614 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 23 588 789 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 714 617 төгрөг нийт 76 303 406 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 27, 46, 75 дугаар тал /

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр нэхэмжлэгч тал 50 000 000 төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлдүүлсэн, хариуцагч зээлийн барьцаанд улсын бүртгэлийн  Ү-2206038659 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 54Д байрны 16 тоотод байрлах 51.61 м.кв талбай бүхий орон сууц барьцаалж, хуваарийн дагуу зээл, хүүг төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна. Талуудын байгуулсан гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна./хэргийн 10-16 дугаар тал/ Улмаар талууд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр дээрх зээлийн гэрээний хугацааг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 9 сарын хугацаагаар сунгасан байна./хэргийн 17 дугаар тал/

 

Хариуцагч зээлийн гэрээний хугацаанд 4 950 000 төгрөгийн хүү төлсөн талаар талууд маргаагүй байна./хэргийн 1-2 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусах боловч зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасныг зөрчиж зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлан, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийг буцаан татаж, гэрээг цуцлах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Харин зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө нэг талын санаачилгаар гэрээг цуцалж байгаа тохиолдолд нөгөө тал үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.4-т заасныг үндэслэн гэрээг цуцалсан буюу гэрээнээс татгалзсанаас хойшхи гэрээний үүрэгтэй холбоотой хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

 

Гэтэл анхан шатны шүүхээс гэрээг цуцалж, шүүхэд шаардлага гаргаснаас хойш, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар нөгөө тал үүргээ биелүүлээгүйгээс эсрэг тал гэрээгээ цуцалж байгаа тохиолдолд гэрээг цуцлах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Харин гэрээг цуцалснаас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүсэхгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Мөн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн, хэргийн материалыг танилцуулсан баримт хэрэгт авагдсан байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна./хэргийн 105 дугаар тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээнийхээ дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02865 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М И Э Ж ХХК болон Г.М нараас 66 256 614 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Э А И С м к ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 046 792 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дахь заалтын “609 667” гэснийг “489 233.07” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Г.М-ын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 609 668 төгрөгийг/539 468+70 200/ шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.О

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                      А.О

 

                                                                                                С.Э