Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/05

 

 

 

 

 

 2021         01            28                                         2021/ДШМ/05

 

Х.Гт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ч.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч. Д.О,

Хохирогч: М.Мөнгөнмандах,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.Сайнбаяр, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат,

Нарийн бичгийн дарга: Б.Болд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 364 дүгээр шийтгэх тогтоолтой Х.Гт холбогдох 2038003190387 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч М.Мөнгөнмандах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сайнбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Тоос овогт Хүрэлчулууны Г, 1972 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РБ72092519/.

Шүүгдэгч Х.Г нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр төв гудамжны зам дээр 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Shadongkama загварын 03-69 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөн эхлэхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан заалтыг зөрчсөний улмаас иргэн С.Оыг дайрч амь насыг нь хохироож, иргэн М.Мөнгөнмандахыг мөргөж эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийн битүү гэмтэл” бүхий хүнд хохирол учруулж, “Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 364 дүгээр шийтгэх тогтоолоор  шүүгдэгч Тоос овогт Хүрэлчулууны Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хүрэлчулууны Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 5 /тав/ жилээр тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Гт тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж, тэнссэн шүүгдэгч Х.Гт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Г нь хохирогч М.Мөнгөнмандах, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сайнбаяр нарт 7.000.000 /долоон сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын бусад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Х.Гын 150123 дугаартай В, С, СЕ ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Дэмбэрэлсамбууд даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын өмчлөлийн SHADONGАМА загварын 03-69 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сайнбаяр давж заалдах гомдолдоо: ... Нэг үйлдлээр үйлдэгдсэн гэмт хэргийг хоёр зүйлээр зүйлчилдэг нэгдмэл бодлогоос ангид ажилладаг хуульчид Хөвсгөлд л байдгийг харлаа. Энэ хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 27.10.3-т зааснаар буюу хүнд зүйлд нь багтааж зүйлчлэх байсан гэж мэргэжлийн хуульчид ярьдаг юм билээ. Мөн шүүхээс гарч буй эрхийн актын тогтоох хэсэгт эцэслэн шийдвэрлэж байгаа зүйлүүдийг тогтоож тодорхой бичдэг нь аль ч улсын, аймгийн шат шатны шүүхүүдэд тогтсон, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчилсан байхад тогтоолын тогтоох хэсэгт хэрэгсэхгүй болгож байгаа хохирлын тоо хэмжээг яг тооцож гаргаагүй, асуудлыг шийдвэрлээгүйтэй адил ноцтой алдаа гаргасан байна. Энэ удаад хохирол гаргуулахаар нотлох баримтаар гаргаж өгсөн 16,971,917 төгрөгийн хохирлыг хүний амь наснаас давсан хохирол нэхэмжилсэн гэж шүүх үзсэн мэт асуудалд хандлаа.

... Шүүхийн тогтоолд хүн нас бараад байхад “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”,  “хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” ч гэх шиг. Зүйл ангид “хүний амь хохирсон бол” гэж хүндрүүлээд байхад хуулийн хэллэгээ ойлгохгүй, хүний хувь заяагаар тоглодог хүмүүсийг дахин дураар нь байлгамааргүй байна. Мэргэжилдээ эзэн болж чаддаггүй жолооч нэртэй хүний амь хохироогчийг өөгшүүлмээргүй байна. Иймд хохирлоо гаргуулна гэжээ.

Хохирогч М.Мөнгөнмандах давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх энэ шүүх хурлаараа хэрэг үйлдсэн Х.Гыг хамгаалж, хохирогч намайг шүүсэн. Миний ач хүү С.Оын амь насыг үнэгүйдүүлсэн, биднийг хүний тооноос хассан шүүх хурал болж өнгөрлөө. Анхан шатны шүүх хурал дээр хохирогч бидний гаргаж өгсөн хохирлыг сэтгэл санаанд нийцсэн хэмжээнд гаргаж өгөөгүйд гомдолтой байна. Миний бие 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 9 сарын дунд хүртэл хэвтэрт, байнгын асаргаанд байж 2020 оны 10 сараас тэргэнцэр дээр, 2020 оны 11 сарын сүүлээр 2 таягтай ойр зуур алхаж эхэлсэн. Энэ бүх хугацаанд гэмтэл ослоос үүссэн хурууны мултралттай болж нурууны муруйлтаас үүссэн толгой мэдрэлийн гаралтай байнгын шархирсан өвдөлттэй байна. Одоо тогтмол өвчин намдаах болон үрэвслийн эсрэг эмчилгээг аймгийн мэс заслын эмч, мэдрэлийн эмчилгээг сумын эмнэлгийн хяналт заавраар хийлгэж байна. Цаашид энэ ослоос үүссэн гэмтэл миний биед ямар өөрчлөлт оруулахыг хэлж мэдэхгүй байна.

Миний эмчилгээний зардал, хэрэглэсэн эмчилгээний хэрэгсэл /хиймэл арьс, тос, тэргэнцэр, ор, таяг гэх мэт.../ болох 15,000,000 /хасагдсан/ төгрөгийн хохирлыг бүрэн хэмжээгээр Х.Гаас гаргуулж өгнө үү.

Х.Гын ял шийтгэлийн хувьд хүний амь нас хохироосон учраас ял нь хөнгөдсөн гэж үзэж байна. Миний хүү М.Сайнбаярын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг би бүрэн дэмжиж байна гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч  Х.Г нь  Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр төв гудамжны зам дээр 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Shadongkama загварын 03-69 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон яваад хөдөлгөөн эхлэхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн С.Оыг дайрч амь насыг нь хохироосон, иргэн М.Мөнгөнмандахыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Анхан шатны шүүх Х.Гт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй  байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Прокуророос Х.Гт холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг зөвтгөхгүйгээр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтыг давхар баримтлан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг буй болгосон бол тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс гадна “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн...” шүүгдэгчид хэрэглэж болохоор зохицуулсан. Гэтэл шүүх хохирол, хор уршгийн зарим хэсгийн талаар дүгнэлт хийхгүйгээр  “... энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв” гэж дүгнэн, шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь буруу  болжээ.

Мөн  шийтгэх тогтоол нь “...тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Анхан шатны шүүх “...бусад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зарим шаардлагын талаар эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагын аль хэсгийг хэрэгсэхгүй болгосон талаар тогтоолд тодорхой тусгаагүй орхигдуулжээ.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосны эрх зүйн үр дагаврыг тооцоолохгүйгээр, хэлэлцэж буй асуудлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч Х.Г нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор ажилладаг ба албан үүргээ гүйцэтгэж яваад бусдад хохирол учруулсан байхад тухайн ажил олгогчийг бус нярав Д.Мөнхзулыг иргэний хариуцагчаар  татсан нь буруу байх  тул зөвтгөн шийдвэрлэвэл зохино.

Иймд дээрх үндэслэлээр хохирогч  М.Мөнгөнмандах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сайнбаяр нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  1.2, 1.3, 39.6  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хохирогч  М.Мөнгөнмандах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сайнбаяр нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын  04-ний  өдрийн  364  дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Гт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Х.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                                             Л.ЭРДЭНЭБАТ

                                                                         Б.СОСОРБАРАМ