Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,  

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч А.Батболд, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Алтансүхийн Батболдод холбогдох эрүүгийн 201725030118 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Алтансүхийн Батболд, 1978 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кабелчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 21 дүгээр гудамж 351 тоотод оршин суух хаягтай,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 282 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 152 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 9 хоногийн хорих ялыг тэнсэж, хугацааны өмнө суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын 09 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 10 хоногийн хорих ялыг тэнсэж, хугацааны өмнө суллагдсан, регистрийн дугаар ХЕ78070238.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч Ц А.Батболд нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 22 дугаар гудамжны 380 тоотод оршин суух иргэн Б.Амарсайханы гэрийн хаалга цоожгүй байхад нь нэвтэрч 700.000 төгрөгийн үнэ бүхий Эйч Пи /HР/ брэндийн ай-3 үзүүлэлтэй зөөврийн компьютерийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Батболд мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.     

Хохирогч Б.Амарсайхан мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр гэртээ байж байхад манай охин Нямцэцэг гэртээ ирээд өнөөдөр манай сургууль дээр Чингэлтэй дүүргийн цагдаагаас нэг хүн ирээд миний зөөврийн компьютерийг барьцан “энэ чиний зөөврийн компьютер мөн үү” гэж асуусан. Тэгээд гэрээсээ эцэг эхийгээ дагуулж ирээд Цагдаагийн хэлтэс дээр ирж уулз гэж хэлэхээр нь би охиныхоо хамтаар тэр өдөр цагдаагийн хэлтэс дээр ирж уулзахад манай гэрийн сургуулийн хүүхдүүдийн хичээл хийдэг зөөврийн компьютер мөн байсан. Би урьд өмнө Улаанаатай цуг архи ууж байсан удаа байгаа. Бид хоёр цуг ажил хийж байсан юм. Тэгээд л их ойр дотно байсан. Батболд гэх залуутай бол урд нь нэг удаа цуг архи ууж байсан. Өнгөрсөн зун нэг удаа ууж байсан. Тухайн үед хэн хэний хамтаар ууж байсныг мэдэхгүй байна, ...Тэр өдөр Бат-Отгоны гэрт орж нэг шил архи уучихаад гарч яваад А.Цогтгэрэлтэй уулзаад гэртээ очиж нэг шил архи хувааж уугаад унтсан. Бид хоёр А.Батболдтой цуг архи уугаагүй. Алдагдсан зүйлээ буцааж авсан тул одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэжээ /хх-14-15/.

Гэрч А.Цогтгэрэл мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн ээж Норжмаагийн гэрт ирж, ээжийгээ эргэж тойрчихоод тэдний гэрийн тэнд байдаг танил Бат-Отгоны гэрт мэнд мэдэхээр очоод гэртээ байхгүй болохоор нь доошоо Б.Амарсайхан ахын гэрт орж Амарсайхан ахтай би өөрийн авч явсан нэг шил 0.75 литрийн савлагаатай Ерөөл нэртэй архийг хувааж уучихаад тэдний гэрт унтаж байгаад сэрээд Амарсайхан ахад хэлчихээд гэрээс нь гараад доор зам дээрээс такси бариад өөрийн ажил болох 7 буудлын үсчний салон руугаа явсан. Амарсайхан ах бид хоёроос өөр хүн байгаагүй, намайг унтаад босоход Амарсайхан ахын том охин нь ирсэн байсан өөр хүн байгаагүй. Амарсайхан ах бид хоёрыг архи ууж байх хугацаанд бол А.Батболдтой цуг архи уугаагүй, Амарсайхан ах бид хоёр нэг шил архиа хувааж уугаад унтсан...” гэжээ /хх 17-19/.

Гэрч Д.Сүхбаатар мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн хариуцсан Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хорооны байрны хажуу талд компьютер тоглоомын газрын үүдэнд ажил үүргээ гүйцэтгээд явж байх хугацаанд үл таних хорооны бус иргэн өмсөж явсан куртикэн дотроо юм хийсэн байдалтай сэжигтэй харагдахаар нь дуудаж шалгатал уг зөөврийн компьютер болох хар өнгийн гадаргуутай НР брэндийн цэнэглэгчгүй зөөврийн компьютер авч явж байхаар нь “хаанаас авч явж байгаа эд зүйл вэ” гэж асуухад “гэрээсээ авч явж байна, манай дүүгийн компьютер” гэж хэлэхээр нь “за тэгвэл дүүгийнхээ утасны дугаарыг өг” гэж хэлэхэд дугаарыг нь өгөхгүй байсан. Тэгээд байж байгаад дүү Батчимэгтэй 96285665 гэсэн дугаараар залгаад асуухад манайд тийм хөрөнгө байхгүй гэж надад хариулахаар нь чи яагаад худлаа яриад байгаа юм бэ гэж хэлсэн чинь манай дүү мэдэхгүй байгаа юм, манай гэрт дахиад нэг улаан өнгийн гадаргуутай компьютер байгаа гэж хэлэхээр нь танай гэрийнх юм бол цэнэглэгч нь хаана байна гэж асуухад гэрт байгаа гэж хэлсэн. Тэгээд би хулгайн компьютер гэж ойлгоод “за чи үнэнээ хэлэхгүй юм бол саатуулж маргааш учраа олно” гээд өөрийн биеэр саатуулах байранд хүргэж саатуулаад уг зөөврийн компьютерийг түр хураан авах тэмдэглэл үйлдсэн. Тэгээд би уг зөөврийн компьютерийг эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Ц.Амартүвшинд хүлээлгэж өгсөн...” гэжээ /хх 22-23/.

Мөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-43-54, 69/, эд зүйл хууран авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх8-10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12/, оршин суух хаягийн тодорхойлолт “Чингэлтэй дүүргийн 13-р хороо” /хх 58/, эд зүйлийн үнэлгээ /хх-70/ зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. 

Шүүгдэгч Ц А.Батболд нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 22 дугаар гудамжны 380 тоотод оршин суух иргэн Б.Амарсайханы гэрийн хаалга цоожгүй байхад нь нэвтэрч 700.000 төгрөгийн үнэ бүхий Эйч Пи /HР/ брэндийн ай-3 үзүүлэлтэй зөөврийн компьютерийг хулгайлсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Амарсайханы мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгүүд болон сэжигтэн, яллагдагчаар А.Батболдын үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Батболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Б.Амарсайхан нь “…алдагдсан зүйлсээ бүрэн хүлээж авсан тул А.Батболдод гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн болохыг дурьдав.

Шүүгдэгч А.Батболд нь 2006 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 10 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан бөгөөд тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүнийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч А.Батболдод ял оногдуулахдаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Алтансүхийн Батболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батболдод эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батболдод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батболдын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 11 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч А.Батболдод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст  даалгасугай.  

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН