| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 105/2024/1423/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/100 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/100
2025 01 07 2025/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
улсын яллагч Э.Хилчинбаатар,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 2406 05978 2975 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..” авто угаалгын газарт Д.М тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар биед нь уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, 3 дугаар сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун сарвууны ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би хохирогч Д.М г алгадаж, цохиогүй. Тухайн өдөр Д.М г ажлаас нь авч явах гэж л ажил дээр нь очсон. Хохирогчийн найз залуу нь хохирогчийг зоддог учраас тэр өдөр би зөвхөн Д.М г ажилладаг авто угаалгын газраас нь маргалдаж байгаа байдал гаргаж байгаагаар авч явах санаатай л ажил дээр нь очсон.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 03 цаг 18 минутад ..... дугаараас “...улсын дугаартай машинтай хүмүүс манай найзыг баарны урдаас хүчээр машиндаа суулгаад зодоод утсыг нь дээрэмдсэн байна” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/, хохирогч Д.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 08 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн ... дугаар хороо “....” авто угаалгын газарт байж байгаад танил эгч Б.А нь намайг чатаар хаана байн, чамайг байгаа газарт чинь очиж байгаад ална гэж хэлээд Аз авто угаалгын газарт Б.А эгч, дүү А , А нарын хамт хүрч ирээд над руу шууд дайрсан. А миний үснээс зулгаагаад гэдэс болон толгой руу нэг өшиглөхөд угаалгын газарт байсан найз салгахаар нь би амралтын өрөөнд ороод байж байтал Б.А одоо чамайг зодохгүй, чи машинд суучих хоёулаа ярилцъя гэж хэлэхээр нь би үгэнд нь итгээд машинд суутал миний үснээс Б.А зулгааж байгаад нүүр рүү алгадаж толгой руу гараараа цохисон. Гараараа гэдэс рүү нэг удаа цохисон. Толгой хавдаж өвдөөд байна, зүүн гарын дунд хурууг хаалганд хавччихсан, нүүр рүү алгадсанаас болоод хацар хавдсан, уруул дотор талд язарсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ж.Жаргалтуяагийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 11040 дугаартай “Д.М гийн биед уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 3 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун сарвууны ар хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..” гэх дүгнэлт /хх-ийн 13-14/, яллагдагч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би .... тоот аав, дүү нарын хамт амьдардаг бөгөөд манай дүү А , хуурай дүү Д.М тай найзууд манай гэрт амьдарч байгаад Т гэх залуутай танилцаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” авто угаалгын газарт ажиллаж, амьдрах болсон юм. Тухайн үед манай дүү А над руу залгаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” авто угаалгын газарт ирээд намайг авчих автобус унаа зогсчихсон гээд байхаар нь яваад очих үед Т , Д.М , А , А нар байсан бөгөөд хажууд нь танихгүй тухайн авто угаалгын газарт ажилладаг 2-3 эрэгтэй байсан. Тухайн үед манай дүү А “Д.М манайх руу явъя гэхэд Т явуулахгүй байгаа юм” гэхээр нь Д.М г уурлаад удахгүй төрөх гэж байгаа жирэмсэн юм байж хяналтандаа орохгүй юу хийгээд яваад байгаа юм бэ, гэртээ харь гээд үснээс нь зулгаадаад хацар хэсэг рүү нь 1-2 удаа алгадаж машин руу суулгаад тухайн авто угаалгын газраар гараад явж байх үед Д.М гийн найз залуу Т тухайн авто угаалгын газарт байсан залуучуудтай араас машинтай ирээд хашиж зогсоогоод машин руу юм шидээд цонх балбаад Д.М намайг чигээрээ явчих би танайд баймаар байна гээд байсан. Гэхдээ чигээрээ явах ямар ч боломжгүй байсан. Т хаалга, цохиод байхаар нь хаалгаа онгойлгох үед Д.М г аваад яваад өгсөн. Цаашаа ямар асуудал болсон талаар би мэдэхгүй байна. Би Д.М г тэгж аймар цохиж зодсон асуудал болоогүй үснээс нь зулгаагаад 1-2 удаа алгадсан өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би юу боллоо гэж жирэмсэн хүнийг тэгж аймар цохиж зодож байхав дээ. Би үснээс нь зулгааж 1-2 удаа алгадсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Өөр цохиж зодоогүй. Тухайн үед А, А хоёр Д.М д огт гар хүрээгүй. А хөл муутай жин багатай хүн цохиж зодоод байх хүн биш, А Д.М д гар хүрээгүй. Харин тэр найз залуу Т нь гар хүрсэн байж магадгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 28/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 29/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/,
Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31/,
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Б.А нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” авто угаалгын газарт Д.М тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар биед нь уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, 3 дугаар сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун сарвууны ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол, төлбөрийн тухайд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар нэхэмжилсэн хохирол, төлбөргүй, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардалгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж улсын яллагчийн зүгээс харж байна.” гэх дүгнэлтийг,
шүүгдэгч Б.А нь “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.А нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” авто угаалгын газарт Д.М тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар биед нь уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, 3 дугаар сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун сарвууны ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 03 цаг 18 минутад ..... дугаараас “...улсын дугаартай машинтай хүмүүс манай найзыг баарны урдаас хүчээр машиндаа суулгаад зодоод утсыг нь дээрэмдсэн байна” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/, хохирогч Д.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А миний үснээс зулгаагаад гэдэс болон толгой руу нэг өшиглөхөд угаалгын газарт байсан найз салгахаар нь би амралтын өрөөнд ороод байж байтал Б.А одоо чамайг зодохгүй, чи машинд суучих хоёулаа ярилцъя гэж хэлэхээр нь би үгэнд нь итгээд машинд суутал миний үснээс Б.А зулгааж байгаад нүүр рүү алгадаж толгой руу гараараа цохисон. Гараараа гэдэс рүү нэг удаа цохисон. Толгой хавдаж өвдөөд байна, зүүн гарын дунд хурууг хаалганд хавччихсан, нүүр рүү алгадсанаас болоод хацар хавдсан, уруул дотор талд язарсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ж.Жаргалтуяагийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 11040 дугаартай “Д.М гийн биед уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 3 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун сарвууны ар хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..” гэх дүгнэлт /хх-ийн 13-14/, яллагдагч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед манай дүү А “Д.М манайх руу явъя гэхэд Т явуулахгүй байгаа юм” гэхээр нь Д.М г уурлаад удахгүй төрөх гэж байгаа жирэмсэн юм байж хяналтандаа орохгүй юу хийгээд яваад байгаа юм бэ, гэртээ харь гээд үснээс нь зулгаадаад хацар хэсэг рүү нь 1-2 удаа алгадаж машин руу суулгаад тухайн авто угаалгын газраар гараад явж байх үед Д.М гийн найз залуу Т тухайн авто угаалгын газарт байсан залуучуудтай араас машинтай ирээд хашиж зогсоогоод машин руу юм шидээд цонх балбаад Д.М намайг чигээрээ явчих би танайд баймаар байна гээд байсан. Гэхдээ чигээрээ явах ямар ч боломжгүй байсан. Т хаалга, цохиод байхаар нь хаалгаа онгойлгох үед Д.М г аваад яваад өгсөн. Цаашаа ямар асуудал болсон талаар би мэдэхгүй байна. Би Д.М г тэгж аймар цохиж зодсон асуудал болоогүй үснээс нь зулгаагаад 1-2 удаа алгадсан өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би юу боллоо гэж жирэмсэн хүнийг тэгж аймар цохиж зодож байхав дээ. Би үснээс нь зулгааж 1-2 удаа алгадсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Өөр цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Б.А ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч Д.М гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Мөн шүүгдэгч Б.А ийн нь хохирогч Д.М гийн нүүрэн тус газарт гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 3 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун сарвууны ар хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.А ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.М гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “баримтаар нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн болно. Иймд шүүгдэгч Б.А ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Д.М нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.А-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүхээс шүүгдэгч Б.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Б.А ийн гэмт хэрэг үйлдсэн байдал гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хувийн байдал учруулсан хор уршиг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.А нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх блон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.А д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч Б.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч Д.М нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.А ээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Б.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО