Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2019/00086

 

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2019/00086

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: *******/ холбогдох

Гэм хорын хохиролд 3 358 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч *******,*******,*******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Их мянган шүтээн ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-ний байцаагч******* нь 2017 оны 11-р сард тус компанийн хоёр давхар объектыг албан мэдэгдэл өгөлгүйгээр гэнэт шугам хаасны улмаас дулааны шугамын труба задарч хөлдсөний улмаас манай компанид 3 358 000 төгрөгийн хохирол учирсан тул байцаагч*******гаас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. 76 труба 35 м - 18 000 төг/ нэгж үнэ/, 50 труба 35 м - 12 000 төг / нэгж үнэ/, 32 труба 50 м - 8 000 төг / нэгж үнэ/, 25 труба 50 м - 6 000 төг / нэгж үнэ/, Электрод 3 боодол - 12 000 төг / нэгж үнэ/, Булан отвод 24 ш - 3 000 төг / нэгж үнэ/. Ажилласан 5 хүний хоол хүнс, цалин - 300 000 төг / нэгж үнэ/ гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...Манай компанид учирсан хохиролыг Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг дараахи үндэслэлээр бүхэлд нь хүлээн авах боломжгүй байна.

1. ******* нь Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ний боруулалтын байцаагч******* 2017 оны 11 дүгээр сард албан мэдэгдэл өгөлгүйгээр гэнэт дулааны шугам хаасны улмаас дулаан шугам хөлдөн задарч компанид 3.358.000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. 2017 оны 11 дүгээр сард биш харин 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр БГТС ХХК-ний захирал Б.Гансүхэд албан мэдэгдэл хүргүүлж байсан ба мөн оны 8 дугаар сарын 16-ны өдөр БГТС-ийн эзэн Б.Гансүх, буудлын эзэн С. Жаргалсайхан нарын нэр дээр хүргүүлж ус, дулаан, цахилгааны үнэ алдангийн хамт 2.140.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний дотор төлөх, төлөөгүй тохиолдолд Эрчим хүчний хуулийн дагуу эрчим хүчний хэргэлээг хязгаарлах болно гэж албан мэдэгдэл хүргүүлсэн ба 2017 оны 8 сарын 22-ны өдөр байцаагч*******, Б.Анд-Очир дулааны албаны засварчин Х.Хатанбаатар нар эрчим хүчний хэрэглээг тасалсан байна. 2017 оны 10 дугаар сарын 24-ний байдлаар дулаанаа хугацаанд нь аваагүй болон таслагдсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтанд Б.Гансүхийн нэр байдаг 2518 кодтой аж ахуйн нэгж орсон байна. Энэ жагсаалтаар дээрх аж ахуйн нэгжийн дулааныг 2017 оны 11 дүгээр сард таслаагүй гэдэг нь давхар нотлогдоно.

2. ******* нь 2017 оны 6 дугаар сард уг объектыг БГТС ХХК-ний захирал Б.Гансүхээс худалдах худалдан авах гэрээгээр авсан гэх бөгөөд Б.Гансүх Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ний захиргаанд дулааны төлбөрөө бүрэн төлж дуусгаж байгаа алдангиас чөлөөлж өгнө үү гэсэн утгай өргөдөл бичсэн байна. Уг өргөдлийн ар талд 2017 оны 6 дугаар сарын 24-өөөс өмнө үлдэгдэл өрийг ******* төлнө. Гэрээг шинэчилж хийх гэсэн байх ба ******* гэдэг хүн үүнээс хойш ус дулаан цахилгаан эрчим хүчээр хангуулах гэрээ хийгээгүй өөрөө өөртөө дур мэдэн холболт хийх, бусдад холболт хийж өгнө гэж мөнгө авах зэрэг хууль бус үйлдлүүд гаргасан нь нотлох баримтаар нотлогдож байна.

3. БГТС ХХК караоке, дэн буудлын хэрэглэх дулааны хэмжээг 2016 оны 12 дугаар сард Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ний ИЭЗБТХ-ийн дулааны горимын инженер Э.Нямцэцэг******* нар гаргаж өгсөн байна Тооцоогоор нийт 765,18 мЗ талбайд дулаан өгөхөөр тооцоо гарсан байна

4.******* гэдэг хүн ямар нэгэн байдлаар дулаан хангуулах техникийн нөхцөл гаргуулаагүй, одоо ч байхгүй. Харин Б.Гансүх гэдэг хүн 2016 онд өөрийнхөө объектонд дулаан холбуулах техникийн нөхцөл хорооллын Соёлын төвийн төгсгөлийн шугаманаас авсан байна. Уг объект ус дулааны төлбөрийн өртэй байсан тул 2017 оны 8 дугаар сарын 22-д халаалтыг зогсоож лац тавьсан байсныг өөрсдөө шугамаа буулган авч явсан байна . /Зураг №1/

5. Нарангийн 40-4-1 тоотод оршин суух Оюунбаярынд зөвшөөрөлгүй холболт хийсэн байдал /Зураг № 3. 4/

6. Өнөөгийн байдлаар ямар ч зөвшөөрөлгүй техникийн нөхцөл зөрчин 6 дугаар цэцэрлэгийн арын худгаас дулаан авсан шугамын дулаалгын байдал /Зураг №6, 7/

7. 2016 онд Соёлын төвөөс авсан шугамаа өнөөгийн байдлаар 6 дугаар цэцэрлэгээс холболт хийж объектдоо дулаан авсан шугам түүний дулааллагын байдал

8. Өөрийн ажиллуулдаг баар караокены паарнаас шланк холбож ахуйн хэрэглээнд хэрэглэдэг/Зураг № 8,9,10/

9. Мөн бар караокедоо парнаас нэмэлт ус авч 00 өрөөнд хэрэглэдэг байдал

10. 6 дугаар цэцэрлэгээс авсан шугамаа урьд Соёлын төвөөс дулаан холбосон шугамтайгаа холбосон байдал /Зураг №13, 14/

Энэ мэтээр ******* нь удаа дараа Эрчим хүчний тухай хууль зөрчин, барилгын техникийн норм дүрэм зөрчин буруу холболт хийж аваарийн нөхцөл байдал үүсгэсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сард мэдэгдэл өгөлгүй гэнэт дулаан таслан дулаан шугам хөлдөөсөн гэдэг нь нотлогдохгүй байгаа мөн уг объект одоо чухам *******, Б.Гансүхийн хэн альных нь өмч болох ******* нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй байгаа учир *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Их мянган шүтээн ХХК нь хариуцагч Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 3 358 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн байцаагч******* нь 2017 оны 11-р сард тус компанийн хоёр давхар объектын дулааныг албан мэдэгдэл өгөлгүйгээр гэнэт шугам хаасны улмаас дулааны шугамын труба хөлдөн задарч манай компанид 3 358 000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Их мянган шүтээн ХХК манай компанитай гэрээ байгуулаагүй.Харин уг обьектын өмчлөгч БГТС ХХК дулааны өр, төлбөртэй байсан учраас захирал Гансүхэд 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө, мөн 2017 оны 08 дугаар сарын 21-нээс өмнө төлбөрөө төлж барагдуулахгүй бол цэвэр ус, цахилгаан, эрчим хүчийг бүрэн хязгаарлана гэсэн мэдэгдэл хүргүүлээд төлбөрөө төлөөгүй учраас 2017 оны 08 дугаар сарын 22-нд дулааныг хаасан.Гэтэл өөрсдөө дур мэдэн дахин зөвшөөрөлгүй газраас дулаан авсан.Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.

1-рт ******* нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10 дугаар баг Наран 40-03 гудамж, 03 тоотод байрлах 204 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, объектыг Б.Гансүх,******* нараас худалдан авч өмчлөгч болсон нь зохигчдын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн хэлтэсийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1505 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Дээрхи үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахаас өмнө Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д үүссэн өр, төлбөр 2 197 590 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 19-нөөс өмнө төлж барагдуулах, төлж барагдуулахгүй бол цэвэр ус, цахилгаан, эрчим хүчийг бүрэн хязгаарлана гэсэн мэдэгдлийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10 дугаар баг Наран 40-03 гудамж, 03 тоотод байрлах 204 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч*******т өгсөн нь 2017 оны 19/05 дугаартай Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн мэдэгдэл, гэрч*******гийн мэдүүлэгээр нотлогдсон.

Мэдүүлэг авснаас хойш 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Гансүх ...*******д үл хөдлөх хөрөнгөө зарж байгаа. 2017 оны 06 дугаар сарын 24-нөөс өмнө үлдэгдэл төлбөрийг ******* төлж барагдуулна, алдангиас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт тайлбарыг хариуцагч байгууллагад гаргасны дагуу байцаагч******* *******д гэрээ хийхийг сануулсан, мөн нэхэмжлэгч алдангиас чөлөөлөгдсөн болох нь 2017 оны 06 дугаар сарын 21-нд Б.Гансүхийн гаргасан хүсэлт, гэрч*******гийн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч ******* Б.Гансүхийн хамт Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд алдангиас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан, алдангиас чөлөөлөгдсөн тухайд маргаагүй.

Гэвч дээрхи хугацаанд төлбөрөө төлөөгүй учраас хариуцагч Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ний зүгээс дахин 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө төлбөрөө барагдуулах мэдэгдлийг Б.Гансүх, ******* нарын нэр дээр хүргүүлээд төлбөрөө төлөөгүй учраас 2017 оны 08 дугаар сарын 22-нд эрчим хүчийг хаасан нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дулааны хэрэглээг хязгаарлах аж ахуйн нэгжүүдэд жагсаалт тавьсан акт, дулаан хугацаандаа аваагүй болон тасарсан аж ахуйн нэгжийн жагсаалт,*******,******* нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь уг үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Тодруулбал нэхэмжлэгч нь ...Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ний байцаагч******* нь 2017 оны 11 дүгээр сард тус компанийн хоёр давхар объектыг албан мэдэгдэл өгөлгүйгээр гэнэт шугам хаасны улмаас дулааны шугамын труба задарч хөлдсөн гэсэн тайлбар гаргаж байгаа боловч тэрээр энэ тайлбартайгаа холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

2-рт Нэхэмжлэгч Их мянган шүтээн ХХК-ийн захирал ******* нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч болсоноор эрчим хүчээр хангагч байгууллагатай гэрээ байгуулах үүрэгтэй ба эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулдаг.

Ийнхүү гэрээ байгуулсаны үндсэн дээр эрчим хүчээр хангагч нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр гэрээнд заасан хугацаанаас эхлэн эрчим хүчээр хангах, хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах гэрээг цуцлах, хэрэглэгчийн эрчим хүчний хангамжийг түдгэлзүүлэх эрхтэй ба хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх, өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан эрчим хүч бусдад дамжуулах, түгээх, тухайн хангагчаас үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу авах эрх үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч Их мянган шүтээн ХХК нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу гэрээ байгуулаагүй, эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөлийг аваагүй, өмнөх техникийн нөхцлийг сунгуулаагүйн дээр зөвшөөрөлгүйгээр эрчим хүч татан авсан, бусдад дамжуулсан зэрэг зөрчил гаргасан нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14-07-029/170 дугаартай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ...Наран багийн 40-03 гудамжны 3 тоотод байрлах 204м2 талбай бүхий үйлчилгээний барилгыг дулаанаар хангах №ЭУ-16/038-А техникийн нөхцлийг 2016 оны 09 сарын 09-ний өдөр тус объектыг тухайн үед эзэмшигч БГТС ХХК-ийн захирал Б.Гансүхын нэр дээр хангагч Эрдэнэтийн ДЦС ТӨХК, Эрдэнэт Ус, ДТС ОӨНХК-иуд хамтран албан ёсоор гаргаж байсан байна. 2.№ЭУ-16/038-А техникийн нөхцөлд заасны дагуу барилгын гадна дулааны шугамыг угсрахдаа соёлын төвийн шугамыг өргөтгөж, шинээр худаг хийж холболт авах дулааны гадна шугамын зураг, барилгын инженерийн шугам сүлжээний зураг рилийг хийж гүйцэтгэх, барилгын дотор дулааны узель зангидаж автомат тохируулагч, тооцооны ба хянаж хэмжих хэрэгсэл заавал тавьсан байх, мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн тооцоот елеватор, шайбыг тавьж лацдуулах зэрэг ажлуудыг огт хийгээгүй бөгөөд анх дулаан авахдаа соёлын төвийн дотор халаах хэрэгслээс шууд шугам татаж дулаан авсан нь тогтоогдож байна. Одоогийн байдлаар 6 дугаар цэцэрлэг, цагдаагийн хэсэг хоёрын дунд байрлах дулааны худгаас худгаас шууд шугам татаж дулаан авсан байв. Дээрх бүх үйлдлүүд нь холболтын техникийн нөхцлийг зөрчсөн болно. 3.Их мянган шүтээн ХХК-ийн эзэмшил үйлчилгээний барилгын гадна, дотор халаалтын шугам, тоног төхөөрөмжийн угсралт нь Дулааны шугам сүлжээ БНбД 3.05.03-95, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм зэргийг бүхэлд нь зөрчсөн байна.4. №ЭУ-16/038-А техникийн нөхцлийг зөрчсөн байгаа нь Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 2.10 /Дамжуулагч, түгээгчээс олгосон холболтын техникийн нөхцлийг зураг төслийн байгууллага болон хэрэглэгч заавал биелүүлэх үүрэгтэй/ заалтыг зөрчиж байна гэсэн дүгнэлт, гэрч Н.Давааням,******* нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч ...өөрт нь мэдэгдэл өгөлгүй эрчим хүч тасалсан гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр тухайн объектын өмчлөгч болсноос хойш гэрээгээ байгуулаагүй, өр төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрч, алдангиас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан, чөлөөлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа зэргээс түүний ...мэдэгдэл өгөлгүй эрчим хүч тасалсан гэсэн тайлбар үгүйсгэгдэж байгаа ба гэрээ байгуулаагүй, өмчлөгч гэдэг нь тодорхойгүй этгээдэд мэдэгдэл өгөх үүрэг хариуцагч байгууллагад байхгүй юм.

Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч Их мянган шүтээн ХХК-ийн Эрдэнэт Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 3 358 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Их мянган шүтээн ХХК-ийн хариуцагч Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 3 358 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Их мянган шүтээн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Р.ҮҮРИЙНТУЯА

 

                                               ШҮҮГЧИД                                     Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                                     Б.ХИШИГДАВАА