| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 195/2025/0413/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/553 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.О |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/553
2025 02 20 2025/ШЦТ/553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл,
улсын яллагч Б.Одонтуяа,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “***” ХХК-д засварчин ажилтай, *** дүүргийн ** дугаар хороо *** ** гудамжны *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** овогт Г*** Ж*** /РД: *** /,
Хэргийн товч агуулга
Шүүгдэгч *** нь *** дүүргийн ** дугаар хорооны нутаг *** замд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэж тоёота кролла маркийн *** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн" гэх заалтыг зөрчиж *** дүүргийн ** дугаар хорооны нутаг *** тоот хашааг мөргөсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 90 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
3. Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй оролцсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцоно гэдгээ бичгээр илэрхийлсэн.
4. Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ *** дүүргийн ** дугаар хорооны нутаг *** замд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэж тоёота кролла маркийн *** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож *** дүүргийн ** дугаар хорооны нутаг *** тоот хашааг мөргөсөн болох нь:
4.1. Согтуурал шалгасан тэмдэглэл “...*** спиртийн агууламж 2.70 хувийн согтолттой ...” (хавтаст хэргийн 4 дэх тал),
4.2. Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа, мэдээлэл “... 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эрх хасагдсан” (хавтаст хэргийн 8 дахь тал),
4.3. 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар *** овогт Г*** Ж*** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж…” гэсэн шийтгэврийн хуудас (хавтаст хэргийн 45-46 дахь тал),
4.4. иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Уг тоот хашаа миний өөрийн эзэмшлийн хашаа юм... Жолооч хашаанд учирсан хохиролд 300.000 төгрөг өгсөн, эвдрэлийн үнэлгээ хийлгэхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
4.5. Мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 39 дэх тал),
4.6. Шүүгдэгч *** “гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдсон.
5. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж гэмт хэргийн шинжийг заан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.
6.1. Тус зүйлийн Тайлбар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж хууль тогтоогчоос тайлбарласан байна.
6.2. Шүүгдэгч *** нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн жолоодсоны улмаас 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд дахин тээврийн хэрэгсэл жолоодон, драгер багажаар түүний амьсгал дахь спиртийн агууламж 2.70 промиль агууламж илэрсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тус, зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноор уг гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэх ба хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул тус хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг заавал шаардахгүй тул *** холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, гэм буруутай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
8. Хохирол төлбөр:
8.1. Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч *** хашаанд эвдрэл үүссэн бөгөөд иргэний нэхэмжлэгчийн “...Жолооч хашаанд учирсан хохиролд 300.000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан. Эвдрэлийн үнэлгээ хийлгэхгүй. Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал)-ээр нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
9. Эрүүгийн хариуцлагын талаар:
9.1. Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг гаргасан,
8.2. Шүүгдэгчээс “...Орон нутагт ажил хөдөлмөр эрхэлдэг тул торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
8.3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж байгаа, бусдад учруулсан хохирол, төлбөргүй, Өмнөговь аймаг дахь Power China ХХК-д ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний 5.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд эрүүгийн хуулиар тогтоосон өөр үр дагаврыг үүсгэхийг түүнд сануулж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт Г*** Ж***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ж***г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Г.Ж***д үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Ж***д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Ж*** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ