Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 133/ШШ2020/00597

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Говь-Алтай аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Д.А-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангид холбогдох,

ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Говь-Алтай аймгийн Хот тохижуулах үйлчилгээний газар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Шүтээний өндөрлөг-т харуулын ажилд түр томилогдон ажиллаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагч болсон. Миний ажиллаж байсан Шүтээний өндөрлөгийн харуулын ажил 2019 ны 09 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Сум дундын ойн ангийн газрын мэдэлд шилжсэн. Гэтэл Сум дундын ойн ангийн дарга намайг түр хугацаагаар томилсоныг би эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг ханган шийдвэрлэсэн.

Уг шийдвэрт миний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл олгохоор шийдвэрлэсэн. Иймд Шүүхийн шийдвэр гарснаас хойших 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажилд орох хүртэлх ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин буюу нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ /хх-1-2/.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.А-ийн хэргийг Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэнээс хойш түүнтэй удаа дараа утсаар холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй, хөдөө байна гэсэн хариу өгсөөр 5-р сар гарсан юм. 5 сард Д.А-тэй уулзаж ажилд орох талаар ярилцахад нэхэмжилсэн мөнгөө авна, ажилд орохгүй гэж хэлсэн боловч хоёр хоногийн дараа ажилдаа орно гэж хэлсэн. Ингээд 5-р сарын 13-наас ажилд нь томилж оруулсан юм. Цалин авахаар нэхэмжилсэн хугацаанд тус байгууллагын ойн инженер, хүний нөөц хариуцан ажилладаг Б.Н /утас 94054224/, мэргэжилтэн П.С /99264179/ нар утасдаж дээрх хариултуудыг авсан байдаг юм. Иймд тус нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ /хх-28/.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А нь Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангид холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1-2/.

Хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн 133/ШЗ2020/01936 дугаартай захирамж 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гарч /хх-61/ хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 миунтад хэлэлцэхээр товлож, хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан зохих журмын дагуу мэдэгдэхэд нэхэмжлэгч оролцоогүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт өгч /хх-39, 62/, хариуцагчийн төлөөлөгчид хүргэгдсэн мэдэгдэх хуудсыг хариуцагч байгууллагын ажилтан дарга байхгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна /хх-63/.

Гэвч тус шүүхийн шүүгчдийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн зөвлөгөөнөөр ээлжийн амралт авсан шүүгч нарт хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан хэргүүдийг ажиллаж байгаа шүүгчид шилжүүлэхээр шийдвэрлэж мөн өдрийн 23 дугаар тогтоолоор Д.А-гийн нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангид холбогдох иргэний хэргийг хүлээн авснаар /хх-31-35/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгч өөрчлөгдсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлах ажиллагаа хийгдээгүй, хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирээгүй үндэслэлээр шүүх хуралдааны товыг өөрчилсөн байна /хх-67/.

Ийнхүү шүүх хуралдааны тов өөрчилсөн, шүүх хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон талаар хэргийн оролцогчид мэдэгдэхэд хариуцагч байгууллагын мэдэгдэх хуудсыг Б.Н гэх ажилтан авч /хх-69/, нэхэмжлэгчид утсаар мэдэгдэхэд за ойлголоо гэх хариуг өгч /хх-70/, хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлах ажиллагаа хийгдээгүй үндэслэлээр мөн хуралдааныг 2020-08-31-ний өдрийн 11 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулж /хх-71-73/ хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч нэхэмжлэгч оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр өгсөн байгаа талаар утсаар мэдэгдэж /хх-75/, шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн төлөөлөгчийн ирцийн талаар хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд түүний гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд уг эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Учир нь нэхэмжлэгч Д.А-г Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2020/00158 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангийн шүтээний өндөрлөгийн харуулын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 991.938 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгохоор шийдвэрлэсэн болох нь нотлогдож байна /хх-7-12/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж,

мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т зохигч ба хэргийн бусад оролцогч ...шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж тус тус заасан тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, 11.2-т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан ба дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн 133/ШЗ2020/001011 дугаартай захирамж 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гарсан байна /хх-13-17/.

Гэвч хариуцагч Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангийн дарга 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Д.А-г 2020-05-13-ны өдрөөс тус байгууллагын гэрээт харуулаар 2 сарын хугацаатай түр томилсон тушаалыг гаргасан /хх-4/ байх боловч шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.А-г Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангийн шүтээний өндөрлөгийн харуулын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэгчийн 2020-02-14-ний өдөр шийдвэр гарснаас хойш ажилд орох 2020-05-13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор шаардсан тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул хариуцагч Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангийн дарга энэхүү үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн гомдол гаргах нь хариуцагчийн төлөөлөгч эрх юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан бөгөөд ажилгүй байсан хугацаа гэдгийг ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх, мөн шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа хамаарна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжүүлсэн ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг ажил олгогч уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан биелүүлэх үүрэгтэй гэж,

103.2-т Энэ хуулийн 103.1-д заасан хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэх тухай мэдэгдлийг ажил олгогчид хүргүүлж, тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд энэ хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж,

103.3-т Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно гэж тус тус заасан тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болохоор байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.А-гийн ажилгүй байсан хугацааг 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс ажил олгогчийн гэрээт харуулаар 2 сарын хугацаатай түр томилсон Б/06 дугаартай тушаал гарсан 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 63 хоногийн хугацааны олговрыг түүний урьд авч байсан сарын цалингийн дунджийг тооцон хариуцагч Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангиас гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.А нь ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргасан, ажил олгогчийн тус байгууллагын гэрээт харуулаар 2 сарын хугацаатай түр томилсон тушаал 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гарсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж шүүх үзлээ /хх-1 арын хуудас/.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.А-гийн 01327454 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарын 3 дугаар хуудсанд 2019 оны 01-10 дугаар саруудын цалин авсан талаарх бичилт хийгдсэн /хх-3/ байх боловч нэхэмжлэгчийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг шүүхийн шийдвэрээр тогтоосон байх тул 2019 оны 9, 8, 7 дугаар саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дунджийг тооцоход 361.717+238.377+479.161=1.079.255 : 3 сар = 359.752 : 22 = нэг өдрийн 16.352 төгрөг байх тул 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 63 хоногоор тооцож олговорт нийт 1.030.176 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангиас гаргуулж нэхэмжлэгч Д.А-д олгох нь зүйтэй.

Ажил олгогчийн ажилтаны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тушаалын үндэслэлийн талаар талууд маргасаны улмаас анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан байх бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгч Д.А-г шүүхийн шийдвэрээр тогтоосон ажлын байранд аваагүй, гэрээт харуулаар 2 сарын хугацаатай түр томилсон Б/06 тоот тушаалыг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байх боловч нотлох баримтаар гаргасан ажилтаны нийгмийн даатгалын дэвтрийн ажил, албан тушаал өөрчлөлтийн тэмдэглэлд нэхэмжлэгчийг ажилд томилсон талаарх болон 2019 оны 11 дүгээр сараас хойш цалин хөлс, шимтгэлийн талаарх бичилт огт хийгдээгүй байгааг дурдах нь зүйтэй /хх-4, 5-6/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй бөгөөд хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг мөн хуулийн 7.2-т зааснаар хориглоно.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болох бөгөөд мөн хуулийн 34.1-д зааснаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд түүнтэй тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэхээр тус тус заасан.

Ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажил олгогч ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй, ...байгууллагын үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцож ажил олгогч төлөх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.А-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангийн даргад даалгах нь зүйтэй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзсан үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрөө нотлох үүрэгтэй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 29.274 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангиас ажилтаны ажилгүй байсан 63 өдөрт ногдох олговорт 1.030.176 /нэг сая гучин мянга нэг зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангид даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн сум дундын ойн ангиас улсын тэмдэгтийн хураамжид 29.274 /хорин есөн мянга хоёр зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ