2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар  2025/ШЦТ/97

 

 

    

 

 

 

 

 

 

   2025       01         07                                     2025/ШЦТ/97

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч Ц.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 03519 1779 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г  нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ....  тоотод насанд хүрээгүй хохирогч О.Б ыг шалтгаангүйгээр газар унагааж биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун тойгны дотор даруулган холбоосны урагдал, тойгны хагас мултрал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Г  нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цаг 24 минутад ..... дугаараас “манай дүүгийн хүүхдүүд гэртээ байгаа гэтэл Ц.Г гэх согтуу хүн орж ирэн хүүхдийн хөл өвдгөөр нь мулталж дүүгийнх нь хоолойг боосон байна” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/, насанд хүрээгүй хохирогч О.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улиастайн гүүрний зам дээр самар зарж байгаад орой 20 цагийн үед гэртээ очиход манай аав архи уучихсан унтаж байсан. Аавын найзууд болох Г, Н, Ц гэсэн хүмүүс архи уучихсан байдалтай байсан. Тэгээд тэд нарыг манай дүү Тэмүүлэн гэрээс гар яв гэхэд Ц.Г гэх хүн манай дүү Тэмүүлэнгийн хоолойг боохоор нь би очиж Ц.Г гэх хүнийг салгасан. Тэгээд Г г дүү салгах үед Ц.Г намайг татаж газар унагаагаад миний дээрээс дарсан. Тэгээд газар унах үед миний хөл эвгүй болсон. Тэгээд Ц.Г гэх хүн босохдоо миний хөл дээр гараараа дараад боссон. Миний баруун хөлийн өвдөг хэсгээр өвдөөд байна. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд яс хугарсан байна гэсэн томографикаар харуулж онош нь тодорхой гарна гэсэн. Би маш их гомдолтой байна..., Би цаашдаа хохирлын талаар баримт гаргаж өгнө” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 13/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ч.Эрдэмболорын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13158 дугаартай “О.Б ын баруун тойгны дотор даруулган холбоосны урагдал, тойгны хагас мултрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/, яллагдагч Ц.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 51/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 55/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Ц.Г  нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ....  тоотод насанд хүрээгүй хохирогч О.Б ыг шалтгаангүйгээр газар унагааж биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун тойгны дотор даруулган холбоосны урагдал, тойгны хагас мултрал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол, төлбөрийн тухайд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 560,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь 198,642 төгрөгийг зарлага гарсан бөгөөд уг зарлагыг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Г аас гаргуулах, хохирогч нь цаашид гарах эмчилгээ,үйлчилгээтэй холбоотой зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хэргийн зүйлчлэлд маргаагүй, хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Ц.Г  нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ....  тоотод насанд хүрээгүй хохирогч О.Б ыг шалтгаангүйгээр газар унагааж биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун тойгны дотор даруулган холбоосны урагдал, тойгны хагас мултрал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цаг 24 минутад .... дугаараас “манай дүүгийн хүүхдүүд гэртээ байгаа гэтэл Ц.Г гэх согтуу хүн орж ирэн хүүхдийн хөл өвдгөөр нь мулталж дүүгийнх нь хоолойг боосон байна” гэх утгатай дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/, насанд хүрээгүй хохирогч О.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд тэд нарыг манай дүү Тэмүүлэн гэрээс гар яв гэхэд Ц.Г гэх хүн манай дүү Тэмүүлэнгийн хоолойг боохоор нь би очиж Ц.Г гэх хүнийг салгасан. Тэгээд Г г дүү салгах үед Ц.Г намайг татаж газар унагаагаад миний дээрээс дарсан. Тэгээд газар унах үед миний хөл эвгүй болсон. Тэгээд Ц.Г гэх хүн босохдоо миний хөл дээр гараараа дараад боссон. Миний баруун хөлийн өвдөг хэсгээр өвдөөд байна. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд яс хугарсан байна гэсэн томографикаар харуулж онош нь тодорхой гарна гэсэн. Би маш их гомдолтой байна..., Би цаашдаа хохирлын талаар баримт гаргаж өгнө” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 13/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ч.Эрдэмболорын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13158 дугаартай “О.Б ын баруун тойгны дотор даруулган холбоосны урагдал, тойгны хагас мултрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/, яллагдагч Ц.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Ц.Г ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж насанд хүрээгүй хохирогч О.Б ын эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Мөн шүүгдэгч Ц.Г , насанд хүрээгүй хохирогч О.Б ыг татаж унагаасан үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “баруун тойгны дотор даруулган холбоосны урагдал, тойгны хагас мултрал, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Г ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

 

Уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар 398,950 төгрөг нэхэмжилсэн байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Х “Миний бие Э.Х нь төрсөн хүү О овогтой Б-ын хууль ёсны төлөөлөгч нь билээ. 2024.09.21-нд Ц овогтой Г нь миний хүү О.Б ын хөлийг гэмтээж бэртээсэн. Ц.Г  нь уг явдлаас үүссэн 2024.09.21-2024.10.19-ний хооронд гарсан эмнэлэг, эмчилгээ, унаа хөлсний зардал гэх мэт гарсан бүхий л зардлыг барагдуулсан тул Ц.Г ад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 62/-ийг ирүүлжээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Г ыг уг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүдэгч Ц.Г аас 198,642 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус хуульчилсан. Ц.Г ад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүл мэндийн даатгалын санг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, хохирогчийн тусламж үйлчилгээ авсан гэх 198,642 төгрөгийг хэн, хэрхэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, 2024 оны 11 дүгээр дугаар сарын 04-ний өдрийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 33/, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Өсөхбаярын тэмдэглэл /хх-ийн 34/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Ц.Г аас 198,642 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх боломжгүй юм.

 

Харин насанд хүрээгүй хохирогч О.Б , түүний хууль ёсны төлөөлөгч Э.Х нар нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа, Эрүүл мэндийн даатгалын сан нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Г аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэх дүгнэлтийг, шүүгдэгч Ц.Г  нь “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Г ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Г ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Ц.Г ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Ц.Г ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Г  нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ц.Г ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г ад 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Г  нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Насанд хүрээгүй хохирогч О.Б , түүний хууль ёсны төлөөлөгч Э.Хосбаяр нар нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа, Эрүүл мэндийн даатгалын сан нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Г аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Г ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.СОЛОНГОО